Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 155/ШШ2020/01339

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2020/00964/И/

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ..... дүгээр багт оршин суух, регистрийн дугаар ................., Бүргэд овогт Уртнасангийн *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 27-02 тоотод оршин суух, регистрийн дугаар ................, Шаваршууд овогт Даваасүрэнгийн Пүрвээд холбогдох 84-71 ХӨА улсын дугаартай, Hyundai Mighty маркийн автомашины үнэ 8.000.000 төгрөг, гэрийн тавилга, эд хөрөнгийн үнэ 1.590.000, нийт 9.590.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ , нэхэмжлэгч У.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батдорж, хариуцагч Д.Пүрвээ, хариуцагчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Д.Пүрэвээ гэдэг хүний хүү П.Октябрьтай 2010 он хүртэл хамт амьдарч байсан. Өмнө нь өөрийн амьдарч байсан байшин буюу хүү О.Элбэгбаяртаа оногдох хөрөнгийг Д.Пүрэвээс авах шүүхийн шийдвэртэй. Одоо болохоор талийгаач нөхрийн эзэмшилд байсан машинийг Д.Пүрэв нь бусдад зөвшөөрөлгүй шилжүүлсэн. Бүртгэлийн байгууллагаас лавлагаа авахад уг тээврийн хэрэсэл нь 2012.04.30-ны өдөр хүртэл талийгаач нөхрийн эзэмшилд бүртгэлтэй байсан байдаг.

Бид хамтдаа амьдарч байхдаа гэрийн дотор дараах тавилга эд хөрөнгө байсан. Үүнд:

1. Гал тогооны тавилга ком 300.000 төгрөг,

2. Модон ор 2 ширхэг 150.000 төгрөг, = 300.000 төгрөг,

3. Мөлхөө тавилга 1 ком х 250.000 = 250.000 төгрөг,

4. Суурьтай толь 1 ком х 60.000 = 60.000 төгрөг,

5. Хананы хивс том 1 ш х 200.000= 200.000 төгрөг,

6. Гоожуур 1 ш х 50.000 = 50.000 төгрөг,

7. Зуух 1 ш х 100.000 = 100.000 төгрөг,  

8. Тогоо 1 ш х 18.000 = 18.000 төгрөг,  

9. Ширээ 1 ш х 60.000 = 60.000 төгрөг,

10. Том ширээ 2 ширхэг сандалтай 1 хос х 100.000 = 100.000 төгрөг,  

11. Шанага 1 ш х 2000 = 2000 төгрөг,

12. Хөнжил 3 ширхэг х 25.000 = 75.000 төгрөг,

13. Гудас 5 ширхэг х 15.000 төгрөг = 75.000 төгрөг, нийт 1.590.000 төгрөг болно.

Иймд Д.Пүрвээгээс машины үнэ 8.000.000 төгрөг, тавилга 1.590.000 төгрөг нийт, 9.590.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батдорж нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч шүүхэд 9,590,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. У.******* нь талийгаачтай 2007 онд гэр бүл болж үүнээс хойш 3 жил хамт амьдраад нөхөр нь нас барсан. Хамт амьдарч байснаас хойш бий болсон хөрөнгөнөөс хууль ёсоор өвлөх эрхтэй гэж үзэж байна. Тухайн машин нь талийгаачийн нэр дээр байсан гэдэгт маргаан байхгүй. Хариуцагч би тэр машиныг өөрийн хүү П.Мягмардоржид өвлүүлсэн гэж тайлбартаа хэлсэн. Үүнээс үзвэл уг машин өөр хүнд өвлөгдсөн гэдэг нь тодорхой байна. Иргэний хуулийн 520 дугаар зүйлд зааснаар хууль ёсны өвлөгч гэдэг нь нас барсан хүний эхнэр, хүүхэд байдаг. У.*******ийн хувьд анхдагч өвлөгч учраас өвлөх эрхийн гэрчилгээ авсан. Нэхэмжлэгчийн зүгээс машиныг байгаа эсэх дээр маргаагүй.

Хариуцагч тухайн машиныг 5.000.000 төгрөгөөр худалдаж авсан гэж хэллээ. Харин нэхэмжлэгч 8.000.000 төгрөг гэж нэхэмжлэлдээ дурдсан. Яагаад 8.000.000 төгрөгөөр үнэлсэн гэвэл нотариатад хандаж эд хөрөнгөө өвлөж авах талаар хэлсэн. Гэрийн тавилгын хувьд хариуцагч нь 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр тус шүүхэд тайлбар гаргасан байдаг. Уг тайлбартаа тухайн эд хөрөнгийг өөрийн ач хүү О.Элбэгбаярт 18 насанд хүрэхээр нь өгье гэсэн бодолтой байгаа гэж бичсэн. Үүнээс үзвэл эд хөрөнгийг байгаа гэж ойлгож болохоор байна. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 13 нэр төрлийн эд хөрөнгийг хүлээн зөвшөөрч байх тул үнийг нь гаргуулах хүсэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан зүйлийг нотлох баримт байна уу гэж хариуцагчийн өмгөөлөгч нэхэмжлэгчээс асуусан. Хариуцагч Д.Пүрвээ нь эд хөрөнгийг хүлээн зөвшөөрч байгаа тул өөр нотлох баримт байхгүй. Нэхэмжлэлийн шаардлага өмнө нь шүүхээр шийдвэрлэгдэж байгаагүй, харин яригдаж байсан. Талийгаачийн хүү одоо 11 настай. Түүнийг заавал 18 насанд хүрэхэд ээж нь шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлагагүй. Түүнээс өмнө гаргах эрхтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл У.******* нь өмч хөрөнгийг дангаараа нэхэмжлэх эрхтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Пүрвээ нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Пүрвээ миний бие У.*******ийн тус шүүхэд гаргасан эд хөрөнгийн үнэ гаргуулах тухай нэхэмжлэлтэй холбоотой дараах тайлбарыг гаргаж байна. Би өөрийн хүү П.Октябрийг 2010 оны 10 дугаар сард хүний гарт алдаж, түүний эхнэр У.*******д тухайн үедээ ач хүү О.Элбэгбаярыг 18 насанд хүрэхээр нь эд хөрөнгийг нь өгье гээд тохиролцоод хэн хэн нь амьдралаа бодож өдийг хүрсэн.

Гэтэл өнгөрсөн жил У.******* нь талийгаачийн гэр бүлийн дундын эд хөрөнгөөс нэхэмжилж бид харилцан тохиролцож ойлголцоод манайх ач хүү, бэр хоёртоо 12.420.000 төгрөгийн эд хөрөнгө мөнгө өгөхөөр шүүхийн шийдвэр 2019 оны 6 дугаар сарын 19-нд гарч шийдвэрлүүлсэн юм.

Манай бэр У.******* нь хүүг маань өөд болсоноос хойш одоог хүртэл 10 жилийн хугацаанд эхэндээ бол наана цаана гээд ач хүүг маань бидэнтэй уулзуулж явдаг байсан ч сүүлийн жилүүдэд хүнтэй суугаад энэ байдал нь больсон. Одоо өөрөө хүнтэй суж хүүхэд гаргаж сайн сайхан амьдарч байгаа хэрнээ хөгшин бид хоёрыг жил бүр шүүх дээр дуудаж өөд болсон хүүгийн маань ясыг өндөлзүүлж зарга үүсгэж байгаад гомдолтой байна.

Гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар өнгөрсөн жил бүрэн шийдвэрлэж дууссан тул энэхүү нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү.

Мөн хүүгийн маань машиныг тухайн үедээ эзэмшиж ашиглах хүнгүй болоод манай хүү П.Мягмардоржид өвлүүлж, түүнийг нь одоо зарсан байх. Энэ машин 8.000.000 төгрөгний үнэтэй машин биш байсан бөгөөд би тэр машиныг 2007 онд өөрөө 5.000.000 төгрөгөөр худалдан авч хүүдээ бэлэглэж байсан. Тийм учраас дүүд нь өвлүүлсэн.

Харин гэрийн эд хөрөнгө гээд зүйлүүдийг хөгшин бид хоёр хүүгээ айл гэр болоход нь бэлдэж өгч байсан бөгөөд У.******* нь тухайн үедээ манайхаас явахдаа өөрийн гэсэн бүх эд хөрөнгөө аваад явсан. Энэ гэрийн бүх эд хөрөнгө надад бүрэн бүтнээрээ байхгүй, хуурчирч элэгдсэн зарим нэхэмжилсэн эд хөрөнгийг нь би мэдэхгүй юм байна. Уг нь эд хөрөнгийн асуудлаар бид өнгөрсөн жил харилцан торхиролцсон. Энэ модон эдлэл эд хөрөнгийг би ач хүүгээ том болохоор нь аавынх нь гал голомт гэдэг утгаар нь өгье гэж боддог юм. Бас тэр хөнжил гудас, шанага гэх мэт зүйлийг нь бол сайн мэдэхгүй, зарим нь хуучраад үгүй болсон байх. Энэ хүн биднээс 2000 төгрөгийн үнэтэй шанага хүртэл нэхэмжилж хүүгийн маань ясыг өндөлзүүлж хүний ёсноос хазгай байснаас бидэнтэй ач хүүг маань уулзуулж учруулаад, наана цаанатай амьдраад санаа оноогоо хэлээд зөвлөлдөж болмоор санагдах юм. Элэг зүрхээ эмтлэн хүүгээ алдсан бид ийм асуудлаар дахин дахин шүүх, хуулийн байгууллагад дуудагдаж талийгаач хүүгийнхээ нэрийг байн байн дурьдах үнэхээр хүнд байна.

Хүү маань Цагдаагийн байгууллагын ажилтан зодсоноос болж амь насаа алдсан боловч хүүг маань У.******* цагдаад дуудлага өгч баривчлуулж, дуудлагаар ирсэн цагдаатай хамт У.******* явсаны улмаас хүү маань нас барсан юм. Бид ийм зүйлийг өдийг хүртэл дуугүй өнгөрч, хүүгээ айл болоход нь барьж босгосон байшин, хашааг нь өнгөрсөн жил бэрдээ өгсөн.

Иймд У.*******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэ асуудлыг өмнө нь шүүхээр шийдвэрлэсэн болно. гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагаас 300.000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг энэ хэмжээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлттэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, 66 дугаар зүйлийн 66.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн асуудлаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан, эсвэл нэхэмжлэлийг шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол гэж заасны дагуу машин болон эд хөрөнгийн талаар 2019 онд нэхэмжлэл гаргаж, мөн оны 6 дугаар сарын 19-ний өдөр шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хууль ёсны өвлөгчийн 1 дүгээр зэрэгт эхнэр, хүүхэд нь байна гэж тайлбартаа хэллээ. Хуулийн зохицуулалтыг бүрэн уншвал эхнэр, хүүхэд, ээж, аав нь гэж заасан байдаг. Эдгээр хүмүүс нь талийгаачийн эд хөрөнгийг тэнцүү 4 хувааж өвлөх эрхтэй. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д өвлүүлэгч нас барах хүртэл түүний хамт амьдарч байсан өвлөгч өв нээгдсэнээс хойш 3 сарын дотор өв хүлээн авахаас татгалзах тухайгаа нотариат, эрх бүхий байгууллага, Засаг даргад мэдэгдээгүй бол өвийг хүлээн авсан гэж үзнэ. Мөн энэ хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор хуульд заасны дагуу өвлөх эд хөрөнгийг эзэмшилдээ авсан бол нотариат, багийн Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ авах өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж заасан.

Дээрх зохицуулалтын дагуу машины хувьд өвлүүлэгч нас барснаас нэг жилийн дотор нэхэмжлэгч өөрийн эрх бүхий байгууллагад өвлөж авъя гэсэн хүсэлтээ гаргаагүй. Тиймээс татгалзсан гэж үзнэ. Хариуцагч машиныг 2012 онд хүү П.Мягмардоржид өвлүүлсэн. Хариуцагчийн өөрийн эзэмшил ашиглалтад байлгаж байгаа бол өвийг хүлээн авсан гэж үзнэ. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т энэ хугацаанд өвлөгч өвлөх эд хөрөнгийг хүлээн аваагүй, хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллагад гаргаагүй бол түүнийг өв хүлээн авахаас татгалзсан гэж үзнэ гэж заасны дагуу У.*******ийн хувьд машин болон бусад эд хөрөнгийг хүлээн авахаас татгалзсан гэж үзнэ. Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.3-т гэрчилгээ олгох тухай хүсэлт гаргасан өвлөгдсөн эд хөрөнгийг авсан этгээдээс өөр өвлөгч байхгүй нь лавтай баримтаар нотлогдвол гэрчилгээг хуульд заасны дагуу олгоно гэж заасан.

Гэтэл 2019 оны 10 дугаар сард олгосон өвлөх эрхийн гэрчилгээ нь хууль ёсны 4 өвлөгчөөс саналыг нь авч байж бичигдэх ёстой байсан. Нэхэмжлэлд дурдагдсан эд хөрөнгөнөөс гал тогооны тавилгаас бусад нь байхгүй. Байгаа гэдгийг нотлох баримтаа нэхэмжлэгч Иргэний хуульд заасны дагуу нотлох үүрэгтэй. 2012 онд өөр хүнд өвлөгдсөн эд хөрөнгийн талаар нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхгүй юм. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч дээрх эд хөрөнгийг байгаа гэдгийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн гэлээ. Хариуцагч шүүх хуралдаанд ямар ч баримтаар зөвшөөрөөгүй. Эдгээр эд хөрөнгө байсан гэдгийн нэхэмжлэгч нотлоогүй тул үнэлгээ тогтоолгох шаардлага байхгүй байсан. Машины хувьд 5.000.000 төгрөгөөр авсан байхад 8.000.000 төгрөгөөр үнэлсэн. Энэ машин одоо өөр хүнд өвлөгдсөн тул хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хүлээн зөвшөөрсөн 300.000 төгрөгөөс бусад хэсгийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч У.******* нь Д.Пүрвээд холбогдуулан машины үнэ 8.000.000 төгрөг, гэрийн тавилгын үнэ 1.590.000 төгрөг, нийт 9.590.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

Учир нь: Нэхэмжлэгч нь хариуцагчаас машины үнэ 8.000.000 төгрөг, гэрийн тавилгын үнэ 1.590.000 төгрөг, нийт 9.590.000 төгрөг гаргуулна гэж, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Хөхөө багийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 138 дугаар тодорхойлолт, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 115/003881 дугаар гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 115/003880 дугаар нас барсны бүртгэлийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Авто тээврийн төвийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 151 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын нотариатчийн үүрэг гүйцэтгэгчээс 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр олгосон 003 дугаар өвлөх эрхийн гэрчилгээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох машины үнэ 8.000.000 төгрөг, гэрийн тавилгын үнэ 1.590.000 төгрөг, нийт 9.590.000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж марган Хөвсгөл аймгийн авто тээврийн төвийн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 124 дугаар албан бичиг, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 155/ШЗ2019/00525 дугаар шүүгчийн захирамжийн хуулбар, 00525 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, гэрлэлтийн болон нас барсны бүртгэлийн лавлагаагаар нэхэмжлэгч У.******* нь хариуцагч Д.Пүрвээгийн хүү талийгаач П.Октябрьтай гэр бүл байсан бөгөөд П.Октябрь нь 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нас барсан болох нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 хэсэгт: Өвлүүлэгчийн нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ. гэж,

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт: Энэ хуулийн 528.1 ... заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ. гэж,

Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1 дэх хэсэгт: Хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно. гэж тус тус заасан байх ба нэхэмжлэгч нь 84-71 ХӨА улсын дугаартай, Hyundai Mighty маркийн автомашиныг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр буюу талийгаачийг нас барснаас хойш 8 жил 11 сар 7 хоногийн дараа хэрхэн өвлөж авсан талаар болон уг автомашин нь 8.000.000 төгрөгний үнэтэй болох талаар нотлох баримтаа хэрэгт гаргаж өгөөгүй байна.

Түүнчлэн хариуцагч би хүүхэддээ уг автомашиныг хамаатны хүнээсээ 5.000.000 төгрөгөөр худалдан авч, үнийг нь төлж байсан гэж маргахад тийм ээ, аав л мөнгийг нь төлж байсан байх гэж тайлбарлаж байгаа зэргээс тухайн автомашин гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн болох нь нотлогдохгүй байна.

Гэрийн эд хогшлын үнэ 1.590.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд эдгээр эд хогшлууд нэхэмжлэгч У.*******, талийгаач П.Октябрь нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд байсан талаар нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй боловч хариуцагч Д.Пүрвээ нь нэхэмжлэгчийн нэхэмжилж буй эд хөрөнгүүд байсан талаар мэдэхгүй харин гал тогооны тавилга эвдэрсэн манайд байдаг түүний үнэ 300.000 төгрөгийг өгнө гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан: шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг шүүхэд гаргасан тохиолдолд хариуцагч татгалзлаа нотлох, холбогдох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч шаардлагаа нотолж чадаагүй тохиолдолд хариуцагчид ийм үүрэг үүсэхгүй юм.

Нэхэмжлэгч У.******* нь талийгаач П.Октябрийн эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн боловч нэхэмжилж буй эд хөрөнгүүд гэрлэгчдэд байсан гэдэг нь нотлогдохгүй байх тул шүүх Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Пүрвээгээс хүлээн зөвшөөрсөн 300.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 9.250.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт: Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасан байх ба нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 168.930 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн тул хариуцагч Д.Пүрэвээгээс 300.000 төгрөгөнд тохирсон улсын тэмдэгтийн хураамж болох 9.650 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Пүрвээгээс 300.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч У.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9.250.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч Д.Пүрэвээгээс улсын тэмдэгтийн хураамжид 9.650 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.5, 119.7 дугаар зүйлүүдэд зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр үйлдэгдэж, шүүгч гарын үсэг зурах бөгөөд энэхүү хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал нь шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй тохиолдолд зохигчийн оршин суугаа газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлж, гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолохыг анхааруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА