Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 75

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж, Нарийн бичгийн дарга  Ц.Болормаа, Улсын яллагч Ч.Мядагбадам, Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг, Шүүгдэгч Ч.Самдансүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Буудай 
овогт Чимэддамбын Самдансүрэнд холбогдох 201715000042 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.  Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд 1993 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, бульдозерчин мэргэжилтэй, ам бүл 3, аав, ээжийн хамт амьдардаг, “Соёл-Аривжих” алтны уурхайд жолооч ажилтай, урьд нь Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийг ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон, Буудай овогт Чимэддамбын Самдансүрэн. /РД: ЙИ93010910/  
Шүүгдэгч Ч.Самдансүрэн нь согтуурсан үедээ 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 17 цагийн орчим Өвөрхангай аймгийн Тарагт сумын 3 дугаар баг Өлзийтийн 04-05 тоот хашааны гадаа Т.Сүхбаттай зээлж авсан бензиний мөнгийг өгөхгүй гэж маргалдан улмаар Т.Сүхбатыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн дээрх хугацаанд Т.Сүхбатад уурлаж түүний эзэмшлийн 15-91 ӨВЗ улсын дугаартай улаан өнгийн Хенсим маркийн мотоциклийн хянах самбар, толийг алхаар цохиж санаатайгаар хагалж гэмтээн 20000 /хорин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/  
ТОДОРХОЙЛОХ нь:  
 Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.  
Шүүгдэгч Ч.Самдансүрэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас мэдүүлэг өгөхгүй гэв.  
 Хохирогч Т.Сүхбатын мөрдөн байцаалтанд өгсөн: "...2017 оны 01 дүгээр сарын 25-ны өглөө 11 цагийн үед Ч.Самдансүрэн миний ажилладаг "Баян арвайн тал" нэртэй колонк дээр мотоцикльтой ирээд мэнд мэдчихээд 1 литр бензин хийчих гэхээр нь урьд нь 5000 төгрөгийн бензин зээлж аваад тэрийгээ өгөөгүй болохоор нэмж өгмөөргүй байна гэж хэлсэн чинь 1 литр бензин хийгээд өгчих, би Жав буюу Лхагважав гэх айлд байгаа очоод аваарай, би чадвал авчраад өгчихнөө гэхээр нь  1 литр бензин хийгээд өгсөн ба мөнгөө авч ирэхгүй болохоор нь 17 цагт гэртээ харих замдаа Жав гэх айлын хашааны гадаа очсон. Хашаан дотроос Самдансүрэн,  Жав нар гараад ирсэн. Би бензиний мөнгөө авъя гэж хэлсэн чинь Самдансүрэн чи 6000 гаран төгрөгөн дээр үхлээ юу чи гээд намайг барьж аваад мотоцикль дээрээс татаад газар унагаасан. Би босч ирээд мотоциклио босгож данхраадаад эргээд харсан чинь Самдансүрэн баруун гартаа жижиг төмөр алх барьчихсан байсан ба тэр алхаараа миний нүүрэнд хамар луу савж нэг удаа цохисон. Миний ухаан балартаад хэсэг зуур нүүрээ дарж газар сууж байтал миний ар нуруунд хэнийг цохисныг мэдэхгүй байна, том ширмэн тогоогоор 2-3 удаа цохьсон. Би босоод мотоциклио тойроод зугтаасан чинь Самдансүрэн намайг хутгална гээд хөөгөөд байсан. Би баригдахгүй зугтаагаад байсан чинь Самдансүрэн чи яасан их зугтаадаг пизда вэ гээд мотоциклийн хянах самбарыг алхаар нүдээд байсан. ...Самдансүрэн нь хашаан дотроос л алх барьж гарч ирсэн. Хаанаас авсныг нь мэдэхгүй байна. Барьсан алх нь жижиг алх байсан. Тэр 
алхаа Самдансүрэн над руу далайгаад цохино шүү гээд савсан. Би Самдансүрэнгээс алхыг нь авах гэж байгаад савалтанд нь хамраа цохиулсан. Хамар луугаа алхаар нэг удаа цохиулсан. Самдансүрэн нь гартаа ямар нэгэн хутга бариагүй байсан. Намайг мотоцикльтой Лхагважавын гадаа очиход Самдансүрэн хашаанаас Лхагважавын хамт гарч ирж байсан юм. Лхагважав хашаанаас гарч ирээд хашааныхаа гадна байх мотоцикль руугаа явсан. Тэгээд би мотоциклиосоо буугаад Самдансүрэн рүү очоод "...бензинийхээ мөнгийг авъя..." гэхэд Самдансүрэн уурлаад "...чи хэдэн төгрөгөн дээр үхлээ юу" гэхээр нь би "...наадах чинь албаны мөнгө" гэж хэлэхэд уурлаад намайг бариад авсан. Би ч Самдансүрэнтэй барилцаад авсан. Тэгээд Самдансүрэн эхлээд миний толгой руу гараараа цохихоор нь би зөрүүлээд толгой руу нь гараараа цохисон. Бид хоёр барилцаж аваад ноцолдоод Самдансүрэн намайг толгойгоороо мөргөсөн. Миний хамраас цус гоожсон. Тэгснээ Самдансүрэн "...чамайг ална" гээд хашаа руу гүйж ороод хашаан дотроос жижиг алх бариад гараад ирсэн. Тэгээд өөдөөс далайхаар нь авах санаатай өөдөөс нь очтол савалтанд нь хамраа цохиулчихсан. Тэгээд миний толгой эргээд цаашаа зугтаагаад гүйсэн. Намайг цаашаа зугтаагаад гүйхэд миний мотоциклийн хянах самбарьг барьж байсан алхаараа цохиод хагалсан. Тэгээд Самдансүрэн нь хашаа руу дахиж ороод тогоо барьж гарч ирснээ барьсан тогоогоороо нуруу руу цохисон. Тогоогоор цохихоор нь би тойроод зугтаасан. Тэгтэл Самдансүрэнг Лхагважав аваад хашаа руугаа орохоор нь би мотоциклио асаагаад явсан. ...Тухайн үед өдөр бүр орлогоо тушаадаг байсан болохоор орлого тушаах гэхэд мөнгө дутаад дээрээс нь Самдансүрэн мөнгө өгөхгүй болохоор миний уур хүрээд их ууртай очсон юм. Би ч ууртай байсан, Самдансүрэн ч өөдөөс уурласан..." гэсэн мэдүүлэг /ххийн 35-39-р хуудас/  
          Гэрч Б.Лхагважавын мөрдөн байцаалтанд өгсөн: "...Ч.Самдансүрэн сумын төвд ирэхээрээ манайхаар ирж очдог юм. Би 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн орой хүргэн болох Чинболдын гэрт хоночихоод маргааш өглөө нь 09 цагийн орчимд гэртээ очиход Самдансүрэн манай гэрт ирчихсэн байсан. Тэгээд би хүүхдээ сургуульд нь хүргэж өгчихөөд  Самдансүрэн манай дүү Аюургяна бид 3 хөзөр тоглосон. Хөзөр тоглож байгаад болиод би ус авахаар мотоцикльтой худаг руу явсан. Намайг ус авахаар худаг руу явахад орой 17 цаг болж байсан байх. Орой болсон байсан. Гэрээсээ гараад шууд худаг руу ус авахаар явсан. Манай гэрээс худаг ойрхон байдаг болохоор би усанд 5 орчим минут явсан байх. Тэгээд би худгаас ус авчихаад гэр лүүгээ шууд харьсан. Мотоцикльтой хашааны гадаа ирэхэд Сүхбат манай хашааны гадаа ирчихсэн. Сүхбат, Самдансүрэн хоёр хоорондоо барилцчихсан, Самдансүрэн гартаа халуун тогооны тогоо барьчихсан зогсоцгоож байсан. Сүхбат, Самдансүрэн нарын хамраас цус гарчихсан байсан. Тэгэхээр нь би мотоциклиосоо бууж очоод Самдансүрэнгийн гартаа барьсан байсан тогоог салгаж аваад Самдансүрэн, Сүхбат хоёрыг салгасан. Сүхбат ч мотоциклио унаад явчихсан. Би ч Самдансүрэнг гэр лүү оруулж нүүрийг нь угаалгачихаад хөдөө гэр лүү нь хүргэж өгсөн. ...Самдансүрэнгийн барьж байсан тогоо нь манай нохойны идүүр цахилгаан тогооны тогоо л байсан юм. Намайг ирэхэд Сүхбатын хамраас цус гарчихсан байсан. Мотоциклийн судрыг алхаар цохисныг,  мөн Сүхбатын хамар орчимд нь алхаар цохисныг нь би хараагүй. Ч.Самдансүрэн, Т.Сүхбат нар юунаас болж маргалдсаныг нь би мэдэхгүй байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-46-р хуудас/  
Гэрч М.Пүрэвдагвын мөрдөн байцаалтанд өгсөн: “… Мотоцикль дуугарахаар нь гэрийн хаалгаар гараад хартал хашааны жижиг хаалга онгорхой, жижиг хаалганы цаана Самдансүрэн, Сүхбат хоёр барилцчихсан зогсож байсан. Лхагважав мотоцикльтойгоо хажууд нь ирж зогссон. Лхагважавыг гэрт орж ирэхээр нь би цаад 2 чинь юу болоод байгаа юм бэ гэхэд Лхагважав мэдэхгүй ээ, Самдансүрэн, Сүхбат хоёрын хамар амнаас нь цус гарчихсан л байна ш дээ гэж хэлчихээд гарсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 42-43-р хуудас/  
Өвөрхангай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 58 дугаартай: “… Т.Сүхбатын биед баруун шанаа, дээд уруулын зулгаралт, нурууны цус хуралт, хамар нурууны зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэргийн цаг хугацаанд үүссэн 
байх магадлалтай. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /1хх-ийн 61-р хуудас/  
           Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-ийн 1-р хуудас/, Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 5-7-р хуудас/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-11-р хуудас/, Яллагдагч  Ч.Самдансүрэнгийн  мэдүүлгийг газар дээр нь шалгасан талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-14-р хуудас/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-17-р хуудас/, Шүүгдэгч Ч.Самдансүрэнгийн сэжигтэн болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 6770-р хуудас/, Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-19-р хуудас/, Хөрөнгө, даатгал, хохирлын үнэлгээний "Лэндс" ХХК-ий 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн №03/08 тоот үнэлгээний тайлан. /хх-ийн 51-52-р хуудас/, 
Шүүгдэгч Ч.Самдансүрэнгийн хувийн байдлыг тодорхойлсон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-71/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-72/, Өвөрхангай аймгийн Тарагт сумын 3 дугаар багийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 142, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 71 тоот албан бичиг /хх-73-74/, Өвөрхангай аймгийн Авто тээврийн төвийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 01/49 тоот албан бичиг /хх-76/, Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 138 тоот албан бичиг /хх-78/, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-81-84/, 
Хохирогч Т.Сүхбатын шүүхэд ирүүлсэн “Хохиролд 80000 төгрөг хүлээн авсан. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Ч.Самдансүрэн бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн болно” гэсэн хүсэлт зэрэг болно.  
Шүүгдэгч Ч.Самдансүрэн нь согтуурсан үедээ 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 17 цагийн орчим Өвөрхангай аймгийн Тарагт сумын 3 дугаар баг Өлзийт 04-05 тоот хашааны гадаа Т.Сүхбаттай зээлж авсан бензинийхээ мөнгийг өгөхгүй байна гэсэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж Т.Сүхбатыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн Т.Сүхбатын эзэмшлийн “15-91 ӨВЗ” улсын дугаартай улаан өнгийн Хенсим маркийн мотоциклийн хянах самбар, толийг алхаар цохиж санаатайгаар хагалж гэмтээн 20000 /хорин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус  үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Т.Сүхбатын “ Ч.Самдансүрэнд зодуулсны улмаас биедээ хөнгөн гэмтэл авсан, мөн мотоциклийн хянах самбарыг алхаар цохиж хагалсан” талаар мэдүүлсэн мэдүүлэг, гэрч М.Пүрэвдагва, Б.Лхагважав нарын  мэдүүлэг, хохирогч Т.Сүхбатын бие махбодид хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 58 дугаар шинжээчийн дүгнэлт, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, тэмдэглэл, Хөрөнгө, даатгал, 
хохирлын үнэлгээний  "Лэндс" ХХК-ийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн №03/08 тоот үнэлгээний тайлан, шүүгдэгч Ч.Самдансүрэнгийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж шүүх үзлээ.  
Шүүгдэгч Ч.Самдансүрэнд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Ч.Самдансүрэнг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.  
Шүүгдэгч Ч.Самдансүрэн нь хохирогч Т.Сүхбатын  бие махбодид хөнгөн гэмтэл санаатайгаар учруулсан гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн талаараа шүүхэд хүсэлт ирүүлсэн байх тул түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар Ч.Самдансүрэнг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.  
Шүүгдэгч Ч.Самдансүрэн нь согтуурсан үедээ бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-д “согтуурал буюу мансуурлын байдалтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй” гэж заасан боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн этгээд нь хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэлээ.  
Хохирогч шүүгдэгчтэй эвлэрэхдээ түүний эрхшээлд байгаа буюу бусад шалтгааны улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалж чадаагүй гэх үндэслэл шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.  
Шүүгдэгч Ч.Самдансүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 80000 төгрөг төлсөн,  бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдав.  
Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад  учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал 
зэргийг харгалзан үзэж, түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэлээ.  
            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тогоо 1 ширхэг, алх 1 ширхэг, мотоциклийн хянах самбарын хагархай 15 ширхэг зэргийг устгаж,   
Шүүгдэгч Ч.Самдансүрэнгийн эзэмшлийн 1 тооны адуу, 9 тооны хонь, 34 тооны ямааг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож,   
Шүүгдэгч Ч.Самдансүрэнд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.  
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 248 дугаар зүйлийн 248.1.2,  283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг  удирдлага болгон  
ТОГТООХ нь:  
1. Шүүгдэгч   Буудай  овогт  Чимэддамбын  Самдансүрэнг  бусдын  эд  хөрөнгийг  санаатайгаар гэмтээсэн, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар шүүгдэгч Ч.Самдансүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  
  
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар шүүгдэгч Буудай овогт Чимэддамбын Самдансүрэнг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.   
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ч.Самдансүрэнд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 
 
5. Шүүгдэгч Ч.Самдансүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 80000 төгрөг  төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн,  хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.  
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д  зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тогоо 1 ширхэг, алх 1 ширхэг, мотоциклийн хянах самбарын хагархай 15 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.  
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Ч.Самдансүрэнгийн эзэмшлийн 1 тооны адуу, 9 тооны хонь, 34 тооны ямааг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.  
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Ч.Самдансүрэнд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.   
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар шүүгдэгч Ч.Самдансүрэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг дурьдсугай.  
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар  шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Самдансүрэнд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.  
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.  
12. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Самдансүрэнд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   
    
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЦЭЦЭГЭЭ