Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/23

 

 

 

 

 

 

 

2025      01        14                                            2025/ШЦТ/23

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Нарийн бичгийн дарга Д.У

Улсын яллагч Н.Д

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Б овгийн Б-ийн Б, Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ************* ********** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, *********** ************* ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ****************** *************** ******** оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, /РД: ***********/.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө 02 цагийн орчим согтуурсан үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын ***** багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “********” баарны гадна С.Б-ыг нэг тамхилаач гэж гуйсанд уурлаж, нүүрэн тус газарт нь нэг удаа цохиж эрүүл мэндэд нь “3 шүдний булгарал, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, доод уруулд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ “Хохирогчийн нүүрэнд нэг удаа цохьсон. 3 сая төгрөгийн хохирол төлсөн. Санамсаргүй алдаа гаргасан. Миний буруу” гэв.

 

Хохирогч С.Б шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хэргийн газрын үзлэг хийсэн “хэрэг учрал болсон гэх газар нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын ***** багийн нутаг дэвгэрт үйл ажиллагаа явуулах ************ гэх хаягтай газар байх ба гадагш тусгалтай хяналтын камертай байв. С.Б-оор бусдад зодуулсан гэх газрыг заалгаж гэрэл зургаар бэхжүүлэв” гэх тэмдэглэл, гэрэл зургууд. /хх-ийн 10-13-р тал/

2. Орхон аймгийн Баян-Өндөр сумын ***** багт үйл ажиллагаа явуулдаг ********* баарны гадна хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “хар өнгийн баруун талын далны хэсэг дээр The north face гэсэн бичиг бүхий куртиктэй, хар бараан өнгийн өмд гуталтай эрэгтэй хүн хохирогч С.Б-ын нүүрэн тус газарт нэг удаа цохиж байна, хар өнгийн баруун талын далны хэсэг дээр The north face гэсэн бичиг бүхий куртиктэй, хар бараан өнгийн өмд гуталтай эрэгтэй хүнд цохиулсан хохирогч С.Б нь газар унасан байдалтай байна. Хар өнгийн баруун талын далны хэсэг дээр The north face гэсэн бичиг бүхий куртиктэй, хар бараан өнгийн өмд гуталтай эрэгтэй хүн нь хар бараан өнгийн приус 30 загварын тээврийн хэрэгсэлд сууж байна” гэх тэмдэглэл /хх-ийн 14-17-р тал/

3. Орхон аймгийн Баян-Өндөр сумын ***** багт үйл ажиллагаа явуулдаг ********* баарны дотор талын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /хх-ийн 18-19-р тал/

4. Хохирогч С.Б-ын “Би 2024 оны 11 дүгээр сарын 05-ны орой би ажлаасаа тараад гэртээ байж байсан чинь манай хамт ажилладаг найз болох Г гэх залуу намайг чи ********* гээд баарнд хүрээд ирээ хөгшин нэг эмэгтэй найзаа дуудчихлаа гурвуулаа жоохон юм ярьж сууя гээд дуудхаар нь би ***** багт үйл ажиллагаа явуулдаг ********* бааранд орой 18-19 цагийн орчимд орсон. Тэгээд бид 4 соёрхол нэртэй 0,75 граммыг архи уугаад хоорондоо юм яриад байж байсан чинь Гансэнгийн эхнэр гар утсаар залгаад чи хаана байна ирэх болж байна уу гээд дуудсан чинь Г за би явлаа гээд яваад өгсөн. Тэгээд тухайн бааранд бид 3 үлдээд дахин нэг 0,5 граммын соёрхол аваад ууж байгаад би өөрийн найз болох Э гэх залууг дуудсан чинь удалгүй ирсэн. Тэгээд 23 цагийн орчимд Э би маргааш ажилтай гээд түрүүлээд явсан. Тэгсэн бид нарын хойд талын ширээнд сууж байсан 3-4 залуу байсан тэр залуучуудтай надтай хамт сууж байсан М-гийн найз эгч нь таньдаг гээд бид нар очоод танилцаад тэр дунд намхан биетэй залуу байсан тэр залуутай би гадаа гарч тамхилах гээд гарсан чинь нэг ширхэг тамхи байхаар нь хувааж татаад байж байтал гадаа машинаас нэг залуу бууж ирээд надтай хамт тамхилж байсан залуутай юм яриад байхаар нь би очоод ахдаа ганц тамхилаач гэж хэлсэн чинь миний урдаас уурлаад намайг шууд нэг удаа цохиод унагаасан. Тэгээд би босож ирээд өө яаж байгаа юм бэ гээд орилсон чинь миний амнаас 3 шүд маань шууд унаад ирсэн. Тэгээд би чи яаж байгаа юм бэ гээд орилсон чинь машинд суугаад зугтаагаад яваад өгсөн. Миний нүүрэн тус газарт нэг удаа цохиж унагаасан. Миний эрүү хэсэг юм ярьж болохгүй өвдөөд амны доод талын 3 шүд минь унасан. Би шүд болон эрүүгээ эмнэлгийн байгууллагаар үзүүлж эмчилгээ хийлгэнэ, унасан 3 шүдээ төлүүлмээр байна. Сэтгэл санааны хохирол надад байхгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 23-р тал/

5. Гэрч Б.С-гийн “бид хоёр машиндаа сууж байсан чинь бааран дотроос үл таних 2-3 хүн гарч ирээд манай хүргэн ах болох Б-г тамхинд яваад ир гээд хэлсэн чинь Б чадахгүй гэж хэлсэн, урдаас нь чи яваад ирээч дээ сүртэй юм бэ гэж хэлсэн чинь манай хүргэн Б та нар тэр тамхиндаа өөрсдөө яв гэж хэлсэн нөгөө үл таних хүн буугаад ирдээ чи гэж хэлсэн чинь Б ах машинаас буухаар нь би араас нь буусан чинь манай хүргэн ах Б тэр үл таних эрэгтэй хүний нүүрэн тус газар нь нэг удаа цохисон тэр хүн нь газар унаад босож ирээд цаашаа явсан. Тэгээд би хүргэн ах болох Б-г машинд суулгаад аваад явсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 25-р тал/

6. Сэжигтэн Б.Б-гийн “тус бааранд байсан 3 ахтай танилцаад яриа өрнүүлээд дүү бид 2 бүжиглээд хэсэг бааранд байж байгаад тус баарны хаах цаг нь болсон байсан болохоор би тооцоогоо хийчихээд гадаа гараад дүүтэйгээ хамт тамхи татаад машиндаа сууж байсан чинь нөгөө бааранд танилцсан ах нар ирээд дүү ийшээ хальт тамхинд явчихаад ирж болох уу гэж асуухаар нь би тэгье явчихаад ирье гээд хэлсэн машинд суухаар нь би чи ер нь яахаараа намайг тамхинд явуулдаг юм бэ гээд би тэр үл таних эрэгтэй хүнтэй муудалцаад машинаас гараад барьцалдаж байгаад нүүрэн тус газарт нь нэг удаа баруун гараараа цохисон чинь тэр үл таних ах газар унаад босож ирээд нүүрээ дараад цаашаа яваад өгсөн. Тэгээд тус баарны гадаа зогсож байсан хүмүүс цагдаа дуудна гээд орилоод байсан болохоор манай дүү С намайг аваад бид машиндаа суугаад яваад өгсөн” гэх мэдүүлэг. /хх-ийн 27-р тал/

7. Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Б-рын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №997 дугаартай “С.Б-ын биед 3 шүдний булгарал, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, доод уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх 3 шүдний булгарал, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дан дангаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Доод уруулд зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэгтогтоохгүй. Дээрх 3 шүдний булгарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна” гэх дүгнэлт. /хх-ийн 30-31-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Б нь согтуурсан үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын ***** багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ******** баарны гадна 2024 оны 11 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө 02 цагийн орчим С.Б-ыг нэг тамхилаач гэж гуйсанд уурлан гараараа нүүрэн тус газарт нь нэг удаа цохиж эрүүл мэндэд нь “3 шүдний булгарал, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, доод уруулд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд, Орхон аймгийн Баян-Өндөр сумын ***** багт үйл ажиллагаа явуулдаг ********* баарны гадна хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Орхон аймгийн Баян-Өндөр сумын ***** багт үйл ажиллагаа явуулдаг ********* баарны дотор талын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, хохирогч С.Б-ын “тэр дунд намхан биетэй залуу байсан тэр залуутай би гадаа гарч тамхилах гээд гарсан чинь нэг ширхэг тамхи байхаар нь хувааж татаад байж байтал гадаа машинаас нэг залуу бууж ирээд надтай хамт тамхилж байсан залуутай юм яриад байхаар нь би очоод ахдаа ганц тамхилаач гэж хэлсэн чинь миний урдаас уурлаад намайг шууд нэг удаа цохиод унагаасан. Тэгээд би босож ирээд өө яаж байгаа юм бэ гээд орилсон чинь миний амнаас 3 шүд маань шууд унаад ирсэн. Тэгээд би чи яаж байгаа юм бэ гээд орилсон чинь машинд суугаад зугтаагаад яваад өгсөн. Миний нүүрэн тус газарт нэг удаа цохиж унагаасан” гэх мэдүүлэг, гэрч Б.С-гийн “бид хоёр машиндаа сууж байсан чинь бааран дотроос үл таних 2-3 хүн гарч ирээд манай хүргэн ах болох Б-г тамхинд яваад ир гээд хэлсэн чинь Б чадахгүй гэж хэлсэн, урдаас нь чи яваад ирээч дээ сүртэй юм бэ гэж хэлсэн чинь манай хүргэн Б та нар тэр тамхиндаа өөрсдөө яв гэж хэлсэн нөгөө үл таних хүн буугаад ирдээ чи гэж хэлсэн чинь Б ах машинаас буухаар нь би араас нь буусан чинь манай хүргэн ах Б тэр үл таних эрэгтэй хүний нүүрэн тус газар нь нэг удаа цохисон тэр хүн нь газар унаад босож ирээд цаашаа явсан. Тэгээд би хүргэн ах болох Бг машинд суулгаад аваад явсан” гэх мэдүүлэг, сэжигтэн Б.Б-гийн “гадаа гараад дүүтэйгээ хамт тамхи татаад машиндаа сууж байсан чинь нөгөө бааранд танилцсан ах нар ирээд дүү ийшээ хальт тамхинд явчихаад ирж болох уу гэж асуухаар нь би тэгье явчихаад ирье гээд хэлсэн машинд суухаар нь би чи ер нь яахаараа намайг тамхинд явуулдаг юм бэ гээд би тэр үл таних эрэгтэй хүнтэй муудалцаад машинаас гараад барьцалдаж байгаад нүүрэн тус газарт нь нэг удаа баруун гараараа цохисон чинь тэр үл таних ах газар унаад босож ирээд нүүрээ дараад цаашаа яваад өгсөн” гэх мэдүүлэг, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Б-рын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №997 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө 02 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын ***** багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “********” баарны гадна С.Б-ыг нэг тамхилаач гэж гуйсанд уурлаж, нүүрэн тус газарт нь нэг удаа цохиж эрүүл мэндэд нь “3 шүдний булгарал, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, доод уруулд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.Б нь шууд санаатай үйлдлээр бусдын эрүүл мэндэд халдаж, хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч С.Б-ын эрүүл мэндэд нь “3 шүдний булгарал, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, доод уруулд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор, уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхэр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг хуурцагийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

      ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Бийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Шүүгдэгч Б.Б-д оногдуулсан торгох ялыг биелүүлэхийг Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих ангид даалгасугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг хуурцагийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.