Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 155/ШШ2020/01292

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын ..... дугаар багт оршин суух, Урианхан овогт Гомбын ******* /................/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын ..... дугаар багт оршин суух, Мэргэд овогт Ёндонгийн Гантулга /..................../ холбогдох

Хүүхдийн эцэг тогтоолгож тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 05 дугаар сарын 19ий өдөр хүлээн авч 155/2020/01086/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.******* нь нөхөр Ё.Гантулгатай 2007 оноос хойш Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багт хамтран амьдрах болсон. Бид хамтран амьдрах хугацаанд бидний дундаас 2010 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүү О.Баасанбаяр, 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүү О.Лхагвабаяр нар төрсөн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байсан тул хүүхдүүдээ би өөрөөрөө овоглож төрсний гэрчилгээ авсан. Нөхөр Ё.Гантулга нь байнга архидан согтуурч, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ миний биед удаа дараа гар хүрч намайг зодох болсон. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хутга, буу тулгаж ална гэж намайг болон хүүхдүүдийг минь байнга айлгаж, сүрдүүлж байсан. 2019 оны 5 дугаар сард намайг болон хүүхдүүдээ шатааж ална гэж миний хувцас руу бензин цацаж цамцны ханцуйнаас эхэлж шатааж эхлэхэд би унтраасан. Энэ хэргээс болж Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж 3 сар 17 хоногийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял шийтгүүлж байсан. Мөн үүнээс гадна миний ээжтэйгээ хамт амьдрах хугацаандаа бий болгосон хуваарьт эд хөрөнгө болох байшин болон малын хашаа зэргийг зарна гэх мэтээр дураараа аашилж байна. Бид дээрх шалтгааны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй боллоо.

Иймд Ё.Гантулгыг 2010 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү О.Баасанбаяр, 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн хүү О.Лхагвабаяр нарын төрсөн эцэг мөн болохыг тогтоож эцгээс нь хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ё.Гантулга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Ё.Гантулга нь Г.*******тэй 2007 оноос хойш Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багт хамтран амьдарч байсан. Хамтын амьдралын явцад бидний дундаас 2010 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүү О.Баасанбаяр, 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүү О.Лхагвабаяр нар төрсөн. Бид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан тул эхнэр Г.******* өөрөөрөө овоглож хүүхдүүддээ төрсний гэрчилгээг нь авсан. Бид хоорондын таарамжгүй харилцаанаас болж 2019 оны 12 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа. О.Баасанбаяр, О.Лхагвабаяр нар нь миний төрсөн хүүхдүүд мөн тул хүүхдүүддээ хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Ё.Гантулгад холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараас нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Ё.Гантулга нар нь гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй ба тэдний дундаас 2010 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүү О.Баасанбаяр төрсөн болох нь 0366900 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүү О.Лхагвабаяр төрсөн болох нь 6767000061 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн хүү О.Баасанбаяр, хүү О.Лхагвабаяр нар нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Ё.Гантулгаас сар бүр тэтгэлэг гаргуулж, 2010 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүү О.Баасанбаяр, 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүү О.Лхагвабаяр нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Г.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138.628 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ё.Гантулгаас хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг, Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2010 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү О.Баасанбаяр нь 10 настай, 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүү О.Лхагвабаяр нь 5 нас 6 сартай байх тул хуулинд зааснаар тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутаг буюу Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 206.000 төгрөгийн тал хувь 103.000 төгрөгийг хүүхэд тус бүрт сар болгон хариуцагч Ё.Гантулга төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүү О.Баасанбаяр, хүү О.Лхагвабаяр нарт тус бүр төлөх 103.000 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, 2.472.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 54.502 төгрөгийг, нийт 124.702 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчийн илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамж 13.926 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж тус тус нэхэмжлэгч Г.*******т олгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Г.Отгонбиэг, хариуцагч Ё.Гантулга нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй ба шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар зохигчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2010 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү О.Баасанбаяр, 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн хүү О.Лхагвабаяр нарын төрсөн эцэг Мэргэд овогт Ёндонгийн Гантулга ...................../ мөн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2010 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү О.Баасанбаяр, 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн хүү О.Лхагвабаяр нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ё.Гантулгаас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 136.628 /нэг зуун гучин зургаан мянга зургаан зуун хорин найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ё.Гантулгаас 124.702 /нэг зуун хорин дөрвөн мянга долоон зуун хоёр/ төгрөгийг, улсын орлогоос 13.926 /арван гурван мянга есөн зуун хорин зургаа/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.*******т олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН