| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ц.Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2025/0017/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/27 |
| Огноо | 2025-01-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрмэнд |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/27
2025 01 16 2025/ШЦТ/27
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж
Нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Т.Д
Хохирогч М.Л /онлайн/
Шүүгдэгч Б.Б, Б.Б, Б.Ц нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б, Б.Б, Б.Ц нарт холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт.
1. Ц овгийн Б-ын Б, Монгол улсын иргэн, **** оны **дугаар сарын **-ны өдөр ********* төрсөн, ** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, зураач сийлбэрч мэргэжилтэй, ************* **********, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ************* ************* ********** оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай гэх, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, /РД: ************/.
2. У овгийн Б-ийн Ц, Монгол улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр *********** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ************** *********, ам бүл 2, эхнэрийн хамт ************** ************* ********* оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай гэх, ял шийтгэлгүй, /РД: ************/.
3. Ц овгийн Б-ын Б, Монгол улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ********** төрсөн, ** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, компютерийн оператор мэргэжилтэй, *******, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ************** ************ ********** оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, /РД: **************/.
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Б.Ц, Б.Б, Б.Б нар нь 2024 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын ***** багийн нутаг дэвсгэрт байрлах ******** төв авто угаалгын газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн М.Л--г зодож эрүүл мэндэд нь 1 шүдний сулрал, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирсл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ц, Б.Б, Б.Б нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлнө” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ “Хэлэх зүйлгүй. Хохирлыг төлнө” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ц мэдүүлэхдээ “Хэлэх зүйлгүй. Хохирол төлнө” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч М.Л мэдүүлэхдээ “хохирлоо гаргуулах хүсэлттэй байна, маш их гомдолтой байна.” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч М.Л-гийн “Миний үүдэн шүд уруулын гэмтлийг Б гараараа цохиж учруулсан. Ц миний толгойны дагз, хажуу тал хэсэг рүү нилээд хэдэн удаа гараараа цохьсон. Б хөл рүү нэг өшиглөж шанаа хэсэг рүү хальт нэг цохисон тэр нь нэг их өвдөлт мэдрээгүй. Б гэх залуу дундуур орж ирж Б бид хоёрыг салгасан. Салгахдаа миний нүүр лүү түлхсэн юм. Миний сэтгэцэд хор хохирол учраагүй сэтгэцэд учирсан хохирлыг тогтоолгох шаардлага байхгүй. Сэтгэцийн хувьд нэхэмжпэх зүйл байхгүй. Надад гомдол санал байна. Миний үүдэн хоёр шүдний зүүн талын шүд хөдөлж гэмтсэн. Мөн уруул язарч гэмтэл учирсан тул тухайн гэмтлүүдийг эмнэлэгт үзүүлж эмчлүүлэх хүсэлтэй байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 33-р тал/
2. Гэрч Д.Ц-ын “2024 оны 10 дугаар сарын 11-ний орой ажилласаа 20 цагийн орчимд тараад өөрсдийн байрлаж байгаа байранд хамт ажилладаг Б, С, Ц, Б, Л нарийн хамт ирээд бид нар хоолоо идээд дараа нь 1 шил 0,75 граммын *** нэртэй архи уусан. Тэгээд амрах гээд би өөрийн байрлаж байгаа өрөөндөө ганцаараа яваад орсон. Тэгээд удалгүй хүмүүс шуугилдаад байхаар нь би хүмүүс шуугилдаад байгаа өрөө рүү нь орсон чинь архи уугаад үлдсэн 5 залуугийн нэг болох Л цагдаа дуудах гээд гараад явсан. Тэгээд би юу болсон юм бэ гэж асуусан чинь тэд нар энэ Л дандаа архи уугаад эхнэр хүүхдийг минь янз бүрээр хэлээд байхаар нь бид нар хоорондоо маргалдаад гэж хэлэхээр нь аан заза гэж хэлээд өөрийнхөө байрлаж байсан өрөө рүү явж ороод орондоо ороод хэвтээд өгсөн. Л цагдаа дуудах гээд гараад явсан байсан. Удалгүй цагдаа дагуулаад ороод ирхэд Лгийн нүүр зүүн нүдний доор хэсэгт шалбараад цус гарсан байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 37-р тал/
3. Гэрч Б.Б-гийн “2024 оны 10 дугаар сарын 10-аас 10 дугаар сарын 11-нд Хотын төвийн чиглэлд хөдөлгөөнт эргүүлийн томилгоот 24 цагийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 2024 оны 10 дугаар сарын 11-ний шөнө 02 цагийн үед ***** баг ******** төв авто угаалга дээр хүнд зодуулсан гэх дуудлага мэдээлэл ирсэний дагуу очоод зодуулсан гэх Л гэх эрэгтэй хүн ***** багт байрлах СU сүлжээ дэлгүүрт байна гэж хэлсний дагуу очиж шалгахад зодуулсан гэх Л нь зодуулсан байдалтай байсан юу болсон талаар асуухад цуг барилга дээр ажиллаж байгаа хоорондоо хамаатан садан хүмүүс байгаа тэд нар намайг зодсон гэж хэлсэн. Зодсон гэх хүмүүс хаана байгаа талаар асуухад ******** төв авто угаалгын хоёр давхарт байрлаж байгаа тэндээ байгаа гэж хэлсэний дагуу тухайн хаягийг шалгахад ***** баг ******** төвийн хоёр давхарт байрлаж байгаа гэх өрөөрүү ороход хариуцаж ажиллаж байгаа гэх Б байсан юу болсон талаар асуухад Л өөрөөсөө болсон агсан тавиад байсан маргаан үүсгээд байсан гэж хэлсэн. Л-гээс хэн хэн таны биед халдаж зодсон талаар асуухад Б, Ц, Б нар зодсон гэж хэлээд Лг зодсон гэх гурван иргэнийг цагдаагийн газарт хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг. /хх-ийн 40-р тал/
4. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 871 дугаартай “М.Л-гийн биед 1 шүдний сулрал, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний зовхи, зүүн бугалганд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх 1 шүдний сулрал, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дан дангаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 49-50-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Ц, Б.Б, Б.Б нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2024 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын ***** багийн нутаг дэвсгэрт байрлах ******** төв авто угаалгын газарт М.Л-г зодож эрүүл мэндэд 1 шүдний сулрал, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирсл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч нарын мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч М.Л-гийн “Миний үүдэн шүд уруулын гэмтлийг Б гараараа цохиж учруулсан. Ц миний толгойны дагз, хажуу тал хэсэг рүү нилээд хэдэн удаа гараараа цохьсон. Б хөл рүү нэг өшиглөж шанаа хэсэг рүү хальт нэг цохисон тэр нь нэг их өвдөлт мэдрээгүй. Б гэх залуу дундуур орж ирж Б бид хоёрыг салгасан. Салгахдаа миний нүүр лүү түлхсэн юм.” гэх мэдүүлэг, гэрч Д.Ц-ын “Тэгээд би юу болсон юм бэ гэж асуусан чинь тэд нар энэ Л дандаа архи уугаад эхнэр хүүхдийг минь янз бүрээр хэлээд байхаар нь бид нар хоорондоо маргалдаад гэж хэлэхээр нь аан заза гэж хэлээд өөрийнхөө байрлаж байсан өрөө рүү явж ороод орондоо ороод хэвтээд өгсөн. Л цагдаа дуудах гээд гараад явсан байсан. Удалгүй цагдаа дагуулаад ороод ирхэд Л-гийн нүүр зүүн нүдний доор хэсэгт шалбараад цус гарсан байсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Б-гийн “Л нь зодуулсан байдалтай байсан юу болсон талаар асуухад цуг барилга дээр ажиллаж байгаа хоорондоо хамаатан садан хүмүүс байгаа тэд нар намайг зодсон гэж хэлсэн. Л-гээс хэн хэн таны биед халдаж зодсон талаар асуухад Б, Ц, Б нар зодсон гэж хэлээд Л-г зодсон гэх гурван иргэнийг цагдаагийн газарт хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 871 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Ц, Б.Б, Б.Б нар нь 2024 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын ***** багийн нутаг дэвсгэрт байрлах ******** төв авто угаалгын газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.Л-г бүлэглэн зодож эрүүл мэндэд нь 1 шүдний сулрал, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Ц, Б.Б, Б.Б нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж, М.Л-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ц, Б.Б, Б.Б нарыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч М.Л-гийн эрүүл мэндэд нь 1 шүдний сулрал, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч эмчилгээний зардал 2 910 000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч нар зөвшөөрч, төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгч нараас гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц, Б.Б, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирүүлсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овгийн Б-ын Б, У овгийн Бийн Ц, Ц овгийн Б-ын Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц, Б.Б, Б.Б нарыг тус бүр 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц, Б.Б, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц, Б.Б, Б.Б нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Б.Ц, Б.Б, Б.Б нарт оногдуулсан торгох ялыг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-аас 970 000 /есөн зуун далан мянга/ төгрөг, Б.Б-ээс 970 000 /есөн зуун далан мянга/ төгрөг, Б.Б-аас 970 000 /есөн зуун далан мянга/ төгрөг, нийт 2 910 000 төгрөгийг гаргуулан хохирогч М.Л-д олгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А