2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/326

 

 

 

 

 

 

 

 

   2025      01         28                                    2025/ШЦТ/326

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,

улсын яллагч Г.Гармаа,

шүүгдэгч И.С , түүний өмгөөлөгч Д.Алтангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И.С-д холбогдох эрүүгийн 2411 00000 1500 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч,

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч И.С  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.С  мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

 

Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/, Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүгйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 3/, гэрч Ц.П ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-13/, Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч А.Алтантулгын 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-17/, Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч А.Алтантулгын 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн эд зүйлийг хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 18/, “Дамно” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн ЭК-24-19 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 27-30/, 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 39-43/, Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлийн яамны албан тоот /хх-ийн 45/, Байгаль орчны газрын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 03/2344 дугаартай албан тоот /хх-ийн 47/, Байгаль орчны газрын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 03/2563 дугаартай албан тоот, солбилцлын цэгийн зураг /хх-ийн 55-56/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 67-69/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Г.Мөнхчулууны 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2888 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 81-87/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 897 дугаартай дүгнэлт /хх-ийн 95-97/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Г.Мөнхчулууны 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 3015 дугаартай дүгнэлт /хх-ийн 125-126/, “Дамно” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ЭК-24-28 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 134-136/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 4 дугаартай “прокурорын тогтоол /хх-ийн 143-144/,  

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 148/,

Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 149/,

Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 150/,

Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48/,

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 72-75/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гарган өгсөн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 24 дугаартай албан тоот, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, “Шинээ” ЗБНөхөрлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 07 дугаартай “Тус нөхөрлөлд тогооч ажилтай Б.Б нь хүүхэд асрах чөлөөтэй байгаа нь үнэн болно..” гэх тодорхойлолт, хүү С.О, охин С.У, С.Э, хүү Б.О нарын төрсний бүртгэлийн лавлагаа бүхий 7 хуудас баримт зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар улсын яллагч: “Шүүгдэгч И.С ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргахгүй.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч “Хэлэх зүйлгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байх тул энэхүү нотлох баримтууд нь хууль ёсны байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч И.С  нь Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бага баяны ам гэх газраас 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 17-ны өдөр хүртэлх хугацаанд зохих зөвшөөрөлгүйгээр 273 килограмм ховор ургамал болох Сибирь нарс /Хуш/-Pinus sibirica-ны модны үр болох самрыг хууль бусаар бэлтгэж, 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Бага баяны ам гэх газраас өөрийн эзэмшлийн ...  улсын дугаартай тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслээр Чингэлтэй дүүргийн Гүнт шалган нэвтрүүлэх товчоо хүртэл тээвэрлэсэн болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/, Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүгйг илрүүлсэн тухай “...иргэн И.С нь ...  улсын дугаартай Toyota prius 30 маркийн тээврийн хэрэгслээр Чингэлтэй дүүргийн Бага баяны ам гэх газраас 250-300 килограмм орчим хуш модны самар хууль бусаар бэлтгэж тээвэрлэсэн зөрчил үйлдсэнийг 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 01 цаг 00 минутад илрүүлсэн...” гэх тэмдэглэл /хх-ийн 3/, гэрч Ц.П ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Энэ оны 09 дүгээр сарын 15-ны өдөр манай авга дүү И.С  “самранд явах гэсэн юм, та надтай цуг яваал хоол унд хийгээд агаарт байж байгаач” гэхээр нь зөвшөөрөөд цуг явсан юм. Тэгээд тэр өдрөө Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Бага баяны ам гэх газар руу И.С ийн эзэмшлийн ...  улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй бид хоёр ирсэн. Замдаа шавар шавхайд суугаад маргааш нь буюу 16-ны өглөө Бага баяны ам гэх ууланд очиж И.С  мод руу самар түүхээр ганцаараа яваад би хоол унд бэлдээд үлдсэн. Орой нь манай дүү ирээд түүсэн самраа цайруулахад 7 шуудай самар болсон. Тэгээд тэндээсээ шөнөдөө бид хоёр хөдлөөд Улаанбаатар хот ирж байх замд цагдаа саатуулсан. Манай авга дүү С ганцаараа түүж бэлтгэсэн. Надад самар түүж бэлтгэсэн асуудал байхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/, Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч А.Алтантулгын 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай “Үзлэг хийх гэж буй эд зүйл нь хэргийн холбогдогч И.С ийн гэмт хэрэг үйлдэж олсон 7 шуудай самар байв. Үзлэгээр 7 шуудай самрыг жинлэж жин, килограмм, граммыг тогтоох, шинжилгээнд зориулж дээж авах зорилгоор цагийн зүүний дагуу эхлүүлэв. Жинлэж буй жин нь стандарт хэмжил зүйн газрын 021526 дугаартай механик хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээтэй WILHV загварын цахилгаан жин байв. Шуудай тус бүрээр нь дугаарлаж жин граммыг палмастраар шуудайн дээр бичив. Нийт 7 шуудай 273 килограмм цайруулсан самар байв. Шинжилгээнд зориулж 0,5 килограмм самар дээж болгон авав..” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-17/, Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч А.Алтантулгын 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн эд зүйлийг хураан авсан тухай “Гэмт хэрэг үйлдэж олсон 7 шуудай 273 килограмм цайруулсан самрыг хураан авав...” гэх тэмдэглэл /хх-ийн 18/, “Дамно” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн ЭК-24-19 дугаартай “2010 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн 2017 онд Монгол Улсад орж ирсэн Toyota prius маркийн тээврийн хэрэгслийн хөрөнгийн үнэлгээ 12,985,000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 27-30/, 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан “Тиймээ би зааж өгч чадна гэх хэргийн оролцогч И.С ийн мэдүүлгийг шалгах ажиллагааг өөрийнх нь зөвшөөрснөөр 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 12 цаг 10 минутад албаны Hyundai Venue маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Экологийн цагдаагийн албаны төв байрнаас эхлүүлэв. Экологийн цагдаагийн албаны байрнаас ертөнцийн зүгээр хойд зүгт асфальт хучилттай замаар нийт 25 км явж Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бага баяны амралт гэх газарт ирэхэд И.С  нь одоо эндээс ертөнцийн зүгээр зүүн зүгт харагдаж буй ой мод руу орно гэв. Уг газраас ертөнцийн зүгээ р зүүн зүгт модны зах руу орж шавар шалбааг бартаа ихтэй замаар явж, хуш болон шинэс төрлийн мод холилдож ургасан өндөр уулархаг газарт ирэхэд энэ хавиас самар түүж бэлтгэсэн гэж хэлснийг тэмдэглэлд тусгаж гэрэл зургийн аргаар бэхжүүлэв..” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 39-43/, Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/450 дугаар тушаалаар батлагдсан “Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам”-ын 3.4-т “Хуш модны самрыг 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд бэлтгэнэ” гэж заасан байдаг. Иймд хуш модны самрыг 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс түүж эхлэхийг үүгээр мэдэгдэж байна” гэх албан тоот /хх-ийн 45/, Байгаль орчны газрын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 03/2344 дугаартай “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/450 дугаар тушаалаар батлагдсан “Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам”-ын 3.4-т “Хуш модны самрыг 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд бэлтгэнэ” гэж заасан тул тус байгууллагын зүгээс хуш модны самар бэлтгэх зөвшөөрөл олгогдоогүй болно” гэх албан тоот /хх-ийн 47/, Байгаль орчны газрын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 03/2563 дугаартай “Танай хэлтэст шалгагдаж байгаа 613 дугаартай хэрэг дэх N48009018.1, Е106053,51.8” солбилцол бүхий цэг нь 2016 онд хийгдсэн ой зохион байгуулалтын мэдээгээр нийслэлийн ойн сангийн 43 дугаар хэсэглэлийн 7 дугаар ялгаралд хамаарагдаж байна. Тус газар нь улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад ороогүй болно.” гэх албан тоот, солбилцлын цэгийн зураг /хх-ийн 55-56/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/450 дугаар тушаалаар батлагдсан “Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам”-д зааснаар хуш модны үр идээ болох самрыг тухайн жилийн 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар бэлтгэх боломжтой. Гэвч тухайн жилд бүс нутгийн хуш модны самрын ургацын байдалд дүн шинжилгээ, судалгаанд үндэслэн төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайдын тушаалаар хуш модны самрыг бэлтгэх эсэхийг тогтоож өгдөг. Нийслэлийн ногоон бүсээс хувь хүн ахуйн хэрэгцээнд самар бэлтгэхийг хориглосон учраас Ойн дагалт баялаг бэлтгэх зөвшөөрлийг олгохгүй байгаа... Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дугаар заалтад зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлын нөхөн төлбөрийг нэхэмжилнэ. 26,999,700*5=134,998,500 төгрөгийг нэхэмжилж байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 67-69/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Г.Мөнхчулууны 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2888 дугаартай “Сибирь нарс /Хуш/ Pinus sibirica модны үрийг цайруулан бэлтгэсэн самар байна. Самар нь ургамлын үржлийн эрхтэн буюу үр юм. Сибирь нарс /Хуш/ Pinus sibirica мод нь Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д орсон ургамал. Шинжилгээнд ирүүлсэн Сибирь нарс /Хуш/ Pinus sibirica модны үрийн түүсэн цаг хугацааг тодорхойлох боломжгүй. Сибирь нарс /Хуш/ Pinus sibirica мод нь уулын тайгын бүслүүрийн дээд хэсгээр ургадаг. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол алтай гэсэн ургамал-газар зүйн тойрогт тархдаг. Таримал эсвэл байгалийн зэрлэг ургамлын аль болохыг тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирсэн үрийн дундаж чийг нь 29,9%-тай байгаа тул нойтон байна. Хуш модны самрыг MNS 5786:2007, MNS 5364:2004 стандартын дагуу 1 жил хадгална. Стандартын дагуу хадгалаагүй тохиолдолд чанар байдлаа хурдан алдаж мөөгөнцөртөх, муудах боломжтой. Хуш модны самрыг MNS 5786:2007, MNS 5364:2004 стандартын шаардлага хангасан газар хадгалаагүй тохиолдолд хэмжээ, жинд өөрчлөлт орох боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн самрыг цаашид үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж болно. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалтын хавсралтад тусгаснаар 1килограмм нойтон, Хуш модны самрын экологи-эдийн засгийн үнэлгээ нь 98,900 төгрөг байна. Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу 273 килограмм самрын экологи эдийн засгийн үнэлгээг тооцвол 98,900 төгрөг*273 килограмм=26,999,700 төгрөг байна. Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад зааснаар ойн санд учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоход 26,999,700*3=80,999,100 төгрөг байна..” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 81-87/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Г.Мөнхчулууны 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 3015 дугаартай “ Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад зааснаар ойн санд учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоход 26,999,700*5=134,998,500 төгрөг байна..” гэх дүгнэлт /хх-ийн 109-110/, шүүгдэгч И.С ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлнө...” гэх мэдүүлэг /хх-ийн 125-126/, “Дамно” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ЭК-24-28 дугаартай “Цайруулсан 7 шуудай самар 2,730,000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 134-136/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан” гэж хуульчилжээ.

 

Энэхүү гэмт хэргийн үндсэн шинж нь зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан үйлдлийн улмаас байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан байхыг шаардахгүй, гэмт үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

“Зохих зөвшөөрөлгүйгээр” гэж иргэн, аж ахуй нэгж байгууллага нь тогтоосон журмын дагуу эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл аваагүй байхыг, мөн “Ховор ургамал” гэж байгалийн жамаар нөхөн сэргэх чадваргүй хязгаарлагдмал тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамлыг, “Бэлтгэсэн” гэж нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр түүж цуглуулсан бусад зорилгоор бэлтгэснийг, “Тээвэрлэсэн” гэж нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр нэг газраас нөгөөд бүх төрлийн тээврийн хэрэгслээр ил буюу далд хэлбэрээр зөөвөрлөхийг тус тус хэлнэ.

 

Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн А/282 дугаартай ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журамд хуш модны самрыг 10 дугаар сарын 20-ноос дараа оны 02 дугаар сарын 01-ний хооронд бэлтгэнэ, нөөц ашиглалтын зөвшөөрөгдсөн хэмжээ нь ахуйн зориулалтаар нэг удаа 50 килограмм ашиглах зөвшөөрөл олгох талаар зохицуулжээ.

 

Шүүгдэгч И.С ийн 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 17-ны өдрүүдэд зохих зөвшөөрөлгүйгээр худалдаж ашиг олох зорилгоор бэлтгэсэн, тээвэрлэсэн самар нь Монгол улсын засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтаар “ховор ургамалын жагсаалт”-д орсон болох нь тогтоогдож байх бөгөөд Сибирь нарс /Хуш/-Pinus sibirica-ны модны үр болох самрыг түүсэн, бэлтгэсэн өдөр нь Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн А/282 дугаартай журамд заасан зөвшөөрөгдсөн хугацаанд хамаарахгүй, нөөц ашиглалтын зөвшөөрөгдсөн хэмжээ хэтэрсэн, хуульд зааснаас өөр зорилготой байна.

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч И.С  нь хууль бус шинжтэй болохыг ухамрсарлаж, түүнийг хүсч гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, ойн санд 80,999,100 төгрөгийн хохирол учруулжээ.

 

Шүүгдэгч И.С ийг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал болох Сибирь нарс /Хуш/-Pinus sibirica-ны модны үр болох самрыг түүж бэлтгэн, өөрийн эзэмшлийн ...  улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн үйлдэл нь Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч И.С ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч И.С ийг “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж хуульчилжээ.

 

Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалын хавсралтад 1 килограмм нойтон Хуш модны самар /Сибир хуш/-ын экологи эдийн засгийн үнэлгээ нь 98,900 төгрөгөөр тогтоосон байна.

 

Хавтаст хэрэгт Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн №2888 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 273 килограмм самрын экологи-эдийн засгийн үнэлгээг 98,900x273килограмм=26,999,7000 төгрөг байна гэж тооцож,

“Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад зааснаар ойн санд учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоход 26,999,700 х 3 =80,999,100 төгрөг байна гэх дүгнэлтийг,

Мөн Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №3015 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад зааснаар ургамлын аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоход 26,999,700х5=134,998,500 төгрөг байна гэх 2 дүгнэлтийг тус тус гаргажээ.

 

Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад “ойн сан" гэж энэ хуулийн 3.1.1-д заасан ой, ой дотор байгаа ойгоор бүрхэгдээгүй болон ойн тэлэн ургахад шаардлагатай талбай бүхий орчныг, 3.1.12 дахь заалтад “ойн дагалт баялаг” гэж ойн сангийн газарт ургадаг жимс, жимсгэнэ, мөөг, самар, эмийн болон хүнс, тэжээл, техникийн ургамал, модны холтос, үйс, хусны шүүс, давирхай, ойн хөвд, хөвхөн зэргийг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялгийн нөөцийг ойлгохоор хуульчилжээ.

 

Иймд шүүхээс Сибирь нарс /Хуш/-Pinus sibirica-ны модны үр болох самар нь ойн санд хамаарч байх тул Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтад ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоохоор заасны дагуу Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн №2888 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үндэслэж, 273 килограмм самрын экологи эдийн засгийн үнэлгээ 26,999,700 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлж, 80,999,100 төгрөгийг шүүгдэгч И.С оос гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд олгуулахаар шийдвэрлэв.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс 1 жилийн хугацаагаар гарахыг буюу зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй.” гэх дүгнэлтийг,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх дүгнэлтийг,

шүүгдэгч “Хэлэх зүйлгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүгдэгч И.С ид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийг 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд шүүгдэгч И.С ид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч И.С  нь хэрэг хариуцах чадвартай, тухайн үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгч И.С ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хохирол төлөхөө илэрхийлж байгаа зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн ...  улсын дугаартай тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг чөлөөлж, уг автомашины үнэ болох 12,985,000 төгрөгийг шүүгдэгч И.С оос гаргуулж улсын орлого болгож,

Эд мөрийн баримтаар хураагдсан 7 шуудай 273 килограмм цайруулсан самрыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч И.С ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч И.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч И.Санжаажоржид 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.С ийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох, өөр дүүрэг, орон нутагт зорчих, оршин суух газраа өөрчлөхдөө эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авах үүрэг хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч И.С ид мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдсан 7 шуудай 273 килограмм цайруулсан самрыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч И.С оос 80,999,100 төгрөг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харъяа Байгаль орчин, уур амьсгалын санд олгосугай.

 

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан энэ хэрэгт битүүмжлэгдсэн И.С ийн эзэмшлийн ...  улсын дугаартай тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг чөлөөлж, уг автомашины үнэ болох 12,985,000 төгрөгийг шүүгдэгч И.С оос гаргуулж улсын орлого болгосугай.

 

8. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

            9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.С ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          М.СОЛОНГОО