| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 194/2025/0146/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/508 |
| Огноо | 2025-02-14 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Г.Н |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/508
2025 02 14 2025/ШЦТ/508
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Э,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэтуяа,
шүүгдэгч М.Ч,
шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү, Я.Энхжаргал,
нарийн бичгийн даргаар О.Чингис нарыг оролцуулан эрүүгийн 2403006901000 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Б овгийн М.Ч
Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, аав, ээж дүү нарын хамт, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч М.Ч нь .................... загварын ........ УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж явган зорчигч Х.Уг мөргөж амь насыг нь хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэргийн үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт
Шүүгдэгч М.Ч нь ................... ........ УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 12.3 дахь заалтуудыг зөрчиж зам хөндлөн гарч явсан явган зорчигч Х.Уг мөргөж амь насыг нь хохироосон үйл баримт нь хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 08 сарын 26- ний өглөө над руу тээврийн цагдаагийн албанаас хүн залгахад нь мэдсэн танай хүүхэд чинь осолд орсон байна та ирээд уулзахгүй юу гэхээр нь би тээврийн цагдаа дээр ирж уулзаад миний охин Х.У зам тээврийн осолд орж нас барсныг нь мэдсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 138 дугаар хуудас/,
- иргэний нэхэмжлэгч С.Эийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 16 цагийн орчим өөрийн эзэмшлийн “.............” загварын .......... УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг ................ нутаг дэвсгэрт байрлах "........." ХХК- ний урд талын зогсоол дээр тавиад гэртээ харьсан. Маргааш өдөр нь авчихна гэж бодоод тэнд тавьсан тэгээд маргааш нь буюу 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 15 цагийн орчим ажлаас утсаар залгаад таны машины салхины шил хагарсан байна хажууд нь нэг дугуй хэвтэж байна. Өчигдөр нэг хэрэг болсон дугуй нь миний машин тавьсан зогсоолын хажуу талын хашааруу орсон гэж ойр орчмын хүмүүс яриад байсан гэж манай ажилтан хэлсэн. Тэгэхээр хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд зорчих хэсэг дээр нэг цагаан өнгийн машин эсрэг урсгал дээр эргэж зогссон байдалтай харагдажбайсан ба зогсох үед нь уг машины дугуй өнхөрч орж ирээд миний машиныг гэмтээж байгаа бичлэг бичигдсэн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 141 дүгээр хуудас/,
- иргэний нэхэмжлэгч А.Уын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэр өдөр би орой 19 цагийн орчимд Нарантуул захаас гараад ............. гэрлүүгээ харихаар “........” ХХК-ны эзэмшлийн “.............” загварын ........... УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ганцаараа Сансар дээрээс 2 эмэгтэй хүн аваад 5-н буудал руу хүргэж өгөхөөр явсан 5-н буудлын автобусны буудал дээр зогсоод нөгөө 2 хүнийг буулгасан тэгээд яг хөдлөх гэж байхад миний хажуу талаар буюу жолоочийн эсрэг талаар нэг машин аймар хурдтай орж ирээд миний машинаас бууж байсан хүнийг мөргөөд нөгөө мөргүүлсэн хүн нь миний машины толийг хугалаад урд талын крило дээр нь урд талын гуперийг бас шүргээд газар унасан тэгээд нөгөө хүн мөргөсөн машин хашлага даваад дугуй салж унасан би машинаасаа буугаад очиход тэнд хүмүүс овоороод байсан тэнд байсан хүмүүс цагдаа эмнэлэгт дуудлага өгсөн байх би тэр хүн мөргөж байхыг нь хараагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 149 дүгээр хуудас/,
- иргэний нэхэмжлэгч, хариуцагч М.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тэр өдөр манай хүү Ч надруу шөнө 03 цаг өнгөрч байхад өөрийн ......... дугаараасаа залгаад ээжээ би өөрийнхөө машинтай явж байгаад осол болчихлоо гэж хэлсэн тэгэхээр нь би миний хүү зүгээр үү хүн амьтан зүгээр үү гэсэн ээжээ эмнэлэг дуудсан хүн уначихсан гэсэн би юу болов гээд дахиад асуухад гэнэт машины цаанаас нэг хүн гүйгээд гараад ирсэн түүний араас дахиад нэг хүн гүйгээд гараад ирсэн тэр хүн гүйгээгүй доошоо суусан гэж хэлсэн тэгэхээр нь би эмнэлэг дуудсан уу одоо аавыг нь явуулъя гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 158 дугаар хуудас/,
- гэрч О.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэр өдөр буюу 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр талийгаач Х.Угийн төрсөн өдөр болсон бид 2 тэр өдөр Outlaw хамтлагийн тоглолтыг үзээд циркээс такси бариад Сансар луу явсан тэгээд гэх нэртэй бааранд ороод бид 2 хоёр хоёр 0,5гр савалгаатай нэрийг нь санахгүй байна цагийг нь сайн санахгүй байна шөнө 2,3 орчим байх баарнаас гараад Сансараас такси бариад гэрлүүгээ харихаар явсан явж байх замдаа талийгаач У С гэх найзтайгаа уулзхаар болсон тэгхээр нь би яахын бэ орой болсон байна гэхэд У би чамайг хүргэж өгчихөөд буцаад Дараагийн гэрлүү явна гэсэн тэгээд У CU-opox гээд сууж явсан машинаа зогсоогоод бид 2 5-н буудлын автобусны буудлын замын эсрэг талын CU орохоор таксинаасаа буусан бид 2 таксинаасаа буугаад сууж ирсэн машиныхаа хойд талаар нь машин ирж байгаа эсэхийг хархад машин нэлээн хол харагдсан тэгээд яг ертөнцийн зүгээрээ зүүнээс баруун чиглэлтэй бид 2 хойно урдаа гараад зам гарч байхад У хөл өвдөөд байна гэсэн тэгээд би У руу эргээд хартал ертөнцийн зүгээрээ урдаас хойш чиглэлтэй явж байсан нэг цагаан өнгийн машин Уг урд талаар мөргөсөн тэгээд нөгөө мөргөсөн машин нь бид 2-ийн сууж явсан машиныг шүргээд цаашаа яваад нэг юм мөргөөд буцаад эргээд нөгөө талын урсгалруу орсон байсан. Машин дотроос жолооч нь 18 орчим насны эрэгтэй харааны шил зүүсэн өндөр туранхай залуу түүний хажуу талаас бас нэг залуу 2 бууж ирэхэд нь би тэр 2-луу та нар хүн дайрчихлаа шдээ гэхэд та нар замаа хараж явахгүй яасын бэ гэж хэлсэн тэгээд тухайн үед тэнд явж байсан цагдаа ирсэн удалгүй 103 ирж эмч нь Уг үзээд нас барсан байна гэж хэлсэн тэгээд замын цагдаагийн бүрэлдэхүүн ирж хэмжилт хийсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 160 дугаар хуудас/,
- гэрч Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр намайг найз нарын хамт Циркийн пантамын урд байж байхад Ч өөрийнхөө машиныг унаад хүрээд ирсэн яг цагийг нь мэдэхгүй байна тэгээд орой болтол юм яриад сууж байгаад бид нар бүгд тарсан тэр үед Ч намайг хүргээд өгнө гэхээр нь би машинд нь сууж байсан чинь гэнэт хамаатныхаа хүний гэрээс юм авна гэхээр нь машинд нь суугаад бид 2 хойшоогоо яваад байсан замдаа Ч оройтчихлоо буцах уу гэсэн тэгхээр нь тэгий гээд явж байхад автобусны буудал дээр машины цаанаас 2 эмэгтэй хүн гүйж гарч ирээд нэг нь чигээрээ гүйгээд гарсан нэг нь бүдрээд унасан тэр үед нь Ч тэр унасан хүнийг нь унаж явсан машиныхаа урд хэсгээрээ байхаа мөргөсөн тэгээд бөөн юм болоод байсан тэр үедээ би юу болчихвоо гээд толгой дотор аймар их юм бодогдоод байсан. бид 2 машинаасаа буугаад нөгөө мөргүүлсэн хүн дээр очиход зам дээр хажуу тийшээ хараад эмэгтэй хүн хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 164 дүгээр хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.Н 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн өдрийн №2974 дугаартай дүгнэлтэнд ...Амь хохирогч Х.У-н цогцост дух яс, гавлын өмнөд хонхорын олон том жижиг хэлтэрхий үүсгэсэн цөмөрсөн хугарал, хоёр тал бөмбөлгийн дага, суурийн хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, бага тархины суурийн хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, цээжний хөндийд цус хуралдалт /баруунд 200мл, зүүнд 600мл/, хоёр уушгины урагдал, цус хуралт, үнхэлцэгийн өмнөд ханын цус хуралт, үнхэлцгийн хөндийд цус хуралдалт /Юмл/, зүрхний баруун тосгуурын урагдал, сээрний 1 болон 5/6-р нугаламын их биеийн хугарал, нугасны хөндийд цус хуралт, хоёр талын 1,2,3, 4, 5, 6, 7, 8-р хавирганы хугарал, баруун дунд чөмөгт ясны далд хугарал, эрүү ясны хугарал, хоншоор ясны хугарал, хамар ясны хугарал, хуйхны цус хуралт, шарх, нүүрний шарх, зулгаралт, зүүн шагайн шарх, цээж, хэвлий, мөчдийн зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.2. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд авто ослын үед үүсгэгдсэн байх боломжтой. 3. Амь хохирогч нь дээрх гавал тархи, цээж, нугалам, мөчдийн хавсарсан олон гэмтлийн улмаас нас баржээ. 4. Нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ. Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. 5. Үхэлд хүргэсэн өвчин тогтоогдсонгүй. 6. Цусны бүлэг нь О/Л/ харьяалалтай байна. 7. Амь хохирогчийн ходоод агууламжгүй байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 196-206 дугаар хуудас/,
- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт: ...Асфальтан, шулуун тэгш, хуурай, троллейбусны зогсоол бүхий, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй, тогтуун цаг агаартай, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, 4-н эгнээтэй, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй зам байв...” гэх /хавтаст хэргийн 14-20 дугаар хуудас/,
- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 19-23 дугаар хуудас/,
- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 5-08 дугаар хуудас/,
- Автотээврийн хэрэгслийн нэгдсэн сангийн бүртгэлийн лавлагаа,
- ........ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар .. маркийн УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 520.000 төгрөгийн хохирол учирсан ... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 218-219 дүгээр хуудас/,
- Сүлд үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар ...улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 750.000 төгрөгийн хохирол учирсан... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 233-234 дүгээр хуудас/,
- 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1784 дугаартай мөрдөгчийн магадалгаа /хавтаст хэргийн 246 дугаар хуудас/ болон хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Шүүгдэгч М.Ч нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, мөн хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн тус тус заалтуудыг ягштал баримтлах ёстой ба хэрэв баримтлахгүй бол осол аваар гаргаж хүний амь насыг хохироох боломжтой гэдгээ ухамсарлаж байсан боловч хайхрамжгүй хандаж дээрх замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохироосон хор уршигт болгоомжгүйгээр хүргэсэн байна.
Иймд шүүгдэгч М.Ч нь ................... загварын ........ УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. 12.3-т тус тус заасан заалтуудыг зөрчиж гарцгүй газраар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Х.Уг мөргөж амь насыг нь хохироосон гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан, улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдсан зүйлчлэл тохирсон байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Мөрдөгчийн 1784 дугаартай магадалгааны /1 дүгээр хавтаст хэргийн 246-247 дугаар тал/ Б-д: “... явган зорчигч Х.У нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн заалтыг зөрчсөн...” гэснийг үндэслээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад: “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн;” гэж заасан нөхцөл байдал тогтоогдож байх тул М.Чд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч М.Чд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус үйлдэл, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлын шинж чанар, мөрдөн шалгах ажиллагааны үед зарим хохирлыг сайн дураар төлж барагдуулсан, үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, одоо 18 настай оюутан болох хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зорилгоор 5 жилийн хугацаагаар жолоодох эрхийг хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлийг оногдуулж шүүх шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Чд оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг, ял оногдуулсан үеэс эхлэн тооцох, 2 жилийн хугацаагаар оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг түүний оршин суугаа газрын хаяг, сургуулийн хаяг байршил зэргийг харгалзан зайлшгүй эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд ......., ........, .......... дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газар зорчихыг хязгаарлаж, хяналтдаа байлгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар
Энэ хэргийн улмаас учирсан амь хохирогчийн буяны зардалд нийт 27.236.000 төгрөгийн хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Эаас нэхэмжилснээс шүүгдэгч М.Ч болон иргэний хариуцагч түүний эх болох М.Б нар нь мөрдөн шалгах ажиллагааны үед 18.000.000 төгрөгийг төлж барагдуулсан ба үлдэх 9.236.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.
Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс сэтгэл санааны хохирол нэхэмжлэхээ илэрхийлсэн болно.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, амь хохирогчийн өнчирч үлдсэн бага насны охины сэтгэл санааны хохиролд 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Монгол Улсын дээд шүүхийн 25 дугаар тогтоолоор батлагдсан аргачлалын 3.4, 3.5-д заасны дагуу уг гэмт хэрэг үйлдэгдсэн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгийг 150 дахин үржүүлж 99.000.000 төгрөгийг гаргуулах, үүнийг хоёр дахин үржүүлж нийт 198.000.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Э болон амь хохирогчийн 6 настай эмэгтэй У.Э нарт олгохоор шийдвэрлэв.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.”, 508.1-д “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч М.Чий жолоодож явсан “..........” загварын ........ УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь түүний ээж болох М.Бгийн өмч болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч болон оролцогч нарын зүгээс гэм хорын хохирол болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, амь хохирогчийн өнчирч үлдсэн бага насны хүүхдэд олгох сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг иргэний нэхэмжлэгч, хариуцагч М.Бгаас гаргуулах санал гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэв.
Дээрх шүүхээс тогтоож шийдвэрлэсэн гэм хорын хохирол 9.236.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч, хариуцагч М.Бгаас гаргуулж, уг хохирлыг өөрийнх нь санал, орлого олох боломж зэргийг харгалзан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Эд 4 сарын хугацаанд төлж барагдуулахаар, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр 198.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Э, амь хохирогчийн өнчирч үлдсэн бага насны хүүхэд нарт төлж барагдуулахаар тус тус тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэгт хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий дүрс бичлэг хийгдсэн байх тул хэрэгт нь үлдээх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Мөн хэрэгт шүүгдэгч М.Чий жолооны үнэмлэх болон бусад бичиг баримт хэрэгт хавсарган ирээгүй болохыг дурдав.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт М.Чд автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.Чд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Чд эрх бүхий байгууллагын хяналт дор зайлшгүй эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд ......., ........., ......... дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газар зорчихыг хязгаарлаж, хяналтдаа байлгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн СиДи 1 ширхгийг хэрэг үлдээсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч М.Бгаас нийт 9.236.000 /есөн сая хоёр зуун гучин зургаан мянган/ төгрөгийг гаргуулан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Э-д олгож, 4 /дөрөв/ сарын хугацаанд уг хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч иргэний хариуцагч М.Бгаас нийт 198.000.000 /нэг зуун ерөн найман сая/ төгрөгийг гаргуулан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Э, насанд хүрээгүй хохирогч У.Э-д нарт олгож, 1 /нэг/ жилийн хугацаанд уг хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Энэ хэрэгт иргэний бичиг баримт болон жолоочийн үнэмлэх ирээгүй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Чд оногдуулсан эрх хасах ялыг, ял оногдуулсан үеэс тооцож, хяналт тавиулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
10. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж М.Чд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ