2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/295

 

 

 

 

 

 

 

    2025      01          24                                    2025/ШЦТ/295

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,

улсын яллагч Б.Мөнгөншагай,

шүүгдэгч Б.М  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М-д холбогдох эрүүгийн 2411 01221 1571 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М  нь 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул 2” худалдааны төвийн урд автобусны буудал дээр 16 цагийн орчим үл ялих зүйлээр шалтаглан Б.Б ыг зодож, биед нь дээд уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, даланд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.М  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүх зүйлээ үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

 

Үүнд: Гэрч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний дүү Б.Б о нь одоо эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгүүлж байгаа. Манай дүү өөрөө бие муутай хүн байгаа юм. Тэгээд бас тэр үе одоогоос 7 хоногийн өмнө нь хүнд зодуулсан гэж яриад байсан. Би өөрөө хажууд нь байхгүй байсан учраас юу болсон эсэхийг нь мэдэхгүй байна. Манай дүү хажуугийн Нарантуул 2 худалдааны төвийн хажуудах Сайн ломбардны хажууд бусдад зодуулсан гэж байсан. Тэрнийхээ нэрийг нь М  гэж хэлээд байсан. Би болохоор тэр хүнийг нь танина. Яармагт ажил хийж байгаа юм байна лээ. Дэнжийн мянгад архи дарс уугаад яваад байдаг залуу байна лээ... Манай дүүгийн ам руу хөлөөрөө өшиглөсөн гэж байсан... Шүд нь хөдлөөд өвдөөд байна гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 5/, Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээч Д.Дунгаамаагийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 6047 дугаартай “Б.Б ын биед дээд уруулд шарх, цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..” гэх дүгнэлт /хх-ийн 8-9/, хохирогч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2024 оны 04 дүгээр сарын 28-нд үдээс хойш 16 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад тамхи авах гээд явж байсан. Тэр үедээ би өөрөө хуучин эцсийн буудал болох Нарантуул 2 худалдааны төвийн урдах автобусны буудал дээр ганцаараа явж байсан чинь доороос нэг согтуу залуу гарч ирээд намайг архи уух уу гэж асуугаад байхаар нь би архи уухгүй ээ, тамхи авчихаад гэртээ харих гээд явж байна гэсэн чинь тэр залуу мөнгө байна уу гэж асуухаар нь би түүнд байхгүй гэж хэлсэн чинь намайг зодсон. Тэгээд автобусны буудал дээр байж байсан хэсэг настай хүмүүс “болиоч ээ” гэж хэлээд болиулж байсан. Тэгээд би түүнд зодуулчихаад гэртээ харьсан юм. Тэгээд хэд хоног гэртээ хэвтэж байсан. Босох гэхээр босож чадахгүй, толгой эргээд байсан тул би өөрийнхөө ахыгаа дуудаж гомдлоо гаргаж өгч байсан юм. Тэр залууг М  гэж дууддаг юм. Би түүний жинхэнэ нэрийг нь мэдэхгүй байна. Тэр М  гэдэг залуу манай дэнжийн мянгаар Хүчит шонхор буюу Нарантуул 2 захаар байнга архи уугаад явж байдаг залуу байгаа юм. Манай тэр хавийн хүмүүс М г бүгдээрээ таньж байгаа... Тэр өдөр намайг М  гэгч нь эхлээд миний нүүр рүү нэг удаа өшиглөж байсан. Тэгээд би арагшаа саваад унасан. Тэгээд одоо миний биед нүүрний зүүн талын хэсэгт хавдаж хөхөрсөн байсан. Дээд хоёр араа шүд хөдөлсөн байсан. Амны хөндийн зүүн талын завжин дотор талдаа хавдаж хөхөрсөн байсан. Тэгээд бас дотроо идээлсэн байсан тул шинжээч эмч идээг нь гаргаж өгч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/, шүүгдэгч Б.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би тэр өдөр 2024 оны 04 дүгээр сарын 28-ны үдээс хойш 15 цагийн орчим Нарантуул 2 худалдааны төвийн урдах Сайн ломбардтай автобусны буудал дээр байдаг 8 нэрийн хүнсний дэлгүүрээс архи аваад гарч явж байсан чинь Б.Б  нь тааралдаад архинаас чинь ууя л даа гээд байсан. Тэгэхээр нь би хүний архинд явж өгч байна гэж хэлсэн. Тэр өөдөөс уурлаад “хогийн пизда вэ, чи архиа харамлаад үхлээ ш дээ” гэж хэлээд янз бүрээр оролдоод байсан. Тэгээд би тэр хүнд учраа хэлж ойлгуулах гэсэн боловч ойлгохгүй өөдөөс согтуурхаад байхаар нь түүнийг нэг хоёр удаа цохиж авсан. Тэгээд би өөрөө цаашаа архиа аваад ажлынхаа газрын залуу болох Б.Б  гэгчийн гэрт нь очоод авсан архиа хувааж уугаад дараагаар нь гэртээ харьсан юм. Ингээд би өөрөө бусдын зодсон буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 39/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/,

Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 59/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч Б.М  нь 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул 2” худалдааны төвийн урд автобусны буудал дээр 16 цагийн орчим үл ялих зүйлээр шалтаглан Б.Б ыг зодож, биед нь дээд уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, даланд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч нь баримтаар хохирол, төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна. Хохирогчийн сэтгэл санааны хохирлын тухайд иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлгэх саналтай байна.” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Б.М  нь хэргийн зүйлчлэл, гэм буруу дээр маргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байх тул энэхүү нотлох баримтууд нь хууль ёсны байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Б.М  нь 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул 2” худалдааны төвийн урд автобусны буудал дээр 16 цагийн орчим үл ялих зүйлээр шалтаглан Б.Б ыг зодож, биед нь дээд уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, даланд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Гэрч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай дүү хажуугийн Нарантуул 2 худалдааны төвийн хажуудах Сайн ломбардны хажууд бусдад зодуулсан гэж байсан. Тэрнийхээ нэрийг нь М  гэж хэлээд байсан. Би болохоор тэр хүнийг нь танина. Яармагт ажил хийж байгаа юм байна лээ. Дэнжийн мянгад архи дарс уугаад яваад байдаг залуу байна лээ... Манай дүүгийн ам руу хөлөөрөө өшиглөсөн гэж байсан... Шүд нь хөдлөөд өвдөөд байна гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 5/, Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээч Д.Дунгаамаагийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 6047 дугаартай “Б.Б ын биед дээд уруулд шарх, цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..” гэх дүгнэлт /хх-ийн 8-9/, хохирогч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...тэр залуу мөнгө байна уу гэж асуухаар нь би түүнд байхгүй гэж хэлсэн чинь намайг зодсон. Тэгээд автобусны буудал дээр байж байсан хэсэг настай хүмүүс “болиоч ээ” гэж хэлээд болиулж байсан. Тэгээд би түүнд зодуулчихаад гэртээ харьсан юм. Тэгээд хэд хоног гэртээ хэвтэж байсан. Босох гэхээр босож чадахгүй, толгой эргээд байсан тул би өөрийнхөө ахыгаа дуудаж гомдлоо гаргаж өгч байсан юм. Тэр залууг М  гэж дууддаг юм. Би түүний жинхэнэ нэрийг нь мэдэхгүй байна. Тэр М  гэдэг залуу манай дэнжийн мянгаар Хүчит шонхор буюу Нарантуул 2 захаар байнга архи уугаад явж байдаг залуу байгаа юм. Манай тэр хавийн хүмүүс М г бүгдээрээ таньж байгаа... Тэр өдөр намайг М  гэгч нь эхлээд миний нүүр рүү нэг удаа өшиглөж байсан. Тэгээд би арагшаа саваад унасан. Тэгээд одоо миний биед нүүрний зүүн талын хэсэгт хавдаж хөхөрсөн байсан. Дээд хоёр араа шүд хөдөлсөн байсан. Амны хөндийн зүүн талын завжин дотор талдаа хавдаж хөхөрсөн байсан. Тэгээд бас дотроо идээлсэн байсан тул шинжээч эмч идээг нь гаргаж өгч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/, шүүгдэгч Б.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Тэгээд би тэр хүнд учраа хэлж ойлгуулах гэсэн боловч ойлгохгүй өөдөөс согтуурхаад байхаар нь түүнийг нэг хоёр удаа цохиж авсан. Тэгээд би өөрөө цаашаа архиа аваад ажлынхаа газрын залуу болох Б.Б  гэгчийн гэрт нь очоод авсан архиа хувааж уугаад дараагаар нь гэртээ харьсан юм. Ингээд би өөрөө бусдын зодсон буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 39/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Шүүгдэгч Б.М ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болохыг мэдсээр байж хохирогч Б.Б ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

 

Мөн шүүгдэгч Б.М  нь хохирогч Б.Б ын нүүрэн тус газарт өшиглөсөн, гараараа цохисон үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан “дээд уруулд шарх, цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, даланд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.М ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.М ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилжээ.

 

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, түүнд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” болохоо илэрхийлсэн болно. Иймд шүүгдэгч Б.М ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хохирогч Б.Б нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.М аас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “Шүүхээс шүүгдэгч Б.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй.” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Б.М  нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч Б.М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Б.М д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийг 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Шүүх шүүгдэгч Б.М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.М д оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Б.М  нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

                                        

Бусад асуудлын талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Шүүгдэгч Б.М д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

 

4. Хохирогч Б.Б о нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.М аас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. 

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           М.СОЛОНГОО