| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 161/2025/0041/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/50 |
| Огноо | 2025-02-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.П |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 2025/ШЦТ/50
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Б даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.П,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.А,
Шүүгдэгч А.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Е ургийн овгийн Акийн Дэд холбогдох 2413002970378 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Олон улсын тээврийн менежмент мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эхнэрийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ... дүгээр /Б./ багийн... дугаар гудамжны.... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Е. ургийн овогтой А.ийн Д, регистрийн дугаар: ......
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч А.Д нь 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 15 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар /Ховд гол/ багийн нутаг дэвсгэр Тирлик захын хойд талд иргэн М.Атай үл ойлголцож маргасны улмаас түүнийг зодож, эрүүл мэндэд нь зүүн ухархайн дотор ханын хугарал, хамрын ясны хугарал, хамрын нурууны муруйлт, зүүн нүдний хавдар, зүүн нүдний дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралт, хамрын нуруунд хавдар, зүүн хацарт хавдар, хөх ягаан туяатай цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Нэг: Гэм буруугийн талаар
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Д мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилсэн хохирол 188,647 төгрөгийг төлж өгсөн. Хохирогч М.А нь сэтгэл санааны хохиролд 10 сая төгрөг нэхсэн. Үүнийг төлөх боломжгүй байгаа” гэв.
1.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.А шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан саналдаа: “...Улсын яллагчийн саналыг дэмжиж, маргахгүй байгаа. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх болно гэсэн байна. Мөн тэрээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байгаа. Иймд сэтгэл санааны хохирол болон бусад хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг дэмжиж байгаа...” гэв.
1.3. Улсын яллагч М.П шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан саналдаа: “...Шүүгдэгч нь 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 15 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогчтой үл ойлголцох маргааны улмаас түүнийг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон байна. Хохирогчийн хувьд сэтгэл санааны хохирол болон энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг жич иргэний журмаар нэхэмжлэхээр мэдүүлсэн. Иймд шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна. Уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоох саналыг гаргаж байгаа. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар баримт гаргаж өгөөгүй тул хохирол, хор уршиг нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналыг гаргаж байна. Энэ хэрэгт хураагдсан, эд мөрийн баримтаар тооцсон зүйл байхгүй байгаа. Энэ хэрэгт хураагдсан СД бичлэгийг хэргийн хамт хадгалах саналтай байна. Хохирогч нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг эмчлүүлэх зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 188.647 төгрөгийн үйлчилгээ авсан. Уг төлбөрийг шүүгдэгч нь бүрэн төлж барагдуулсан. Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгаа. Уг таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хүлээх нь зүйтэй байна. Шүүгдэгчээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргуулах зардал байхгүй. Энэ хэрэгт нэгтгэсэн болон энэ хэргээс тусгаарласан хэрэг байхгүй” гэв.
2.1. Хохирогч М.Аы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “Тирлик” захын хойд талд замын нөхөөсний ажил хийж байхад 02-08 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл хийж байсан замын ажил дээгүүр яваад байсан. Мөн урд нь багаж байхад дайрах гээд байсан. Тэгээд би уг машиныг тогшин таны машины урд хүрз, багаж хэрэгсэл байна гэхэд наад юмаа аваач гээд машинаасаа бууж ирээд баруун гараараа миний цээж рүү нэг удаа мөн миний нүүр рүү нэг удаа цохисон. Би тэр үед ухаан алдсан байсан. Нүд, хамар хавдаж хөхөрсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 08 дахь тал),
Хохирогч М.Аы мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “...Надад хохиролтой холбоотой гаргаж өгөх баримт байхгүй. Эмнэлэгт 2 удаа очиж үзүүлсэн, тухайн үед эмчийн бичиж өгсөн эмүүдийг авч хэрэглэсэн. Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар миний хамрыг заавал Улаанбаатар хотод очиж эмчлүүлэх шаардлагатай, манай аймагт эмчлүүлэх боломжгүй гэж хэлсэн. Миний бие Грандрөүд ХХК-д менежерийн ажил хийдэг бөгөөд ажлаасаа болоод Улаанбаатар хот руу эмчилгээнд явж чадахгүй байгаа, энэ сарын сүүлээр ажил маань зогсох тул Улаанбаатар хот руу эмчилгээнд явна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53 дахь тал),
Мөн хохирогч М.Аы мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “...би аав, ээж, эхнэрээсээ надад авч өгсөн эмийн үнийн дүнгийн талаар асуухад мэдэхгүй гэж хэлж байсан. Надад гаргаж өгөх ямар нэгэн баримт байхгүй, ээж, аав, эхнэрээсээ тухайн баримт байгаа эсэхийг дахин тодруулж байгаад хохирлыг сүүлд нь шүүхээр нэхэмжилнэ. Улаанбаатар хот руу эмчилгээнд энэ оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хойш хамрын эмчилгээнд явна. Миний бие Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан зардал болон сэтгэл санааны хохирлын баримт, эмчилгээнд зарцуулсан мөнгө зэргийг сүүлд нь иргэний журмаар шүүхээр нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 72 дахь тал),
2.2. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн хошууч цолтой К.Хайратын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 801 дугаартай шинжээчийн “...хохирогч М.Аы биед зүүн ухархайн дотор ханын хугарал, хамрын ясны хугарал, хамрын нурууны муруйлттай, зүүн нүд хавдартай, зүүн нүдний дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, хамрын нуруунд хавдартай, зүүн хацарт хавдартай, хөх ягаан туяатай цус хуралттай гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн. Гэмтлүүд нь 1-10 хоногт үүссэн шинэ гэмтлүүд байна. Ерөнхий хөдөлмөрлөх чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Иргэн М.Аы биед үүссэн гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 12-14 дэх тал),
2.3. Амбулаториор эмчлүүлэгсдийн карт, СД бичлэг (хавтаст хэргийн 15-21 дэх тал),
2.4. Иргэний нэхэмжлэгч А.Ан мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Баян-Өлгий аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн чанар төлбөрийн мэргэжилтнээр ажилладаг, танай байгууллагаас ирүүлсэн албан тоотын хүрээнд иргэн М.А нь 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Эрүүл мэндийн даатгалын сангаас 188.647 төгрөгийн тусламж үйлчилгээний зардлыг гаргуулсан байна. Дээрх мөнгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд тушаах шаардлагатай...” ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51 дэх тал),
2.5 Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, хавсаргасан баримт ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55 дахь тал),
2.6. Шүүгдэгч А.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр би гэрээсээ өөрийн эзэмшлийн “Тоёота Веллфайр” маркийн машинтай тус сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Тирлик” захын хойно Казакстан улс руу явах гэж байсан хамаатны хүнийг гаргаж өгөх зорилгоор “Тирлик” захын хойно явж байхад тухайн хэсгийн замыг засаж байсан. Зам засаж буй хэсгийн хажуугаар машинууд гарч байсан ба миний урд талд байсан "Приус” маркийн машин зам засаж буй газрын хажуу талаар гарч явсан ба ардаас нь тухайн хэсэг газраар явж өнгөрөх гэтэл хажуунаас нэг залуу “...яагаад хурдан яваад байгаа юм...” гэж надад хэлхээр би хариуд “...би яарч явна, чи мэддэг юм уу..." гэж хэлээд би машиныхаа цонхыг хаасны дараа миний машины баруун талын хаалгыг тухайн зам засаж байсан хүн цохисон. Би машинаасаа буугаад яагаад миний машиныг цохиж байгаа юм бэ?" гэж хэлээд тухайн хүний цээж рүү түлхэхэд миний зүүн талын хацар луу цохихоор нь би зөрүүлээд уг хүний нүүрэн тус газарт зүүн талын гараараа нэг удаа цохисон. Тухайн хүн нүүрээ дараад газарт суусан ба би машиндаа суугаад цаашаа явсан. Миний бие уг үйлдэлдээ гэмшиж байна, надад хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.
2.7. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:
-Иргэний үнэмлэхийн болон байнгын оршин суугаа хаягийн, гэрлэсний бүртгэлийн лавлагаанууд (хавтаст хэргийн 31-32 дахь тал),
-Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 33 дахь тал),
-Үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 34-35 дахь тал),
-Жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 36 дахь тал),
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 38 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.
2.9. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар
3.2. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоохын тулд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт цугларсан хохирогч М.Аы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 58, 53, 72 дахь тал), шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 801 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 12-14 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд шүүгдэгч А.Д нь 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч М.Аыг зодож, эрүүл мэндэд нь зүүн ухархайн дотор хана хугарал, хамрын ясны хугарал, хамрын нурууны муруйлттай, зүүн нүд хавдартай, зүүн нүдний дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, хамрын нуруунд хавдартай, зүүн хацарт хавдартай, хөх ягаан туяатай цус хуралт бүхий гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтлийг учруулсан үйл баримт тогтоогджээ.
3.3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
4.1. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Өөрөөр хэлбэл гэмт этгээд нь хохирогчийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаар дээрх гэмт хэргийн шинжийг хангана.
4.2.Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч А.Д нь хохирогч М.Аы эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний эрүүл мэндэд нь зүүн ухархайн дотор ханын хугарал, хамрын ясны хугарал, хамрын нурууны муруйлт, зүүн нүдэнд хавдар, зүүн нүдний дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралт, хамрын нуруунд хавдар, зүүн хацарт хавдар, хөх ягаан туяатай цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдсон бөгөөд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч А.Д нь өөрийн үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч А.Д гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
4.3. Иймд шүүгдэгч А.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч А.Дийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч А.Дийн ухамсар, ёс зүйн төлөвшил дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж шүүх үзэв.
5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
5.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасныг үндэслэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоож, гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчээс гаргуулах нь зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.
5.2. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч М.Аы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.А хохирол, хор уршгийн талаар ямар нэгэн нотлох баримтыг гаргаж өгөөгүй, удаа дараагийн мэдүүлгүүдээрээ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг эмчлүүлсний дараа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар нэхэмжлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Иймд хохирогч М.Аы гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг буюу эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч М.А нь гэмт хэрэгт өртсөний дараа 2024 оны 10 дугаар сарын 09, 10-ны өдрүүд эмчилгээ хийлгэж, эрүүл мэндийн даатгалын сангаас 188.647 төгрөгийн тусламж үйлчилгээ авсныг Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс нэхэмжилж, иргэний нэхэмжлэгч А.Асемгүлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд томилон оролцуулсан байна.
5.3. Иргэний нэхэмжлэгч А.Аэс нэхэмжилсэн 188.647 төгрөгийг шүүгдэгч А.Д төлж барагдуулсан талаараа мэдүүлсэн тул энэ шийтгэх тогтоолоос шүүгдэгчээс гаргуулж, иргэний нэхэмжлэгч болох Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх хохирол, төлбөргүй гэж үзлээ.
5.4. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.А нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхээ илэрхийлж, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын дагуу сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.1. “...энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр (цаашид хүснэгт гэх) шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтан үзнэ: ...2.1.1.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл (Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах)”, 2.2. “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ” гэж заасан байна.
Мөн тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “Хоёрдугаар” хүснэгтэд тодорхойлжээ.
5.5. Иймд Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан жишиг аргачлалын дагуу хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан, хохирогч М.Аы сэтгэцэд учирсан төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн дүнгээс 5 хувиар хувьчлан (660.000х150=99.000.000х5%) 4.950.000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч А.Дээс сэтгэцэд учирсан хор уршигт 4.950.000 төгрөг гаргуулж, хохирогч М.Ад олгож шийдвэрлэв.
Хоёр:Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар
2.1. Шүүгдэгч А.Дийг шүүхээс “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2.2. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.Д нь хувийн байдлын хувьд урьд гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй нөхцөл байдал тогтоогдож байна.
2.3. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “шүүгдэгч А.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 700 нэгж буюу 700.000 төгрөгийн торгох ял оногдуулах саналтай” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч А.Д, түүний өмгөөлөгч С.А нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” хүсэлтийг тус тус гаргав.
2.4. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дэд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 (дөрөв) сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэхүү хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгчид сануулж шийдвэрлэв.
2.5. Энэ хэрэгт шүүгдэгч А.Д нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус мэдэгдэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Еургийн овгийн Акийн Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дэд 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дэд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 4 (дөрөв) сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч А.Д нь иргэний нэхэмжлэгч А.Аээс гэмт хэргийн хор уршигт нэхэмжилсэн 188.647 /нэг зуун наян найман мянга зургаан зуун дөчин долоо/ төгрөгийг Баян-Өлгий аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын санд төлснийг дурдаж, хохирогч М.Аы эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Дээс сэтгэцэд учирсан хор уршигт 4.950.000 /дөрвөн сая есөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулж, хохирогч М.Ад олгосугай.
5. Энэ шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Шүүгдэгч нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор түүнээс гаргавал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэргийн хамт ирүүлсэн CD бичлэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Шүүгдэгч А.Дэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Б