2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/590

 

 

 

 

 

 

 

 

 2025         02          25                                      2025/ШЦТ/590

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч М.Нямжав,

шүүгдэгч А.Б,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Чингис нарыг оролцуулан эрүүгийн 2406001550022 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Б ургийн овогт А.Б

Монгол Улсын иргэн, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, ам бүл 3 эцэг, эхийн хамт, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч А.Б нь 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ““Голомт” банкинд ажилладаг, ипотекийн зээл гаргаж өгнө” гэж  худал хэлж итгүүлэн хохирогч Б.Тгаас Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа Голомт банкны ....... тоот данснаас шилжүүлсэн 1.500.000 төгрөгийг өөрийн эзэмшдэг Төрийн банкны ......... тоот дансаар шилжүүлэн авч, залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хэргийн үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт

Шүүгдэгч А.Б нь 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ““Голомт” банканд ажилладаг, ипотекийн зээл гаргаж өгнө” гэж худал хэлж итгүүлэн хохирогч Б.Тгаас Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа Голомт банкны ...... тоот данснаас шилжүүлсэн 1.500.000 төгрөгийг өөрийн эзэмшдэг Төрийн банкны ....... тоот дансаар шилжүүлэн авч, залилсан үйл баримт нь дараах:

- шүүгдэгч А.Бн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

- шүүгдэгч А.Бн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Б гэх хүнийг Голомт банканд ажилладаг, тэр хүнээс асууж өгье гэж Тд хэлж байгаагүй. Асууж өгье гэж л хэлж байснаас хүний нэр зааж хэлж байгаагүй. Би өөрөө дотроо Б асууя гэж бодож байснаас биш Б холбогдож асуугаагүй. Ер нь Б гэх хүнтэй тийм дотно биш. Энэ асуудалд ямар ч хамаарал байхгүй... Би Тд 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөгийг түүний Хаан банкны ....... тоот данс руу шилжүүлсэн...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 76-77 дугаар тал/,

- хохирогч Б.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...бид хоёр уулзах зав гараагүй явсаар байгаад 2023 оны 03 сарын 29-ний өдөр уулзсан. Тэгээд надад намайг Б гэдэг би голомтод ажилладаг асуулдалгүй хоёр долоо хоног болох байх гэж хэлсэн. Тэгээд би Ипотекийн зээл авмаар байна гэж хэлэхэд тэр залуу асуудалгүй гаргаад өгнө гэж хэлсэн. Би итгээд тэр залуугийн Төрийн банкны ........ дугаартай данс руу 1,500,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би түүний .......... гэх дугаарыг авсан. Тэгээд хоёр долоо хоноод би зээл яаж байгаа вэ? гэж асуухад одоо удахгүй долоо хоног хүлээчих гэж цаг хугацааг авсаар байгаад өнөөг хүрсэн. Тэгээд миний зээл өөрөө бүтсэн болохоор нь би мөнгө авах гэхэд байж байгаарай удахгүй өгнө гэж хэлээд цаг хугацаа аваад байсан...Тиймээс би цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/,

- Төрийн банкны ........ тоот дансны дэлгэрэнгүй хуулгаар тус данснаас 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Голомт банкны тоот данснаас гэх гүйлгээний утгатайгаар 1.500.000 төгрөг шилжүүлсэн талаарх баримт /хавтаст хэргийн 43-48 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

 

 Залилах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, бэлэн мөнгө зэргийг гэмт этгээд гэмт үйлдэл хийхээсээ өмнө шууд санаатайгаар шунахай сэдэлтээр буцааж өгөх, хариу төлбөр хийхгүй байх зорилгоор хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон өөртөө шилжүүлэн авахыг ойлгоно.

Иймд шүүгдэгч А.Б нь 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ““Голомт” банканд ажилладаг, ипотекийн зээл гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориуд бий болгож, хуурч, хохирогч Б.Тгаас Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа Голомт банкны ........тоот данснаас шилжүүлсэн 1.500.000 төгрөгийг өөрийн эзэмшдэг Төрийн банкны .......... тоот дансаар шилжүүлэн авч, залилсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан тул гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч А.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, хохирлын шинж чанар, хэр хэмжээ, хохирлоо бүрэн төлж барагдуулсан, хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжээр торгох ял тохирно гэж үзэн түүний  орлого олох боломжийг нь харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож шүүх шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар

Хохирогч Б.Тд учруулсан 1.500.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч А.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед бүрэн төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт А.Бг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авч бусдад 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Бг 600 /зургаан зуун/ нэгж буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч А.Бг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

             

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.БАТГЭРЭЛ