Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 132/ШШ2017/00548

 

 

 

 

 

 

 

                               

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч:Төмөр-Очирын ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймгийн Өмчийн албанд холбогдох

орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00389/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Ц.Мичидмаа оролцов.

   ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Булган аймгийн Рашаант сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай нийтийн эзэмшилийн зориулалтаар баригдсан 21 дүгээр байрны 4 тоот хувийн орон сууцыг 2014 оны 11 дүгээр сард худалдан авсан. Энэ байр нь өмч хувьчлалаар хувьчлагдаж, 1990 оны сүүлээр ******* гэдэг хүн авч байсан ба 2002 онд ******* нь Б.*******д худалдсан. Б.******* нь 2006 он хүртэл амьдарч байгаад өөрийн төрсөн дүү болох Б.*******д худалдсан. 2014 оны 11 дүгээр сард Б.*******аас миний бие худалдан аваад одоог хүртэл амьдарч байна.  Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авах гэтэл өмнөх 3 айлд өмч хувьчлалын шийдвэр олгоогүйгээс авч чадаагүй тул уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Манай суманд цас их орсон, шуудан явдаггүй тул шүүх хуралд оролцох боломжгүй байна. Иймд намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэв.  

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.******* хариу тайлбартаа: Рашаант сумын 4 дүгээр багийн иргэн Т.******* нь 2 дугаар багийн 21-04 тоот байшингийн өмчлөгчөөр тогтоолгохоор иргэний хэргийн шүүхэд хандсан байна. Манай алба Иргэдийн төлөөлөгчийн хурлын тэргүүлэгчдийн 2011 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 50 тоот тогтоолоор байгуулагдсан. Иймд дээрх иргэний нэхэмжлэл гаргаад байгаа байшинг хувьчилсан тухай тогтоол шийдвэр  бусад нотлох баримт манай газарт байхгүй. Дээрх байршилд байгаа байшин нь манай орон нутгийн өмчийн бүртгэлд байхгүй байгаа болно гэжээ.

Хариуцагч байгууллага шүүхэд гаргасан хүсэлтдээ: Булган аймгийн Рашаант сумын иргэн Т.Гантулгын нэхэмжлэлтэй, Орон нутгийн өмчийн газарт холбогдох, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанд Орон нутгийн өмчийн газрыг төлөөлж мэргэжилтэн Д.******* оролцох байсан боловч албан ажлаар хөдөө сумдаар явсан тул түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.******* нь Булган аймгийн  Рашаант сумын 2 дугаар багийн нутаг 21 дүгээр байрны 4 тоот орон сууцны зориулалттай байрны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Булган аймгийн Орон нутгийн өмчийн газар нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хувьчилсан тухай тогтоол, шийдвэр болон тухайн үл хөдлөх эд хөрөнгө  орон нутгийн өмчийн бүртгэлд байхгүй гэх тайлбарыг гаргажээ.

Булган аймгийн  Рашаант сумын 2 дугаар багийн нутаг 21 дүгээр байрны 4 тоот тоот орон сууцны зориулалттай байр нь анх 1985 онд Тэжээлийн аж ахуй байгуулагдахад ашиглалтанд орж, тус аж ахуйн ажилчид амьдарч байгаад өмч хувьчлалаар хувьчлагдаж, хувь хүнд худалдсан гэх бөгөөд энэ талаарх бүртгэл болон өмч хувьчлалын эрхийн акт, шийдвэрүүд Үндэсний төв архив болон Булган аймгийн архивын тасаг, Булган аймгийн Орон нутгийн өмчийн газарт байхгүй болох нь Үндэсний төв архивын 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 03-2/413 дугаартай албан бичиг, Булган аймгийн Архивын тасгийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 42 дугаартай албан бичиг, Орон нутгийн өмчийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 217 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.[1]

Дээрх орон сууцны зориулалттай байрыг өмч хувьчлалаар механикжуулагч н.******* авч амьдарч байгаад Б.*******д худалдсан, Б.******* нь Б.*******д худалдсан, нэхэмжлэгч Т.******* нь 2014 оны 11 дүгээр сард иргэн Б.*******ааас худалдан авч энэхүү орон сууцны зориулалттай байрыг өмчлөх эрхийн гэрчилгээгүйгээр эзэмшиж, ашиглаж байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч П.*******, Г.******* нарын өгсөн “...Т.******* нь тухайн байрыг худалдан авч амьдраад 3 жил гаран болж байна. Анх өмч хувьчлалаар ******* гэж хүн авч байсан. Т.******* нь 2014 онд Б.*******аас худалдан авсан..” гэх мэдүүлэг, Цахилгаан эрчим хүчээр хангах, хэрэглэх гэрээ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******ын  “...тус алба нь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 50 тоот тогтоолоор байгуулагдсан. Дээрх байрыг хувьчилсан тухай тогтоол шийдвэр, бусад нотлох баримт манай газарт байхгүй. Дээрхи байршилд байгаа байшин нь манай орон нутгийн өмчийн бүртгэлд байхгүй байгаа болно” гэх тайлбараас үзэхэд Л.Бямбааг дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтооход маргаагүй байна гэж үзлээ.

Иймд Булган аймгийн Орон нутгийн өмчийн албанд холбогдуулан гаргасан Булган аймгийн Рашаант сумын 2 дугаар багийн 21-4 тоот орон сууцны зориулалттай байрны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч Т.Гантулгын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирэх боломжгүй, өөрсдийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3-д зааснаар тэдгээрийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1-д  заасныг баримтлан нэхэмжлэгч Тайж овогт Төмөр-Очирын Гантулгыг Булган аймгийн Рашаант сумын 2 дугаар багийн нутаг 21-4 тоот орон сууцны зориулалтай байрны өмчлөгч болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.             

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       О.ОДОНЧИМЭГ