2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2025/ШЦТ/344

 

 

 

 

 

 

 

 

   2025       01          31                                   2025/ШЦТ/344

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш,     

улсын яллагч Э.Мөнх-Оргил,

шүүгдэгч М.М  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.М-т холбогдох эрүүгийн 2406 03608 3488 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.М  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.М  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

 

Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7/, хохирогч Ш.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-13, 16-17/, М.М ын эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны ..  тоот дансанд Хаан банкны .. гэсэн Ш.Э ын дансанд 150,000 төгрөгийн орлого орсон талаарх дансны хуулга /хх-ийн 26/, 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн  М.М ын Худалдаа хөгжлийн банкны ..  тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 35-36/, шүүгдэгч М.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 44-45/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 75/, Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 76/, хохирогч Г.Х гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 80/, “Дамно” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн БЗД2-24-1551 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 88-89/, 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 124-125/, шүүгдэгч М.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 136-137/,  

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48/,

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 53/,

Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 55/,

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 56/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 57/,

Регистрийн дугаарын лавлагаа /хх-ийн 58/,

Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 59/,

Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 60/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүгдэгч М.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч М.М  нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч М.М  нь цахим орчинд “О ” гэсэн нэртэй фейсбүүк хаяг ашиглан “Sound cart” зарна гэх хуурамч зар байршуулж, зарын дагуу холбогдсон Ш.Э  нь “Sound cart” худалдан авахаар тохиролцон, улмаар 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэртээ Худалдаа хөгжлийн банкны ..  тоот данс руу 150,000 төгрөг шилжүүлэн авсан болох нь:  

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7/, хохирогч Ш.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тэгээд ирээд надад тухайн картыг өгөөд Худалдаа хөгжлийн банкны ..  тоот дансыг өгөхөөр нь тухайн данс руу өөрийн данснаасаа 150,000 төгрөгийг шилжүүлээд бид хоёр салсан. Тэгээд удаагүй 5 орчим минутын дараа буцаж ирээд би чамд эвдэрхий карт андуураад өгчихсөн байна, зүгээрийг нь өгье гэж хэлээд мөнгө карт 2 аваад явсан. Тэрнээс хойш огт холбоо бариагүй. Одоо утас нь хаагдсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13, 16-17/, М.М ын эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны ..  тоот дансанд Хаан банкны .. гэсэн Ш.Э ын дансанд 150,000 төгрөгийн орлого орсон талаарх дансны хуулга /хх-ийн 26/, 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн  М.М ын Худалдаа хөгжлийн банкны ..  тоот дансанд үзлэг хийсэн тухай “Мөнхбаярын М.М ын ..  дугаартай Худалдаа хөгжлийн банкны 1 хуудас бүхийн 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх 1 хуудас депозит дансны дэлгэрэнгүй хуулга байх ба нүүрний хуудас дээр 150,000 төгрөгийн орлого 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Хаан банкны .. тоот данснаас “Z” гэсэн утгатай 150,000 төгрөгийн орлого орсон байна..” гэх тэмдэглэл /хх-ийн 35-36/, шүүгдэгч М.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 1 жилийн өмнө ээжтэйгээ явж байгаад 500,000 төгрөгөөр хувь хүнээс Sound cartхудалдаж авч байсан. Тэгээд мөнгөний хэрэг гараад тухаин Sound cart-ыг зарах гээд өөрийн фейсбүүк хаягнаас зар оруулж байсан. Тэгсэн Эрдэнэбат гэдэг залуу Sound cart-ыг чинь худалдаж авъя гээд чат бичиж байсан. Тэгээд холбогдож байгаад тухайн залуугийн гэрт нь очоод Sound cart-аа тайлбарлаж 150,000 төгрөгөөр зарсан. Мөнгөө өөрийн данс руугаа шилжүүлж авсан. Тэгээд гэрээс нь гараад явж байтал миний хийх гэж байсан ажил цуцлагдчихаар нь буцаж очоод Sound cart”-ны залгуурыг аваад шалгачихаад хүрээд ирье гэж хэлээд Sound cart”-аа аваад явсан. Тэгээд Нарантуул олон улсын худалдааны төв дээр очиход тухайн дэлгүүр хаачихсан байхаар нь маргааш болъё гэж бодоод байж байтал минии фейсбүүк дээр оруулсан зар дээр өөр Золжаргал гэх хүн 200,000 төгрөгөөр худалдаж авъя гээд байхаар нь уулзаад шалгаж үзээд зарчихсан. Эрдэнэбат гэх залуугаас авсан 150,000 төгрөг тухайн өдөр маш хэрэгтэй байсан тул ашигласан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/,

 

мөн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ....  сүлжээ дэлгүүрийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах салбарт хохирогч Г.Х г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар хохирогчийн төөрөгдөлд оруулж 1,775,000 төгрөгийн Айфоне 13 про загварын гар утсыг шилжүүлэн авч залилсан болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 75/, Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 76/, хохирогч Г.Х гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Grinch-O гэх инстаграм хаягтай хүнтэй чаталж танилцсан. Өөрийгөө М.М  гэдэг 2000 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төрсөн гэж надад хэлсэн. Утасны дугаарыг нь мэдэхгүй байна. Тэгээд би 2024 оны 06 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Их засаг их сургуулийн урд байрлах ....  дэлгүүрт шөнийн ээлжинд гарч байхад танилцсан залуу надтай уулзах гээд ирсэн. Шөнийн 00 цагийн үед ирээд надтай хамт байгаад 06 цаг 50 минутын үед миний утсаар ярьж байгаад алга болчихсон учраас цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 80/, “Дамно” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн БЗД2-24-1551 дугаартай “Iphone 13 pro загварын 128gb багтаамжтай, хуучин, 2023 оны 08 дугаар сард худалдан авч байсан гэх гар утас 1,775,000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 88-89/, 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “Үзлэгийг эхлүүлэн бичлэгийг тоглуулахад ....  сүлжээ дэлгүүрийн ажилтны хантааз өмссөн эрэгтэй хүн гартаа гар утас барьсан зогсож байна. Түүний өөдөөс харан цээж хэсгээр хар өнгөтэй, хоёр ханцуй болон юүдэн хэсэг нь цайвар өнгийн хүрэмтэй хөх өнгийн өмд, цайвар цэнхэр өнгийн пүүзтэй, өндөр, туранхай биетэй эрэгтэй хүн ярилцан зогсож байгаа нь харагдах ба 00 минут 02 секундэд ....  дэлгүүр ажилтны хантааз өмссөн эмэгтэй хүн гартаа барьсан гар утсаа цээж хэсгээр хар өнгөтэй, хоёр ханцуй болон юүдэн хэсэг нь цайвар өнгийн хүрэмтэй хөх өнгийн өмд, цайвар цэнхэр өнгийн пүүзтэй, өндөр, туранхай биетэй эрэгтэй хүнд өгч байгаа нь харагдаж байна. Бичлэгийг цааш үргэлжлүүлэхэд ....  дэлгүүрийн ажилтны хантааз өмссөн эмэгтэй хүн газар байрлуулсан бараа бүтээгдэхүүнийг лангуун дээр өрж байх ба цээж хэсгээр хар өнгөтэй хоёр ханцуй болон юүдэн хэсэг нь цайвар өнгийн хүрэмтэй хар өнгийн өмд, цайвар цэнхэр өнгийн пүүзтэй, өндөр, туранхай биетэй эрэгтэй хүн ....  сүлжээ дэлгүүрийн ажилтны хантааз өмссөн эмэгтэй хүнээс авсан гар утсыг оролдож байгаад 01 минут 11 секундэд тухайн гар утсаар ярин нааш цааш алхаж байгаа нь харагдаж байна. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд 01 минут 43 секундэд тухайн бичлэг дуусч байх тул эхний бичлэгт үзлэг ажиллагааг дуусгаж үргэлжлүүлэн 2 дахь бичлэгт үзлэг хийхээр тогтов. Тухайн дискний 2 дахь бичлэгийг эхлүүлэхэд ....  сүлжээ дэлгүүрийн гадна үүд хэсгийг харуулсан бичлэг байх ба бичлэгийг баруун дээд буланд 2024-06-07, 06:56:11 гэсэн огноо харагдаж байна. Тухайн бичлэгт цээж хэсгээр хар өнгөтэй хоёр ханцуй болон юүдэн хэсэг нь цайвар өнгийн хүрэмтэй хар өнгийн өмд, цайвар цэнхэр өнгийн пүүзтэй, өндөр туранхай биетэй эрэгтэй хүн нааш цааш алхан тамхи татан гар утсаар ярьж байгаа нь харагдаж байна. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд цээж хэсгээр хар өнгөтэй хоёр ханцуй болон юүдэн хэсэг нь цайван өнгийн хүрэмтэй хар өнгийн өмд, цайвар цэнхэр өнгийн пүүзтэй, өндөр туранхай биетэй эрэгтэй хүн нааш цааш алхаж гар утсаар ярьж байгаад 03 минут 07 секундэд тухайн эрэгтэй хүн хяналтын камерын бичлэгийн харагдах орчноос гараад цааш ертөнцийн зүгээр баруун зүгт явж байгаа нь харагдаж байх ба 03 минут 10 секундэд тухайн бичлэг дуусч байна..” гэх тэмдэглэл /хх-ийн 124-125/, шүүгдэгч М.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Американ дэнжийн ....  дэлгүүрийн салбарт Г.Х  гэх охинтой танилцаад хэд хоног инстаграм чатаар харьцаж байгаад 2024 оны 06 дугаар сарын 06-ны орой Баянзүрх дүүгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн урд уулзаад түүний ажилладаг Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Их Засаг Олон улсын их сургуулийн замын урд талын ....  сүлжээ дэлгүүрийн салбарт хамт очиж 2024 оны 06 дугаар сарын 07-ны өглөөний 06 цаг 50 минут хүртэл хамт байж байгаад явахдаа түүний айфоне 13 загварын гар утсыг “би гар утсаар чинь ярьж байгаад өгье” гэж худал хэлээд аваад явсан. Тэгээд би тухайн гар утсыг тухайн өдрийнхөө 13 цагийн үед Тэнгис кино театрын замын урд талын Теди гар утас худалдааны төвд очиж зарсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 136-137/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч М.М ын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Залилах гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.

 

Шүүгдэгч М.М ын хохирогч Ш.Э ад “Sound card зарна” гэж хуурч өөрийн дансанд 150,000 төгрөгийг шилжүүлэн авсан, хохирогч Г.Х гийн эзэмшлийн Iphone 13 pro загварын гар утсыг хуурч авч явсан үйлдлүүд нь залилах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.М ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч М.М ыг “үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,  

мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус хуульчилжээ.

 

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Э ад 150,000 төгрөгийн хохирол, хохирогч Г.Х д “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар 1,775,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч нь хохирогч нарын хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч М.М ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч М.М т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг, шүүгдэгчийн зүгээс улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналыг хүлээн зөвшөөрсөн байр суурь илэрхийлсэн болно.

 

Шүүхээс шүүгдэгч М.М т ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийг 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчмыг тус тус хангаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч М.М  нь хэрэг хариуцах чадвартай, тухайн үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд шүүгдэгч М.М т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлүүд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар М.М т оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, М.М  нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч М.М т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М.М ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М ыг 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М т оногдуулсан 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.М  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              М.СОЛОНГОО