2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/441

 

 

 

 

 

 

 

 

 

   2025      02          10                                    2025/ШЦТ/441

 

                                     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж, 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,

улсын яллагч А.Лхагваа

шүүгдэгч Б.Б  нарыг оролцуулан шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2402 00700 0423 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч,

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б ын өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” Гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-8/, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Мөнхжингийн хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-10/, Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 11-13/, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 339 дугаартай Нийслэлийн прокурорын газрын мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай прокурорын тогтоол /хх-ийн 15-16/, Мэдүүлгийг газар дээр шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-24/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч, цагдаагийн дэслэгч Р.Нандинцэцэгийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 5776 дугаартай дүгнэлт /хх-ийн 26-27/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Д.Золзаяагийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 5777 дугаартай дүгнэлт /хх-ийн 31-32/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Г.Золжаргалын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 5774 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 38-41/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1067 дугаартай дүгнэлт /хх-ийн 47-49/, шүүгдэгч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 63-64/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65/,

            Регистрийн дугаарын лавлагаа /хх-ийн 76/,

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 77/,

Хуулийн этгээд бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 79/,

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 80/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 81/,

Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 82/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд өсвөр насны шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүгдэгч Б.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү.” гэх дүгнэлтийг,

шүүгдэгч “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргаж оролцсон болно.

 

Шүүгдэгч Б.Б  нь 2024 оны 10 дугаар сарын 14-ний Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо ....  тоотод нийт 41,6 грамм цэвэр жинтэй “өвс” гэх хэрэглээний нэршилтэй зүйл буюу НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай олсны ургамал бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/, хэргийн газрын үзлэг хийсэн тухай “Хэрэг гарсан газар нь Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо ....  гэх бөгөөд үзлэг хийхийн өмнө тус тоотод оршин суух Б.Б оос “таны оршин суух хаягт мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн хэрэглүүр, хууль бус зүйл байсан уу гэхэд байгаа гээд тус хашааны хаалгаар дотогш орж 2 давхарт дотроо ургамал мэт зүйлтэй 0,7 граммын Fuze tea ундааны савыг заасныг 1 гэж дугаарлан албаны жин дээр савны хамт жинлэхэд .. грамм байсныг шинжилгээнд хүргүүлэхээр хураан авав. Мөн уг байшингийн 2 давхарт гарч голын ширээний хэсэг дээр байсан хажуу хэсэгт цоолсон, хуйлсан 50 мөнгөн дэвсгэртэй 0,5 грамм болно. /хэрэгслүүр/, шаргал өнгийн шаварлаг зүйлээр бохирлогдсон гялгар цаас, 2 ширхэг претик байсныг №4 гэж дугаарлан хураан авав. Мөн тус ширээн дээр байсан .. буюу хэрэглүүрийг №2, тугалган цаас дотроо хатсан ургамал мэт зүйлтэй байсныг №3 гэж дугаарлан, мөн  3ш хэрэглүүрийг хуйлсан 50-тын мөнгөн дэвсгэрт байсныг мөн №4 гэж хураан авав. Өөр хууль бус зүйл байхгүй гэснээр үзлэгийг цааш үргэлжлүүлэн явуулахад 1 давхрын ширээн дээр байсан хэрэглэсэн 3ш шоентыг цааснаас нь задалж шатсан болон үлдэгдэл өвсийг №5 гэж дугаарлан хураан авав. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн байшингийн дотор болон гадаа хашааны доторх эд зүйлст үзлэгийг нэн бүрчлэн байрнаас хөдөлгөж явуулахад хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-8/, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Мөнхжингийн хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “1 дүгээр багана буюу OPI-илрээгүй, 2 дугаар багана буюу MET-илрээгүй, 3 дугаар багана буюу COC-илрээгүй, 4 дүгээр багана буюу THC-илэрсэн, 5 дугаар багана буюу LSD-илрээгүй, 6 дугаар багана буюу MDMA-илрээгүй” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-10/, Хүний биед үзлэг хийсэн тухай “Б.Б  нь гадна талаас нүдээр харахад саарал өнгийн малгайтай цамцтай, хар өнгийн өмдтэй, хар өнгийн гуталтай ойролцоогоор 20-25 насны, 175-180см орчим өндөртэй, 65-70 килограмм жинтэй эрэгтэй хүн байв. Б.Б оос ямар нэгэн согтууруулах ундааны зүйл үнэртэхгүй, мансуурсан зүйл ажиглагдахгүй, ухаан санаа эрүүл байв. Б.Б ын өмсөж явсан хувцасыг тайлуулж үзлэг хийхэд зүүн гарын шуу хэсэгт хээ бүхий шивээстэй өөр ил харагдах гэмтэл шарх сорвигүй байв..” гэх тэмдэглэл /хх-ийн 11-13/, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 339 дугаартай Нийслэлийн прокурорын газрын мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай прокурорын тогтоол /хх-ийн 15-16/, Мэдүүлгийг газар дээр шалгасан тухай “Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдлын талаар: яллагдагч Б.Б ын 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өгсөн “Би 2024 оны 10 дугаар сарын 13-гы өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байх Хадат гэх нэршилтэй зуслангийн газрын ойролцоогоос өвс гэх нэршилтэй мансууруулах ургамлыг түүсэн юм. Тухайн түүсэн өвснөөсөө шавар гэх нэршилтэй мансууруулах үйлчилгээтэй бодис гаргаж авах гээд ундааны саванд хийсэн байсан юм. Тэрийг цагдаагийн албан хаагч нар нэгжлэг хийж хурааж авсан. Мөн жижиг уутанд хийсэн байсан өвс нь түүсэн өвснөөсөө таслаад тамхи хэлбэртэй болгож татаж байгаад үлдсэн нь байгаа юм. Бусад мөнгөн дэвсгэрт, тугалган цаас зэрэг нь тухайн өвсийг хэрэглэх үедээ ашигласан зүйл байгаа юм..” гэх мэдүүлэг өгсөн байх ба яллагдагч Б.Б оос “Та одоо тухайн өвс түүсэн гэх газраа зааж өгч чадах уу” гэхэд “Тийм, би чадна” гэснээр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “.... ” зуслангийн газарт ирж уг зуслангийн газрын орох үүдний хаалганаас ертөнцийг зүгээр урагш 100 метр газар явж цэнхэр өнгийн хашааны орчим ирж “намайг энд ажиллаж байхад энд ургаж байсан юм. Миний түүсэн газар энэ байна” гэв. Уг түүсэн гэх газрыг яллагдагч Б.Б оор заалгуулж гэрэл зургаар бэхжүүлэв. Уг заасан газрыг шалгаж үзэхэд дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий зэрлэг олсны ургамал ургасан зүйл байхгүй байв..” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-24/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч, цагдаагийн дэслэгч Р.Нандинцэцэгийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 5776 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Б.Б  гэж хаягласан шээснээс Тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 26-27/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Д.Золзаяагийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 5777 дугаартай “Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Г-324 Эд зүйлс а/д Б.Мөнхжин 2024.10.14 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хар өнгийн бариултай хусуур, “Хужирт” гэсэн шошготой хуванцар сав, АХ0659139 гэсэн сери дугаартай 50-тын мөнгөн дэвсгэрт, гялгар уутанд хийсэн ногоон өнгийн зүйлээр бохирлогдсон гялгар уут, притка, хугархай притка, мөнгөлөг цаасанд боодолтой нунтаг зүйл зэргээс дельта 9 тетрагидроканнабинол /Delta 9 Tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно. Мөнгөлөг цаасанп боодолтой нунтаг зүйлийн мөнгөлөг цаастай үеийн жин 1,8г, цэвэр жин 1,0г байна..” гэх дүгнэлт /хх-ийн 31-32/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Г.Золжаргалын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 5774 дугаартай “Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Хуванцар саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, цагаан өнгийн уутанд хийсэн ургамал мэт зүйл, 50-тын мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, 3 ширхэг тамхины иш мэт зүйлс” гэж хаягласан цэнхэр өнгийн судалтай гялгар ууттай ургамал мэт зүйл, 3 ширхэг тамхины иш мэт зүйлс, Монгол Улсын АҮ324577 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт тус бүрээс дельта 9 тетрагидроканнабинол /Delta 9 Tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн хуванцар савтай ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 40.9 грамм, гялгар ууттай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 0.7698 грамм байна..” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 38-41/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1067 дугаартай “Б.Б  нь сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Б.Б  нь одоо сэтгэцийн ямар нэг өвчингүй байна. Б.Б  нь сэтгэцийн ямар нэг өвчингүй байна. Б.Б  нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.Б  нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Б.Б  нь мансууруулах болон сэтгэц идэвхит эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг ирээгүй байна..” гэх дүгнэлт /хх-ийн 47-49/, шүүгдэгч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан” гэж гэмт хэргийн шинжийг хуульчилжээ.

 

Сэтгэцэд нөлөөт бодис гэдэг нь Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн буюу нийлэг аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг ойлгоно.

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг “хадгалсан” гэж мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг биедээ авч явах, эсхүл орон байр, агуулах сав, түүнчлэн тусгайлан бэлтгэсэн нуувч зэрэг газарт байлгахыг хэлнэ.

 

Монгол Улсад хар тамхи буюу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалахыг Эрүүгийн хуулиар хориглодог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үздэг.

 

Шүүгдэгч Б.Б ын 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо ....  тоотод 41.6 грамм жинтэй, НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Б ыг “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Уг гэмт хэргийн улмаас шууд болон шууд бус хохирол тогтоогдоогүй тул шүүгдэгч Б.Б ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 5777 дугаартай дүгнэлт, мөн өдрийн 5774 дугаартай дүгнэлтээр дельта 9 тетрагидроканнабинол /Delta 9 Tetrahydrocannabinol/ илэрсэн хуванцар саванд хийсэн ногоон өнгөтэй, 40.9 грамм цэвэр жинтэй, цагаан өнгийн гялгар уутанд хийсэн ногоон өнгөтэй, 0.7698 грамм цэвэр жинтэй олсны ургамал, Монгол Улсын 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, тамхины иш 3 ширхэг, притка 1 ширхэг, хугарсан притка 1 ширхэг, хэлбэрт оруулсан дотроо 1.0 грамм нунтаг зүйл бүхий тугалган цаас 1 ширхэг, дотроо наалдамхай бодис агуулсан гялгар уут 1 ширхэг, дотроо Монгол Улсын 50 төгрөгийн мөнгөн дэвсгэт агуулсан хөх өнгийн хуванцар сав 1 ширхэг, төмөр хусуур 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг,

шүүгдэгч “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх саналыг шүүхэд тус тус гаргасан болно.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б од ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийг 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчмыг тус тус хангаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд шүүгдэгч Б.Б од эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Б  нь хэрэг хариуцах чадвартай, тухайн үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгч Б.Б од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж байдал, хор уршиг, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 5777 дугаартай дүгнэлт, мөн өдрийн 5774 дугаартай дүгнэлтээр дельта 9 тетрагидроканнабинол /Delta 9 Tetrahydrocannabinol/ илэрсэн хуванцар саванд хийсэн ногоон өнгөтэй, 40.9 грамм цэвэр жинтэй, цагаан өнгийн гялгар уутанд хийсэн ногоон өнгөтэй, 0.7698 грамм цэвэр жинтэй олсны ургамал, тамхины иш 3 ширхэг, притка 1 ширхэг, хугарсан притка 1 ширхэг, хэлбэрт оруулсан дотроо 1.0 грамм нунтаг зүйл бүхий тугалган цаас 1 ширхэг, дотроо наалдамхай бодис агуулсан гялгар уут 1 ширхэг, дотроо Монгол Улсын 50 төгрөгийн мөнгөн дэвсгэт агуулсан хөх өнгийн хуванцар сав 1 ширхэг, төмөр хусуур 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг, Монгол Улсын 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монгол банканд шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 1 ширхэг сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Б од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б од 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б од оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Б од урьд авсан хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 5777 дугаартай дүгнэлт, мөн өдрийн 5774 дугаартай дүгнэлтээр дельта 9 тетрагидроканнабинол /Delta 9 Tetrahydrocannabinol/ илэрсэн хуванцар саванд хийсэн ногоон өнгөтэй, 40.9 грамм цэвэр жинтэй, цагаан өнгийн гялгар уутанд хийсэн ногоон өнгөтэй, 0.7698 грамм цэвэр жинтэй олсны ургамал, тамхины иш 3 ширхэг, притка 1 ширхэг, хугарсан притка 1 ширхэг, хэлбэрт оруулсан дотроо 1.0 грамм нунтаг зүйл бүхий тугалган цаас 1 ширхэг, дотроо наалдамхай бодис агуулсан гялгар уут 1 ширхэг, дотроо Монгол Улсын 50 төгрөгийн мөнгөн дэвсгэт агуулсан хөх өнгийн хуванцар сав 1 ширхэг, төмөр хусуур 1 ширхгийг устгахыг, Монгол Улсын 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монгол банканд шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 1 ширхэг сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.  

 

6. Шүүгдэгч Б.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Б од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            М.СОЛОНГОО