2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/41

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Ариунаа,

улсын яллагч Н.Мөнхцэцэг,

шүүгдэгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхцэцэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2507000340006 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******т төрсөн, *******тай, эрэгтэй, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, “*******” ХХК-д хийдэг ажилтай, , , *******, , тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй, 

******* овогт *******ын ******* /РД: /.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.******* нь согтуурсан үедээ 2024 оны 12 дугаар сарын 25-ны шөнө инд Т.ийг зүй бус үгээр доромжилж, улмаар хохирогч Д.тай маргалдаж Д.ын хамар хэсгийг толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.*******гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

 

 

Нэг. Гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:

 

   Шүүгдэгч Т.******* нь шүүхийн  хэлэлцүүлэгт  мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байнагэв.

 

            1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч Т.******* нь согтуурсан үедээ 2024 оны 12 дугаар сарын 25-ны шөнө , инд Т.ийг зүй бус үгээр доромжилж, улмаар хохирогч Д.тай маргалдаж, Д.ын хамар хэсгийг толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

  • Хохирогч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2024 оны 12 дугаар сарын 25-ны орой 22 цагийн үед , бид хоёр ийн найз Т.ийг гэрт нь хүргэж өгөхөөр гараад , инд алхаж байтал улсын дугаартай “Тоёота приус 30” маркийн машинтай хүмүүс бид гурвын хажуугаар явж байгаад зогсоод жолоо барьж явсан залуу бууж ирээд “та нар намайг таних уу, мэдэх үү гичий алнуудаа” гэх мэтээр доромжлоод биднийг өдөж хоргоогоод, намайг зодох гээд ойртоход нь ийн найз Т. болиулахад тэр залуу Т.ийг “4 нүдтэй янхан минь та нар намайг таних уу” гэхэд Т. “чамайг танихгүй юм байна” гэхэд тэр залуу над руу янз бүрийн үгээр доромжилж дайрч эхлэхээр нь би “хөгшөөн хэн хэнд маань асуудал хэрэггүй шүү дээ” гээд салаад явсан. Тэгээд бид гурав цааш алхаж байтал нөгөө залуучууд тэр газраасаа машинтайгаа хөдлөөд бид хэдийн хажуугаар зөрж байхдаа цонхоо буулгаад “хөөе янхан минь машины хормой дээшлүүл дээ” гээд орилсон. Тэр үед Т. “би яахаараа чиний машины хормойг дээшлүүлдэг юм, чадахгүй” гэж хэлээд бид гурав хажуугаар нь өнгөрч байтал жолоо барьж байсан залуу бууж ирээд Т.ийн цээж хэсэг рүү хоёр гараараа түлхэж, зүүн хөлний булчин хэсэгт нэг удаа өшиглөхөөр нь би дундуур нь ороод салгах гэтэл миний нүүр хэсэг рүү толгойгоороо мөргөсөн. Тухайн үед миний хамарнаас цус гараад хамраа дараад доош сууж байх үед намайг мөргөсөн залуу “яасан хөгшөөн мөргүүлчихөв үү, дахиад нэмүүлэх үү” гэх мэт үгээр ярьж байхад манай Ө. цагдаад дуудлага өгтөл нөгөө залуугийн хажууд байсан залуу намайг мөргөсөн залууг аваад машиндаа суугаад зугтаагаад яваад өгсөн. ...Би гомдолтой байна, зүгээр явж байгаад эрүүл мэндээрээ хохирсон, хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү. Ажилтай болохоор эмнэлгээр явж амжаагүй байна, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал),

 

  • Хохирогч Д.ын яаралтай тусламж үйлчилгээ авсан 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 15186 дугаартай яаралтай тусламжийн хуудас (хавтаст хэргийн 58 дахь тал),

 

  • Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Налайх дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 49 дугаартай “Д.ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн цохих үйлдлээр үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 59-60 дахь тал),

 

  • Гэрч Т.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр найз Ө.гийн ажлын тайланг хийж өгөөд 22 цагийн үед гэрээс нь Ө. нөхрийн хамт намайг гэрт хүргэж өгөхөөр гараад , инд алхаж байхад улсын дугаартай Тоёота приус 30 маркийн машинтай хүмүүс бид гурвын хажуугаар явж байгаад зогсоод жолоо барьж явсан залуу нь бууж ирээд “та нар намайг таних уу, мэдэх үү гичий алнуудаа” гэх мэтээр доромжлоод биднийг өдөж хоргоогоод тухайн үед манай найз Д.ыг зодох гээд ойртоход нь би наанаас нь болиулахад тэр залуу намайг “дөрвөн нүдтэй янхан минь та нар намайг таних уу” гэхэд нь би “чамайг танихгүй юм байна” гэхэд тэр залууд Д. “хөгшөөн хэн хэнд маань асуудал хэрэггүй шүү дээ” гээд салаад явуулсан. Тэгээд тэр залуучууд тэр газраа машиныхаа хормойг янзалж дуусаад машинтайгаа хөдлөөд бид хэдийн хажуугаар зөрж байхдаа цонхоо буулгаад “хөөе янхан минь машины хормой дээшлүүл дээ” гээд орилсон. Би “яахаараа чиний машины хормойг дээшлүүлдэг юм чадахгүй” гэж хэлээд бид гурав хажуугаар нь өнгөрч байтал жолоо барьж байсан залуу нь бууж ирээд миний цээж хэсэг рүү хоёр гараараа түлхэж зүүн хөлний булчин хэсэгт нэг удаа өшиглөөд манай найз Д. дундуур орж ирээд салгах гэтэл манай найз Д.ын нүүр хэсэг рүү нь толгойгоороо мөргөсөн. Тухайн үед Д.ын Ө. цагдаад дуудлага өгтөл нөгөө залуучууд машиндаа суугаад зугтаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал),

 

  • Гэрч Ө.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр , тоотод манай гэрт ажлын Т.тэй хамт тайлангаа хийж дуусаад 22 цагийн үед Т.ийг гэрт нь хүргэхээр нөхөр бид гурав гэрээс гараад инд алхаж байтал араас улсын дугаартай приус 30 маркийн усан цэнхэр өнгийн машинтай гурван залуу зөрьж байхдаа жолоо барьж явсан залуу цонхоо буулгаад “хөөе зогсож бай лалруудаа, гичий минь, ал минь та нар намайг мэдэх үү” гэж хэлээд машинаас бууж ирээд манай нөхрийг зодох гэж дайраад байхаар нь манай найз Т. болиулахад “дөрвөн нүдтэй янхан минь намайг мэдэх үү” гэх зэрэг үгээр доромжилсон. Манай нөхөр “хэн хэндээ асуудал хэрэггүй ш дээ, та хэд ингээд явчих” гээд тэд нараас салаад бид гурав цааш алхаж байтал дахиж араас ирээд хэл амаар доромжилж өдөж хоргоогоод байсан. Манай найз Т.ийг “хөөе гичий минь машины хормой дээшлүүл” гэхэд Т. “би яахаараа чиний машины хормойг дээшлүүлдэг юм” гэхэд жолоо барьж явсан залуу бууж ирээд Т.ийн цээж хэсэгт хоёр гараараа түлхэж хөл хэсэгт нь нэг удаа өшиглөөд манай нөхөр дундуур нь орж салгах үед манай нөхрийн нүүр хэсэгт мөргөсөн. Тэгээд би цагдаад дуудлага өгтөл нэг залуу тэр залууг аваад машинд суулгаад зугтаасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дахь тал),

 

  • Насанд хүрээгүй гэрч Г.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2024 оны 12 дугаар сарын 25-ны орой 18 цагийн үед ажлаасаа тараад гэртээ очоод байж байтал 20 цагийн үед зүс таних Т.******* гэх ах над руу чат бичээд “ах нь хотоос ирчихлээ уулзах уу” гэхээр нь “за” гэж хэлээд гэрээс гараад Налайх дүүргийн , 6 дугаар байрны гадна очиж уулзахад Т.******* ах машин дотроо нэг шил “Жак даниэлс” нэртэй 0,75 литрийн виски ганцаараа уугаад дуусч байсан. Үлдэгдэл вискинээс надад хоёр удаа хундаганд хийж өгөөд уугаад юм яриад сууж байгаад Т.******* ах “гэртээ орчихоод ирье” гэж хэлээд намайг машиндаа үлдээгээд өөрөө буугаад явсан. Би машинд сууж байх үедээ найз Б.г дуудаад удахгүй хүрээд ирсэн. ...Т.******* ах найз болох Ариука гэх ахынд очихоор болоод хөдлөөд 3 дугаар хороо, аар явж байхад замын хажууд хоёр эмэгтэй, нэг эрэгтэй хүн алхаж байсан. Т.******* ах машины цонхоо буулгаад “хөөе намайг мэдэх үү гээд янхан” гэх мэт үгээр доромжлоод байсан. Тухайн үед хоёр эмэгтэйтэй цуг явж байсан ах “бид хэд хэрүүл маргаан үүсгэж асуудал гараад яах юм бэ” гэж хэлээд салаад явж байхад Т.******* ах цонхоороо дахиж “машины хормой дээшлүүл дээ” гээд орилсон. Тэр гурав тоохгүй цаашаа алхаад байсан, тухайн үед Т.******* ах машинаа зогсоогоод машинаас буугаад араас нь явж очоод нүдний шилтэй эмэгтэйг түлхээд нэг удаа хөл хэсэгт нь өшиглөсөн, тухайн үед хамт явж байсан ах дундуур нь орж салгах гэхэд нүүр хэсэгт мөргөхөөр нь би Т.******* ахыг аваад машин руу суулгаад, Т.******* ах машинаа бариад хөдлөөд явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дахь тал),

 

  • Насанд хүрээгүй гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т.******* ах найзындаа очъё гэж хэлээд хөдлөөд , аар ороод явж байхад замд хоёр эмэгтэй, нэг эрэгтэй алхаж байхад Т.******* ах машины цонхоо буулгаад “хөөё янхан, гичий нар минь намайг мэдэх үү” гээд орилсон. Тухайн үед хоёр эмэгтэйтэй цуг явж байсан ах “хөгшөөн хэн хэнд маань асуудал хэрэггүй шүү дээ, та хэд ингээд явчих” гэж хэлээд зөрөөд явсны дараа араас нь Т.******* ах явж очоод нүдний шилтэй эмэгтэйг түлхээд хөл хэсэгт нь өшиглөсөн. Хажууд явж байсан ах дундуур нь орж салгах гэх үед Т.******* ах салгах гэж байсан ахын нүүр хэсэгт нь нэг удаа мөргөсөн. Хамт явж байсан нэг эмэгтэй нь цагдаад дуудлага өгөх үед Г. Т.******* ахыг машинд нь суулгаад Т.******* ах өөрөө машинаа бариад арын гудамжинд машинаа тавиад нэг айлд ороод байж байхдаа би утсаа алга болгосноо мэдээд Г. бид хоёр гарч хайхаар болоод хашааны гадна хайж байгаад Г. бид хоёр хоорондоо муудалцаад би гэр лүүгээ алхаад явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51 дэх тал),

 

  • Шүүгдэгч Т.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд ялллагдагчаар өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 25-ны орой 20 цагийн үед Налайх дүүргийн ны гадна Г. бид хоёр нэг шил 0,75 литрийн “Жак даниэлс” нэртэй виски ууж байгаад Г. дүү найз болох Б. гэх найзаа дуудаад бид гурав ууж байгаад би найз болох ын гэрт очихоор болоод тэндээсээ хөдлөөд , аар ороод явж байгаад зам дагаад алхаж явсан нэг эрэгтэй, хоёр эмэгтэйтэй таараад тухайн үед согтуу байсан болохоор нүдний шилтэй эмэгтэйтэй маргаж байх үед хажууд явж байсан залуу нь дундуур ороод ирэхээр нь цамцнаас нь татаад нэг удаа мөргөсөн. Тэгээд тэр хүмүүс цагдаа дуудна гэхээр нь яваад өгсөн. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан санал хүсэлт байхгүй хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, миний буруу” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70-71 дэх тал) болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

            Шүүгдэгч Т.******* нь бүрэнд дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүх хуралдаан дээр илэрхийлсэн тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

1.3. Эрх зүйн дүгнэлт:

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх субьектив болон обьектив шинжийг хангахыг шаарддаг.

 

            Хууль зүйн хувьд шүүгдэгч Т.*******гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Д.ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

 

            Шүүгдэгч Т.*******гийн үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

 

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гудамжаар явж буй хүмүүсийг хэл амаар доромжлон, хэрүүл маргаан үүсгэхээр өдөж улмаар хохирогч Д.ын хамар хэсгийг толгойгоороо мөргөж, биед нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Т.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

 

            1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.ын биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч Т.*******г хохирогчид төлөх төлбөргүйд тооцов.

 

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Т.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлтийг гаргасан болно.

 

 

            Шүүгдэгч Т.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүх шүүгдэгч Т.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтуурсан үедээ бусдыг хэл амаар доромжлон маргаан үүсгэхээр өдөж бусдын биед халдсан байдал), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан), хувийн байдал (гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Т.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******г 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******д оногдуулсан 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч Т.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Э.ЭНХЖАРГАЛ