Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2021/ДШМ/105

 

 

     

 

 

   2021       1         20                      2021/ДШМ/105 

 

Прокурорын дүгнэлтийг хянан

шийдвэрлэх тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Б.Батзориг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор М.Анхбаяр,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж, шүүгч А.Алтанхуяг, шүүгч Л.Оюун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 485 дугаартай шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахаар прокурор М.Анхбаярын бичсэн дүгнэлтээр Э.Аад холбогдох эрүүгийн 1705006810147 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Их Өөлд овогт Э.А, 1985 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 22 дугаар гудамж 524 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:ХД85071511/;

-Чингэлтэй дүүргийн шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 06 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-д зааснаар 1 жил хорих ял оногдуулж, уг тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

            - Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 302 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 1 сар хорих ял шийтгүүлж, 2007 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 1 жил 2 сар 23 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

  • Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 2 сар 23 хоногийн хорих ялын зарим болох 6 сарыг нэмж нэгтгэн нийт 3 жил хорих ялаар шийтгүүлж, 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 1 жил 8 сарын хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж, мөн хугацаагаар хянан харгалзсан,
  • Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 168 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих ялаар,

            -Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сар баривчлах ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд багтаан нийт 4 жил, 02 сар, 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 93/ө дугаартай захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан суллагдсан,

            - Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дугаартай захирамжаар 95 цагийн албадан ажил хийлгэх ялаас чөлөөлөгдсөн,

  • Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 571 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 04 дугаартай тогтоолоор Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 3 сараар түдгэлзүүлж, уг ялаа биечлэн эдлээгүй,

 

            Шүүгдэгч Э.А нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны 485 дугаартай шийтгэх тогтоолоор Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нэгтгэн зүйлчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, шүүгдэгч Э.Аыг “нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах нөхцөл байдалд хүргэж” үйлдсэн гэм буруутайд, “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр, түүнээс олон хүнд учруулж, бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Э.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2,4 дэх заалтад зааснаар 3 жил 6 сар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аад энэ тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сар хорих ял дээр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 571 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялд шилжүүлж, 62 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 8 сар 2 хоногийн хорих ялаар тогтоож, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 689 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож шийдвэрлэжээ.

 

Баянгол дүүргийн прокурор газраас: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “цагаатгагдсан хүн, хуулийн этгээд гэм буруутай болохыг нотлох, эсхүл гэм буруугүй хүн, хуулийн этгээдэд ял оногдуулахад хүргэсэн, шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн” гэж үзэж байх тул Э.Аад холбогдох Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 485 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичиж ирүүлжээ. 

 

Прокурор М.Анхбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Яллагдагч М.Отгонбаатар, Э.А нар нь бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Галакси таун баарны үүдэнд нийтийн хэв журам, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, иргэн М.Баян-Эрдэнийг хүч хэрэглэн зодож олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хайч хэрэглэж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах нөхцөл байдалд хүргэж үйлдсэн, Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг үйлдэх явцдаа иргэн С.Баяр-Эрдэнийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хайч хэрэглэж үйлдсэн гэх хэргийг тусгаарлан М.Отгонбаатарт холбогдох хэргийг 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 221 дугаартай прокурорын яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Э.Аад холбогдох хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 341 дугаартай яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 485 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жил 8 сар 2 хоног хорих ял оногдуулж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон байна. Харин М.Отгонбаатарт холбогдох хэргийг тус шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 413 дугаартай шийтгэх тогтоолоор “...Шүүгдэгч Богдынхон овогт Мэндбаярын Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах нөхцөл байдалд хүргэж, Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэм буруутайд гэм буруутайд тус тус тооцож, 8 жилийн хорих ял оногдуулсан байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ДШМ/765 дугаартай магадлалд: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 413 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Баянгол дүүргийн прокурорын газраас М.Отгонбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулж шийдвэрлэсэн байна. Тус прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндоржийн эсэргүүцлээр Улсын Дээд шүүх хэргийг хянан хэлэлцээд 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 479 дугаартай тогтоолд: Мөрдөн байцаалтын дутуу ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүйгээс гадна М.Отгонбаатарт холбогдох хэргийг Э.Аад холбогдох хэргээс тусгаарласан үндэслэл арилсан бөгөөд тэдэнд холбогдох хэргийг нэгтгэн шалгах нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг бодитой тогтоож, хэргийг зөв зүйлчилж шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж дүгнээд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24- ний өдрийн 413 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 765 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч М.Отгонбаатарт холбогдох 1905000000546 дугаартай эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “цагаатгагдсан хүн, хуулийн этгээд гэм буруутай болохыг нотлох, эсхүл гэм буруугүй хүн, хуулийн этгээдэд ял оногдуулахад хүргэсэн, шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн” гэж үзэж байх тул Э.Аад холбогдох Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 485 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Э.Аын Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны 485 дугаартай шийтгэх тогтоолоор “нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах нөхцөл байдалд хүргэж” үйлдсэн, “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан” гэмт хэрэг үйлдсэн “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэрэг үйлдсэн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр, түүнээс олон хүнд учруулж, бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2,4 дэх заалтад зааснаар 3 жил 6 сар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сар хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялд шилжүүлж, 62 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 8 сар 2 хоногийн хорих ялаар тогтоож, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, тус шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр болсон байна.

Харин мөрдөн байцаалтын шатанд Э.Атай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэх М.Отгонбаатарыг оргон зайлсан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 12 тоот прокурорын тогтоолоор түдгэлзүүлж /1хх 13/, мөн өдрийн 16 тоот прокурорын тогтоолоор Э.Аад холбогдох 1705006810147 тоот хэргээс тусгаарлаж /1хх 16/ улмаар түдгэлзүүлсэн нөхцөл арилсны дараа М.Отгонбаатарт холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 1 тоот тогтоолоор сэргээж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн 413 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Отгонбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 3 жилийн хорих ял тус тус шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эдлэх ялыг 8 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч М.Отгонбаатарт холбогдох хэргийг Улсын дээд шүүх 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр прокурорын эсэргүүцлээр хянаад М.Отгонбаатарын яллагдагчаар өгсөн /1хх 87/, Э.Аын яллагдагчаар /1хх 113/, гэрч Э.Баасандоржийн /1хх 136/, гэрч Б.Баярбатын  /1хх 164/ гэх  мэдүүлэг зэрэг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий зарим нотлох баримтууд үнэн зөв эсэхийг зайлшгүй шалгаж, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтыг бодитой шинжлэн судалж, үнэлэх замаар хэргийн  үйл баримтыг тогтоох нь зүйтэй. Дээр дурдсан мөрдөн байцаалтын дутуу ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүйгээс гадна М.Отгонбаатарт холбогдох хэргийг Э.Аад холбогдох хэргээс тусгаарласан үндэслэл арилсан бөгөөд тэдэнд холбогдох хэргийг нэгтгэн шалгах нь гэмт хэрэг  үйлдэгдсэн  нөхцөл байдлыг бодитой тогтоож, хэргийг зөв зүйлчилж, шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 413 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 765 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, 1905000000546 дугаартай эрүүгийн хэргийг Э.Аад холбогдох хэрэгтэй нэгтгэн шийдвэрлүүлэхээр хэргийг Баянгол дүүргийн прокурорын газар буцаасан байна.

 

Иймд шүүгдэгч Э.Аын хэргийг шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 485 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгох талаар гаргасан прокурорын дүгнэлтийг  хүлээн авч, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 485 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, тус 1705006810147 дугаартай хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан мөн дүүргийн прокурорт буцаах нь зүйтэй  давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 485 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, мөн шүүхээр дамжуулан Э.А холбогдох 1705006810147 дугаартай, М.Отгонбаатарт холбогдох 1905000000546 дугаартай эрүүгийн хэргүүдийг нэгтгэн шалгуулахаар Баянгол дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Э.Аад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Л.ДАРЬСҮРЭН

 

                                ШҮҮГЧ                                Б.БАТЗОРИГ

                               

                                ШҮҮГЧ                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ