| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 20933337 |
| Дугаар | 2021/ДШМ/104 |
| Огноо | 2021-01-20 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2021/ДШМ/104
2021 1 20 2021/ДШМ/104
Г.Гд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Б.Батзориг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Нандин-Эрдэнэ,
шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Б.Баттулга,
нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 606 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Ган-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 20933337 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Боржигон овогт Г.Г, 1987 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Хэнтий аймаг Бор-Өндөр суманд сумын уулын баяжуулах үйлдвэрт цахилгаанчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 40- 42 тоотод оршин суух бүртгэлтэй, / РД:ЧД87040378/;
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 261 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулиар ял хасагдаж биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож, 2008 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,
Шүүгдэгч Г.Г нь:
1. 2009 оны 5 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Jasmine төвийн цонхоор нэвтэрч иргэн Б.Пүрэвсүрэнгийн ажиллуулдаг лангуунаас батарей 58 ширхэг, гар утасны чихэвч 27 ширхэг, биеийн тамирын хослол 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 230.500 төгрөгийн,
2. Г.Гансүхтэй бүлэглэн 2009 оны 6 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн С.Батчимэгийн ажиллуулдаг Тулга дэлгүүрийн цонхоор нэвтэрч тамхи 9 блок, архи 5 ширхэг, шоколад 10 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 126.000 төгрөгийн,
3. 2009 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Л.Баттулгын ажиллуулдаг Соёлт дэлгүүрт нэвтэрч Самсунг маркийн гар утас, орлогын 110.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 137.000 төгрөгийн,
4. 2009 оны 9 дүгээр сард Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Ж.Баярмаагийн ажиллуулдаг Жаст булаг дэлгүүрийн цонхоор нэвтэрч орлогын 70.000 төгрөг, нэгжийн картууд, үүргэвч зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 485.000 төгрөгийн,
5. Г.Гансүхтэй бүлэглэн 2009 оны 9 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 196 байрны 1 тоот иргэн Д.Шархүүгийн гэрийн цонхоор нэвтэрч мөнгөн аяга 3 ширхэг, мөнгөн тоногтой хазаар, мөнгөн толгойтой хөөрөг, монетон ээмэг, бөгж, кулон, гинж, мөнгөн ээмэг, бөгж, гинж, видео камер, зургийн аппарат, 2 ам долларын дэвсгэрт, үүрдэг цүнх зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.811.871 төгрөгийн,
6. 2009 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хандгайтын 29 дүгээр гудамжны 269 тоот иргэн Р.Ичинхорлоогийн байшинд нэвтэрч иж бүрэн компьютер, хромон гутал зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 570.000 төгрөгийн,
7. 2009 оны 11 дүгээр сарын 22-наас 23-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.Байгалмаагийн ажиллуулдаг Марал-Эрдэнэ хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч тамхи 45 блок, шоколад 5 хайрцаг, бохь 20 блок, Самсунг маркийн гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 704.900 төгрөгийн,
8. Г.Гансүхтэй бүлэглэн 2009 оны 12 дугаар сард Баянзүрх дүүргийн 16 хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Д.Бурмаагийн ажиллуулдаг Оргилуун дэлгүүрийн цонхоор нэвтэрч орлогын мөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 300.000 төгрөгийн,
9. 2010 оны 01 дүгээр сард Баянзүрх дүүргийн 16 хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Д.Бурмаагийн ажиллуулдаг Оргилуун дэлгүүрийн цонхоор нэвтэрч тамхи 66 блок, архи 40 ширхэг, чихэр 4 ширхэг, шоколад 6 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 837.600 төгрөгийн,
10. 2010 оны 01 дүгээр сард Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Ж.Баярмаагийн ажиллуулдаг Жаст булаг дэлгүүрийн цонхоор нэвтэрч суурин утасны аппарат, орлогын 15.000 төгрөг, аяны цүнх, архи 3 ширхэг, оргилуун дарс 2 ширхэг, пиво 4 ширхэг, тамхи 12 хайрцаг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 336.300 төгрөгийн,
11. 2010 оны 01 дүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө Баянгол 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.Оюуны ажиллуулдаг Хөөрхөн сугар дэлгүүрийн цонхоор нэвтэрч орлогын 280.000 төгрөг, нэгжийн цэнэглэгч картууд зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 300.000 төгрөгийн,
12. 2010 оны 01 дүгээр сарын 24-ний шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Н.Цэвэлмаагийн ажиллуулдаг Бөртөг дэлгүүрийн цонхоор нэвтэрч орлогын 40.000 төгрөг, нэгжийн цэнэглэгч картууд, хүзүүний зүүлт 2 ширхэг, бугуйвч 2 ширхэг, кулон 2 ширхэг, ээмэг 3 ширхэг, түлхүүрийн оосор 8 ширхэг, женсэн өмд 2 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 795.000 төгрөгийн,
13. 2010 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Н.Цэвэлмаагийн ажиллуулдаг Бөртөг дэлгүүрийн цонхоор нэвтэрч орлогын 70.000 төгрөг, нэгжийн цэнэглэгч картууд, шоколад 100 ширхэг, печень 50 ширхэг, чихэр 120 ширхэг, кофе 100 ширхэг, тамхи 136 хайрцаг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 624.430 төгрөгийн,
14. 2010 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Н.Цэвэлмаагийн ажиллуулдаг Бөртөг дэлгүүрийн цонхоор нэвтэрч жааз 3 ширхэг, эсгий тавчик 2 ширхэг, гар утас 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 52.000 төгрөгийн,
15.2010 оны 02 дугаар сард Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Н.Эрдэнэсувдын ажиллуулдаг Марал-Эрдэнэ дэлгүүрийн цонхоор нэвтэрч гар утас, скайтелийн нэгжийн картууд, тамхи 6 блок, орлогын 200.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 385.500 төгрөгийн,
16. 2010 оны 02 дугаар сард Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Д.Болорцэцэгийн ажиллуулдаг Өгөөж өндөр ээж дэлгүүрийн цонхоор нэвтэрч орлогын мөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 200.000 төгрөгийн,
17. 2010 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Э.Гандуламын ажиллуулдаг Цэлмэг дэлгүүрийн цонхоор нэвтэрч орлогын 300.000 төгрөг, нэгж зарсан 291.000 төгрөг, нэгжийн цэнэглэгч картууд зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 591.000 төгрөгийн,
18. 2010 оны 3 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Э.Гандуламын ажиллуулдаг Цэлмэг дэлгүүрийн цонхоор нэвтэрч орлогын 10.000 төгрөг, гар утас, МР-3 хөгжим зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 49.000 төгрөгийн,
19. 2010 оны 4 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Очир худалдааны төвд иргэн Л.Даваацэрэнгийн ажиллуулдаг дэлгүүрийн цонхоор нэвтэрч нэгжийн цэнэглэгч картууд, архи 8 ширхэг, тамхи 79 блок зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.421.000 төгрөгийн,
20. 2010 оны 4 дүгээр сарын 16-наас 17-нд шилжин шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Д.Ариунцэцэгийн ажиллуулдаг Хоргын тал дэлгүүрийн цонхоор нэвтэрч орлогын 28.000 төгрөг, нэгжийн цэнэглэгч картууд, гар утас 3 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 270.000 төгрөгийн,
21. 2010 оны 4 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн В.Нэргүйн ажиллуулдаг Хөвсгөл дэлгүүрийн дээврээр нэвтэрч тамхи 4 блок, гар утас4 ширхэг, орлогын 30.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 179.200 төгрөгийн,
22. 2010 оны 4 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Л.Батболдын ажиллуулдаг Зургийн студийн цонхоор нэвтэрч Sony F820 маркийн мэргэжлийн зургийн аппарат, Sony W/80 маркийн сонирхогчийн зургийн аппарат, Gericom маркийн зөөврийн компьютер зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.216.000 төгрөгийн,
23. 2010 оны 4 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Э.Хишигжаргалын ажиллуулдаг Санаа дэлгүүрийн цонхоор нэвтэрч тамхи 6 блок, 60 хайрцаг, гар утас 4 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 570.800 төгрөгийн,
24. Г.Гансүхтэй бүлэглэн 2010 оны 4 дүгээр сард Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Си моон” зочид буудлын цонхоор нэвтэрч иргэн С.Гантөмөрийн цүнхнээс 800 ам доллар, биет 920.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.012.376 төгрөгийн,
25. 2011 оны 8 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Г.Номинчулууны ажиллуулдаг Сладко дэлгүүрийн цонхоор нэвтэрч орлогын мөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.600.000 төгрөгийн,
26. 2011 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сод цахир ХХК-ний оффисын өрөөний цонхоор нэвтэрч сэйпнээс нийт 2.925.410 төгрөг, 100 ам доллар зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.082.955 төгрөгийн,
27. 2012 оны 01 дүгээр сард Дархан-Уул аймаг Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Ж.Ганзоригийн ажиллуулдаг Мэргэд дэлгүүрийн цонхоор нэвтэрч орлогын 70.000 төгрөг, гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 97.000 төгрөгийн,
28. 2012 оны 02 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Россия дэлгүүрийн хажуу талын иргэн З.Азжаргалын ажиллуулдаг дэлгүүрийн цонхоор нэвтэрч гар утас 38 ширхэг, чихэвч 23 ширхэг, цэнэглэгч 8 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.145.500 төгрөгийн,
29. 2012 оны 02 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Россия дэлгүүрийн хажуу талын иргэн Б.Энхсайханы ажиллуулдаг дэлгүүрийн цонхоор нэвтэрч ороолт 3 ширхэг, өмд 2 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 68.000 төгрөгийн,
30. 2015 оны 6 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар
хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн М.Пүрэвсүрэнгийн ажиллуулдаг Хансвелл дэлгүүрийн цонхоор нэвтэрч орлогын 4.700.000 төгрөг, архи 11 ширхэг, тамхи 22 блок, нэгжийн цэнэглэгч картууд, бугуйн цаг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 6.081.400 төгрөгийн хохирол буюу нийт 29.081.232 төгрөгийн /үлэмж хэмжээний/ хохирол учруулан, ганцаараа болон бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Г.Ган-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Ганбатын Ган-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан Боржигон овогт Ганбатын Ган-Эрдэнийг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Г.Гд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Ган-Эрдэнийн цагдан хоригдсон 887 /найман зуун наян долоо/хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД 1 /нэг/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.Гэс 270.000 төгрөгийг Л.Батболдод, 1.695.500 төгрөгийг З.Азжаргалд, 52.000 төгрөгийг Н.Цэвэлмаад нийт 2.017.500 төгрөгийг тус тус төлсөн, шүүгдэгч Г.Гэс 230.500 төгрөгийг Б.Пүрэвсүрэнд, 63.250 төгрөгийг С.Батчимэгт, 137.000 төгрөгийг Л.Баттулгад, 1.405.935 төгрөгийг Д.Шархүүд, 821.300 төгрөгийг Ж.Баярмаад, 570.000 төгрөгийг Р.Ичинхорлоод 704.900 төгрөгийг Б.Байгалмаа, 987.000 төгрөгийг Д.Бурмаа, 300.000 төгрөгийг Б.Оюун, 1.419.430 төгрөгийг Н.Цэвэлмаад, 385.500 төгрөгийг Н.Эрдэнэсувдад, 440.300 төгрөгийг Э.Гандуламд, 200.000 төгрөгийг Д.Болорцэцэгт, 1.421.000 төгрөгийг Л.Даваацэрэнд, 270.000 төгрөгийг Д.Ариунцэцэгт, 570.800 Э.Хишигжаргалд, 179.200 Ю.Нэргүйд, 936.000 төгрөгийг Л.Батболдод, 1.006.185 төгрөгийг С.Гантөмөрт, 2.600.000 төгрөгийг Г.Номинчулуунд, 3.082.955 төгрөгийг Д.Алтанцэцэгт, 97.000 төгрөгийг Ж.Ганзоригт, 450.000 төгрөгийг З.Азжаргалд, 68.000 төгрөгийг Б.Энхсайханд, 6.081.400 төгрөгийг М.Пүрэвсүрэнд тус тус гаргуулахаар шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...20933337 тоот хавтас хэргээ эцэслэн шийдвэрлээгүй байхдаа бусадтай нийлж дахин гэмт хэрэг үйлдсэн. 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Г.Г намайг Улсын мөрдөн байцаах газраас ирж баривчлаад тэр өдрөө Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст тухайн өдөр хулгайн хэргүүд дээр мэдүүлэг авч, эд зүйлийг хураан авч фото зургаар баримтжуулан тоот үүсгэж гарын үсэг зуруулсан. Хан-Уул дүүрэг дэх хулгайн гэмт хэргийн тухайд 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр тоот хэрэг үүсгээд мэдүүлсэн байдаг. Хяналтын прокурор Энхболд гэж хүн байгаа. Баянгол дүүргийн мөрдөн байцаагч, ахлах дэслэгч Буянжаргал тухайн үед хяналтын прокуророор ажиллаж байсан Хатанцэцэг нар нь Г.Г намайг хулгайн хэрэг хийсэн байсныг Баянзүрх дүүрэгт шалгагдаж байсныг мэдэж байгаа болно. Эдгээр дурдагдсан хэрэг учралыг Баянгол дүүргийн Мөрдөн байцаагч ахлах дэслэгч Буянжаргал нь бүгдийг мэднэ, хамт тухайн үед байцаагдаж байхад хажууд байж байсан Буянжаргал нь “урьд хэргийг чинь эхлээд шийдчихье. Баянзүрх дүүргийн Цагдаа нартай тохирчихно санаа зоволтгүй шүү. Шүүх хурал дээр элдвийн хэрэг төвөг битгий хэлээрэй. Хатанцэцэг прокурортой бас яриад тохирчихно” гэж хэлсэн. Ган-Эрдэнэ миний бие тухай үед хүлээн зөвшөөрөөгүй. Миний эрх зүйн байдлыг эрс дордуулж хууль зөрчиж байгаад гомдолтой байна. 20933337 тоот хэргээ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал дээр даргалагч шүүгч Б.Батболор, прокурор Г.Эрдэмбаатар нарт миний өмгөөлөгч Баттулга, Батцэцэг нар нь “тоот үүссэн байна” гэж хэлэхэд даргалагч шүүгч Б.Батболор нь /томилолтоор/ сууж буй Г.Эрдэмбаатарт шалгуулах үүрэг өгөхөд прокурор Г.Эрдэмбаатар нь ямар ч шалгах ажил хийлгүйгээр хэтэрхий нэг талыг баримтлан ялласан болно. Хууль сахиулагч цагдаа, прокурор нар нь хуулиа өв тэгш журамлан сахиулах байтал өөрсдөө хуулиа зөрчин, эрх мэдлээ өөрийн эрх ашгийн төлөө ашиглаж байгаад гомдож байна. Миний өмгөөлөгч Баттулга, Батцэцэг нарыг хэргийн тухай мэдэх мэдээллээр хангаж өгсөнгүйд гомдолтой байна. Иймд хэрэг учралыг нягтлан шалгаж үнэн бодит байдлыг үндэслэн үнэн зөвөөр шийдэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Г.Ган-Эрдэний өмгөөлөгч Б.Баттулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би болон миний үйлчлүүлэгч энэ талаар хэлж ярьсан зүйл анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой бичигдсэн байгаа. Өмгөөлөгч У.Батцэцэгийн хамт өөр яллагдагчаар татагдсан хэрэг байгаа бол хамт шалгуулахаар Баянзүрх, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст удаа дараа очиж байсан. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй. Яагаад бэ гэхээр прокурорын яллах дүгнэлтийн хэмжээнд шүүх хэргийг хянан шийдвэрлэдэг. Миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг прокурор гуйвуулж хэрэглэж байна. Цаана нь нэгтгээгүй хэрэг байгааг мэдсээр байж эс үйлдэхүйгээр яллагдагчаар таталгүйгээр хууль зөрчиж гэрчээр мэдүүлэг авдаг. Шүүхээр шийдэгдэж явсны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж дахин дахин яллаж эрх зүйн байдлыг нь дордуулж байна. Шүүхийн шийдвэрт гэхээсээ илүү прокурорын үйл ажиллагаанд гомдолтой байна. ...” гэв.
Прокурор Г.Нандин-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Яллагдагчаар татах тогтоол үйлдэхэд өөр хэрэг байгаагүй. Давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Г.Г нь ганцаараа болон бусадтай бүлэглэн 2009 оны 5 дугаар сарын 30-наас 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 30 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч нийт 29.081.232 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Эд зүйлээ алдсан талаарх хохирогч Б.Пүрэвсүрэнгийн “...би Жасмин дэлгүүрийн 2 давхарын павилоныг ажиллуулдаг. 2009 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 19.30 цагийн үед дэлгүүрээ хаагаад лацдаад явсан. Маргааш нь 12 цаг болж байхад очоод хаалга онгойлгох гэтэл лангууны хаалга, лац хөдөлсөн ...хөшиж онгойлгосон байдалтай байсан ...шилэн лангуун доторх гар утасны батерей 58 ширхэг, чихэвч 27 ширхэг, биеийн тамирын хослол, гутал 4 ширхэг, эрэгтэй цамц 12 ширхэг зэргийг авсан байсан. ...” /хх-180-183/,
Хохирогч С.Батчимэгийн “...Би Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын 12 дугаар байрны ар талд байрлах Тулга хүнсний дэлгүүрийг түрээслэн ажиллуулдаг байсан бөгөөд 2009 оны 6 дугаар сард дэлгүүрийн цонхны хаалт төмрийг хөшиж зай гаргаад цонхоор орж эд зүйл хулгайлсан байсан. Тухайн үед манай дэлгүүрээс ... Кент 1 блок, Парламент 1 блок, Бест 2 блок, улаан шонхор 2 блок, Майлд сэвэн 1 блок, ЛД цэнхэр 1 блок, Ерөөл 0.75 гр 1 ширхэг, Ерөөл 0.5 гр 2 ширхэг, Чингис 0.5 гр 2 ширхэг, Алфен голд шоколад 10 ширхэг буюу нийт 146.000 төгрөгийн бараа алдагдсан байсан. ...” /1хх-194-195/,
Хохирогч Л.Баттулгын “...2009 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороолол, 6 дугаар хороонд байрлах Соёлт дэлгүүрийн арын ханыг цоолж хулгайч орж ... 80.000 төгрөгийн гар утас, тамхи, набор нийлээд 390.000 төгрөг, бэлэн 1.100.000 төгрөг алдагдсан. ...” /1хх-210-211/,
Хохирогч Д.Шархүүгийн “... 2009 оны 9 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө манай гэрийн цонхоор хулгай орж дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, мөнгөн тоногтой хазаар, мөнгөн толгойтой мана чулуун хөөрөг, монетон ээмэг, бөгж, камер, арьсан цүнх зэрэг эд зүйлс алдагдсан. ...” /1 хх-150-153/,
Хохирогч Ж.Баярмаагийн “...Манай дэлгүүр Баянзүрх дүүрэг 18 дугаар хороонд байрладаг тус дэлгүүрт ... 2009 оны 9 дүгээр сард цонхны хаалт төмрийг эвдэж цонхыг хагалж ороод бэлэн 70.000 төгрөг, жимобайлын 400.000 төгрөгийн нэгж, хар үүргэвч, 2 блок тамхи хулгайлсан. Дараа нь 2010 оны 01 дүгээр сард мөн цонхны хаалт төмрийг хөшиж ороод цагаан утас, бэлэн 15.000 төгрөг, бэлэн гоймон, цүнх, архи, шампанск зэрэг 408.900 төгрөгийн эд зүйл хулгайлсан. ...” /1хх-196-197/,
Хохирогч Р.Ичинхорлоогийн “Манайх Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 29-269 тоотод байдаг. 2009 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн өглөө 09 цагийн үед өөрийн байшингаа цоожлоод эх нялхас орж хүүхдээ эргэчхээд буцаад 10 цаг 30 минутын үед гэртээ очиход байшингаа модон хаалганы цүүг сугалсан хаалга онгорхой байхаар нь гэртээ ортол хүүхдийн өрөөнд байсан Дэлл маркийн компьютер иж бүрдлээрээ, хувцасны шүүгээний дэргэд байсан эрэгтэй хос хромон гутал алдагдсан байсан. ...” /1 хх-184-188/,
Хохирогч Б.Байгалмаагийн “Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо 23 байрны өргөтгөлд байрлах Марал-Эрдэнэ хүнсний дэлгүүрийг түрээслэн ажиллуулдаг. 2009 оны 11 дүгээр сарын 23-нд ажилдаа ирэхэд тамбарын цонхны шилийг хагалж дотор нь дэлгүүр лүү ордог хаалганы гадна талын хажуугийн цонхыг тус тус эвдэн орж дэлгүүрээс төрөл бүрийн тамхинуудаас Кент 10 блок, Воги 2 блок, Эссэ 8 блок, Парламент 1 блок, Майлд сэвэн 10 блок, Улаан шонхор 6 блок, Алтан навч 3 блок, Марлборо 5 блок, шоколаднаас сникерс 1 хайрцаг, марс 1 хайрцаг, жижиг сникерс 1 хайрцаг, Алфен голд 2 хайрцаг, Ментос бохь 10 блок, Дирол 10 блок, самсунг маркийн гар утас нийт 1.206.400 төгрөгийн эд зүйл алдагдсан. ...” /1хх-200-201/,
Хохирогч Д.Бурмаагийн “...Оргилуун дэлгүүрийг 2009 оноос эхлэн түрээслэн ажиллуулж байсан. Энэ хугацаанд 2009 оны 12 дугаар сард мөн 2010 оны 01 дүгээр сард тус тус хулгай орсон. Эхэлж орохдоо бэлэн 300.000 төгрөг, 2 ширхэг Нокиа маркийн гар утас хулгайлсан. 2010 оны 01 дүгээр сард орохдоо цонхоор хаалт төмрийг хөшиж эвдэж ороод тамхи, архи, чихэр зэрэг зүйлийг хулгайлсан байсан. ...” /1хх 198- 199/,
Хохирогч Б.Оюуны “... 2010 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо 74 дүгээр байрны подволд байрлах 8 нэрийн Хөөрхөн сугар хүнсний дэлгүүрийн цонхоор хулгай орсон байсан. Дараа нь түүнээс хойш 10 хоногийн дараа дахин хулгай орсон. Уг дэлгүүрийг би түрээсэлж ажиллуулдаг. Эхний хулгай ороход 280.000 төгрөг бэлнээр, 20.000 төгрөгийн юнител, скайтелийн цэнэглэгч карт, дараа нь тамхи, бэлэн гоймон зэрэг эд зүйл алдагдсан. ...” /1 хх-177-178,179/,
Хохирогч Н.Цэвэлмаагийн “...2010 оны 1 дүгээр сарын 30-нд дахин хулгай орж 757.100 төгрөгийн хохирол учирсан ... 3 ширхэг жааз, 2 ширхэг тавчик зэргийг эргүүлэн авсан. ...” /1хх-168- 169,170/,
Хохирогч Н.Эрдэнэсувдын “...2010 оны 02 дугаар сард өдрийг нь санахгүй байна, Марал-Эрдэнэ хүнсний дэлгүүрийн гаднаас нь хамгаалалт төмрийг эвдлээд, цонхыг хагалаад ороод дотор талын хаалганы хамгаалалт төмрийг гагнаасаар нь эвдэж, хаалгыг эвдэж ороод дэлгүүрээс орлогын 200.000 төгрөг, нэгж зардаг 2 симтэй гар утас, скайтелийн 30.000 төгрөгийн нэгжийн карт, 5 блок Кент, 1 блок Бест тамхи, орлогын 200.000 төгрөгийг хулгайлж авсан. ...” /1хх-203-204/,
Хохирогч Э.Гандуламын “...2010 оны 02 дугаар сарын 20-ны үед манай Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Цэлмэг дэлгүүрийн цонхоор хулгайч орж 300.000 төгрөг бэлнээр авч, нэгж зарсан 291.000 төгрөг, скайтел, юнителийн нэгжүүдтэ нь авсан байна. Дараа нь 2010 оны 3 сарын 28-нд Цэлмэг дэлгүүрийн нөгөө цонхоор хулгайч орж орлогын 10.000 төгрөг, Мобикомын 25.000 төгрөгийн үнэтэй Хятад утас, 30.000 төгрөгийн үнэтэй Скайтелийн Мотороло гар утас, 10 төгрөгийн үнэтэй МРЗ хөгжим тус тус алдагдсан. /1 хх-205-206/,
Хохирогч Д.Болорцэцэгийн “...2010 оны 2 дугаар сард манай Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах Өгөөж өндөр ээж хүнсний дэлгүүрт хулгай орсон. Орохдоо хажуу талын билльярдын газрын цонхоор ороод билльярд манай дэлгүүр 2-ын хоорондын хаалганы шилийг хагалж хаалгыг онгойлгоод ширээний нүдэнд байсан тухайн өдрийн орлогын 200.000 төгрөгийг авсан байсан. ...” /1хх 208-209/,
Хохирогч Л.Даваацэрэнгийн “...2010 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Очир төвийн 2 давхарт байрлах дэлгүүрээ 21 цагийн үед хаагаад, лацаа манаач Эрдэнэбатад харуулаад явсан. Маргааш өглөө нь 8 цагийн орчим охин Нямхүү над руу утасдаад ... дэлгүүрийн цонх онгойсон байна гэж байна гээд ... очтол дэлгүүрийн зүүн зүг рүү харсан вакум цонх онгорхой байсан ... цагдаа дуудаж үзлэг хийлгээд алдагдсан эд зүйлсээ бүртгэж үзэхэд лангуун дээр байсан тамхинууд бүгд байхгүй, хайрцаганд байсан нэгжүүд байхгүй, мөнгөний хайрцаган дотор 10, 20-тын хэдхэн дэвсгэрт үлдээгээд бусдыг нь аваад явсан байсан...” гэх мэдүүлэг/1хх-190/,
Хохирогч Д.Ариунцэцэгийн “...2010 оны 4 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө манай ажиллуулдаг Хоргын тал дэлгүүрт хулгай орсон байсан. Дэлгүүрийн зүүн тийшээ харсан цонхны хамгаалалтын төмрийг авч тавиад цонхоор орсон байна. Ар талын тавиур дээр цаасан хайрцаган дотор байсан 3 ширхэг гар утас, 110.000 төгрөгийн скайтелийн нэгж, бэлэн 28.000 төгрөгийг авч явсан байна. ...” /1хх 155-156, 157, 158/,
Хохирогч Э.Хишигжаргалын “...Би эх Балжиннямын хамт Сонгинохайрхан дүүрэг 16 дугаар хороо 24 дүгээр байрны 7 дугаар орцны өөдөөс харсан Санаа хүнсний дэлгүүрийг ажиллуулдаг. 2010 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 23 цагийн үед бид 2 дэлгүүрээ хаагаад явсан. Маргааш өглөө 7:30 цагт дэлгүүрээ онгойлгох гэхэд дэлгүүрийн баруун талын цонх тал хүртэл онгорхой, цонхны гүйдэг замыг 2 тийш нь хөшиж эвдэлсэн байдалтай байхаар нь ээж бид 2 дотогш оролгүй шууд 102 дуудсан. Үзлэг хийсний дараа ороход 7 блок Кент, 5 блок Эссэ, 2 блок Парламент, 3 блок Марлборо, 4 блок Сэнстэй бест, 1 блок Улаан бест, 2 блок Улаан шонхор, 4 блок 1_Р тамхи ... Бест 20 хайрцаг, Парламент 16 хайрцаг, Саарал 1_Р 6 хайрцаг, Эссэ 10 хайрцаг, Марлборо 7-8 хайрцаг алдагдсан байсан. ...” /1хх-160, 161-162/,
Хохирогч В.Нэргүйн “...Би хорооллын Хөвсгөл хүнсний дэлгүүрийн ажиллуулдаг. 2010 оны 4 дүгэээр сарын 19- ний шөнө манай дэлгүүрээс ... 4 блок Кент тамхи, Скайтелийн гар утас 4 ширхэг алдагдсан. Тамхи 64.000 төгрөг, гар утас 130.000 төгрөг, бэлэн 30.000 төгрөг, нийт 224.000 төгрөг нэхэмжилнэ. ...” /1хх-167/,
Хохирогч Л.Батболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2010 оны 4 дүгээр сарын 19-ний орой 18 цаг өнгөрч байхад ажлаа тараад хаалгаа түгжээд явсан. Эд зүйлээ бүртгэхэд Sony F820 маркийн мэргэжлийн зургийн аппарат, Sony W80 маркийн сонирхогчийн зургийн аппарат ...зөөврийн компьютер алдагдсан байсан ...миний мэргэжлийн зургийн аппаратыг ломбарданд тавьсан байсныг 58.000 төгрөг, төлж авсан ... нөүтбүүкийг цагдаагийнхан ломбардаас авсан байсан. ...” /1хх-173/,
Хохирогч С.Гантөмөрийн “...Би 2010 оны 4 дүгээр сард Си моон зочид буудлын камерын өрөөнөөс ... түрийвчнээс 800 ам доллар, 1 сая төгрөгөөр хулгайд алдсан. Цонхны гаднах төмөр хаалтыг хооронд нь зай гаргаж хажуу тийш нь хөшөөд цонхоор орж эд зүйл хулгайлсан байсан. Надад 8 ширхэг 100-тын доллар, 20.000-тын дэвсгэрт 46 ширхэг байсан. ...” /1 хх-192/,
Хохирогч Г.Номинчулууны “...2011 оны 8 дугаар сарын 22-нд үйл ажиллагаа явуулж байгаад миний төрсөн ах Цогчулуун орой хаагаад хаалга үүдээ түгжээд явсан байгаа. Тэгээд маргааш өглөө ах Цогчулуун, дүү Чинсарнай нар ирээд нээгээд ороход арын оффисын өрөөний шүүгээний хаалга онгорхой, эмх цэгцгүй болгоод орхисон зүүн талын хананы урд талын цонх хагарч хамгаалалтын төмөр хөшигдөж хулгайч орсон байсан. Тэгээд кассын доод талын цоожтой шургуулгыг татаж онгойлгоод дотор байсан 200.000 төгрөг, хойд өрөөний шүүгээний шургуулганд байсан 2.400.000 төгрөг байсныг алдсан. ...” Зхх 141-142/,
Хохирогч Д.Алтанцэцэгийн “...2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ... хулгай орсон байна гэхээр нь ажил дээрээ иртэл манай төвийн 1 дүгээр давхарт байрлах оффисын өрөөний модон хаалга эвдэрсэн байдалтай байсан. Төвийн харуулыг хайхад харуулаар гарч байсан Ган-Эрдэнэ байхгүй, утас нь салгаатай байсан ... оффисын өрөөний хойд талд байрлах баарны хойд талын вакум цонх хагархай байсан. Хулгайч уг цонхоор орж баараар дамжин оффисын өрөөнд нэвтэрч орсон байсан. Манайх төв камертай тухайн үед камерыг унтраачихсан байсан. Тэгээд тэр дор нь эд хөрөнгө шалгаж үзтэл оффисийн өрөөний төмөр сейфнээс орлогын 2.925.410 төгрөг, 100 ам доллар зэрэг алга болсон байсан. ...” /4хх 27-28/,
Хохирогч Ж.Ганзоригийн “...2012 оны 01 дүгээр сарын сүүлээр Мэргэд дэлгүүрээр өөрийн 34-10 Нокиа маркийн гар утас.бэлэн 70.000 төгрөгийг дэлгүүрийн решетка төмөр эвдэж вакум цонхоор орж хулгайлсан байсан. ...” /4хх 30-31/,
Хохирогч З.Азжаргалын “...2012 оны 02 дугаар сарын 16-ны өглөө ... дэлгүүр дээрээ очиход манай лангууны хажуу талын хаалгыг хөшөөд 2 тийш нь болгочихсон, лангуун дээр өрөөд тавьсан байсан гар утаснууд болон гар утасны дагалдах хэрэгсэл хийдэг цагаан хөөсөнцөр хайрцаг алга болсон байсан ... манай дэлгүүрээс 38 ширхэг гар утас, болон 23 ширхэг, чихэвч, цэнэглэгч 8 ширхэг зэрэг зүйлүүд алдагдсан ... цагдаагийн байгууллагаас 31 ширхэг гар утас, дагалдах хэрэгслийг бүрэн бүтэн хүлээж авсан. 7 ширхэг Нокиа 3110, Нокиа Н8, Нокиа 6280, Нокиа С1, Прадо самсунг Ю800, Р9 маркийн гар утсыг нэхэмжилнэ. ..." /4хх 17,22/,
Хохирогч М.Пүрэвсүрэнгийн “...2015 оны 6 дугаар сарын -наас 24-нд шилжих шөнө 00 цаг 50 минутын орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Их Монголын гудамжинд байрлах Хансвелл мини маркетаас гарч гэртээ харьсан. Тэгээд 2015 оны 6 дугаар сарын 24-ний өглөө 09 цагийн үед дэлгүүр дээрээ ирэхэд хойд талын 2 цонхны захынх нь онгорхой, амралтын өрөөний решотка төмөр сөхөгдсөн, дотор талын цонх онгорхой байдалтай байсан ... Кассанд байсан 850.000 төгрөг ... урд өрөөнд хайрцаг байсан 3.000.000 төгрөг, нийт 4.700.000 төгрөг бэлнээр алдсан. Мөн Соёмбо 0.75л Вива 0.75л, Улаанбаатар 0.75л, Экс 0.5л, Хараа 0.75л архи тус тус 1 ширхэг, Чингис 0.75л архи 5 ширхэг, Парламент тамхи 10 блок, G-mobile8 Skytel8 Unitel-ийн 500.000 төгрөгийн нэгж ийн карт, Дельта брэндийн бугуйн цаг зэрэг эд зүйл алдагдсан, нийт 6.236.500 төгрөгийн хохирол учирсан ... Камерын бичлэг дээр хулгай орсон бичлэг байсан. ...” /4хх129-130/,
Хохирогч Б.Энхсайханы “...Россия дэлгүүрийн хажуу талын шинээр баригдсан дэлгүүрт бэлэн хувцас зарж байсан ... 2012 оны 02 дугаар сарын 16-ны өглөө ажил дээрээ очиход ... хүзүүний ороолт 3 ширхэг, эрэгтэй женсэн өмд 2 ширхэг зэрэг зүйлүүд алга болсон байна 90.000 төгрөгийн хохирол учирсан. ...” /4хх 7,23-26/
Иргэний нэхэмжлэгч Б.Энхмандахын “...2010 оны 4 дүгээр сард өчигдөр цагдаа нар дагуулаад явж байсан Ган- Эрдэнэ гэгчээс энэ компьютерийг засуулъя гэж орж ирэхээр нь хард эвдэрсэн байна гэхэд чи 30.000 төгрөгөөр худалдаад авчих гэхээр нь авсан. Компьютерийг буцаан өгсөн тул 30.000 төгрөгөө нэхэмжилж байна. ...” /1хх-213/ гэх мэдүүлгүүд,
Шүүгдэгч Г.Ган-Эрдэнийн яллагдагчаар өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. ...” /2хх 84-118/, 3хх 10, 50, 110, 171-172, 173-175, 176-178, 4хх 57-59, 60-61, 63-65, 152, 154 157-158, 160-164, 166-168, 234-235, 246-247, 5хх 82-83, 123/ гэх мэдүүлгүүд,
Алдагдсан эд зүйлийн хөрөнгийн үнэлгээ тогтоосон “Дамно” ХХК-ийн “...№54-57, №82-918, №1-9, №92-103, №120-134, №104-119, №51-53, №36-47,167-187,190-191, №135-138, 189, №18, 139-145, №146, №60-79, №10-13, 19, №14-17, 20-32, №33-35, №48-50, №80-81, №150, №151-152, №153-154, №192-222, №223-224, №-154-166 хөрөнгийн үнэлгээний тайлан,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2010 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 429 дугаартай хэргийн газрын үзлэгээр бэхжүүлсэн 2 дугаартай гарын мөр нь Ганбат овогтой Гантөгсийн баруун гарын эрхий хуруугаар дарагдсан байна. ...” /2хх 10-17/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2010 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн В/079 дугаартай хэргийн газрын үзлэгээр дэлгүүрийн цонхон дээрээс бэхжүүлсэн 1 дугаартай гарын мөр нь Золзаяа овогтой Гантөгсийн зүүн гарын дунд хурууны мөртэй тохирч байна. ...”/1 хх-245-250/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2010 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 05/1778 дугаартай албан тоот “Г.Г, Золзаяагийн Ган-Эрдэнэ нар нь гарын хээний нэгдсэн санд авагдсан мэдээллээр нэг хүн мөн байна” /2хх-34/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2010 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Д-142 дугаартай хэргийн газрын үзлэгээр дэлгүүрийн вакум цонхон хүрээнд дээрээс бэхжүүлсэн 1,2 дугаартай гарын мөр нь Ганбат овогтой Ган-Эрдэний зүүн гарын долоовор хуруу, зүүн гарын дунд хүруугаар дарагдсан байна. ....” /2хх19-25/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2011 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 361 дугаартай “...хэргийн газраас ирүүлж бэхжүүлсэн гарын мөрүүд нь Ганбат овогтой Ган-Эрдэний баруун гарын эрхий, алга, зүүн гарын дунд хуруугаар дарагдсан байна. ...” /Зхх 145-146/ дүгнэлт, эд мөрийн баримтаар хураан авсан Gercom зөөврийн компьютерийг хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх 243, 3хх 23/, Г.Ган-Эрдэнийг үйлдэл дээр нь барьсан талаарх мөрдөгчийн тэмдэглэл, тус дэлгүүрээс урьд алдагдсан түлхүүрийн оосор Г.Гд байсан гэх тэмдэглэл болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба эдгээр нь хоорондоо ноцтой зөрүүгүй, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чаджээ.
Шүүгдэгч Г.Ган-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Г.Ган-Эрдэнийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.
Шүүгдэгч Г.Г “...өөр хулгайн үйлдлүүд байгааг нэгтгэж, шалгаагүй эрх зүйн байдлыг нь дордуулж байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргаж байгаа боловч өөр хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа гэх баримт хэрэгт авагдаагүй байх тул хэргийг нэгтгэн шалгуулахаар буцаах үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Ган-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 606 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Ган-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ