2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/523

 

 

 

 

 

 

 

2025           02         18                                     2025/ШЦТ/523

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Б, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг тус шүүхийн шүүгч С. Батгэрэл даргалж,

улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,

шүүгдэгч Э.Б,

нарийн бичгийн даргаар О.Чингис нарыг оролцуулан эрүүгийн 2406031760011 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Х овогт Э.Б

            Монгол Улсын иргэн, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч Э.Б нь 2023 оны 5 дугаар сараас 7 дугаар сарын хооронд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан Дельта-9 Тетрагидроканнабинол (Delta-9 Tetrahydrocannabinol)-ийн агууламжтай, цэвэр жин нь 1.6198 грамм хэмжээтэй, “өвс” гэх хэрэглээний нэршилтэй олсны ургамлыг худалдаалах зорилгогүйгээр, Дархан- Уул аймгийн нутаг дэвсгэрээс түүж цуглуулан, дахин боловсруулж хувирган өөрчилж хууль бусаар бэлтгэсэн, улмаар үргэлжилсэн үйлдлээр буюу 2024 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө 02 цаг 30 минутын үед Б дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Энхтайваны өргөн чөлөө постын орчим тээврийн хэрэгсэлдээ хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт

 

            А. Шүүгдэгч Э.Б нь 2023 оны зуны улирал буюу 5-аас 7 дугаар сарын хооронд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын  II жагсаалтад багтсан Дельта-9 Тетрагидроканнабинол (Delta-9 Tetrahydrocannabinol)-ийн агууламжтай, цэвэр жин нь 1.6198 грамм хэмжээтэй, “өвс” гэх хэрэглээний нэршилтэй олсны ургамлыг худалдаалах зорилгогүйгээр, Дархан- Уул аймгийн нутаг дэвсгэрээс түүж цуглуулан, дахин боловсруулж хувирган өөрчилж хууль бусаар бэлтгэсэн, улмаар үргэлжилсэн үйлдлээр буюу 2024 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө 02 цаг 30 минутын үед Б дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Энхтайваны өргөн чөлөө постын орчим тээврийн хэрэгсэлдээ хадгалсан үйл баримт нь хавтаст хэрэгт бичгээр авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

            - шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- гэрч Г.Лийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тэр үед Б орон нутаг руу үе, үе явчхаад ирдэг байсан. Яг хэзээ, хаашаа, хэнтэй явж байсан талаар бол санахгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дугаар тал),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 5915 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн нунтаг зүйл, хуйлсан хар өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас 3 ширхэг, бор өнгийн зүйлээр бохирлогдсон цаас, “AQ6962361” гэсэн дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, “AQ8949434” гэсэн дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, “А06143659” гэсэн дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, “AV7260730” гэсэн дугаартай 50 төгрөгийн менген дэвсгэрт тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол (delta-9 tetrahydrocannabinol) илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол (delta-9 tetrahydrocannabinol) нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно. Бор өнгийн нунтаг зүйлийн цэвэр жин нь 1.6198 грамм болов.” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 57-61 дүгээр тал),

            - Зөрчлийн талаарх мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 19 дүгээр тал),

- Б дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч Б.Б илтгэх хуудас (хавтаст хэргийн 22 дугаар тал),

- Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн “...Б дүүргийн 13 дугаар хорооны зам дээр иргэн Э.Б нь сэтгэцэд нөлөөт бодис буюу өвс хэрэглэсэн байдалтай байна гэснийг шалгахад... хяналт шалгалтын үеэр бор өнгийн нутаг зүйл, AQ8949434 дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, AQ6962361 дугаартай мөнгөн дэвсгэрт, А06143659 дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, AV7260730 дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, саарал өнгийн тугалган цаас 3 ширхэг, “chuk gek” гэсэн бичиглэлтэй ягаан өнгийн цаас тус тус байсныг хураан авч, гэрэл зургаар баримтжуулав...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 20-21 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

            Б. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансуурах хэмээх сэтгэцийн донтох өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис юм. Уг бодисыг хүн хэрэглэснээр хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, хүний биед улиг муу зуршил бий болгодгоороо нийгэмд үзүүлэх хор уршиг өндөртэйд тооцогдон нийгэмд аюултай гэм үйлдэл гэж үздэг. Тиймээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20 дугаар бүлэгт Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг гэж үзэн хууль тогтоогч хуульчилжээ. Энэ гэмт хэргийг үйлдэж буй хүн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг мансуурах зорилгоор шууд санаатайгаар түүж бэлтгэн, улмаар хадгалж хэрэглэснээр хэргийн бүрдэл хангагдаж уг гэмт хэрэг төгссөнөөр тооцогддог билээ.

            Иймд шүүгдэгч Э.Б нь 2023 оны зуны улирал буюу 5-аас 7 дугаар сарын хооронд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын  II жагсаалтад багтсан Дельта-9 Тетрагидроканнабинол (Delta-9 Tetrahydrocannabinol)-ийн агууламжтай, цэвэр жин нь 1.6198 грамм хэмжээтэй, “өвс” гэх хэрэглээний нэршилтэй олсны ургамлыг худалдаалах зорилгогүйгээр, Дархан- Уул аймгийн нутаг дэвсгэрээс түүж цуглуулан, дахин боловсруулж хувирган өөрчилж хууль бусаар бэлтгэсэн, улмаар үргэлжилсэн үйлдлээр буюу 2024 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө 02 цаг 30 минутын үед Б дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Энхтайваны өргөн чөлөө постын орчим тээврийн хэрэгсэлдээ хадгалсан нийгэмд аюултай гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив, субьектив талын шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

            Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

            Шүүгдэгч Э.Бэд ял шийтгэл оногдуулахдаа шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, ар гэрийн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

            Шүүгдэгч Э.Б нь сэтгэцэд нөлөөлөх бодисын хамааралгүй гэсэн сэтгэцийн шинжээчийн дүгнэлт, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг хувийн байдал, түүний биеэс олдсон сэтгэцэд нөлөөлөх бодисын төрөл, хэмжээ зэргийн тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд зааснаар нийгэмшүүлэх, хүмүүжүүлэх, цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор зайлшгүй тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусдаар түүний байнга оршин суудаг газар болох Улаанбаатар хотын Б дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газар эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр зорчих эрхийг 2 жилийн хугацаагаар хязгаарлаж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв. 

            Бусад асуудлын талаар

 

            Энэ хэрэгт  эд мөрийн баримтаар хураан авсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 3 ширхэг, 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг зэргийг зохих байгууллагад буюу Монгол банканд шилжүүлэх, цаасанд битүүмжилсэн тест 1 ширхэг, цэвэр жин нь 1.6168 грамм хэмжээтэй бор өнгийн нунтаг 1 уут, хар өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас 3 ширхэг, бор өнгийн зүйлээр бохирлогдсон цаас 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж шүүх үзэв.

            Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Э.Бийг мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Бэд 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Э.Бэд шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар эдлүүлж, Улаанбаатар хотын ....... дүүргийн нутаг дэвсгэр хооронд зорчих, яаралтай эмнэлгийн тусламж авахаас бусад тохиолдолд хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусад газар руу зорчихгүй байхаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдаж, хяналтдаа байлгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Шүүгдэгч Э.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 3 ширхэг, 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг зэргийг зохих байгууллагад буюу Монгол банканд шилжүүлэх, цаасанд битүүмжилсэн тест 1 ширхэг, цэвэр жин нь 1.6168 грамм хэмжээтэй бор өнгийн нунтаг 1 уут, хар өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас 3 ширхэг, бор өнгийн зүйлээр бохирлогдсон цаас 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.БАТГЭРЭЛ