Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 155/ШШ2020/01387

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын .... дүгээр багт оршин суух Хар дархад овогтой Доржсүрэнгийн Отгонхүү /....................../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ...............амралтын газар байрлаж ажиллах, Хууц овогтой Чимэдцэрэнгийн Бирваа /...................../-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд, нэхэмжлэгч Д.Отгонхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Отгонхүү нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Д.Отгонхүү нь Ч.Бирваатай 2002 онд танилцан, 2003 онд нэг гэр бүл болсон юм. Бидний дундаас охин Мягмар 2003 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр, охин Мягмаржаргал 2005 оны 10 дугаар сарын 28-ныы өдөр, хүү Даваадорж 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн. Хамт амьдрах хугацаанд бидний үзэл бодол, зан байдал таарч тохирохгүйд хүрч, 2010 оноос хойш тусдаа амьдарч байна. Би хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй.Бидний дунд эд хөрөнгийн ямар нэг маргаан байхгүй.

Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин Мягмар, охин Мягмаржаргал, хүү Даваадорж нарыг миний асрамжид үлдээж өгнө үү гэв.

Хариуцагч Ч.Бирваа шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ:

Хариуцагч Ч.Бирваа миний бие өнөөдөр ажлын ээлж таарсан тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна.Би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа.Намайг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Отггонхүү нь хариуцагч Ч.Бирваад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Учир нь:

Зохигчид нь 2003 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гэр бүл болж, 2003 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь №09 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч Ч.Бирваа нь нэхэмжлэгч Д.Отгонхүүгийн тус шүүхэд 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн хувийг 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдөр гардан авч, 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дотор хариу тайлбар ирүүлэхээр хугацаа тогтоож өгсөн боловч хариуцагч товлосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй.

Харин шүүх хуралдаанд тэрээр...нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа...шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү... гэх хүсэлтийг бичгээр гаргаж ирүүлжээ.

Дээрх байдлаас дүгнэж үзвэл гэрлэлт цуцлуулахыг талууд харилцан зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй ба гэрлэгчид 2010 оноос одоог хүртэл хугацаанд тусдаа амьдарч байгаа болон Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас эвлэрүүлэх арга хэмжээ авхад энэ хугацаанд эвлэрээгүй зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл боллоо.

Иймд шүүх нэхэмжлэгч Д.Отгонхүү, хариуцагч Ч.Бирваа нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн тэдний дундаас 2003 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр охин Б.Мягмар, 2005 оны 10 дугаар сарын 28-ны өдөр охин Б.Мягмаржаргал, 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүү Б.Даваадорж нар төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байх бөгөөд зохигчдын хэн аль нь төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй, хүүхдийн асрамжийн талаар гэрлэгчид харилцан тохиролцсон учир 2003 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр охин Б.Мягмар, 2005 оны 10 дугаар сарын 28-ны өдөр охин Б.Мягмаржаргал, 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүү Б.Даваадорж нарыг төрсөн эх Д.Отгонхүүгийн асрамжид үлдээж шийдвэрлэв.

Мөн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлаж, зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болно.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул хариуцагч Ч.Бирваагаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Ч.Бирваа нь шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Хууц овогтой Чимэдцэрэнгийн Бирваа /............/, Хар дархад овогтой Доржсүрэнгийн Отгонхүү /....................../ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2003 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин Б.Мягмар, 2005 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Б.Мягмаржаргал, 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүү Б.Даваадорж нарыг төрсөн эх Д.Отгонхүүгийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Ч.Бирваа, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Д.Отгонхүү нарт тус тус даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200/далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200/далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Оюунчимэгт даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ