Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2021/ДШМ/69

 

 

 

 

 

       2021          1             13                                        2021/ДШМ/69                         

 

 

С.Мд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг  даргалж, шүүгч Д.Мягмаржав, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:   

прокурор Г.Эсэн,

шүүгдэгч С.М өмгөөлөгч И.Отгонсүрэн,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 711 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч У.Болортуяа, шүүгдэгч С.М өмгөөлөгч  И.Отгонсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудаар С.Мд холбогдох эрүүгийн 2010000000767 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

            1. Хотгойд овогт С.М, 1993 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Төв аймагт төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хөтөл Мөнхийн Зул” ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт, Төв аймгийн Зуунмод сум 2 дугаар баг, 8-13 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:НЭ93072206/;       

            Шүүгдэгч С.М нь “Ворд Медиа” ХХК-нд 2020 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ажиллаж байхдаа хамт ажилладаг У.Болортуяагийн байр худалдан авах зорилгоор Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Тайжийн 12 дугаар байрны 1 тоотод байрлах сейфт хадгалж байсан мөнгөнөөс нийт 20.000.000 төгрөгийг 6 удаагийн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: С.М үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хотгойд овогт Сүхбатын Марал-Эрдэнийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Марал-Эрдэнийг 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мд оногдуулсан 8 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь хохирогчид 6.300.000 төгрөгийг төлсөн ба шүүгдэгч С.Мэс 13.700.000 төгрөгийг гаргуулж хохирогч У.Болортуяад олгож, шүүгдэгч С.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс тоолохоор шийдвэрлэжээ.

            Хохирогч У.Болортуяа давж заалдах гомдолдоо: “...С.Мэс 13.700.000 төгрөгийн хохирол төлбөрийг бүрэн авсан. Цаашид ямар нэгэн гомдол саналгүй учир түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

            Шүүгдэгч С.М өмгөөлөгч И.Отгонсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Мд 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. С.М хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч зүйлчлэл дээр маргадаггүй. Шүүх хуралдаанаас өмнө хохирогч У.Болортуяад 6.300.000 төгрөгийг төлсөн байдаг. Үлдсэн хохирол болох 13.700.000 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр 7.000.000 төгрөгийг, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 6.700.000 төгрөгийг тус тус төлсөн байна. Хохирогч У.Болортуяа нь хохирлоо бүрэн авсан тул С.Мд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй учир оногдуулсан 8 сарын хорих ялыг тэнсэж өгнө үү гэдгээ хэлдэг юм. Миний үйлчлүүлэгч С.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хохирогчийн хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна гээд шүүх хуралдаанд хохирогч болон хуралдааны оролцогчдоос чин сэтгэлээсээ уучлалт гуйж байсан зэрэг нь энэ үйлдэлдээ маш их харамсаж ухамсарлаж байгаагийн нэгэн илрэл юм. С.М нь одоо 27 настай 3 хүүхдийн ээж, 3-8 насны хүүхдүүдтэй. Бага хүүхэд нь 18 хоногтой байхдаа гэдэс нь цоорч хагалгаанд орж байсан. Байнгын асаргаанд байдаг. Анхан шатны шүүх ял шийтгэлийг оногдуулахдаа хохирогчид учирсан хохирлыг бүрэн барагдуулаагүй байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулсан байдаг. Одоо тэр байдал нь арилсан түүний хувийн байдал, хохирол төлбөрийг бүрэн төлсөн зэргийг нь харгалзан үзэж С.Мд оногдуулсан 8 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Г.Эсэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...С.М үйлдсэн гэмт хэрэг нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон. Хохирогч У.Болортуяад учирсан 20.000.000 төгрөгийн хохирлоос анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарах үед 6.300.000 төгрөгийг төлсөн байсан. Харин хэрэг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэгдэхээс өмнө шүүгдэгч С.М нь үлдсэн 13.700.000 төгрөгийн хохирлыг төлсөн талаар илтгэгч шүүгч танилцуулж байна. Шүүгдэгч С.М нь уг хэрэгт нийт 78 хоног цагдан хоригдсон байна. Тэр утгаараа түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар түүний цагдан хоригдсон хугацааг торгох ялд оруулан тооцох боломжтой гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гаргаагүй байна гэж үзэв.

Шүүгдэгч С.М нь “Ворд Медиа” ХХК-нд 2020 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ажиллаж байхдаа хамт ажилладаг У.Болортуяагийн байр худалдан авах зорилгоор Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Тайжийн 12 дугаар байрны 1 тоотод байрлах сейфт хадгалж байсан мөнгөнөөс нийт 20.000.000 төгрөгийг 6 удаагийн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч У.Болортуяагийн “...2020 оны 6 дугаар сард мөнгөө алдсанаа мэдсэн. Маралааг сейфт байгаа бэлэн мөнгийг тоолоод банкин дээр аваад ир гэж хэлсэн. Мөнгийг тоолж үзэхэд 20.000.000 төгрөг дутуу байсан. 20.000.000 төгрөгийг яасан юм бэ гэхэд Марал-Эрдэнэ “би авчихсан байгаа, удахгүй өгнө” гэсэн. Би тухайн үед найзаасаа түр 20.000.000 төгрөгийг зээлээд байраа авсан. Найзаасаа зээлсэн мөнгөө төлөхийн тулд 3 хүнээс мөнгө зээлж төлсөн. Одоо тэр мөнгө зээлсэн хүмүүстээ мөнгийг нь буцааж төлж чадахгүй байгаа. Бүх цалин мөнгөө байгаа. Одоогоор утасны төлбөр болон хүүхдийн өдөр өнжүүлэхийн төлбөрийг ч төлж чадахгүй байна. С.М нь 6.300.000 төгрөгийн хохирол барагдуулсан. ...” /хх 7-11/,

гэрч Н.Мижиддоржийн “...Энэ асуудлын талаар сүүлд найз У.Болортуяа хэлсэн. Бид хоёр 10 жилийн ангийн хүүхдүүд тэгээд 20.000.000 төгрөг танай эхнэр авсан гэж хэлээд мэдсэн. Эхнэрээс тус мөнгөөр юу хийсэн талаар асуухад хувийн хоол, хүнсний хэрэглээнд зарцуулсан гэж хэлсэн. ...” /хх 18-19/,

шүүгдэгч С.М яллагдагчаар өгсөн: “...Би “Ворд Медиа” ХХК-д 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс менежерийн ажилд орсон. Ажилд ороод удаагүй байхад найз У.Болортуяа надад итгэж байгууллагын сейфт байгууллагын болон өөрийн мөнгийг хийлгэдэг байсан. Надад мөнгөний хэрэгцээ гараад 2020 оны 5 дугаар сарын эхээр У.Болортуяагийн сейфт хадгалуулсан мөнгөнөөс 5.000.000 төгрөг, 7 хоногийн дараа 1.460.000 төгрөг, 5 дугаар сарын 20-ны өдөр 3.000.000, 500.000 төгрөгөөр дахин нэг удаа авсан. 6 дугаар сарын 10-нд 2.000.000 төгрөг авсан. Ингээд 2020 оны 5 дугаар сараас 6 дугаар сарын хооронд нийт 20.000.000 орчим төгрөг авсан. Би дээрх мөнгийг гэртээ хоол, хүнсний материал, үр хүүхэддээ хувцас худалдан авч, өрөндөө 2.000.000 төгрөг төлөх зэргээр зарцуулсан. Би хийсэн хэргээ хүлээж байна. Хохирлоо барагдуулах болно. ...” /хх 50-53/,

С.М нь “Ворд Медиа” ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдөр байгуулсан ХГ/06 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ”, 2020 оны 3 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан ХГ/05 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ” /хх 41-47/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүхээс шүүгдэгч С.Марал-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаар зөв дүгнэлт хийжээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг шалгасан байх бөгөөд анхан шатны шүүх мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн нь зөв байна.

Шүүгдэгч С.Марал-Эрдэнийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэж үзэж гэм буруутайд тооцсон нь хууль зөрчөөгүй байна.

Хохирогч У.Болортуяа “...С.Мэс 13.700.000 төгрөгийн хохирол төлбөрийг бүрэн авсан. Цаашид ямар нэгэн гомдол саналгүй учир түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн,

Шүүгдэгч С.М өмгөөлөгч И.Отгонсүрэн “...С.М хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч зүйлчлэл дээр маргадаггүй. Өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшдэг. Анхан шатны шүүх ял шийтгэлийг оногдуулахдаа хохирогчид учирсан хохирлыг бүрэн барагдуулаагүй байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулсан байдаг. Одоо тэр байдал нь арилсан түүний хувийн байдал, хохирол төлбөрийг бүрэн төлсөн зэргийг нь харгалзан үзэж С.Мд оногдуулсан 8 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заажээ.

Шүүгдэгч С.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэгдэхээс өмнө хохирогч У.Болортуяад учруулсан 20.000.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлсөн, хохирогч гомдол саналгүй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, хохирогч  У.Болортуяа, шүүгдэгч С.М өмгөөлөгч И.Отгонсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 711 дугаартай шийтгэх тогтоолын:

2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Марал-Эрдэнийг 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэснийг, “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Марал-Эрдэнийг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. ...” гэж өөрчилж,

шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож,

мөн тогтоолд “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.” гэсэн заалтыг нэмж, тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч С.М нь 20.000.000 төгрөгийн хохирлыг хохирогч У.Болортуяад төлсөн, энэ хэргийн улмаас 76 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.     

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ,

                                     ШҮҮГЧ                                                  Б.БАТЗОРИГ

 

 ШҮҮГЧ                                                  Д.МЯГМАРЖАВ

 

 ШҮҮГЧ                                                  О.ЧУЛУУНЦЭЦЭГ