| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2020/01072/И |
| Дугаар | 155/ШШ2020/01337 |
| Огноо | 2020-06-26 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 155/ШШ2020/01337
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 155/2020/01072/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ........... тоотод оршин суух, регистрийн дугаар ................., Хар дархад овогт Хүүжийн *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр баг ....... тоотод оршин суух, Цагаан чулуутын түрээсийн байранд оршин суух, регистрийн дугаар .................., Бэсүд овогт Лхагвасүрэнгийн*******ад холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш, нэхэмжлэгч Х.*******, хариуцагч Л.Мөнхбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2003 онд нөхөр болох Л.Мөнхбаттай албан ёсоор гэр бүл болоод 2004 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр охин М.Мөнхжаргал, 2008 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүү М.Дамдинсүрэнзоригт нарыг төрүүлж өсгөсөн. Хамт амьдрах хугацаанд******* нь байнгын хэрүүл маргаан хийж надад гар хүрдэг байсан. Хоёр хүүхдээ бодоод байнга уучилж өршөөж өдийг хүрсэн боловч энэ байдал нь байнга давтагдах болсон. Сүүлийн үед архи ууж гадуур тэнэж гэр бүлээс гадуур өөр хүүхэнтэй явалдаж намайг элдэв өнгөөр доромжилж зодох нь улам ихэссэн. Цагдаагийн байгууллагад олон удаа хандаж байсан. 2017 онд гэр бүлийн хүчирхийллээр баривчлагдаж байсан боловч хашрахгүй улам даамжрах болсон. Өөр хүүхнүүдтэй явалдаж байгаад газар дээрээ надад 2-3 удаа баригдаж байсан. Ингээд зогсохгүй 2018 оноос Эрдэнэчулуун гэх хүүхэнтэй холбогдож гэртээ орохгүй гадуур тэнэж гэртээ ирхээрээ бөөн уур болж намайг байнга элдэв өнгөөр доромжилж, янхан, банзал, хошного, үрчгэр хар хүүхэн, хөх дэлэнгүй хүүхэн гэх мэтээр хүүхдүүдийнхээ дэргэд харааж зоддог. Тэр хүүхнээ өмөөрч миний хавирга, 10 хурууг хугарч мултартал зодож нүдэж байсан. Одоо энэ хүүхэнтэйгээ нийлж утсаар доромжилж ална тална чи надаас салвал хошногоороо хүүхдүүдээ тэжээнэ гэх мэтээр байнга доромжилж заналхийлж байна. Хүүхдүүдээ харж хандаж тэжээх нь бүү хэл нөгөө хүүхэнтэйгээ нийлж охиноо хүртэл доромжилдог. Гэртээ ирэхээрээ байнга нөгөө хүүхэнтэйгээ шөнө, өдөргүй мэссэж бичилцэж байгаад шөнө гараад явчихдаг. Одоо тэр хүүхэнтэйгээ гадуур тэнэж амьдраад 6 сар болж байна. Миний бие энэ хүнд зодуулж дарамтлуулсаар өвдөхгүй эрхтэн гэж байхаа больж байнгын амь нас эрүүл мэндэд минь аюул заналхийлэл тулгарсаар байна. Энэ байдал нь хүүхдүүдийн хүмүүжилд муугаар нөлөөлж сэтгэцийн өөрчлөлттэй болоход ч бэлэн байна. Гэртээ одоо хэзээ орж ирэх бол гээд байнгын түгшүүр бэлэн байдалд амьдардаг. Энэ үед эгч ах нар минь л байнга ирж амь насыг минь аварч байдаг. Тэр хүүхэн нь надруу чи хурдан салаад өг, чамайг салчихвал бид 2 сайхан амьдрах гээд байна гэж утсаар ярьдаг.
Иймд миний энэ байдлыг харгалзан үзэж, бидний гэрлэлтийг цуцалж, хоёр хүүхдийг минь миний асрамжинд үлдээж, эцгээс нь хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидэнд хөрөнгийн маргаан байхгүй. гэжээ.
Хариуцагч Л.Мөнхбат шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Л.Мөнхбат нь эхнэр Х.*******тай 2000 онд танилцан үерхэж байгаад 2003 онд албан ёсоор гэр бүлээ батлуулж, нэг гэртээ орсон. Бид дундаасаа 2 хүүхэдтэй ба 2004 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр охин М.Мөнхжаргал, 2008 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүү М.Дамдинсүрэнзоригт төрсөн. Эхнэр нэхэмжлэлдээ худлаа зүйл их бичжээ. Би эхнэрийг зодож, гар хүрч байсан асуудал байхгүй юм. Эхнэр 2018 оны 8 дугаар сард бусадтай нийлж архи уугаад өөрийн ухаангүй согтуу байхдаа юм руу унасан уу яасан мэдэхгүй баруун талын хавиргаа хугалсан бололтой маргааш өглөө нь архи нь гарсан босч ирээд чи миний хавиргыг хугалсан байна гээд байсан. Харин эсрэгээрээ эхнэр ******* намайг зодож миний толгойг модоор цохиж хагалж байсан ба гарт таарсан зүйлээрээ намайг цохиж байдаг. Эхнэрийн ааш авир тэсэхийн аргагүй болж би сүүлийн үед гэртээ орохгүй гадуур байгаад байгаа нь үнэн. Эрдэнэчулуун гэдэг эмэгтэйтэй би гэр бүлээс гадуур харьцаа үүсгэж байсан нь үнэн боловч би түүнээс болиод удаж байна. Би хааяа гэртээ эхнэртэйгээ эвлэрэх юмсан, хүүхдүүдтэйгээ уулзъя гээд очиход эхнэр уурлаж хашгичин, намайг зодлоо гэж цагдаагийн байгууллагад худлаа дуудлага өгдөг. Эхнэр гаргасан нэхэмжлэлдээ өөрийнхөө бурууг дурьдсан зүйлгүй, харин ч өөрийнхөө гаргадаг ааш авирыг намайг гаргадаг мэтээр бичжээ. Тэр битгий хэл эхнэр сүүлийн үед маш их архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг болсон өөрөө ажил хөдөлмөр эрхэлдэггүй юм. Эхнэр хувийн хиамны цехэд 1 жил орчим ажиллаад гарсан ба тэнд ажилд ороод архи согтууруулах ундааны зүйлийг их хэрэглэдэг болсон байсан. Мөн ажилд хийсэн биш 400 гаран мянган төгрөгний өрөн орсон байхаар нь би түүнийг нь төлсөн. Миний хувьд гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ ээжийнх нь асрамжид үлдээж, тэтгэлэг төлөхийг зөвшөөрнө. Гэрлэлтээ цуцлуулж өөр газар явж ажил хийх бодолтой байгаа. Тийм болохоор нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Л.Мөнхбатад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэр бүл болж, 2003 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 39 дүгээрт бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн тайлбарууд зэргээр тогтоогдож, нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт зэргээр зохигчид бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биенээ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх адил үүргийг хамтран хэрэгжүүлэх боломжгүй байдал бий болсон, Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан гэрлэлт цуцлахыг хориглосон үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд шүүх нэхэмжлэгч Х.*******, хариуцагч Л.Мөнхбат нарт эвлэрэх хугацаа өгөхгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчдийн дундаас 2004 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр охин Бэсүд овогт*******ын*******, 2008 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүү*******ын******* нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбаруудаар тогтоогдож байх бөгөөд зохигчдын хэн аль нь төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт: Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, ... харилцан тохиролцож болно. гэж заасан байх ба нэхэмжлэгч Х.******* нь охин М.Мөнхжаргал, хүү М.Дамдинсүрэнзоригт нарыг өөрийнхөө нь асрамжид авахаар шаардаж, эцэг нь хүүхдүүдийг эхийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч, асрамжийн талаар маргаагүй тул охин М.Мөнхжаргал, хүү М.Дамдинсүрэнзоригт нарыг эх Х.*******ын асрамжид үлдээлээ.
Охин М.Мөнхжаргал, хүү М.Дамдинсүрэнзоригт нарыг эх Х.*******ын асрамжид үлдээж байгаа нь хүүхдүүд эхийн оршин суугаа газрын харъяаллаар суурь боловсрол, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал бөгөөд эцэг Л.Мөнхбат, эх Х.******* нар тусдаа амьдарч байгаа нь хүүхдүүдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй болно.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт: Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт: Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дэх хэсэгт: ... хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэй ..., мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт: ... хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заасан байх тул охин М.Мөнхжаргал, хүү М.Дамдинсүрэнзоригт нарт сар бүр эцэг Л.Мөнхбатаас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно... гэж, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт: тогтмол хугацаанд төлөгдөх ... тэтгэлэг, ... шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр, гэж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт: эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70.200 төгрөг гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179.204 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Мөнхбатаас улсын тэмдэгтийн хураамжид 179.204 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.*******д олголоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар регистрийн дугаар ................, Хар дархад овогт Хүүжийн *******, регистрийн дугаар ....................., Бэсүд овогт Лхагвасүрэнгийн******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар регистрийн дугаар ...................., 2004 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн охин Бэсүд овогт*******ын*******, регистрийн дугаар ...................., 2008 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн хүү*******ын******* нарыг эх Х.*******ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар регистрийн дугаар ............, 2004 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн охин Бэсүд овогт*******ын*******, регистрийн дугаар ..................., 2008 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн хүү*******ын******* нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Л.Мөнхбатаас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар хариуцагч Л.Мөнхбатаас 179.204 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.*******д олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Буянжаргалд даалгасугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт зохигчид тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг мэдэгдсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.5, 119.7 дугаар зүйлүүдэд зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр үйлдэгдэж, шүүгч гарын үсэг зурах бөгөөд энэхүү хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал нь шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй тохиолдолд зохигчийн оршин суугаа газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлж гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолохыг анхааруулсугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА