Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 155/ШШ2020/01341

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд .......... оны 01 дүгээр сарын .....-ны өдөр төрсөн, .... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 4, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн ............. тоотод оршин суух Тоост овогт Хүрэлбаатарын ******* /................./-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд ............ оны 06 дугаар сарын .....-ны өдөр төрсөн, ..... настай, эрэгтэй, боловсролгүй, ам бүл 4, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн ................ тоотод оршин суух Шарнууд овогт Цогцолзмаагийн Энх-Амгалан /..................../-д холбогдох

Гэрлэлт цуцлуулан, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулан,хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 17ы өдөр хүлээн авч 155/ШЗ2020/00420 дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Алтаншагай, нэхэмжлэгч Х.*******, хариуцагч Ц.Энх-Амгалан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч н.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Миний бие Х.******* нь нөхөр Ц.Энх-Амгалантай 2007 онд танилцан үерхэж байгаад 2011 онд албан ёсоор гэр бүлээ батлуулж дундаасаа хоёр хүүхэдтэй болсон.Том охин Э.Болор-Эрдэнэ 2011 оны 08 дугаар сарын 09-ны өдөр төрсөн, одоо 8 настай, удаах хүү Э.Очир-Эрдэнэ 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, одоо 5 настай юм.Нөхөр Ц.Энх-Амгалан сүүлийн жилүүдэд архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэж, намайг хэл амаар доромжилж, миний биед халдаж зодох асуудал удаа дараа гаргадаг болсон. Нөхөр намайг гэрээс гаргахгүй бусадтай байнга хардаж байдаг юм. Нөхөр намайг зодохдоо хоолой боож нүүр лүү олон дахин цохиж, нүүрийг хүн харахын аргагүй болтол хөхрүүлдэг. Хамгийн сүүлд буюу 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр намайг гэртээ хоол хийгээд сууж байхад нөхөр хэнтэйгээ ангалзаж утсаар яриад байгаа юм гэж хардаж зодсон ба энэ зодолтоос болоод миний багалзуур орчим их өвчтэй болж нүүр, нүдний орчим хөхөрч би гэртээ 7 хоног хэвтэрт байсан. Нөхрийн нэг боолтон дээр л би амь насаа алдаж, үр хүүхэд маань өнчирч магад гэж айж байна.Мөн энэ байдал нь хүүхдүүдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх байдал үүсээд байгаа тул арга буюу гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандаж байна. Намайг нөхөр 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр зодож би энэ талаар хууль хяналтын байгууллагад хандаж шалгуулаад нөхөр дахин ийм байдал гаргахгүй гээд байхаар нь уучлаад эвлэрсэн. Мөн миний төрсөн эгч намайг өмөөрсний төлөө түүнийг зодож гэмтээж байсан. Миний удаа дараагын уучлалыг нөхөр байх ёстой асуудал мэтээр ойлгож, өөртэй дүгнэлт хийсэнгүй.Иймээс нөхөр Ц.Энх-Амгалангаас гэрлэлтээ цуцлуулах, хүү Э.Очир-Эрдэнэ, охин Э.Болор-Эрдэнэ нарыг эх миний асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэгийг эцэг Ц.Энх-Амгалангаас хуульд заасан хэмжээгээр гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

...Нөхөр Ц.Энх-Амгалан нь охин, хүү бид гуравт Мөрөн сумын 14-р баг 25а гудамж 8 тоотод байрлах гэр орон сууцны газар байшинг, 07-36 ХӨҮ улсын дугаартай Toyota prius 20 маркийн мөнгөлөн өнгөтэй автомашиныг өгөхөөр болж, 4956 ТӨВ улсын дугаартай цагаан өнгийн фургон автомашиныг өөрөө авч үлдэхээр болсон юм. Гэтэл Ц.Энх-Амгалан нь газар, автомашиныг би өөрөө авна, чи ганцаараа зайлаарай гэх болсон тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Иймд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14-р баг 25а гудамж 8 тоотод байрлах газар, байшинг 10.000.000 төгрөгөөр, Их Мөнх наран ХХК-ний барьцаанд байгаа 07-36 ХӨҮ улсын дугаартай Toyota prius 20 маркийн мөнгөлөн өнгөтэй машиныг 8.000.000 төгрөгөөр үнэлж, нийт 18.000.000 төгрөгний үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Х.*******, охин Э.Болор-Эрдэнэ, хүү Э.Очир-Эрдэнэ бид нарт Ц.Энх-Амгалангаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Энх-Амгалан шүүхэд гаргасан тайлбартаа:...Би эхнэртэйгээ 2007 онд танилцаж, 2011 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан нь үнэн. Бид хүү, охин хоёртой.Би эхнэртээ гар хүрч байсан нь үнэн.Одоо алдаагаа засаж, архинаас гарч амьдралаа авч үлдмээр байна.Эхнэр минь надад энэ боломжийг өгөөсэй гэж хүсэж байна. Ямар л боломж байна, би тэр боломжийг ашигламаар байна.

...миний хувьд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.Мөн Х.******* нэхэмжлэлдээ болсон зүйлийг мушгин гуйвуулж худлаа зүйлсийг их бичсэн байна.Х.******* бид хоёр айл гэр болж охин Э.Болор-Эрдэнэ, хүү******* нарыг төрүүлсэн. Би өөрийн гэр бүлийн төлөө зүтгэж амьдрал ахуйгаа дээшлүүлэхийн төлөө хөдөлмөрлөж байгаа бил ээ.Х.******* нь намайг байнга архи хэрэглэж, биед нь байнга халдаж хоолой боож хүн харах аргагүй болгодог, гэрээс гаргахгүй бусадтай хардаж байдаг гэж худал зүйл бичсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй.Бодит болсон явдал гэвэл 2019 оны 11 дүгээр сарын 8-9-нд шилжих шөнө хөдөө модонд явж ирээд бидний гэр бүлийн найз О.Хатанболдынд очиж тэнд архи ууцгаасан. Манай эхнэр дахиж архи уух гээд байхаар нь эсэргүүцсэн.Тэгээд тэрнээс үүдэж маргалдаж айлаас гараад би эхнэрээ эрүүн доороос нь базаж авсан нь үнэн. Үүнээс болж эрүү нь хөхөрсөн байсан.Гэртээ хоол хийж байхад нь зодсон гэдэг худлаа. 7 хоног хэвтэрт байсан зүйл байхгүй. Намайг ажилд явсан үед буюу 2019 оны 11 дүгээр сарын 14-нд эхнэр Х.******* хадам ээж Борчулууны хашаанд гэрээ нүүлгэж аваачсан байсан. Миний бие эхнэрийг явсан цагаас хойш эвлэрэх гэж удаа дараа очсон. Мөн утсаар ярьсан боловч архи уучихсан байдаг байсан. Иймд би нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа бөгөөд эхнэртэйгээ эвлэрч үр хүүхдүүдээ гэртээ аваачих хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч Х.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Миний хувьд хариуцагчтай эвлэрэх боломжгүй. Учир нь нөхөр болох Ц.Энх-Амгалан намайг удаа дараалан зодож гэмтэл учруулж байсан ба цагдаагаар шалгагдаж шүүхээр шийтгэгдэж байсан.Би энэ хүнийг засрах байх гэж бодоод урд нь зөндөө уучлаж байсан.Гэвч засраагүй.Хамгийн сүүлд 2019 оны 11 дүгээр сард мөн намайг зодож гэмтэл учруулсан бөгөөд түүнээс хойш бид тусдаа амьдарч байна.Намайг зодож гэмтэл учруулсан эрүүгийн шүүх хурал дээр энэ хүн мөн л уучлалт гуйж боломж олгооч засарна гэж хэлж байсан боловч засраагүй. Нөхрийн нэг боолтон дээр би амь насаа алдаж магадгүй юм. Мөн энэ байдал нь хүүхдүүдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж байгаа. Иймд гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна.Бид хамтран өмчлөх дундын хөрөнгө дээрээ ярилцаад тохиролцоонд хүрсэн.Ц.Энх-Амгалан нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14-р баг 25а гудамж 8 тоотод байрлах газар, байшинг, Их Мөнх наран ХХК-ний барьцаанд байгаа 07-36 ХӨҮ улсын дугаартай Toyota prius 20 маркийн автомашиныг надад болон хүүхдүүдэд өгөхөөр болж, би хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзахаар болсон гэв.

Хариуцагч Ц.Энх-Амгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд би зөвшөөрөхгүй байна.Миний бие эхнэртээ гар хүрч зодож байсан нь үнэн.Үүнээсээ уучлалт гуйж байна.Үр хүүхдүүдээ бодоод эхнэртэйгээ буцаж эвлэрмээр байна.Бусад шаардлагын тухайд гэвэл бид ярилцаад нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. Хамтран өмчлөх дундын хөрөнгө болох Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14-р баг 25а гудамж 8 тоотод байрлах газар, байшинг, Их Мөнх наран ХХК-ний барьцаанд байгаа 07-36 ХӨҮ улсын дугаартай Toyota prius 20 маркийн автомашиныг эхнэр болон хүүхдүүддээ өгөхийг зөвшөөрч байна, хүүхдийн асрамжийг ээжид нь үлдээхэд татгалзах зүйлгүй. Миний бие Х.*******г байнга гэр бүлийн хүчирхийлэлд байлгаж, зодож цохисон асуудал байхгүй.Хааяа маргалдах, муудалцах тохиолдол байсан. Ганц хоёр удаа гар хүрсэн нь үнэн.Тухайн үед согтуу байсан.Одоо дээрх байдалдаа гэмшиж архи огт уухгүй байгаа.Иймд надад боломж олгооч гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Ц.Энх-Амгаланд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэх гаргуулж, 18.000.000 төгрөгний хуваарьт хөрөнгө гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба шүүх хуралдаанд хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хамтран өмчлөх дундын хөрөнгөөс 18.000.000 төгрөгний үнэ бүхий эд хөрөнгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Зохигчид нь 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гэр бүл болж, 2011 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь 0128069 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хамтран амьдрах хугацаанд 2011 оны 08 дугаар сарын 09-ны өдөр охин Э.Болор-Эрдэнэ, 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүү Э.Очир-Эрдэнэ нар төрсөн болох нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0000502922, Бүртгэлийн 88, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 0000521935, Бүртгэлийн 6743000070 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож, нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д Гэрлэгчдийн хэн нэгний байнгийн хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэндэд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүгч энэ хуулийн 14.2-д заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4-д Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу гэрлэгчид эвлэрэх боломжгүй буюу гэрлэгчдийн хэн нэгний байнгийн хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэндэд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй ... бол шүүгч энэ хуулийн 132.1-д заасан арга хэмжээг авалгүйгээр гэрлэлтийг цуцлаж болно гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч Х.******* нь шүүх хуралдаанд Миний хувьд хариуцагчтай эвлэрэх боломжгүй.Ц.Энх-Амгалан намайг удаа дараалан зодож гэмтэл учруулж байсан.Энэ асуудлаар шүүхээр шийтгэгдэж байсан боловч үүндээ дүгнэлт хийлгэхгүй намайг дахин зодож гэмтэл учруулсан. Би энэ хүнийг засрах байх гэж бодоод урд нь уучилж байсан.Гэвч энэ хүн засраагүй.Нөхрийн нэг боолтон дээр би амь насаа алдаж, үр хүүхэд маань өнчирч магад гэж айж байна. Мөн энэ байдал нь хүүхдүүдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх байдал үүсээд байгаа тул арга буюу гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандсан гэх тайлбарыг өгсөн бөгөөд энэ нь хэрэгт авагдсан Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэлийн хуулбар, фото зураг, Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоол зэргээр нотлогдлоо.

Иймд шүүх нэхэмжлэгч Х.*******, хариуцагч Ц.Энх-Амгалан нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, ... харилцан тохиролцож болно гэжээ.

Зохигчдын хэн аль нь төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй ба нэхэмжлэгч Х.******* нь охин Э.Болор-Эрдэнэ, хүү Э.Очир-Эрдэнэ нарыг өөрийн асрамжид авах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Ц.Энх-Амгалан зөвшөөрсөн, хүүхдүүдийн одоогийн өсч байгаа болон ээнэгшин дассан орчинг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул эх Х.*******гын асрамжид охин Э.Болор-Эрдэнэ, хүү Э.Очир-Эрдэнэ нарыг үлдээж, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдлаа.

Мөн охин Э.Болор-Эрдэнэ, хүү Э.Очир-Эрдэнэ нарыг эх Х.*******гын асрамжид үлдээж байгаа нь хүүхдүүд эхийн оршин суугаа газрын харъяаллаар суурь боловсрол, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал бөгөөд эцэг Ц.Энх-Амгалан, эх Х.******* нар тусдаа амьдарч байгаа нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй болно.

Хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс 18.000.000 төгрөгний хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж заасан.

Нэхэмжлэгч Х.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14-р баг 25а гудамж 8 тоотод байрлах газар, байшин буюу 10.000.000 төгрөг, 07-36 ХӨҮ улсын дугаартай Toyota prius 20 маркийн автомашин буюу 8.000.000 төгрөг, нийт 18.000.000 төгрөгний хуваарьт хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Гэвч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14-р баг 25а гудамж 8 тоотод байрлах газар, байшин буюу 10.000.000 төгрөг, 07-36 ХӨҮ улсын дугаартай Toyota prius 20 маркийн автомашин буюу 8.000.000 төгрөг, нийт 18.000.000 төгрөгний хөрөнгийг өөрт болон 2 хүүхэддээ гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн ба шүүх хуралдаанд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбар, мэдүүлэг өгсөн тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Ц.Энх-Амгалангаас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14-р баг 25а гудамж 8 тоотод байрлах газар, байшин буюу 10.000.000 төгрөг, 07-36 ХӨҮ улсын дугаартай Toyota prius 20 маркийн автомашин буюу 8.000.000 төгрөг, нийт 18.000.000 төгрөгний үний бүхий эд хөрөнгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс гэрлэлт цуцлуулах буюу эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл гаргахад төлбөл зохих 70.200 , хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад төлбөл зохих 68.428, нийт 138.628 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж нөхөн гаргуулж улсын орлогод, хариуцагчаас нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулах буюу эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл гаргахад төлөх 70.200 төгрөг, хамтран өмчлөх дундын хөрөнгөөс 18.000.000 төгрөгний хөрөнгө гаргуулах нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 247.950 төгрөг, нийт 318.150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.4, 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Шарнууд овогт Цогцолмаагийн Энх-Амгалан /..................../, Тоост овогт Хүрэлбаатарын ******* /..................../ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2011 оны 08 дугаар сарын 09-ны өдөр төрсөн охин Э.Болор-Эрдэнэ, 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Э.Очир-Эрдэнэ нарыг төрсөн эх Х.*******гын асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Ц.Энх-Амгаланд, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Х.******* нарт тус тус даалгасугай.

4.Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.

5. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар 18.000.000 төгрөгийн эд хөрөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс гэрлэлт цуцлуулах буюу эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл гаргахад төлөх 70.200 , хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад төлөх 68.428, нийт 138.628 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж нөхөн гаргуулж улсын орлогод, хариуцагчаас нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулах буюу эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл гаргахад төлөх 70.200 төгрөг, хамтран өмчлөх дундын хөрөнгөөс 18.000.000 төгрөгний хөрөнгө гаргуулах нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 247.950 төгрөг, нийт 318.150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ