2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/285

 

 

 

 

 

 

 

 

 

  2025      01          24                                    2025/ШЦТ/285

 

                                     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж, 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,

улсын яллагч С.Ууганбаяр /томилолт/,

шүүгдэгч Ч.М  нарыг оролцуулан шүүх хуралдааны “В” танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

 

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.М-д холбогдох эрүүгийн 2402 00615 0371 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.М  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.М ын өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” Гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Үүнд: 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-11/, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Мөнгөнхундагын 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-16/, Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх-ийн 26/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 80 дугаартай “мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” прокурорын тогтоол /хх-ийн 28-29/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч цагдаагийн дэслэгч Б.Жаргалдэлгэрийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 4846 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45-46/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч О.Лхагвасүрэнгийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 4852 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 50-54/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1052 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 59-60/, “Дамно” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 24-339 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 65-68/, шүүгдэгч Ч.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 83/, Цагдаагиййн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газрын Эрүүгийн цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батдоржийн “Шинжлэх ухааны академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн хийж гүйцэтгэсэн Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны захиалгат 2014 оны “Мансууруулах, донтуулах төрлийн ургамлын тархац-нөөц тогтоох” судалгаа болон Хууль зүй, дотоод хэргийн яамны захиалгат 2019, 2021 оны “Мансууруулах үйлчилгээтэй зэрлэг байдлаар ургаж байгаа ургамал /каннабис/-ын Монгол Улс дахь тархцыг тогтоох цогц судалгаа”-аар Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт нийт 7 цэгт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвецын II жагсаалтад орсон Дельта-9 тетрагидроканнабинол /Delita-9 tetrahydrocannabinol/-ын агууламж бүхий олсны ургамал бүртгэгдсэн байна” гэх албан тоот /хх-ийн 108/, Төв аймгийн Батсүмбэр суман дахь олсны ургамал /каннабис/-ын тархцын мэдээлэл /хх-ийн 109/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 94/,

            Мэргэшсэн жолоочийн лавлагаа /хх-ийн 95/,

Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 96/,

   Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 97/,

   Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 98/,

   Шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хх-ийн 99/,

   Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 110/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд өсвөр насны шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүгдэгч Ч.М ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү.” гэх дүгнэлтийг,

шүүгдэгч “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би тухайн өвсийг өөрөө хэрэглэх гэж байсан. Надад худалдаалах зорилго байгаагүй” гэх агуулгаар мэтгэлцэж оролцсон болно.

 

Шүүгдэгч Ч.М  нь 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Ар гүнтийн зуслан орчимд 6 хэсэг гялгар ууттай, нийт 13,457.4 грамм /13 килограмм 457.4 грамм/ цэвэр жинтэй, хэрэглээний өвс гэх нэршилтэй зүйл буюу НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн II жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинол /Delita-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай олсны ургамал бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар түүж олж авч, өөрийн эзэмшлийн ....  улсын дугаартай Субару Х-20 загварын тээврийн хэрэгсэлд тээж хадгалан, тээвэрлэсэн болох нь:

 

2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай “Цагаан өнгийн ....  улсын дугаартай Субару Х20 маркийн тээврийн хэрэгслийн үзлэгийг цагийн зүүний дагуу хийхээр тогтож жолооч талын хаалгыг нээж үзэхэд жолоочийн хаалганы хавтаснаас саарал өнгийн граммын жинлүүр, бариулан дотроос ороосон 100 төгрөгийн дэвсгэрт мөнгөлөг өнгийн тунгалаг цаас тус тус 1 ширхэг байв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн жолоочийн хойд талын суудал дээр хар өнгийн спикер 1 ширхэг, багаажны хаалгыг нээж үзэхэд цагаан өнгийн хувцас, бор өнгийн цүнхтэй хувцас жолоочийн эсрэг талын хаалгыг нээж үзэхэд 6 ширхэг цагаан өнгийн ууттай болон ногоон өнгийн нойтон ургамал байв. Грамм болон килограмын хэмжүүр байхгүй байсан тул Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс дээр аваачиж жинлэхээр тогтож гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй тул үзлэгийг 22 цаг 35 минутад дуусгав..” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-11/, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Мөнгөнхундагын 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тухай “Цагаан өнгийн ууттай 1 гэсэн дугаараар дугаарласан ногоон өнгийн хурц үнэртэй байгалиас түүсэн нойтон ургамал 0,495 грамм байх ба цагаан өнгийн ууттай 2 гэсэн дугаараар дугаарласан ногоон өнгийн хурц үнэртэй байгалиас түүсэн нойтон ургамал 3,060 грамм, цагаан өнгийн ууттай 3 гэсэн дугаараар дугаарласан ногоон өнгийн хурц үнэртэй байгалиас түүсэн нойтон ургамал 2,735 грамм, цагаан өнгийн ууттай 4 гэсэн дугаараар дугаарласан ногоон өнгийн хурц үнэртэй байгалиас түүсэн нойтон ургамал 2,115 грамм, цагаан өнгийн ууттай 5 гэсэн дугаараар дугаарласан ногоон өнгийн хурц үнэртэй байгалиас түүсэн нойтон ургамал 2,870 грамм, мөн цагаан өнгийн ууттай 6 гэсэн дугаараар дугаарласан ногоон өнгийн хурц үнэртэй байгалиас түүсэн нойтон ургамал 2,735 грамм байв..” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-16/, Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх-ийн 26/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 80 дугаартай “мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” прокурорын тогтоол /хх-ийн 28-29/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч цагдаагийн дэслэгч Б.Жаргалдэлгэрийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 4846 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Ч.М” гэж хаягласан шээсний дээжээс Тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ илэрсэн. Тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн II жагсаалтад багтана..” гэх дүгнэлт /хх-ийн 45-46/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч О.Лхагвасүрэнгийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 4852 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан гялгар уутанд ургамал мэт зүйл, №2 гэж дугаарласан гялгар уутанд ургамал мэт зүйл, №3 гэж дугаарласан гялгар уутанд ургамал мэт зүйл, №4 гэж дугаарласан гялгар уутанд ургамал мэт зүйл, №5 гэж дугаарласан гялгар уутанд ургамал мэт зүйл, №6 гэж дугаарласан гялгар уутанд ургамал мэт зүйл тус бүрээр дельта-9 тетрагидроканнабинол /Delita-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол /Delita-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн хоёрдугаар жагсаалтад багтдаг болно. №1 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар уутны хамт жин нь 451,0 грамм, цэвэр жин нь 432,0 грамм, №2 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар уутны хамт жин нь 2995,8 грамм, цэвэр жин нь 2962,3 грамм, №3 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар уутны хамт жин нь 2671,9 грамм, цэвэр жин нь 2644,0 грамм, №4 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар уутны хамт жин нь 2014,0 грамм, цэвэр жин нь 1980,9 грамм, №5 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар уутны хамт жин нь 2825,7 грамм, цэвэр жин нь 2794,9 грамм, №6 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар уутны хамт жин нь 2678,3 грамм, цэвэр жин нь 2643,3 грамм болов...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 50-54/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1052 дугаартай “Ч.М  нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Ч.М  нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ч.М  нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ч.М  нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Ч.М  нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Ч.М  нь мансууруулах сэтгэцэд идэвхит эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна..” гэх дүгнэлт /хх-ийн 59-60/, “Дамно” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 24-339 дугаартай “2002 онд үйлдвэрлэгдсэн 2015 онд Монгол Улсад орж ирсэн, Subaru Forester маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 7,840,000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 65-68/, шүүгдэгч Ч.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би хяналтын прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тухайн өвсийг өөрөө хэрэглэх гэж л түүсэн. Дахин дахин түүж байхаар гэж бодоод өвлийн хэрэгцээгээ нэг мөсөн түүж авсан. Тийм учраас 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг гэсэн зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй. Би 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ....  тоотод байх хадмын гэрээс эхнэр хүүхдийн хамт гарч Хороолол орж охиндоо хувцас аваад мөөг түүхээр Ар гүнтээр даваад хойшоо Батсүмбэр сумын наана модны захад эхнэр хүүхдээ үлдээгээд явсан. Явахдаа эхнэртээ ойрхон яваад ирье, та 2 эндээ мөөгөө түүгээд байж бай” гэж хэлсэн. Тэгээд би машинтайгаа явж байхдаа өвс ургаж байгааг нь хараад дэлгүүр ороод 6 ширхэг тор аваад тухайн өвсийг түүж авсан. Тэгээд удалгүй эхнэр хүүхдээ аваад хот руу буцаж явсан. Замдаа эхнэр маань энэ өвснүүд юу вэ гэж асуухад би наадах чинь өвс биш ээ, ганга байгаа юм аа, зөндөө ургаж байхаар нь түүгээд авчихлаа гэж хэлсэн. Ингээд Ар гүнтийн постонд орж ирээд цагдаагийн алба хаагч нарт баригдсан..., ...Жоохон алхаад хөлөн дээрээ ачаалал өгөхөөр өвдөж, хавдаад явж чадахгүй байгаа учир би өвс түүсэн гэх газраа зааж өгч чадахгүй. Зун 8 сарын сүүлээр түүсэн өвс болохоор тухайн түүсэн гэх газраа ч мартсан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 83/, Цагдаагиййн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газрын Эрүүгийн цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батдоржийн “Шинжлэх ухааны академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн хийж гүйцэтгэсэн Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны захиалгат 2014 оны “Мансууруулах, донтуулах төрлийн ургамлын тархац-нөөц тогтоох” судалгаа болон Хууль зүй, дотоод хэргийн яамны захиалгат 2019, 2021 оны “Мансууруулах үйлчилгээтэй зэрлэг байдлаар ургаж байгаа ургамал /каннабис/-ын Монгол Улс дахь тархцыг тогтоох цогц судалгаа”-аар Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт нийт 7 цэгт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвецын II жагсаалтад орсон Дельта-9 тетрагидроканнабинол /Delita-9 tetrahydrocannabinol/-ын агууламж бүхий олсны ургамал бүртгэгдсэн байна” гэх албан тоот /хх-ийн 108/, Төв аймгийн Батсүмбэр суман дахь олсны ургамал /каннабис/-ын тархцын мэдээлэл /хх-ийн 109/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж заажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан” гэж гэмт хэргийн шинжийг хуульчилжээ.

 

Энэхүү гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, ухамсарлаж, хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж хүсэж үйлдсэн, хадгалсан, тээвэрлэсэн идэвхтэй үйлдэл хийснээр төгсдөг хор уршиг учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

“Сэтгэцэд нөлөөт бодис” гэдэг нь Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн буюу нийлэг аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг ойлгодог бөгөөд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг “хадгалсан” гэж мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг биедээ авч явах, эсхүл орон байр, агуулах сав, түүнчлэн тусгайлан бэлтгэсэн нуувч зэрэг газарт байлгахыг, мөн “тээвэрлэсэн” гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөлгүйгээр нэг газраас нөгөөд бүх төрлийн тээврийн хэрэгслээр ил буюу далд хэлбэрээр зөөвөрлөхийг хэлнэ.

 

Шүүгдэгч Ч.М  нь шүүхийн хэлэлцүүлэгт “би тухайн өвсийг өөрөө хэрэглэх гэж байсан. Надад худалдаалах зорилго байгаагүй, бүтэн жилийн өөрийн хэрэглээгээ түүсэн” гэж мэтгэлцэж оролцсон болно.

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээний дундаж тун, хэмжээ, жин, хүний амь насанд аюултайгаар нөлөөлж болох хэмжээ, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын “хар зах зээл дээрх” хууль бус эргэлтэд хэрэглэгдэж байгаа үнийг харгалзан “худалдаалах зорилгоор олж авсан” гэх гэмт хэргийн бүрэлдэхүүн шинжийг харгалзан үзнэ.

 

Дээрхээс үзвэл Ч.М  нь 6 хэсэг гялгар ууттай, нийт 13,457.4 грамм /13 килограмм 457.4 грамм/ цэвэр жинтэй, хэрэглээний өвс гэх нэршилтэй зүйл буюу НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн II жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинол /Delita-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай олсны ургамал бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг их хэмжээгээр түүж олж авсан, мөн өөрийн эзэмшлийн ....  улсын дугаартай Субару Х-20 загварын тээврийн хэрэгслээс эд мөрийн баримтаар хураасан саарал өнгийн жинлүүр /аливаа зүйлийг жинлэх, граммлах/ зэрэг баримтуудаар худалдаалах зорилгоор олж авсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байх тул шүүгдэгчийн гаргасан дээрх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй юм.

 

Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-9/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10/, мөрдөгч Ч.Ганбатын илтгэх хуудас /хх-ийн 12/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-16/, шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №4846 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45-47/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн №4852 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50-54/, “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №24-339 дугаартай эд хөрөнгийн үнэлгээн тайлан /хх-ийн 65-70/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 80 дугаартай Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол /хх-ийн 28-29/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.М  нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн болох нь тогтоогдож байна.

 

Улсын яллагчийн зүгээс Ч.М т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлажээ. Шүүгдэгч Ч.М ын гэмт үйлдэлд нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүй хангасан гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул журамлах шаардлагагүй гэж шүүх үзэв.

 

Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.М ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Ч.М ыг “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Уг гэмт хэргийн улмаас шууд болон шууд бус хохирол тогтоогдоогүй тул шүүгдэгч Ч.М ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч Ч.М  нь уг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн Subaru Forester маркийн ....  улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан байх тул уг тээврийн хэрэгслийг улсын орлогод шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №1-№6 гэж дугаарласан өвс болон жинг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн авто машиныг улсын орлого болгох саналтай байна.” гэх дүгнэлтийг,

шүүгдэгч “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх саналыг шүүхэд тус тус гаргасан болно.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.М т ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийг 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчмыг тус тус хангаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд шүүгдэгч Ч.М т эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч Ч.М т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж байдал, хор уршиг, түүний хувийн байдал, түүсэн өвсний хэмжээ, эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “өвс” гэх нэршилтэй 6 хэсэг гялгар ууттай, нийт 13,457.4 грамм /13 кг, 457.4 грамм/ цэвэр жинтэй ногоон өнгийн ургамал, саарал өнгийн граммын жин зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг,  ороож нугалсан байдалтай серийн дугаар харагдах боломжгүй 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэгийг Монгол банканд шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ч.М т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэнгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М т 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М т оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Ч.М т урьд авсан хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “өвс” гэх нэршилтэй 6 хэсэг гялгар ууттай, нийт 13,457.4 грамм /13 кг, 457.4 грамм/ цэвэр жинтэй ногоон өнгийн ургамал, саарал өнгийн граммын жин зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг, ороож нугалсан байдалтай серийн дугаар харагдах боломжгүй 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэгийг Монгол банканд шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.М ын эзэмшлийн Subaru Forester маркийн ....  улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлогод шилжүүлсүгэй. 

 

7. Шүүгдэгч Ч.М  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ч.М т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            М.СОЛОНГОО