| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2021/00303/И |
| Дугаар | 139/ШШ2021/00177 |
| Огноо | 2021-10-27 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 139/ШШ2021/00177
| 2021 оны 10 сарын 27 өдөр | Дугаар 139/ШШ2021/00342 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.******* би даргалж тус шүүхийн "Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
******* аймгийн сум, 4-р баг, Зоог 3-9 тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:ЗК*******/-ийн нэхэмжлэлтэй,
******* аймгийн сумын 7-р багт байрлах, ******* ******* ХХК-д холбогдох цалин ээлжийн амралтын зөрүү 1192830 /нэг сая нэг зуун ерэн хоёр мянга найман зуун гучин / төгрөг, бичиг баримт гаргуулах“ тухай нэхэмжлэлтэй, 139/2021/00303/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л., гэрч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Дорноговь дахь салбар сургуулийг “эм найруулагч” мэргэжлээр 2014 онд төгссөн. Ингээд Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаад 2018 онд аймагтаа ирж “******* *******” ХХК-ний “Буяндэлгэр” эмийн санд 2019 оны 1 дүгээр сард “эм баригч”-аар ажилд орсон. Намайг ажилд ороход миний ажиллах эрх буюу лиценз, дипломыг эх хувиар нь хурааж авсан. Ингээд би суралцахаар болж 2020 оны 8 дугаар сард тооллого хийгээд ажлаа хүлээлгэж өгөөд Улаанбаатар хот явсан. Ажлаас гарахад миний дипломыг өгөөгүй, аваад үлдсэн. Энэ үед амралтын мөнгөний зөрүү 125000 төгрөгийг бас өгөөгүй. Нэхэхээр өгнө гэдэг байсэн. Би сургуулийнхаа амралтаар буюу 2021 оны 1 дүгээр сэрын 2-ноос 3 сарын 5-ныг хүртэл “******* *******” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан, сарын 700.000 төгрөгийн цалинтайгаар тухайн эмийн санд ажилласан. Ингэж ажиллахад миний лицензийг хурааж авсан. Намайг ажиллах хугацаанд байгууллагаас 2021 оны I. 2 дугаар сарын нийгмийн даатгал болон татварыг төлсөн боловч миний цалинг бүрэн өгөөгүй, одоог хүртэл цалингийн үлдэгдэл 1067830 төгрөгийг өгөөгүй. Ажлаасаа гарахдаа бичиг баримтаа авъя гэсэн боловч надад өгөөгүй. Над дээр төлбөр тооцооны дутагдал гарсан гэх шалтгаанаар миний бичиг баримтыг барьцаалаад одоог хүртэл өгөхгүй байгаа бөгөөд миний хувьд төлбөр тооцоо байхгүй, үндэслэлгүй гэж үзэж байгаа. Би өөр ажилд орох гэхээр бичиг баримтгүй тул ажиллах ямар ч боломжгүй байна. Мөн миний цалинг үндэслэлгүйгээр дутуу олгосон. Цалингийн үлдэгдэл болон бичиг баримтаа авъя гэж нэхэж очихоор шүүхдээд ав гэдэг болсон. Иймээс “******* ******* ” ХХК-иас дутуу олгосон цалин 1067830 төгрөг, ээлжийн амралтын зөрүү 125000 төгрөг, Б.******* миний Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Дорноговь дахь салбар сургуулийг “эм найруулагч” мэргэжлээр төгссөн 201402210 дугаартай диплом, Эрүүл мэндийн яамнаас Б.******* надад 2014 онд олгосон ажиллах эрх буюу лицензийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* ******* ХХК-ий төлөөлөгч Б. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “******* *******” ХХК нь Эмийн сан, Хүүхдийн дэлгүүр, Түрээсийн лангуу гэсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд одоогийн байдлаар 30 жил, харьяа Буяндэлгэр эмийн сан нь 18 жил тасралтгүй ажиллаж байна. Энэ хугацаанд миний бие Даваа овогтой нь 'Буяндэлгэр” эмийн сангийн эрхлэгчээр, миний хань Д. нь “******* *******" ХХК-ийн захирлаар тасралтгүй ажиллаж байсан боловч Д. нь хүнд өвчний улмаас 2018 оны 6-р сараас ажиллахаа больсон. 2018 оны 9-р сараас миний охин Л. /ерөнхий менежер/ нь энэ компаний үйл ажиллагааг бүрэн хариуцан ажиллаж, эмийн сангийн эрхлэгчээр Б. ажиллаж эхэлсэн билээ. 2020 оны 11-р сараас миний бие ******* ******* ХХК-ний захирал болсон юм. Б.******* нь 2019 оны 1-р сард манай жор баригчаар ажиллаж эхэлсэн бөгөөд 2020 оны 8-р сард мэргэжил дээшлүүлнэ гэсэн шалтгааны улмаас ажлаасаа гарсан. Ажиллаж байх хугацаандаа эрхлэгч Б.тай ээлжилж гардаг байсан. Б. нь манай эмийн санд 12 жил тасралтгүй ажиллаж буй шилдэг ажилтан бөгөөд ажиллаж байх хугацаандаа нэг ч өр төлбөр болон ямар нэгэн асуудал гаргаж байгаагүй, шударга үнэнч чадварлаг ажилчин билээ. ******* нь ажиллаж байх хугацаандаа ялангуяа ажлаас гарахын 3 сарын өмнөөс эхлэн маш их өр дутагдал гаргаж байсан /Тухайн үед манай эмийн сан нь тооллого тооцоогоо улирал тутамд гаргадаг байсан/. Мөн ******* нь манай ажлын шаардлагыг бүрэн хангаж чадахааргүй чадвар муу, дураараа ажилчин байсан боловч манай аймгийн хэмжээнд эм зүйч, эм найруулагч хомс байсан учир яалтачгүй ажиллуулж байсан ба залуу хүн учир өсөж дэвжин суралцана гэдэгт итгэж найдаж байсан. Манайд ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн шалтгаан хэлэн цалингаа байнга урьдчилж авдаг байсан. Ажлын мөнгөнөөс зөвшөөрөлгүй авах, эм бараа хүнд болон өөртөө дур мэдэн хэрэглэх, ажилчидаас болон лангуу түрээслэгч нараас мөнгө зээлэх бараа зээлэх асуудал нь энгийн үзэгдэл мэт маш их байсан. Ажлаас гарсных нь дараа 10 гаруй хүн манай компани дээр ирж *******г асуун ажлаас гарсныг нь мэдсэнгүй өр зээл тавиад явсан мөнгөө авах юмсан гэсэн хүмүүс өдөр бүр манайд хандах болсон. Компани цалингаа тавиагүй хэмээн хүмүүст ярьж зээл авдаг байсан юм билээ. Өөрт нь энэ асуудлыг хэлэхэд компаниас гадуур яаж явах нь та нарт хамаагүй гэсэн тайлбар өгч байсан. *******г ажлаас гарахын өмнө тооллого хийхэд 6,695,032 төгрөгийн дутагдал гарсан бөгөөд 2 ээлжийн ажилчидийг яагаад дутсаныг тайлбарлахыг шаардсан. Эрхлэгч нь тайлбарлахдаа өдий олон жил ажиллаж байх хугацаанд нэг ч дутагдал гаргаж үзээгүй үнэнч ажиллаж байсан авсан, алдсан юм байхгүй учир нөгөө ээлжийн ажилтан *******гаас болж хохирч байна гэж хэлсэн бөгөөд яах аргагүй дутсан нь үнэн учир компаний дүрэм журмын дагуу 6,695,032 төгрөгийн тал 3,347,516 төлөхөөр болсон ба цалингаасаа суутгуулж төлж барагдуулж дууссан. Харин ******* нь мөн л адил мэдэхгүй би аваагүй гэсэн тайлбар өгсөн ба тухайн үедээ дутсан нь үнэн учир ажил хийж байгаад төлж барагдуулна гээд дипломоо хувилж аван эх хувийг нь үлдээгээд эм барих эрхийн гэрчилгээгээ авч явсан. Тухайн үед *******г ажиллаж байж өр төлбөрөө барагдуулахаас өөр аргагүй гэж үзэн бичиг баримтыг нь өгч, төлөх хугацаа өгөн зөөлөн хандаж байсан. Гэвч өр төлбөрөө барагдуулахгүй нэлээн хэдэн сар болсон. 2021 оны 1-р сард Ковид-19 хэмээх цар тахлын улмаас хичээл нь орохгүй байгаа учир эмийн сандаа буцаж ажиллах боложтой юу гэж ирж байсан. Өр төлбөрийг нь барагдуулхын тулд мөн хүн хүч муу байсан учир тухайн үед *******г дахин ажиллуулсан. Тухайн үед хаширсан мөн өр төлбөр маш ихээр гаргадаг гэдгийг ч мэдэж байсан учир *******гийн эм барих эрхийн гэрчилгээг хурааж авсан ба зарчимч ажиллах, өр төлбөрөө цалингийнхаа 70%-аар хурдан төлж барагдуулах шаардлага тавьж тохиролцсоны үндсэн дээр ажиллуулсан. Дахин ажиллаж байх хугацаандаа цалингийхаа ихэнх хувийг авч чадахгүй байгаадаа дургүй байхаас гадна мөн л урьдын адил ажлын мөнгөнөөс зөвшөөрөлгүй авч явах, байнга цалингаа урьдчилж авахыг шаардах гэх мэт маш олон асуудал байсаар л байсан. Цалингаа бүрэн авч чадахгүй байсан учир ажлаасаа гарах хүсэлт дахин тавьсан. Ээлжийн ажилчингүй байсан учир ажиллаж байгаад өрөө дар цалингийн 70% биш 50% суутгая гэж хэлээд үргэлжлүүлэн ажиллахаар болсон боловч маргааш нь хөдөө явахаар боллоо хэмээн ажлаасаа гарсан. 14 хоногийн дараа хөдөөнөөс ирээд би үргэлжлүүлэн ажиллах байсан чөлөө авсан байсан хэмээн уурлаж байсан /ямарч чөлөө албан ёсоор аваагүй байсан/. Тухайн хугацаанд ******* нь 2 сар хагас ажиллаж 3.347.516 төгрөгийн өр телбөрийнхөө 1.347.516 Т арай гэж барагдуулсан бөгөөд үлдсэн өр төлбөр болох 2.148.147Т барагдуулж дуусахаар бичиг баримтыг нь өгөхийг хэлсэн. Энэ 2 сар хагас ажиллаж байхдаа дахин 176,802 төгрөгийн өр гаргасан ажлын мөнгөнөөс 100.000 төгрөгийг дур мэдэн авсан 73,850Т-ийн эм бараа өөрөө өөртөө дур мэдэн зээлсэн. Мөн хүмүүст эм бараа зээлүүлсэн гэх мэт олон шаптгаанаас болон өрийг нь суутгахад хүндрэлтэй байсан. Энэ хугацаанд тооллого тооцоог шүүж харах, өөрөө бодож үзэх, ойлгохгүй юм байвал асуух эрхийг *******д 100% өгсөн боловч ойлгохгүй ойлгохыг ч хүсэхгүй уурлаж загнаж байсан. 2021 оны 8-р сарын сүүлээр утсаар менежер бид хоёртой ярьсан, 2 саяынхаа 50%-ийг төлөөд бичиг баримтаа авья өмнө нь би их муухай зан гаргасан байна гэж гэмшиж байсан. Анх ярьсанаараа өрөө бүрэн барагдуул гэсэн учир шүүхэд хандсан байна гэж ойлголоо. ******* нь өр төлбөр гаргасан нь үнэн учир бид түүний барьцаа болгон бичиг баримтыг нь авсан. Мөн цалин ээлжийн амралтын зөрүүг тохиролцсоны дагуу түүний гаргасан өр төлбөрөөс хассан.
■ Өр төлбөр гаргаж компаний мөнгө болон бараа завшдагийг нь мэдсэн хэрнээ *******г дахин ажиллахыг зөвшөөрч дахин нэг боломж олгосон шалтгаан дутаасан дутагдал 3,347,516 төгрөгийг зөвшөөрсөн хэрнээ төлөхгүй байсан учир
- Цалингаар нь өр төлбөрийг нь барагдуулах / сайн хяналтан дор /
- Эм барих эрхийн гэрчилгээг нь буцаан авах / барьцаа болгон авч үлдэх/
- Ээлжийн жор баригч хэрэгтэй байсан учир / сул эм зүйч, эм найруулагч олдоогүй/
■ Б.******* нь дахин манайд ажиллах хүсэлт тавьсан шалтгаан
■ Цалингаараа өр төлбөрөө барагдуулах
■ Өмнө нь хараа хяналт сул байсан учир дахин завших. Гэвч энэ хугацаанд өрөө төлөх дургүй өр нэмж тавих л бодолтой байсан бөгөөд бид байн хянаж байсан учир ажлаасаа дахин гарах хүсэлт тавьсан гэж ойлгосон. Б.******* нь яг үнэндээ 6,695,032 төгрөгийн өр төлбөрийг зөвхөн өөрөө гаргасан. Б. нь 12 жил ажиллахдаа огт өр төлбөр гаргаж байгаагүй бөгөөд *******тай ажиллах хугацаандаа 3,347,516 төгрөгийн өр төлбөр төлж хохирсон. *******г ажиллахаа больсоноос хойш манай компани дутагдалгүй, тооллого тооцоо нийлэн ажилласаар байна. Б.******* нь албан тушаалаа ашиглан эмийн сангийн мөнгө болон бараа завшин дутагдал гаргаж компаний дүрэм, журам зөрчиж компани болон ажилчидыг хохироосон байж өнөөдөр ийм ёс зүйгүй хандан гүжирдэж худал мэдэгдэл өгөн ямарч үндэслэлгүй компаний нэр хүндийг гутааж байна хэмээн үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.
Б.*******г гэрчилэх ажилчид байгаа. Мөн тооцооны акт болон гэрч асуулгах хүсэлт хавсаргав гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өнөөдөр нэхэмжлэгч *******гийн *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. ******* нь 2021 оны 08 сарын 03-ний өдөр цалин, ээлжийн амралтын зөрүү 1192830 төгрөг гаргуулах, Эрүүл мэндийн шинэчлэх ухааны их сургуулийн Дорноговь аймаг дахь салбар сургуулийг эм найруулагчаар төгссөн 201402210 дугаартай диплом, мөн эрүүл мэндийн яамнаас *******д 2014 онд олгосон ажиллах эрхийн лиценз зэргийг ******* мандах ХХК-аас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнийгээ бүрэн дэмжиж оролцож байна. ******* нь 2020 оны 01 сараас ******* ******* ХХК-ний эмийн санд ажиллаж байсан. Өөрөө жор баригч эм найруулагч мэргэжилтэй. Ажиллаж байх хугацаандаа мэргэжил дээшлүүлэх сургалтад сурах учраас 9 сараас сургуульдаа явах хооронд ажиллаж байсан. 2020 оны 09 сард сургуульд явахдаа ажиллаа хүлээлгэж өгөөд явсан байдаг. Явахад нь дипломыг нь өгөөгүй. Харин ажиллах эрх буюу лицензийг нь өгсөн байдаг. 2021 оны 01 сард сургууль нь цахим хэлбэрт шилжээд дахин энэ байгууллагатай 2021 оны 01 сарын 01-ний өдөр сургалтын амралтын хугацаанд 2 сарын хөдөлмөрийн гэрээ байгуулаад ажилласан. Ингэж ажиллахдаа ажиллах эрх буюу лицензийг нь дахин хураан авсан. 2 сар ажиллаад сургууль нь орсон тул ажлаасаа чөлөөлөгдөөд явсан. 2 сар ажиллах хугацаанд 700.000 төгрөгөөр цалинг тохирч хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулсан байдаг. Гэтэл 2 сар ажилласан цалингаа өгөөгүй. Харин 2 сарын 9-нд цалингийн урьдчилгаа гэж 150.000 төгрөгийг *******гийн данс руу хийсэн баримтыг хавтаст хэргийн материалд гаргаж өгсөн. Ийм учраас 2 сар ажиллах хугацааны цалин мөн өмнөх амралтын 2020 оны 01 сарын 01-ээс 2020 оны 08 сарын дуустал ажиллахдаа амралтын мөнгө гэж 125.000 төгрөг өгөх ёстой байсан боловч үүнийг өгөөгүй гэсэн 2 үндэслэлээр цалин нэхэмжилсэн. Өнөөдрийг хүртэл хугацаанд энэ байгууллага *******гийн диплом болон ажиллах эрх лицензийг өгөөгүй. Энэ хүн маань Улаанбаатар хотод мэргэжил дээшлүүлэхээр сургуульд сурч байгаа. Диплом болоод ажиллах эрх лиценз нь эх хувиараа энэ байгууллагад байгаа тул гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Бичиг баримт байгааг хүлээн зөвшөөрч байгаа юм байна гэж ойлгож байна. Ажиллаж байх хугацаандаа мөнгө төгрөг дутагдуулсан асуудал ярьж байгаа боловч хавтаст хэргийн материалд дутагдалтай холбоотой нэг ширхэг ч баримт байхгүй. *******гийн хувьд үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Эргэж орж ажиллахдаа урьд дутагдуулсан мөнгийг цалингаасаа төлөхөөр тохиролцсон гэсэн асуудал байгаа боловч хавтаст хэргийн материалд авсан хөдөлмөрийн гэрээгээр 700.000 төгрөгийн цалин тохирсон байгаа болохоос энэ цалинг өр авлагад өгнө гэж тохиролцсон нөхцөл байдал тогтоогддоггүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьж байгаа нь нотлох баримтгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч ******* ******* ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 09 сараас энэ компанийн үйл ажиллагааг хариуцаж ажиллаж эхэлсэн. ******* нь 2019 оны 01 сараас ажилд орсон. 2020 оны 9 сард ******* нь суралцах хэрэгтэй байна гэсэн шалтгаанаар ажлаа хүлээлгэж өгсөн. *******гийн хувьд эхний 1 жил гарангийн хугацаанд сайхан харилцаатай сайхан ажиллаж байсан. Гэхдээ тооллого тооцоо хийхэд 2020 оны 08 сард гарахын өмнө, мөн 2020 оны 05 сард толлого хийхэд дутагдалтай гарч байсан. Тухайн үед манайх цахим тооллогод ороогүй, гар тооллого хийдэг байсан. Энд тэнд юм хум дутуу үлдээх магадлалтай байдаг учраас дахиж тоолоод дутагдлыг гаргая гэж байсан. Би өөрөө Улаанбаатар хотоос хянаж байсан. *******г ажлаас гарах үед би өөрөө ирсэн. ******* ажлаасаа гарсан, тооллогоо ч хийсэн, эрхлэгч ыг амраасан. Тооцоо хийхэд өмнөх дутагдал маань хэвээр мөртлөө нэмж дутагдал гарсан. Нийт 6695032 гэсэн дүнгийн дутагдал гарсан. Бичиг баримтыг авч үлдсэн нь үнэн. Ээлжийн амралтын зөрүүг манайх суутгаж авсан нь үнэн. Яагаад суутгасан бэ гэвэл *******гийн хувьд маш их хэмжээний өр дутагдал гаргасан учраас бичиг баримтыг нь хурааж, цалинг нь суутгаж авч үлдсэн. Гэхдээ ******* өмнө нь 2020 оны 08 сард ажлаас гарахад нь бид нар лицензийг нь өгч явуулсан. Тухайн үед хүлээн зөвшөөрсөн. Энэ хүн ажиллаж байж өр төлбөрөө төлөх учраас лицензийг нь өгч явуулсан. Түүнээс хойш 4 сар болоход ямар нэгэн төлбөр төлөөгүй. Тэр үед корона гарсан байсан учир ажиллаж байж өр төлбөрөө төлнө гэсэн үүднээс манайд 2021 оны 1 сард буцаад ирсэн. Тухайн үед тохиролцсон байсан учраас бичиг баримтаа хураалгаад, цалингаасаа суутгуулсан. Их өр төлбөр гарсан учраас бид нар хаширч байна гэсэн үүднээс лицензийг нь авахгүй л бол чи ажил хийгээд төлөхгүй юм байна гэдэг шалтгааны үүднээс *******г ажилд нь авсан. Өмнө дипломыг нь авсан байсан бол лицензийг нь давхар хураасан. ******* бичиг баримтаа өөрөө өгсөн. Цалинг нь суутгана гэснийг хүлээн зөвшөөрөөд 2 сар манайд ажилласан. Банкны хуулга дээр 150.000 гэж харагдаж байгаа боловч өөрөө дур мэдэн гүйлгээнээс 100.000, 30.000 төгрөг авсан гэх мэтийн зүйлүүд байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. *******тай өөртэй нь ярьсан цалингаас нь суутгаад 2 сая төгрөгийн үлдэгдэл байгаа. 2 сая төгрөгийн төлбөрөө өгвөл манайх бичиг баримтыг нь өгнө. *******гийн бичиг баримт манайд ямар ч хэрэг байхгүй. Дутагдуулсан барааныхаа төлбөрийг төлбөл бичиг баримтаа аваарай гэсэн хамгийн сүүлд ийм тохиролцоо хийсэн. Харин ******* манайд 2 сая төгрөгийн дутагдлаа төлчихвөл бичиг баримтыг нь буцааж өгнө. Өмнө дутагдалтай гэсэн дээр гарын үсэг зуруулаагүй нь манайх энд зогсох шалтгаан болоод байна. *******тай аман яриагаар ярьсан, албан ёсны баримт бичиг үйлдэж гарын үсэг зуруулаагүй. ******* нь 2020 оны 08 сард манайхаас гарсан. Өр дутагдал гаргасан газраа буцаад ажиллана гэж ирэхгүй нь тодорхой. Яагаад ирсэн бэ гэвэл өр дутагдлаа барагдуулъя гэсэн тохиролцоогоор эргэж ажиллах болсон байгаа. манайд 12 жил ажилласан үнэнч шударга хүн. 6695032 төгрөгийг ******* ганцаараа тэр өр төлбөрийг гаргасан гэж бид нарын хувьд үзэж байгаа. Гэхдээ компанийн дүрэм журмын дагуу 2 хүн ээлжилж ажиллаж байсан учраас мэдээж тэнцүү хуваана. ******* нь 3374516 төгрөгийг төлнө гэсэн. Тухайн үед хүлээн зөвшөөрсөн. Миний хувьд алдаатай зүйл нь баримт дээр гарын үсэг зуруулж авч үлдээгүй. Жил гаран ажиллахдаа хүлээн зөвшөөрч байсан учраас шүүх хурал болно гэж бодоогүй байсан. Ерөнхийдөө зөөлөн хандаж явсан юм бол уу гэж бодож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлыг бүхэлд нь хүлээн зөвшүөөрөхгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Б.******* нь ************** ХХК-д холбогдуулан цалин ээлжийн амралтын зөрүү 1192830 төгрөг, бичиг баримт гаргуулах“ тухай нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:
1.Хариуцагч нь “нэхэмжлэгч Б.******* нь ажиллаж байх хугацаандаа дутагдал гаргасан учир байгууллагад учирсан хохирлыг төлүүлэхээр диплом болон ажиллах эрхийн бичгийг барьцаа болгон авсан. Дутагдуулсан мөнгөө бүрэн төлчихвөл бичиг баримтыг өгөхөд татгалзах зүйлгүй. Түүнээс наана өгөх боломжгүй” гэх тайлбарыг гаргаж байна.
Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д “Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна” гэж заажээ. Хуулийн энэ зохицуулалтаас харахад ажилтны бичиг баримтыг дутагдуулсан эд хөрөнгийн барьцаанд барих боломжгүй бөгөөд хэрэгт нэхэмжлэгч нь эд хөрөнгө дутагдуулсныг нотлох баримт ирүүлээгүй, дутагдуулсан эд хөрөнгийн барьцаанд нэхэмжлэгчийн мэргэжлийн диплом, ажиллах эрх буюу лицензыг барьцаалах тухай талуудын тохиролцоог нотолсон баримтыг ирүүлээгүй тул хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар нотлогдохгүй байна гэж үзэв. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас бичиг баримт гаргуулах тухай хэсгийг ханган шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...2020 оны 8 дугаар сард тооллого хийгээд ажлаа хүлээлгэж өгөөд Улаанбаатар хот явсан. Энэ үед амралтын мөнгөний зөрүү 125000 төгрөгийг өгөөгүй... Намайг ажиллах хугацаанд байгууллагаас 2021 оны 1, 2 дугаар сарын нийгмийн даатгал болон татварыг төлсөн боловч миний цалинг бүрэн өгөөгүй. Одоог хүртэл цалингийн үлдэгдэл 1067830 төгрөгийг өгөөгүй...” гэжээ. Эндээс харахад нэхэмжлэгч нь хариуцагч ************** ХХК-аас 2020 оны 8 сард олгогдвол зохих байсан ээлжийн амралтын олговор 125000 төгрөг, 2021 оны 1, 2 сарын цалингийн зөрүү 1067830 төгрөгийг нэхэмжилжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-тзааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заажээ. Нэхэмжлэгч нь 2021 оны 8 сарын 25-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргаагүй байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын энэхүү хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 103380 /нэг зуун гурван мянга гурван зуун наян/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ************** ХХК-иас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгөөс гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 128.1.11-т зааснаар ******* овогт *******гийн ******* /РД:ЗК*******/-ийн 201402210 дугаартай диплом, ажиллах эрх буюу лицензийг ************** ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч ******* овогт *******гийн ******* /РД:ЗК*******/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг буюу цалин, ээлжийн амралтын зөрүү 1192830 /нэг сая нэг зуун ерэн хоёр мянга найман зуун гучин/ төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103380 /нэг зуун гурван мянга гурван зуун наян/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ************** ХХК-иас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгөөс гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.