| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2024/0512/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/20 |
| Огноо | 2025-01-13 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/20
2025 01 13 2025/ШЦТ/20
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж,
Нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Ц.Л
Хохирогч Ш.Д
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Э, Р.Ц
Шүүгдэгч Б.Д, Э.О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д, Э.О нарт холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт.
1. М овгийн Э-ын О, Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр *********** ***** төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн дунд боловсролтой, хаалт арматурын засварчин мэргэжилтэй, ************ ********** ******* ажилтай, ам бүл 1, *********** ************ ******** оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, /РД: ********/.
2. Эовгийн Б-ийн Д, Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ********* ******** төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ********** ******** ажилтай, ам бүл 3, ээж дүүгийн хамт ********** ********** оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, /РД: **********/.
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Э.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Д-тай бүлэглэж 2024 оны 07 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 01-02 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын ********** багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*************” баарны гадаа Ш.Д-ийг шалтгаангүйгээр цохиж газарт унагаан өшиглөж, дээрээс нь дэвсэж эрүүл мэндэд нь баруун шуу ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.О-той бүлэглэж 2024 оны 07 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 01-02 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сумын ********** багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**********” баарны гадаа Ш.Д-ийг шалтгаангүйгээр зодож, эрүүл мэндэд нь баруун шуу ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Д, Э.О нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дугаар зүйлийн 2.1-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д мэдүүлэхдээ “Тухайн үед согтуу байсан юу ч санахгүй байна. 600 000 төгрөг хохиролд төлсөн, камерын бичлэгийг үзсэн” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.О мэдүүлэхдээ “Хохирогч эхэлж мөргөсөн гэж санаж байна. Баарны гадаа бүгд согтуу байсан, Уучихсан үедээ уурлаж, болчимгүй үйлдэл гаргасан байна. Хохиролд 50 000 төгрөг төлсөн” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Ш.Д мэдүүлэхдээ “Б, Г хоёр, хоёр эмэгтэйтэй баарнаас гарч ирсэн. Хүмүүстэй муудалцсан гэтэл гэнэт Д гэдэг хүн намайг цохьсон. Эдгээр хүмүүс тавуулаа байсан байхад яагаад одоо хоёулаа болсныг ойлгохгүй байна. 3 сарын ажилгүй байсан хугацааны цалин болон ажлаас гадуур олдог байсан 2 сая төгрөг, сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл. /хх-ийн 10-14-р тал/
2. Хохирогч Ш.Д-ийн “Би 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 22 цагийн үед ажлаасаа буугаад ********** багийн ********** бааранд ганцаараа орсон. Баарны караокед дуулж байгаад 0,5 литрийн сэнгүр пиво уугаад бүжиглэж байгаад шөнийн 01 цаг болж баар хаагаад баарны гадаа баарны зөөгчтэй ойр зуурын юм ярьж байтал хажууд хүмүүс зодолдоод эхэлсэн. Нэг залууг хоёр залуу нийлж зодоод байсан. Би хажууд нь зогсож байтал тухайн залуучууд тэр залууг зодож дуусаад над руу дайраад намайг зодоод эхэлсэн. Яагаад над руу дайраад намайг зодоод байгааг би ойлгоогүй. Тухайн 4-5 залуучууд нийлж намайг зодсон. Би цохиулаад газар унасан. Газар унасан байхад миний дээрээс дэвсээд миний баруун гарын эвгүй болгочихсон. Тухайн залуучууд яваад өгсөн. Би шууд БОЭТ-д очиж үзүүлэхэд баруун гар шуу хэсгээрээ хугарчихсан байсан. Тухайн хүмүүсийг танихгүй, зүс царайгаар нь харвал энэ намайг зодсон хүмүүс байна гэж хэлж өгч чадна. Тухайн хүмүүсийг Д, Г, Х, О, нэг залуугийн нэрийг мэдэхгүй. Д гэх залуу нь эмчилгээний зардал гэж 400,000 төгрөг Голомт банкны ********* данс руу шилжүүлсэн. Баруун шуу ясны далд хугарал гэмтлийг О дэвсээд хугалчихсан. Хэрэг болох үеийн ********** баарны бичлэгийг би эмнэлгээс гараад ********** дээр очоод утсаараа бичиж аваад уг бичлэгийг үзээд хэргийн талаар санасан. Би баарны гадаа зогсож байгаад Дтай шалтгаангүйгээр харилцан зодолдож байхад баарны хамгаалагч залуу ирээд дээрээс татаад болиулах гэж байхад Г гэх залуу баарны хамгаалагчийг татаж болиулсан. Тэр үед би Д-тай зодолдож байхад О орж ирж намайг олон удаа цохиж байсан. Хүмүүс бид нарыг салгах гээд дундуур ороод би хүмүүсийн дундуур гарч иртэл О намайг дайрч цохиж эхэлсэн. О намайг газар унагаан гаран дээр дэвссэн. Тэгээд миний гар хугарсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 19-р тал/
3. Гэрч Э.Б-ийн “2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 21 цагийн үед би Г-ийн хамт ********** багт үйл ажиллагаа явуулдаг ********** бааранд орсон. Караокед дуулж байгаад 0,75-н экс архи хувааж ууж байгаад манай ажлын газрын дүү нар болох Д, Б нар ирсэн. Бид дөрөв нийлж ууж байгаад ахиад 0,75 литрийн ногоон экс нэртэй архи авч уусан, дараа нь О ирсэн. Караокед дуулж байгаад шөнө 01 цагийн үед эхнэр Ж, Г-ийн эхнэр Булган нар ирсэн. Г түүний эхнэр хоёр **********оос түрүүлж гараад үлдсэн хэд нь нойл орсон. Бид нар нойлоос гараад **********ын хаалганы гадаа гарч ирэхэд Г нэг залуутай маргалдаад байж байсан. Тэр үед Д одоо гомдол гаргасан залуутай гэнэт зодолдоод эхэлсэн. Тэр хоёр дээр доороо ороод Г тэр хоёрыг салгах гээд байхад хажуу талаас нь О орж ирээд гомдол гаргасан Д-г зодож эхэлсэн. Д О нар нийлж Д-г зодож байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 23-р тал/
4. Гэрч П.Б-гийн “2024 оны 07 сарын 23-ны өдөр 21 цагийн үед ажил тарсны дараа Б ах залгаад Д та хоёр хүрээд ир гэсэн. Д бид хоёр ********** баарны караокед очтол Б түүний эхнэр, Гийн эхнэр гээд дөрвөн хүн байсан. Бид нар экс архи хувааж ууж байхад Б ахын найз О ирсэн. Бид нар архи дарс ууж байгаад 02 цагийн үед баар хаагаад баарнаас гараад байж байтал Б-ийн найз Г нэг хүнтэй маргалдаад баарны хамгаалагч салгаад байсан. Тэгээд байж байтад Д одоо цагдаад өргөдөл өгчихсөн байгаа Д-той зодолдоод эхэлчихсэн. Тэр хоёр харилцан биеэ цохиод дээр доороо орох үед хамгаалагч залуу тэр хоёрыг болиулах гэхэд Г хамгаалагчийг татаад тэр хоёр зодолдоод эхэлсэн. Д Д--той зодолдох үед хажуунаас нь О 4-5 удаа Д-ийг цохьсон. Би тэд нарын зодооныг салгах гэсэн боловч чадахгүй байсан. Д Д нар салсны дараа О Д-той зодолдоод байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 25-р тал/
5. Орхон аймгийн Шүүх хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 794 дугаартай “Ш.Д-ийн биед баруун шуу ясны далд хугарал, хугарлыг засаж бэхлэх хагалгааны дараах байдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 30-31-р тал/
6. Яллагдагч Э.О-ын “2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 23 цагийн үед би Б руу хаана байгаа талаар асуухад Б Орхон аймгийн Баян-Өндөр сумын ********** багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ********** бааранд байна чи хүрээд ирээч гэж хэлсэн. Б надад мөнгөний өртэй юм мөнгөө асуух гээд уг нь залгасан. Тэгээд би ********** бааранд очиход Б, Г Д, Б нар караокед архи согтууруулах ундаа хэрэглээд дуулаад байсан. Би ногоон экс нэртэй 0.75 литрийн 1 шил архийг тэд нартай хувааж уусан. Г-гийн эхнэр бааранд ирээд тэгээд баар хаах болоод баарнаас гарсан. Баарны гадаа байж байсан чинь Г-гийн эхнэрийг хүн өдөөд Г эхнэрээ өмөөрөөд тухайн хүмүүстэй маргалдаад байсан. Би тамхи татаад зогсож байтал хохирогч хүрч ирээд мөргөсөн тэгэхээр нь би хохирогчийг ганц хоёр цохиод дундуур хамгаалагч орж ирэээд бид хоёрыг салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 76-р тал/
7. Яллагдагч Б.Д-ын “2024 оны07 дугаар сарын 21-ний өдөр 21 цагийн үед ажлаасаа бууж байхад Х ах залгаад ********** бааранд хүрээд ирээч гэсэн би Б-гийн хамт бааранд очоод архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд 02 цагийн үед баарнаас гарсан. Баарны гадаа байж байтал Г нэг хүнтэй маргалдаад байсан. Намайг баарны гадаа зогсож байтал одоо цагдаад өргөдөл өгчихсөн Д миний хажууд зогсож байгаад бид хоёр ярилцаж байгаад маргалдаж эхэлсэн нэг мэдсэн би Д-той зодолдоод дээр доороо ороод Г баарны хамгаалагч залуу 2 бид хоёрыг салгах гээд байсан. Би Д-той зодолдож байгаад салтал О хажуугаас орж ирээд Д-ийг зодоод эхэлсэн.” гэх мэдүүлэг. /хх-ийн 90-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л дүгнэлтдээ “Шүүгдэгч Э.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Д-тай бүлэглэж 2024 оны 07 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 01-02 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын ********** багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**********” баарны гадаа Ш.Д-ийг шалтгаангүйгээр цохиж газарт унагаан өшиглөж, дээрээс нь дэвсэж эрүүл мэндэд нь баруун шуу ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.О-той бүлэглэж 2024 оны 07 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 01-02 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум ********** багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**********” баарны гадаа Ш.Д-ийг шалтгаангүйгээр цохиж зодон эрүүл мэндэд нь баруун шуу ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт хуулийн дагуу цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч нарыг тус бүр 1 жил 6 сарын хугацаагаар зорих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц дүгнэлтдээ “Гэмт буруугийн талаар улсын яллагчтай мэтгэлцэхгүй. Гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй. Хохирлыг төлнө. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг төлсөн байдлыг харгалзан үзэж, торгох ялыг хуульд заасан доод хэмжээгээр оногдуулж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Э дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу хуулийн зүйлчлэлийг зөвшөөрч байна. Шүүх хэргийн үйл баримтыг үндэслэн хуулийн зүйлчлэлийг анхаарч өгнө үү. Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж торгох ялыг доод хэмжээгээр оногдуулж, 1 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хохирогч Ш.Д-ийн “Би хажууд нь зогсож байтал тухайн залуучууд тэр залууг зодож дуусаад над руу дайраад намайг зодоод эхэлсэн. Би цохиулаад газар унасан. Газар унасан байхад миний дээрээс дэвсээд миний баруун гарын эвгүй болгочихсон. Тэр үед би Дтай зодолдож байхад О орж ирж намайг олон удаа цохиж байсан. Хүмүүс бид нарыг салгах гээд дундуур ороод би хүмүүсийн дундуур гарч иртэл О намайг дайрч цохиж эхэлсэн. О намайг газар унагаан гаран дээр дэвссэн. Тэгээд миний гар хугарсан” гэх мэдүүлэг, гэрч Э.Бийн “Д одоо гомдол гаргасан залуутай гэнэт зодолдоод эхэлсэн. Тэр хоёр дээр доороо ороод Г тэр хоёрыг салгах гээд байхад хажуу талаас нь О орж ирээд гомдол гаргасан Дг зодож эхэлсэн. Д О нар нийлж Д-г зодож байсан” гэх мэдүүлэг, гэрч П.Б-гийн “Д одоо цагдаад өргөдөл өгчихсөн байгаа Дтой зодолдоод эхэлчихсэн. Тэр хоёр харилцан биеэ цохиод дээр доороо орох үед хамгаалагч залуу тэр хоёрыг болиулах гэхэд Г хамгаалагчийг татаад тэр хоёр зодолдоод эхэлсэн. Д Д-той зодолдох үед хажуунаас нь О 4-5 удаа Д-ийг цохьсон” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 794 дугаартай дүгнэлт, яллагдагч Э.О-ын “Би тамхи татаад зогсож байтал хохирогч хүрч ирээд мөргөсөн тэгэхээр нь би хохирогчийг ганц хоёр цохиод дундуур хамгаалагч орж ирэээд бид хоёрыг салгасан” гэх мэдүүлэг, яллагдагч Б.Д-ын “нэг мэдсэн би Д-той зодолдоод дээр доороо ороод Г баарны хамгаалагч залуу 2 бид хоёрыг салгах гээд байсан. Би Д-той зодолдож байгаад салтал О хажуугаас орж ирээд Д-ийг зодоод эхэлсэн” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Э.О Б.Д нар 2024 оны 07 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 01-02 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын ********** багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**********” баарны гадна бүлэглэж Ш.Д-ийг зодож, газарт унагаан өшиглөж, дээрээс нь дэвсэж эрүүл мэндэд нь баруун шуу ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Д, Э.О нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн хохирогч Ш.Д-ийг зодож, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Д, Э.О нарыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Д-ийн эрүүл мэндэд “баруун шуу ясны далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь эмчилгээний зардал 1,3 сая төгрөг, ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү 1 951 426 төгрөг, ажлын бус цагаар хөдөлмөр эрхэлж олох байсан орлого 2 сая төгрөг, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжилсэн байна. Шүүх нэхэмжлэлийн баримтуудыг шинжлэн судлаад эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү нийт 2 301 428 төгрөгийн нэхэмжлэл баримтаар нотлогдсон гэж үзсэн бөгөөд шүүгдэгч нар хүлээн зөвшөөрч, шүүх хуралдааны явцад төлж барагдуулсан байна. Ажлаас гадуур хөдөлмөр эрхэлж олох байсан орлого 2 сая төгрөг болон сэтгэцэд учирсан хохирлын баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул хэлэлцэлгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсийн 1.2-д заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овгийн Э-ын О, Э овгийн Б-ийн Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бүлэглэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Д-ыг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2 700 000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Э.О-ыг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2 700 000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д, Э.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, Э.О нарт оногдуулсан 2 700 000 төгрөгөөр торгох ялыг тус бүр 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар шүүгдэгч Б.Д-ад торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч Э.О-д торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол болон ажлын бус цагаар олох байсан орлогоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А