| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхтөмөрийн Солонгоо |
| Хэргийн индекс | 194/2025/0016/Э/220/2025/0227 |
| Дугаар | 2025/ШЦТ/225 |
| Огноо | 2025-01-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Наранхүү |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/225
2025 01 20 2025/ШЦТ/225
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,
улсын яллагч Л.Наранхүү,
хохирогч Т.Э ,
шүүгдэгч Ч.Т , түүний өмгөөлөгч А.Содхүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Т-д холбогдох эрүүгийн 2406 00000 4034 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Т нь 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 13 цагийн үед Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо ..... төвийн авдар зардаг хэсэг хохирогч Т.Э тай “чи миний авдрыг сайн муу гэж хэллээ” гэж шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар жижиг авдраар цохиж эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хохирогч Т.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн үед нэг худалдан авагч авдар авах гэж манай лангуун дээр ирсэн. Тэр хүн 2 авдар авах гэж байсан бөгөөд надад зөвхөн нэг авдар байсан. Тэгсэн чинь худалдан авагч цаашаа явж байгаад Ч.Т эгчийн лангуун дээр очоод авдар үзсэн. Ч.Т эгч нөгөө худалдан авагчийг авдар үзэж байх үед нэг тийшээ явсан байсан. Авдар авах гэж үзэж байсан худалдан авагч манай лангуун дээр буцаж ирээд авдрын углуурга руу заагаад асуухаар нь би “авдрын углуурга” гэж хэлсэн. Би өөр зүйл хэлээгүй. Ч.Т эгч надад уурлах болсон шалтгаан нь авдрыг нь муулсан гэж бодсоноос болсон байсан. Тэгээд үүнээс болж бид хоёрын дунд хэрүүл маргаан үүсэж Ч.Т эгч миний хөмсөг болон нүд хэсэг рүү авдраар цохисон гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, хохирогч Т.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 13 цагийн үед ..... дээр өөрийн ажлын байран дээрээ байж байтал хажуу лангууны хүн дээр нэг хүн авдар авах гэж ирээд тэр хүний авдрыг үзчихээд миний лангуун дээр ирж авдар үзэж байгаад энэ авдарнаас 2 ширхэг байгаа юу гэж асуусан. Тэгээд би байхгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь Ч.Т эгчийн лангуун дээр авдар нь 2 ширхэг байсан. Тэгээд тэрнээс 2 ширхэгийг тэр хүн авсан. Тэгээд Ч.Т эгч хойшоо авдар боох цаасанд явсан. Худалдан авагч нь миний авдар дээр буцаж ирээд энэ юу вэ гэж углуургаа руу заагаад асуухаар нь би углуурга гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа Ч.Т эгч ирээд “чи миний авдрыг сайн муу гэж хэллээ” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би “тэгж хэлээгүй саяны авсан хүн тэгж хэлсэн. Та дандаа намайг тэгж хэлдэг шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд би надаас юм авч байсан хүний барааг боож байсан чинь Ч.Т эгч миний жижиг авдрыг барьж байгаад нүүр рүү цохисон.., Ч.Т гэх эмэгтэй миний зүүн талын хөмсгийг авдраар цохиод сэтэлсэн. Би сэтгэл санааны хохирол гаргуулахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 5, 8-9/, Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээч М.Золжаргалын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 14728 дугаартай “Т.Э ын биед зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой..” гэх дүгнэлт /хх-ийн 16-17/, шүүгдэгч Ч.Т ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би хүлээн зөвшөөрч байна. Би Т.Э ыг цохисон нь үнэн. Өөрөө л олон удаа хүний дургүйг хүргэж намайг ийм байдалд хүргэлээ. 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр манай лангуун дээр 2 эмэгтэй ирээд миний авдраас 2 ширхгийг авахаар болсон юм. Наймаагаа тохирчихоод би хойшоо агуулах руугаа яваад ирсэн. Яваад ирэх үед надтай наймаагаа тохирсон байсан 2 эмэгтэй надаас таны углуурга яагаад ийм байгаа юм, энэ яагаад ийм байгаа юм гэх зэрэг элдвийн юм асуугаад эхэлсэн. Тэгэхээр нь би байнгын олон юм ярьж байдаг хажуу лангууны Т.Э л олон юм ярьсан юм байх гэж бодоод чимээгүй наймаагаа хийчхээд Т.Э т хандан “чи хүн наймаа хийж байх үед битгий олон юм ярьж бай, дандаа ингэж хүний наймаанд орж байх юм” гэтэл өөдөөс би тэгээгүй ш дээ битгий гэсэн. Тэр угаасаа байнга тэгж худлаа ярьдаг залуу байгаа юм. Тэгэхээр нь би “би битгий худлаа яриад бай” гэж хэлээд жижиг авдраар цохисон. Тэгтэл зүүн хөмсөгнөөс нь цус гараад эхэлсэн. Тэгэхээр нь би авдарных нь ирмэг нь таарсан юм байна гэж бодсон. Тухайн авдар миний санаж байгаагаар 20*18 см байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35/,
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 41-42/,
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 43/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44/,
Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 46/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Нэг: Гэм буруугийн талаар:
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Ч.Т нь 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 13 цагийн үед Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо ..... төвийн авдар зардаг хэсэг хохирогч Т.Э тай “чи миний авдрыг сайн муу гэж хэллээ” гэж шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар жижиг авдраар цохиж эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн тухайд шүүгдэгч нь хохирогчийн баримтаар нэхэмжилсэн 150,000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд сэтгэл санааны хохирлоо нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн боловч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд сэтгэл санааны хохирлоо гаргуулж авмаар байна. Үүнийг хүлээн авах боломжгүй гэж улсын яллагчийн зүгээс харж байна.” гэх дүгнэлтийг,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргахгүй байгаа тул улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг дэмжиж байна. Гэм буруугийн шүүх хуралдаан болохоос өмнө өмгөөлөгч миний бие хохирогчтой уулзаж үйлчлүүлэгчийнхээ өмнөөс уучлалт гуйж, үйлчлүүлэгчийн байр суурийг дамжуулж, хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн” гэх дүгнэлтийг,
хохирогч “Шүүгдэгч надаас хүн ёсоор уучлалт гуйж цаашид ахиж намайг хэл амаар доромжлохгүй байвал надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх дүгнэлтийг,
шүүгдэгч “Хохирогч Т.Э аас уучлалт гуйж байна дахин ийм зүйл гаргахгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байх тул энэхүү нотлох баримтууд нь хууль ёсны байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Ч.Т нь 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 13 цагийн үед Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо ..... төвийн авдар зардаг хэсэг хохирогч Т.Э тай “чи миний авдрыг сайн муу гэж хэллээ” гэж шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар жижиг авдраар цохиж эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, хохирогч Т.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд хэсэг хугацааны дараа Ч.Т эгч ирээд “чи миний авдрыг сайн муу гэж хэллээ” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би “тэгж хэлээгүй саяны авсан хүн тэгж хэлсэн. Та дандаа намайг тэгж хэлдэг шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд би надаас юм авч байсан хүний барааг боож байсан чинь Ч.Т эгч миний жижиг авдрыг барьж байгаад нүүр рүү цохисон.., Ч.Т гэх эмэгтэй миний зүүн талын хөмсгийг авдраар цохиод сэтэлсэн. Би сэтгэл санааны хохирол гаргуулахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 5, 8-9/, Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээч М.Золжаргалын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 14728 дугаартай “Т.Э ын биед зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой..” гэх дүгнэлт /хх-ийн 16-17/, шүүгдэгч Ч.Т ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би хүлээн зөвшөөрч байна. Би Т.Э ыг цохисон нь үнэн. Өөрөө л олон удаа хүний дургүйг хүргэж намайг ийм байдалд хүргэлээ... Тэгэхээр нь би “би битгий худлаа яриад бай” гэж хэлээд жижиг авдраар цохисон. Тэгтэл зүүн хөмсөгнөөс нь цус гараад эхэлсэн. Тэгэхээр нь би авдарных нь ирмэг нь таарсан юм байна гэж бодсон. Тухайн авдар миний санаж байгаагаар 20*18 см байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Шүүгдэгч Ч.Т ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болохыг мэдсээр байж хохирогч Т.Э ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Мөн шүүгдэгч Ч.Т нь хохирогч Т.Э ын нүүрэн тус газарт авдраар цохисон үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан “зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Т ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Ч.Т ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирлын талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилжээ.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Т.Э ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд баримтаар 150,000 төгрөг нэхэмжилсэн. Шүүгдэгч Ч.Т нь 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч Ч.Т.Э ын Хаан банкны эзэмшлийн ..... тоот дансанд 150,000 төгрөгийг “... hohirold” гэсэн утгатайгаар шилжүүлсэн байх тул шүүгдэгч Ч.Т ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогч Т.Э нь сэтгэцэд учирсан хор уршиг болон гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ч.Т аас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “Шүүхээс шүүгдэгч Ч.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ч.Т д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Ч.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй.” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч нь хохирогчтой нэг газар наймаа хийдэг хүмүүс байгаа. Миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Миний үйлчлүүлэгч нь үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа цаашид дахин ийм зүй бус үйлдэл гаргахгүй тул эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү гэж хүсэж байна.” гэх дүгнэлтийг,
Хохирогч “Хэлэх зүйлгүй” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч “Хэлэх зүйлгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүгдэгч Ч.Т д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлоо төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Ч.Т д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийг 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүх шүүгдэгч Ч.Т д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ч.Т д оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Ч.Т нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Шүүгдэгч Ч.Т д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т д оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
4. Хохирогч Т.Э нь сэтгэцэд учирсан хор уршиг болон гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ч.Т аас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Т д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.СОЛОНГОО