Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 132/ШШ2017/00628

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Булган аймгийн Булган сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Зэдра Мичид ХХК-ийн захирал, Чимиддоржийн Энхтүвшин -д холбогдох

загвар хорооллын хашааг хийж гүйцэтгэх гэрээний биелэлтийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00418/и индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Банзардарийн Цолмон, нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Булган сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Булган аймгийн Булган сумын 2014 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 1 дүгээр баг, Булаг хорооллын А хэсэгт шинээр үүсэх 84 нэгж талбарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар олгохоор тусгагдсаны дагуу Булган сумын Засаг даргын Тамгын газраас загвар хороолол байгуулахаар сонгон шалгаруулалтын урилгыг 9 компанид хүргүүлсэн ба 2 компани нь шаардлагын дагуу материалаа ирүүлсэнийг тус нэгж талбарт өргөдөл ирүүлсэн иргэдийн дунд сонгон шалгаруулалтыг хийж олонхын саналаар Улаанбаатар хотын Зэдра Мичид ХХК шалгарсан.

Тухайн ажилд шалгарсан ХХК-ийн захирал Ч.Энхтүвшин нь Булган сумын Засаг дарга байсан Ө.Хүрэлбаатартай Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн Булаг хорооллын А хэсэгт шинээр үүсэх загвар хорооллын хашааг хийж гүйцэтгэх гэрээ-г 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсны /2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хашааг бүрэн барьж дуусгах гэрээний биелэлт/ дагуу 84 иргэнтэй ажил гүйцэтгэх гэрээг 2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн иргэн тус бүртэй байгуулж хашааны өртөг 2520000 төгрөгөөс 50 хувийн урьдчилгаа буюу 81 иргэнээс 102060000 төгрөгийг авсан боловч гэрээний биелэлтийг бүрэн хангаж ажиллаж чадаагүй.

Тус гүйцэтгэгч ХХК нь гэрээ байгуулсан жилдээ хашааны төмрийн гагналт, хаалганы хийцийн гагналтыг хийж, 20 нэгж, талбарын суурийг цутгаж, 3 хашааг чанарын шаардлага хангаагүй барьж цаг хугацаа алдаж гэрээний гүйцэтгэл дутуу, дотоод зохион байгуулалтын ажиллагаа муутайгаар ажил үүргээ гүйцэтгэсэн.

Захиалагч иргэдээс ажлын гүйцэтгэлд гомдол удаа дараа гаргаж гэрээгээ биелүүлэхийг шаардсаны дагуу ажлын хэсэг тухай бүр нь гүйцэтгэгч ХХК-ийн удирдлагуудад утсаар болон орон нутагт төлөөлөн ажиллаж байсан инженерт мэдэгдэж шаардлагыг мэргэжлийн байгууллагын мэргэжилтэнүүдэд танилцуулан шаардлагыг хүргүүлэн ажилласан.

Мөн аймаг, сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, багийн Засаг дарга нь тухай бүр очиж ажлын гүйцэтгэлтэй танилцан хашааны барилгын гүйцэтгэлийг хийхэд тулгамдаж буй асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэн орон нутгийн захиргаанаас дэмжлэг үзүүлэн ажиллаж байсан.

2015 оны 04 дүгээр сард ажлын хэсэг хуралдаж Зэдра Мичид ХХК-ийн захиралтай утсаар холбоо барин хашааны барилгын ажлыг хийж гүйцэтгэхийг мэдэгдэж, албан тоотоор удаа дараа шаардаж 2015 оны 06 дугаар сараас эхлэн хашааны барилгажилтын ажлыг эхэлсэн ба тухайн жилдээ 41 айлын хашааг барин 16 нэгж талбарын суурийг цутгаж 27 нэгж талбарын загоныг татсан гүйцэтгэлтэй ажилласан.

Хашааны барилгын ажлыг эхлүүлээгүй байж хашааг бүрэн барьж дуусгана гээд 12 иргэнээс нийт хашааны өртөг болох 15120000 төгрөгийг бэлнээр нэмж авч амалсан амлалтандаа хүрэхгүй хашааг барьж өгөхгүй ямар ч хэл сураггүй алга болсон. Эцэст нь ажлын хэсэг холбогдоход хашааг барьж өгөхгүй зардал өссөн шүүх дээр уулзъя гэсэн хариу мэдэгдсний дагуу Булган аймгийн сумын Засаг даргын Тамгын газраас аймгийн Цагдаагийн газар, аймгийн Прокурорын газарт гомдол гаргасны дагуу гэрээ байгуулсан иргэдийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-д заасанчлан иргэд Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж 2017 оны 01 дүгээр сард гүйцэтгэгч ХХК-ийн захирал Ч.Энхтүвшин нь Булган аймагт ирж шүүх хуралд оролцсон ба ажлын хэсэгтэй хуралдаж 2017 оны 05 дугаар сарын 01-нээс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хашааны барилгын ажлыг хийж дуусгах тухай мэдэгдэж хурлын протокол хөтлүүлэн гарын үсэг зурж баталгаажуулсан боловч тухайн цаг хугацаандаа ирж амжихгүй байна гэсэн албан тоотыг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс хашааны барилгын ажлаа эхлэн 2017 оны 09 дүгээр сарын 01-нд дуусгана гэж ирүүлсэн боловч одоог хүртэл ирээгүй утсаар удаа дараа холбогдох гэж оролдсон боловч утсаа авахгүй эсвэл холбогдох боломжгүй байгаа нь үлдэгдэл 43 нэгж талбарын хашааны барилгажилтын ажлыг хийхгүй удаашруулан цаг хугацаа хожиж Булган сумын иргэдийг залилан эд хөрөнгөөр нь хохироож байгаа явдал болно.

Булган сумын ЗДТГ, Улаанбаатар хотын Зэдра Мичид ХХК-ний захирал Ч.Энхтүвшинтэй байгуулсан Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн Булаг хорооллын А хэсэгт шинээр үүсэх загвар хорооллын хашааг хийж гүйцэтгэх гэрээ-ний биелэлтийг хангуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цолмон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Булган аймгийн Булган сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус сумын 1 дүгээр багийн Булаг хорооллын А хэсэгт 84 нэгж талбарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар олгохоор шийдвэр гарч шинээр үүсэх загвар хорооллыг барихаар 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Зэдра Мичид ХХК-ийн захирал Ч.Энхтүвшинтэй тус сумын засаг дарга ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гүйцэтгэгч ХХК нь 2014 онд хашааны төмрийн гагналт, хаалганы хийцийн гагналтыг хийж, 20 нэгж, талбарын суурийг цутгаж, 3 хашааг чанарын шаардлага хангаагүй барьж ажил үүргээ гүйцэтгэсэн. Ингээд 2015 оны 04 дүгээр сард ажлын хэсэг хуралдаж Зэдра Мичид ХХК-ийн захиралтай утсаар холбоо барин хашааны барилгын ажлыг хийж гүйцэтгэхийг мэдэгдэж, албан тоотоор удаа дараа шаардаж 2015 оны 06 дугаар сараас эхлэн хашааны барилгажилтын ажлыг эхэлсэн ба тухайн жилдээ 41 айлын хашааг барин 16 нэгж талбарын суурийг цутгаж, 27 нэгж талбарын загоныг татсан гүйцэтгэлтэй ажилласан. Манай зүгээс 1 дүгээр гудамжны газрын асуудалд шийдвэр гаргах шаардлага бий болсон учраас ажил хийх хугацаа хойшлогдож цаг хугацаа алдах асуудал гаргасан. Энэ үед Ч.Энхтүвшин нь Гурванбулаг сумын Цагдаагийн кубон барих ажлаа хийж гүйцэтгээд эргэж ирэхээр тохиролцоод явсан боловч ирж ажлаа үргэлжлүүлэн хийгээгүй. Нийт 84 нэгж талбарын газарт хашаа барихаас 41 нэгж талбарт хашаа баригдаж /21 хашаа хаалгатай, 20 хашаа хаалгагүй/ 16 нэгж талбарын суурийг цутгаж, 27 нэгж талбарын загоныг татаж нийт 43 нэгж талбарын газрын хашааг гүйцэд хийж гүйцэтгээгүй байна. Манай Булган сумын Засаг даргын зөвлөл хуралдаад 36 иргэний газар өмчлөх асуудлыг шийдвэрлэхээр болсон. Эдгээр иргэд нь хашаагаа бариулахаар төлбөрийнхөө 50 хувийг төлсөн иргэд байгаа. Дээрх иргэдийн хашааг барьж төлбөрийн асуудлыг нь шийдээд гэрчилгээг нь гаргаж өгөхөөр шийдвэрлэсэн байгаа. Зэдра-Мичид ХХК хашааг бүрэн барих ажлаа хийж гүйцэтгэвэл хөрөнгө мөнгийг иргэдээс авч хамтарч ажиллана. 2017 оны 1 дүгээр сард Ч.Энхтүвшин ажлын хэсэгтэй уулзаж 2017 оны 5 дугаар сараас 2017 оны 9 дүгээр сард хашааг бүрэн барьж дуусгахаар тохиролцоод явсан боловч өнөөдрийг хүртэл ажлаа хийж гүйцэтгээгүй байна. Гэрээнд зааснаар ажлаа хийж гүйцэтгэх хугацаа нь 2014 оны 4 дүгээр сараас 2014 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл байсан боловч өнөөдрийг хүртэл ажлаа бүрэн хийж гүйцэтгээгүй байна. Гэрээнд зааснаар гэрээний хүчинтэй байх хугацааг загвар хороололын хашааг барьж дуусгах хүртэл хугацаагаар тохирсон байгаа. Иймд Булган сумын Засаг дарга, Улаанбаатар хотын Зэдра Мичид ХХК-ийн захирал Ч.Энхтүвшинтэй байгуулсан Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн Булаг хорооллын А хэсэгт шинээр үүсэх загвар хорооллын хашааг хийж гүйцэтгэх гэрээ-ний биелэлтийг хангуулахаар нэхэмжилж байна гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Булган аймгийн Булган сумын Засаг дарга нь хариуцагч Зэдра Мичид ХХК-ийн захирал Ч.Энхтүвшинд холбогдуулан загвар хорооллын хашааг хийж гүйцэтгэх гэрээний биелэлтийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Булган аймгийн Булган сумын 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 1 дүгээр баг, Булаг хорооллын А хэсэгт шинээр үүсэх 84 нэгж талбарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар олгохоор тусгагдсаны дагуу Булган сумын Засаг дарга Зэдра-Мичид ХХК-ийн захирал Ч.Энхтүвшинтэй Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн Булаг хорооллын А хэсэгт шинээр үүсэх загвар хорооллын хашааг хийж гүйцэтгэх гэрээ-г 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр байгуулж гүйцэтгэгч тал хашааны барилгажилтын ажлыг 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор хийж гүйцэтгэх, гэрээ нь хашааг барьж дуусгах хүртэл хугацаанд хүчинтэй байхаар тохирч, талууд гэрээний нөхцлийг харилцан зөвшөөрч гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болсон, талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан гэрээ байгуулагдсан байна./хх-ийн 5-6, 83-84/

Хариуцагч нь гэрээ байгуулсан жилдээ хашааны төмрийн гагналт, хаалганы хийцийн гагналтыг хийж, 20 нэгж, талбарын суурийг цутгаж, 3 хашааг чанарын шаардлага хангаагүй барьж ажлаа дутуу гүйцэтгэсэн ба 2015 оны 6 дугаар сараас хашааны барилгажилтын ажлыг эхэлж 41 айлын хашааг барьж, үлдсэн 43 нэгж талбарын 16 нэгж талбарын суурийг цутгаж, 27 нэгж талбарын загоныг татсан гүйцэтгэлтэй ажиллаж хашааг бүрэн барьж гүйцэтгээгүй, захиалагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Булган аймгийн Б

улган сумын Засаг даргын албан бичгүүд, ажлын хэсгийн хурлын тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 85-94/

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх учиртай бөгөөд мөн хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д зааснаар ажил гүйцэтгэгч гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх, 350.1.6-д зааснаар захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүнг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байгаа нь захиалагчид Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.1-д зааснаар шаардах эрх үүссэн байна.

Ажил гүйцэтгэх гэрээний хугацаа нь гэрээний гол нөхцөл болдог бөгөөд хариуцагч нь гэрээний дагуу 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хашааг барьж дуусган, хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй, өнөөдрийг хүртэл ажлыг бүрэн гүйцэтгэж өгөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдожээ.

Иймд Булган аймгийн Булган сумын Засаг дарга, Зэдра Мичид ХХК-ийн захирал Ч.Энхтүвшин нарын хооронд 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан загвар хорооллын хашааг барьж гүйцэтгэх тухай гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, 43 нэгж талбарын хашааг барьж гүйцэтгэхийг Зэдра Мичид ХХК-ийн захирал Ч.Энхтүвшинд даалгаж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай Булган аймгийн Булган сумын Засаг даргын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, өмгөөлөгч сонгон авахаар хүсэлт гаргаж шүүх хуралдааныг хойшлуулсан боловч өмгөөлөгчөө сонгон аваагүй, шүүх хурадааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасныг баримтлан Булган аймгийн Булган сумын Засаг дарга, Зэдра Мичид ХХК-ийн захирал Ч.Энхтүвшин нарын хооронд 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан загвар хорооллын хашааг барьж гүйцэтгэх тухай гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, 43 нэгж талбарын хашааг барьж гүйцэтгэхийг Зэдра Мичид ХХК-ийн захирал Ч.Энхтүвшинд даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж Төрийн санд олгосугай.

3. Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 1566 дугаартай захирамжаар Зэдра Мичид ХХК-ийн Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг, Хийдийн 5 дугаар гудамж, 500 тоот байршилтай Эрдэнэ суврага ХХК-ний хашаанд байгаа бариагүй үлдсэн 43 нэгж талбарын хашааны хаалга, төмөр хашааны төмрийг гагнасан байдалтайгаар агуулахад хадгалуулан үлдээсэн материалыг битүүмжилж шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН