Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/33

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

улсын яллагч Б.Ундармаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа,

шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ундармаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.А-д холбогдох 2516000340030 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, халх, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр Говь-Алтай аймгийн Халиун сумд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, ********** аймаг ********* боомт “******” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн ****** сумын ****** баг ******** тоотод оршин суух хаягтай, урьд Говь-Алтай аймгийн сум дундын шүүхийн 2002 оны *** дугаар сарын **-ны өдрийн ***** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, ********* регистрийн дугаартай, Ж овогтой Ц-н А.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Гэм буруугийн талаар:  

Шүүгдэгч Ц.А нь Говь-Алтай аймгийн ********** сумын *********** багийн ****** тоотод байрлах Б.Д-н гэрт 2025 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө согтуурсан үедээ хохирогч Т.Н-тай маргалдан зодож түүний биед эрүү ясны хугарал, хамар ясны хугарал, баруун дээд доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Ц.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг.

2. Хохирогч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2025 оны 01 сарын 03-нд 2 найзтайгаа пиво уусан ... Манай нөхөр 1 том пиво аваад ирсэн. Тэр пивоноос би 2 найзтайгаа хувааж уусан. Манай нөхөр уугаагүй. Манай найз бууз жигнээд бид 3 юм ярилцаж байгаад доошоо гаръя гээд караоке орсон байсан. Би тэрийг сайн санахгүй байгаа юм. Манай хүн бид гурвыг нэлээн нааш цааш нь авч яваад манай найз Н-г гэрт нь хүргэж өгөх гэсэн чинь Н-н гэрийнх нь түлхүүр байхгүй гээд буцаагаад Д найзынд аваад ирсэн байсан. Тэгээд Д-нд буцаж орж ирээд дөрвүүлээ сууж байсан. Тэр үед би нөхөртэйгөө муудалцаад байх шиг байсан. Тэгээд байж байсан чинь нэг мэдсэн намайг нөхөр зодож байсан... Манай нөхөр нэг мэдсэн миний нүүр, шанаа, эрүү хэсэг рүү цохиж байсан ... Миний эрүүний яс цуурч хагалгаанд орсон. Өөр гайгүй ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 49-52  дугаар хуудас/

3. Гэрч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр манай хоёр найз болох Н, Д нар манай ажил дээр ирсэн. Тэгээд бид гурав шинэ он гарснаас хойш уулзаагүй юм чинь гадаа гарч жаахан ярьж сууя гээд ярилцаад “******”-н дэлгүүрээс эхлээд нэг том 2,4 литрийн пиво аваад Д-н машин дотор гурвуулаа хувааж уусан. Тэгээд дахиж нэг том 2,4л пиво авсан. Тэрийгээ гурвуулаа хувааж уусан... Тэгээд Н-н нөхөр А Д, Н бид гурвыг караокед оруулсан байсан. Би нэг мэдсэн караокены сандал дээр сууж байснаа санаж байгаа юм. Тэгээд бид нар Д-нд очиж байсан. А Д-нд оччихоод нэг найз руугаа залгаад байх шиг байсан. Найз нь 1 шил 0,5л архи авч ирсэн байсан. Тэр архинаас нь бид гурав хувааж уусан. Тэгээд гэртээ харъя гээд бид нар гарсан... Өглөө нь Д гэр лүүгээ явсан... Над руу залгаад “...манай гэрт цус нөж болсон байна. Юу болсон юм болоо...” гэж надаас асуусан... Гэрт нь очсон... Д-н коридорын хивс нь цус болсон. Угаалгын өрөө нь цус болсон. Гоожуур нь цус болсон байсан. Тэгж байтал Д-н утас дуугараад утсаа автал Ш гээд Н-н найз нь “...Н нөхөртөө зодуулсан. Эмнэлэгт ирсэн байна...” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас/

4. Гэрч Г.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн  “... Би 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Н-тай хамт найз Н дээр очсон. Тэгээд гурвуулаа уулзаад машин дотор пиво уусан... Н-н нөхрийг дуудаж байсан. Миний хоол бууж байхад Н-н нөхөр манай гэрт ирсэн. Н-н нөхөр манайд ирэхдээ 1 том 2,4 литрийн пиво авч ирсэн. Тэр пивыг нь Н, Н бид гурав уусан... Би Н-г гэрт нь хүргэж өгөх гээд гарсан. Тэгээд Н-нд очоод тэндээ хоносон. Н-г нөхөртэйгөө ханьтай юм чинь гэр лүүгээ орсон байх гэж бодсон. Н-н гэр манай хажууд ойрхон байдаг. Өглөө нь би гэртээ ирэхэд манай гэрийн үүдний коридор, нойлын өрөө цус болсон байсан. Би тухайн үед гэртээ утсаа үлдээсэн байсан. Миний утас дуугарахаар нь утсаа автал Н-н найз нь байна. Н нөхөртөө зодуулаад эмнэлэг дээр ирсэн байна гэж хэлсэн. Тэгээд би Н лүү яриад эмнэлэг дээр ирсэн ... Н нь нөхөртэйгөө яагаад яваагүй байсныг би мэдэхгүй байна. Тэр хоёрыг нэгнийгээ зодно гэж бодоогүй. Манай гэрт эвдэрсэн эд зүйл байхгүй. Коридор, угаалгын өрөө, гадна хаалганы шал нь цус болсон байсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас/

5. Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Т.Алтайбаатарын 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 64 дугаартай “ ... Б.Н-н биед эрүү ясны хугарал, хамар ясны хугарал, баруун дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо ... Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ ... Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Ц.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Н-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч баримтаар хохирол нэхэмжлээгүй, эрүүл мэндийн байгууллагын зүгээс хохирогчид нийт 4,005,460(дөрвөн сая таван мянга дөрвөн зуун жар) төгрөгийн тусламж үйлчилгээ үзүүлсний төлбөрийг иргэний нэхэмжлэгч нэхэмжилсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч “... сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг  тогтоолгох шаардлагагүй ...” гэх агуулга бүхий хүсэлт /хавтаст хэргийн 41 дүгээр хуудас,  хэргийн материалтай танилцаад “... гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт/хавтаст хэргийн 111 дүгээр хуудас/-г тус тус гаргасан бөгөөд шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд  4,005,460(дөрвөн сая таван мянга дөрвөн зуун жар) төгрөг төлөхөө илэрхийлжээ.

Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэм хорыг хариуцвал зохих иргэн, хуулийн этгээд нь буцаан нэхэмжилсэн шаардлагын дагуу уг хуулийн этгээдийг хохиролгүй болгох үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг буруутай этгээдээс нөхөн төлүүлэхээр зохицуулсан байна.

Үүнийг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаас шалтгаалан хохирогчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд гарсан зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас эмнэлгийн байгууллагад олгосон тохиолдолд энэ зардлаа буруутай этгээдүүдээс нэхэмжлэх эрхтэй, үүнийг нь хариуцвал зохих этгээд буцаан төлж санг хохиролгүй болгох үүрэгтэй гэж ойлгоно.

Иймээс Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эмчилгээний төлбөр 4,005,460(дөрвөн сая таван мянга дөрвөн зуун жар) төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэлээ.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500(таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ц.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500(таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Иймээс шүүгдэгчийн тухайд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх боломжтой байх тул шүүх хугацаа тогтоогоогүй болно.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Ж овогтой Ц-н А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-д 500(таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15(арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1(нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.А-д сануулсугай. 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Ц.А-с 4,005,460(дөрвөн сая таван мянга дөрвөн зуун жар) төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА