Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/40

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Б даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,

Орчуулагч, хэлмэрч А.А,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.П,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч өмгөөлөгч С.А,

Шүүгдэгч Т.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,  Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Пгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П д ургийн овгийн Тийн Жэд  холбогдох 2413000000403 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эхнэр, 4 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ..... дугаар /Д г/ багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Пушыхсары Дамжи ургийн овогтой Төнкерисийн Ж, регистрийн дугаар: .....

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар.

Шүүгдэгч Т.Ж нь 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр согтуурсан үедээ Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ... дугаар /Уст тохой/ багийн нутаг дэвсгэрт иргэн Ш.Ртай хэрүүл маргаан үүсгэж, улмаар хохирогч Ш.Р руу тоосго шидэж, түүний эрүүл мэндэд зүүн гарын шуу ясны битүү зөрөөгүй хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэм буруугийн талаар

1.Шүүгдэгч Т.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ухамсарлан ойлгож байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү. Би 92 настай эцгийн хамт амьдардаг. Эхнэр бид хоёр тодорхой эрхэлсэн ажилгүй цалингүй хүмүүс. Хэрэгт холбогдоод 2 сарын хугацаа болж байна. Надад их хэмжээний зардал гарч, маш их зүйлийг ойлгосон”  гэв.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт 2413000000403 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Хохирогч Ш.Рын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр  Т.Ж манай гэрт ирээд би таны машиныг авахаар шийдсэн, одоо аваад явна гэж хэлсэн. Тэгээд би ус халаагаад гадаа байсан машинаа асаагаад Т.Ж бид хоёр гарч, бензин колонкоос машиндаа 10 л бензин хийж өгсөн. Тэгээд сумын доод гудамжинд очоод зогссон. Тэр газарт Т.Ж бид хоёр нэг шил архи уусан. Тэгээд явах гэж байхад миний машин асахгүй тэр газарт үлдсэн. Тэр үед Ж нь машин жолоодох чадваргүй болчихсон байсан. Тэгээд би гэрлүүгээ ганцаараа яваад өгсөн. Гэтэл оройхон Ж манай гэрт согтуу ирсэн,  ба надад хандаж “...тэр асахгүй байгаа сэгээ очиж ав, миний авах машин биш байна” гэж дургүй хүргээд бид хоёр манай гэрийн хашаан дотор маргалдсан. Тэр үед би тэгвэлү би миний машиныг авчраад өгч гэж Жэд хэлэхэд Ж манай хашаанаас гараад явж байгаад 3-4 метрийн зайнаас над руу тоосго шидсэн. Би зүүн гараараа хамгаалахад Жийн шидсэн тоосго миний зүүн гарын тус газарт хүчтэй оносон ба Ж  цаашаа явчихсан.  Миний гар зовиуртай байхаар нь маргааш нь Ж бид хоёр аймаг орсон. Тэгээд аймгийн нэгдсэн эмнэлэгт компьютер томографид үзүүлсэн чинь хугарсан байна гэж хэлээд миний гарыг шууд гипсдсэн..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал),

 

          Хохирогч Ш.Рын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: Миний гар хугарсны улмаас эмчилгээний болон бусад зардалд  2.500.000-3.000.000 төгрөг гарсан. Би тухайн үед гар хугарснаас болж идэшний малаа хөдөө багаас хүмүүс хөлсөлж авч ирсэн, мөн өөр хүмүүсээр гаргуулсан. Мөн түүнээс болж нэг сарын хугацаанд би ажлаа хийж чадахгүй,  ядаж өөрийн гэртээ галаа ч түлж, нүүрсээ хагалж чадахгүй хэцүү байсан. Гэхдээ надад яг одоо гаргаж өгөх баримт бол байхгүй. Би баримтаа бүрдүүлээд шүүх хуралд хохирлоо нэхэмжпэх болно. Одоогоор надад Т.Жийн зүгээс ямар нэгэн хохирол төлж өгөөгүй. Зөвхөн бодит хохирол төлж барагдуулна гэж хэлж байгаа...’’ гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59 дэх тал),

           2.2. Гэрч Б.Ү.ний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн өдөр, оройхон яг хэдэн цаг болж байсныг мэдэхгүй, манай ажлын газрын ойролцоо гэр нь байдаг Ш.Рын гэрийн хашааны гадна талд зодоон болж байсан ба хүмүүсийн орилж хашгирсан дуу чимээ гараад байсан. Би тэгэхээр нь яваад очсон. Намайг тухайн газарт очиход Ш.Р, Т.Ж /А хочтой/ нар хоорондоо маргалдаж байсан ба Ж нь Р руу чулуу болон газраас янз бүрийн тоосго ч юм уу янз бүрийн юм аваад шидэж байхаар нь болиулсан. Тэр үед Рын эхнэр гарч ирж Рыг гэрлүүгээ оруулсан ба Ж ганцаараа яваад өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),

 

           2.3. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч, цагдаагийн хошууч К.Х.тын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 855 дугаартай “...Иргэн Ш.Рын биед зүүн гарын шуу ясны битүү зөрөөгүй хугаралттай гэмтэл тогтоогдлоо. Иргэн Ш.Рын гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Иргэн Ш.Рын дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй болно. Иргэн Ш.Рын дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт,   (хавтаст хэргийн 17-23 дахь тал),

         2.4. Яллагдагч Т.Жийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “....Р эхэлж намайг зодсон бөгөөд хашааны гадна гарч ирээд бид хоёр ноцолдсон. Тэгээд би зугтаж  байгаад газраас тал тоосго аваад түүн рүү шидсэн. Р уруу тоосго шидсэн нь миний буруу. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надаас Р ямар нэгэн хохирол одоогоор нэхэмжлээгүй байгаа. Гэхдээ Рыг би хоёр удаа өөрийн зардлаар аймгийн төвд авч ирж гарыг нь үзүүлж эмчилгээ хийлгэж өгсөн. Мөн Р надаас хохирол нэхэмжлэх юм бол гаргаж өгсөн баримтын дагуу түүний бодит хохирлыг нь барагдуулж өгөх болно...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.

 

2.5. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:

- Иргэний үнэмлэхийн болон гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 33, 37 дэх тал),

-Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 34 дэх тал),

- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 35 дахь тал),

-Үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 36 дахь тал),

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 65 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.

 

3. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар

4.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хохирогч Ш.Р, яллагдагч Т.Ж нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэрч Б.Үйсиний мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Ж нь 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Ш.Рын машиныг худалдан авах зорилгоор Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 6 дугаар /Уст тохой/ багийн нутаг дэвсгэрт байх хохирогч  Ш.Рын гэрт очиж, улмаар Ш.Рын машиныг жолоодон явж, сумын гудамжинд хамт архи ууж, согтуугаар хоорондоо хэрүүл маргаан үүсгэж, Т.Ж нь  Ш.Рад “Энэ асахгүй сэгээ ав, миний авах машин биш байна” гэж хэлэн, маргалдах явцдаа хохирогч Ш.Р руу тоосго шидэж, түүний биед зүүн гарын шуу ясны битүү зөрөөгүй хугарал бүхий хохирол санаатай учруулсан нь нотлогдон тогтоогдож байна.  

Хууль зүйн дүгнэлт

5.Шүүгдэгч Т.Ж нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримттай маргаагүй болно.

Шүүгдэгч Т.Ж нь 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр согтуугаар  хохирогч Ш.Ртай маргалдан, түүн рүү тоосго шидэж, гарыг нь цохисны улмаас  хохирогч Ш.Рын зүүн гарын шуу яс хугарч, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан болох нь эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна. (хавтаст хэргийн 17-23 дахь тал), 

Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт болох шүүгдэгч Т.Ж нь хохирогч Ш.Рахыт уруу тоосго шидэж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн нөхцөл байдал шууд нөлөөлсөн байна.

6. Шүүгдэгч Т.Жийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Рын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тогтоогдсон бөгөөд гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршгийг гаргуулан хохирогчид олгох нь зөрчигдсөн эрхийг сэргээх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ гэж шүүх үзлээ.

Хохирогч Ш.Р нь эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохиролд нийт 3.000.000 төгрөгийн хор уршиг нэхэмжилж байгаа талаар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн ба шүүгдэгч Т.Ж хохирогчийн нэхэмжилсэн 3.000.000 төгрөгийг түүнд бүрэн төлж барагдуулснаар хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн  нь  хохирогч Ш.Рын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтээр нотлогдож байна.

Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.Жээс гаргуулж, хохирогчид олгох хохирол, хор уршиггүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар

1. Шүүгдэгч Т.Жийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

2. Улсын яллагч шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Т.Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлтийг,

3.Шүүгдэгчийн өмгөөлөгч С.А шүүх хуралдаанд :”...Шүүгдэгч Т.Ж нь 8 ам бүлээр буюу өндөр настай эцэг, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, эрхэлсэн ажилгүй. Тиймээс шүүгдэгч Т.Жийн хувийн байдлыг харгалзан 1 сарын зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

4. Шүүгдэгч Т.Ж нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

5. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

6. Иймд шүүгдэгч Т.Жийн согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй, хувийн байдлууд, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Жэд 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь гэмт этгээдийг цээрлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Жэд зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ гэмт хэрэг үйлдсэн этгээдийн цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүнийг одоо оршин сууж байгаа Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ж нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

   8. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Жаас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 4 дэх хэсэг, 36.7, 36.8 дугаар зүйл,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч П дамжи ургийн овгийн Тсийн Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Жэд  2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Жэд зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүнийг одоо оршин сууж байгаа Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ж нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ шийтгэх тогтоолыг биелүүлэхийг  Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Т.Ж нь гэмт хэргийн хор уршигт хохирогч Ш.Рад 3.000.000 төгрөг төлснийг дурдаж, түүнээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол хор уршиггүй, гаргавал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.Б