Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 155/ШШ2020/01395

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, шүүгч Б.Отгонбямба, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд ......... онд төрсөн, ..... настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... дүгээр багийн ............. тоотод оршин суух, ................ дугаар регистрийн дугаартай, Хатгин овогт Идэрийн *******ий нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд ..... онд төрсөн, ......... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын............ дүгээр багийн ............. тоотод оршин суух, ................ дугаар регистрийн дугаартай Махсад овогт Хүрэлбаатарын*******т холбогдох,

Хамтын амьдралтай байсныг тогтоолгож, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүдээ ногдох хэсэг болох 15.250.000 төгрөг, Mark-x-zio маркын автомашины хропны үнэ 2.500.000 төгрөг, засварын үнэ 230.000 төгрөг, шүүхийн шийтгэвэрт заасан 100.000 төгрөг, нийт 18.080.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд, нэхэмжлэгч, И.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж, хариуцагч Х.Ганзориг, хариуцагчийн өмгөөлөгч В.Энхболд, иргэдийн төлөөлөгч Б.Мөнх-Ундрал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие И.******* нь Х.Ганзоригтой 2012 онд танилцаж, 2016 оны 10 дугаар сараас харилцан үерхэж 2016 оны 12 дугаар сард дотно харилцаатай болсноор тус тусын аав ээжийн гэрээр ирэн очин явж хамтын амьдралаа эхлүүлсэн. Үүнээс хойш Х.Ганзоригийн хүү Г.Уламбаяр миний хүү болж, миний хүү Бат-Эрдэний******* Х.Ганзоригийн хүү хэмээн нэрлэгдэх болж хүүхдүүдийн хамтаар ам бүл 4-үүлээ амьдарч эхэлсэн юм. Хамтын амьдралын эхний үед хоёр талаасаа хүүхэдтэй нийлсэн, цаашид амьдралыг хамтдаа туулна, 2 хүүхдийнхээ ирээдүйн төлөө хамтран хичээнэ гэдэгтээ бат итгэлтэй байсан тул Х.Ганзоригт маш их итгэл төрж байлаа. Би хамтын амьдралтай байх хугацаандаа 2017 оны 4 дүгээр сард БНСУ-д ажиллахаар яваад тус улсад цалин хангамж сайтай ажил эрхэлж, Х.Ганзориг Өмнөговь аймагт ачааны машин барьж 2 талаасаа мөнгө хөрөнгө хуримтлуулан амьдарч эхэлсэн. Миний бие Х.Ганзоригийн ятгалгаар удаан хугацаагаар ажиллах боломжоосоо татгалзан гэр бүлийн хамтын харилцааг эрхэмлэн 2017 оны 11 дүгээр сард Монголд ирсэн. Хамтын амьдралын явцад 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр анх удаа Х.Ганзориг нь надад гар хүрч зодож, нүд хамар ам руу цохиж зодон хөнгөн гэмтэл учруулсан. Үүнээс хойш Х.Ганзориг намайг байнга гэр бүлийн хүчирхийлэлд байлгаж 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр дахин гар хүрч зодон шүүхээр шийтгүүлсэн. 2020 оны 01 дүгээр сарын дундуур хөдөөгүүр бараа материалаа зараад ирэх замд хамт явсан жолоочтой чинь ална хэмээн утсаар сүрдүүлж, улмаар би ээжээрээ цагдаад дуудлага өгүүлэн өөрийгөө хамгаалсан. Дараа нь 2020 оны 3 дугаар сарын 26-ны шөнө аавындаа унтаж байхад Х.Ганзориг согтуу ирж намайг зодож гэмтэл учруулсан.Энэ асуудал одоо цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа юм. Х.Ганзориг нь хамтын амьдралын явцдаа намайг байнга хүчирхийлж дарамталж байсан тул арга буюу 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс хойш харилцаагаа эцэс болгож тусдаа амьдарч байна. Би Х.Ганзоригтой цаашид хамтран амьдрах ямар ч боломжгүй болсон тул хамтын амьдралын явцад үүсгэсэн хөрөнгүүдээс өөртөө болон хүү Б.Эрдэнэтамирт ногдох хувийг гаргуулахаар тооцоо гаргаж байна.Үүнд:

1.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар баг 8-27 тоотод байрлах 10.0 сая төгрөгийн үнэ бүхий 210709499 нэгж талбарын дугаартай, Г-1723004186 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй Ариунжаргалын эзэмшлийн хоосон хашаа бүхий газрыг 2018 оны 10 сард худалдаж авсан. Үүнээс хүүдээ болон өөрт ногдох хэсэг болох 5.000.000 төгрөг,

2.Хөвсгөл аймгийн Түнэл сум Хөх толгой гэх газарт байрлах гудамжны үзүүрийн 4 айлын хоосон хашаа бүхий газрыг 2017 оны 12 сард иргэн Ууганцэцэгээс худалдан авч байсан бөгөөд уг газрыг 12 сая төгрөгөөр үнэлж, өөрт болон хүүхдээ ногдох хувь 6.000.000 төгрөг,

3.Хөвсгөл аймгийн Түнэл сумын Хөх толгой гэх дугаартай газарт гудамжны үзүүрт 2 айлын газрыг 4 сая төгрөгөөр 2018 онд худалдан авсан бөгөөд энэхүү газар Сампилын Даваасүрэн гэх хүний нэр дээр байдаг. Үүнээс өөрт болон хүүдээ ногдох хувь 2.000.000 төгрөг,

4.Хөвсгөл аймгийн Түнэл сум Олны өтөг гэх газарт фермерийн аж ахуйн зориулалтаар 1 га газрыг иргэн Соёлоогоос 4.5 сая төгрөгөөр 2019 онд худалдан авч эзэмшсэн бөгөөд үүнээс өөрт болон хүүдээ ногдох хувь 2.250.000 төгрөг,

5.Дээрх хөрөнгүүд дээр миний эзэмшлийн Mark-x-zio маркийн автомашины хропыг Х.Ганзориг эвдсэн тул хропны үнэ болон хроп суулгах засварын хөлсөнд 2.730.000 төгрөг,

6.Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 174 дугаартай шийтгэвэрийн тогтоох хэсгийн 3-т заасан 100.000 төгрөг, нийт 18.080.000 төгрөгийг Х.Ганзоригоос гаргуулах.

...Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж И.******* намайг Х.Ганзоригтой 2017 оны 11 дүгээр сараас 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Х.Ганзориг шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Нэхэмжлэгч И.******* нь надаас хамтын амьдралын явцад үүссэн 30.500.000 төгрөгийн эд хөрөнгөөс өөрт болон хүүдээ ногдох хувь 18.080.000 төгрөгийг нэхэмжилжээ.И.*******ы гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар баг 8-27 тоотод байрлах хашаа байшин нь миний өмч хөрөнгө биш уг хашааг худалдан авах гэж 6,0 сая төгрөгөөр тохирч байсан боловч 6.0 төгрөгийг өгч чадаагүй байгаа тул өөрийн өмч болгож авч чадаагүй.

2.Хөвсгөл аймгийн Түнэл сум Хөх толгой гэх газарт байрлах гудамжны үзүүрийн 4 айлын хоосон газар нь *******ы нэр дээр байгаа нь үнэн боловч уг хашааг *******ы найз гэх хүүхнээс 6.0 сая төгрөгөөр худалдан авч байсан.Би Өмнөговь аймагт ажиллаж байгаад ирээд хашааны бичиг баримтаа шилжүүлж авах гэтэл ******* өөрийнхөө нэр дээр шилжүүлээд авчихсан байсан. Энэ газрыг авах үед би гэр бүлээсээ салаагүй байсан. Миний 3 хүүхдийн өмч байгаа юм.

3.Хөвсгөл аймгийн Түнэл сумын Хөх толгой гэх газарт байгаа 2 айлын газрыг 4 сая төгрөгөөр авсан гэдгийг би ойлгосонгүй. С.Даваасүрэнгийн эзэмшлийн газрын гэрчилгээ нь надад байгаа.Энэ миний өмч биш. Энд би С.Даваасүрэнтэй наймаа арилжаа хийсэн зүйл байхгүй. Хийхээр сонирхож байгаа.

4.Би ийм газрыг мэдэхгүй юм байна. Надад Олны өтөг гэх газарт ийм өмч байхгүй.

5.Mark-x-zio маркийн автомашиныг анх ******* өөрөө Улаанбаатараас би машин авах гээд байна. Мөнгө дутчихлаа гээд утсаар ярихаар нь 2 сая 300 мянган төгрөг шилжүүлж байсан. Ингээд би Өмнөговиос ирээд *******тай хамт авсан гэх Mark-x-zio маркийн автомашиныг жолоодоод мөрөн сум ирж явах замд уг машин нь Эрдэнэтэд эвдрэл гарч Мөрөн суманд ирсэн. Ингээд өглөө нь би *******д хаанаас ямар машин авчихсан юм бэ гэж хэлж, машин авсан хүн рүү нь ярьж байсан. Энэ Mark-x-zio маркийн автомашиныг авахад санхүүгийн дэмжлэг үзүүлж тусалсан.

6.Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 174 дугаартай шийтгэвэрийн тогтоох хэсгийн 3-т заасан 100.000 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ.Энэ шийдвэрт би гомдол гаргасан, шийдвэрлэгдээгүй байгаа.Дээрх зохиомол хөрөнгүүдийг дундын өмч гээд байгааг ойлгохгүй байна.И.*******ы энэхүү нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.Миний бие *******ы хүү Б.Эрдэнэтамиртай хамтдаа амьдарч байгаа гэж хэлж болно. И.******* нь надтай 2012 онд танилцаж, 2016 онд хамтын амьдралаа эхлүүлсэн гэдэг нь ор үндэсгүй зүйл юм.Миний бие 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр эхнэр Д.Машбатаас гэр бүлээ цуцлуулсан. Ийм учраас И.*******тай 2016 оны 12 дугаар сараас хамтран амьдарсан гэдэг нь худал юм. И.*******тай хамтран амьдарсан хугацаа нь 2018 оны 09 дүгээр сараас 2019 оны 3 дугаар сар хүртэл байсан.Миний бие И.*******тай хамтран амьдарсан 6 сарын хугацаанд бий болгосон ямар нэг эд хөрөнгө, газар, эд зүйл байхгүй. И.******* надаас ямар нэг мөнгө эд зүйл нэхэх эрхгүй.И.******* надаас авах биш харин надад өгөх ёстой хүн гэж үзэж байна...гэжээ.

Нэхэмжлэгч И.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.*******ийн миний данс руу хийсэн гэх мөнгө нь дээрх нэхэмжлэлд дурдагдсан газар болон нэхэмжлэлд дурдагдаагүй зөндөө газар ав гэж над руу шилжүүлж байсан мөнгө юм. Тухайн мөнгөөр нь би авсан газар дээр нь хашаа бариулж байсан. Мөн гэр орны ахуйн хэрэглээнд зарцуулж байсан. Над руу шилжүүлэхдээ утга дээр нь юм хайр, х үсэг бичиг шилжүүлдэг байсан. Нэхэмжлэлд дурдагдаагүй өөр зөндөө өмч хөрөнгө Х.Ганзоригт байгаа. Би зах зухаас нь л нэхэмжилсэн. Миний бие Солонгос улсад гэрээгээр ажиллаад ирсэн байсан тул надад тодорхой хэмжээний мөнгө байсан. Мөн би тухайн үед урдаас гэр ахуйн бараа оруулж ирж дэлгүүрүүдэд нийлүүлдэг ажил хийж байсан.

...Х.Ганзоригтой 2018 оны 09 дүгээр сараас 2019 оны 03 дугаар сар хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгож, хамтран өмчлөх дундын Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар баг 8-27 тоотод байрлах 10.0 сая төгрөгийн үнэ бүхий 210709499 нэгж талбарын дугаартай, Г-1723004186 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй хоосон хашаа бүхий газар, Хөвсгөл аймгийн Түнэл сум Хөх толгой гэх газарт байрлах гудамжны үзүүрийн 4 айлын 12 сая төгрөгийн үнэ бүхий хоосон хашаа, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Хөх толгой гэх дугаартай газарт гудамжны үзүүр 2 айлын 4 сая төгрөгийн үнэ бүхий газар, Хөвсгөл аймгийн Түнэл сум Олны өтөг гэх газарт фермерийн аж ахуйн зориулалттай 4.5 сая төгрөгний үнэ бүхий 1 га газар буюу 30.500.000 төгрөгний эд хөрөнгөөс Хөвсгөл аймгийн Түнэл сум Хөх толгой гэх газарт байрлах гудамжны үзүүрийн 4 айлын газрыг өөрийн ногдох хөрөнгөд гаргуулж авах. Mark-x-zio маркийн автомашиныг 2018 оны 10 дугаар сард 16.500.000 төгрөгөөр худалдаж авч буцаан 2019 онд зарсан.Уг машиныг авахад Х.Ганзоригоос 2.300.000 төгрөг авсан.Миний өөрийн ихэнх мөнгөөр авсан хувиарт хөрөнгө. Мөн Mark-x-zio маркийн автомашины хропны үнэ 2.500.000 төгрөг, засварын 230.000 төгрөгийг Х.Ганзоригоос гаргуулж авна.Үүн дээр нэмээд шүүхийн шийтгэвэрт заасан 100.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.

...Өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна. Хөвсгөл аймгийн Түнэл сум Хөх толгой гэх газарт байрлах гудамжны үзүүрийн 4 айлын газрыг би өөрийн мөнгөөр авсан хөрөнгө ба гэрээ гэрчилгээ нь миний нэр дээр байдаг тул дундын хөрөнгөд тооцон ногдох хувь гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, Mark-x-zio маркийн автомашиныг худалдаж авахад Х.Ганзориг 2.300.000 төгрөг оруулсан тул хропны үнэ 2.500.000, засварын 230.000, нийт 2.730.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас уг мөнгийг хасч тооцон үлдэх 430.000 төгрөгийг, шүүхийн шийтгэвэрийн 100.000 төгрөг, нийт 530.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийнхээ шаардлагыг багасгаж байна гэв.

Хариуцагч Х.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

И.*******тай 2018 оны 09 дүгээр сараас 2019 оны 3 дугаар сар хүртэл буюу 6 сар хамтран амьдарснаа зөвшөөрч байна.Хамтран амьдарсан хугацаанд 30.500.000 төгрөгийн эд хөрөнгөтэй болсон гэдэг бол худлаа. Хөвсгөл аймгийн Түнэл сум Хөх толгой гэх газарт байрлах гудамжны үзүүрийн 4 айлын газар нь миний хүүхдүүдийн хөрөнгө юм. Уг газрыг би өөрийн мөнгөөр авсан. И.*******ы найз зарна гэхээр нь би Өмнөговьд ажиллаж байхдаа мөнгийг нь *******ы дансанд шилжүүлсэн. ******* надад хэлэхдээ 6.000.000 төгрөгөөр зарна гэж байна гэж уг мөнгийг надаас авсан. Харин одоо болохоор 5.500.000 авсан гэж байгааг гайхаж байна. Өмнөговиос ирээд хашааны бичиг баримтаа авах гэтэл И.******* өөрийнхөө нэр дээр бичиг баримтыг нь гаргуулчихсан байсан ба тухайн үед би эхнэрээсээ салж байсан. Тэгээд чиний нэр дээр шилжүүлбэл эхнэр хүүхэд чинь авчихаж магадгүй гээд би өөрийнхөө нэр дээр гаргуулчихлаа. Тэгж байгаад чи өөрийнхөө нэр дээр шилжүүлнэ биз гэсэн.Дараа нь тухайн газрын гэрээ гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэх гэхэд 1 сая орчим төгрөг орох болсон ба тэр үед миний бие тааруу, ажил хийхгүй орлогогүй байсан тул газрын гэрээ гэрчилгээг И.*******аас шилжүүлж авч амжаагүй юм.Уг газар И.*******д хамааралгүй. Бусад газрын хувьд худалдаж авахаар ярьж сонирхож байсан боловч авч чадаагүй газрыг дундын хөрөнгө мэтээр нэхэмжилсэн байна.Mark-x-zio маркийн автомашины хувьд намайг Өмнөговьд ажиллаж байхад И.******* утсаар яриад машин авах гэсэн мөнгө дутчихлаа гээд надаас 2.300.000 төгрөг авч байсан.Тухайн үед бид хамт амьдарч байсан.Өмнөговиос намайг ирэхэд бид хамтдаа машинаа аваад Мөрөн рүү ирж явах замд хроп нь асуудалтай болох нь мэдэгдсэн.Тэр үед би машин зарсан гэх хүн рүү нь ярьж хэлж байсан ба И.*******д ч гэсэн хаашаа машин авчихсан юм бэ гэж хэлж байсан. Тэгээд Мөрөнд ирсэн хойно Зуны гол руу явах гээд Аймгийн төвөөс хөдлөөд нэг их удаагүй яваагүй эвдэрсэн.Үүнийг И.******* өөрөө мэдэж байгаа.Түүнээс гадна би И.*******ы дансанд 30 гаран сая төгрөг шилжүүлсэн байдаг ба надад эдгээр мөнгийг буцааж өгч байгаагүй тул би түүнд ногдох хөрөнгө өгөх үндэслэлгүй.Хамтран амьдарч байх хугацаанд 30.500.000 төгрөгний хөрөнгөтэй ч болоогүй юм.Харин шүүхийн шийтгэвэрийн 100.000 төгрөгийг өгөхийг бол зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч И.******* нь хариуцагч Х.Ганзоригт холбогдуулан хамтран өмчлөх дундын 30.500.000 төгрөгний эд хөрөнгөөс өөрт болон хүүдээ ногдох хэсэг болох 15.250.000 төгрөг, Mark-x-zio маркийн автомашины хропны үнэ 2.500.000 төгрөг, засварын үнэ 230.000 төгрөг, шүүхийн шийтгэвэрт заасан 100.000 төгрөг, нийт 18.080.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад И.*******, Х.Ганзориг нарыг 2017 оны 11 дүгээр сараас 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Нэхэмжлэгч И.*******ы хариуцагч Х.Ганзоригтой хамтын амьдралтай байсныг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

И.******* нь Х.Ганзоригтой 2017 оны 11 дүгээр сараас 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан ба шүүх хуралдааны явцад 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн бөгөөд зохигчид нь 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул И.*******ыг Х.Ганзоригтой 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч И.*******ы хариуцагч Х.Ганзоригт холбогдуулан гаргасан хамтран өмчлөх дундын 30.500.000 төгрөгийн эд хөрөнгөөс өөрт болон хүүдээ ногдох хувьд 15.250.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

И.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хамтран өмчлөх дундын 30.500.000 төгрөгийн эд хөрөнгөөс өөрт болон хүүдээ ногдох хувьд 15.250.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч шүүх хуралдаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар баг 8-27 тоотод байрлах 10.000.000 төгрөгний үнэ бүхий хоосон хашаа, газар, Хөвсгөл аймгийн Түнэл сум Хөх толгой гэх газарт байрлах 12.000.000 төгрөгний үнэ бүхий үзүүрийн 4 айлын хоосон хашаа, газар, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Хөх толгой гэх газарт байрлах 4.000.000 төгрөгийн үнэ бүхий үзүүрийн 2 айлын газар, Хөвсгөл аймгийн Түнэл сум Олны өтөг гэх газарт фермерийн аж ахуйн зориулалттай 4.500.000 төгрөгийн үнэ бүхий 1 га газар, нийт 30.500.000 төгрөгийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс Хөвсгөл аймгийн Түнэл сум Хөх толгой гэх газарт байрлах 12.000.000 төгрөгийн үнэ бүхий үзүүрийн 4 айлын хоосон хашаа, газрыг өөрийн ногдох хувьд гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.

Гэвч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн Түнэл сум Хөх толгой гэх газарт байрлах 12.000.000 төгрөгийн үнэ бүхий үзүүрийн 4 айлын хоосон хашаа, газрыг өөрийн ногдох хувьд гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүй татан авч болно гэжээ.

Хуулийн дээрх заалтаас үзвэл шүүхэд нэхэмжлэл гаргах эсэх, түүнийг дэмжих эсэх, мөн түүнээсээ татгалзах эсэх нь нэхэмжлэгчид хуулиар олгогдсон эрх байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч И.*******ы Хөвсгөл аймгийн Түнэл сум Хөх толгой гэх газарт байрлах 12.000.000 төгрөгийн үнэ бүхий үзүүрийн 4 айлын хоосон хашаа, газрыг өөрийн ногдох хувьд гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзлыг баталж шийдвэрлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгч И.*******ы Mark-x-zio маркийн автомашины хропны үнэ 2.500.000 төгрөг, засварын үнэ 230.000 төгрөг, Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 174 дугаартай шийтгэвэрт заасан 100.000 төгрөг, нийт 2.830.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

И.******* нь шүүхэд Mark-x-zio маркийн автомашины хропны үнэ 2.500.000 төгрөг, засварын үнэ 230.000 төгрөг, Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 174 дугаартай шийтгэвэрт заасан 100.000 төгрөг, нийт 2.830.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж хуваарьт хөрөнгө болох Mark-x-zio маркийн автомашины хропны үнэ 2.500.000 төгрөг, засварын үнэ 230.000 төгрөг, нийт 2.730.000 төгрөг гаргуулахаас хариуцагчийн уг машиныг худалдан авахад өгсөн гэх 2.300.000 төгрөгийг хасаж тооцон үлдэх 430.000 төгрөг, шүүхийн шийтгэвэрийн 100.000 төгрөг, нийт 530.000 төгрөг гаргуулна хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.

Хариуцагч Х.Ганзориг шүүх хуралдаанд Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 174 дугаартай шийтгэвэрийн тогтоох хэсгийн 3 дугаар заалтад заасан 100.000 төгрөгийг өгөхийг зөвшөөрч байна гэх тайлбарыг өгсөн ба энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас машины хроп, засварын үнийн үлдэгдэл 430.000 төгрөг гаргуулахыг хүссэн хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Учир нь: И.*******...Mark-x-zio маркийн автомашиныг 2019 оны 10 дугаар сард 16.500.000 төгрөгөөр худалдаж авч 2020 оны 03 дугаар сард 13.000.000 төгрөгөөр зарсан. Уг машиныг авахад Х.Ганзоригоос 2.300.000 төгрөг авсан. Миний өөрийн ихэнх мөнгөөр авсан хөрөнгө. Х.Ганзориг уг машиныг унаж яваад хропыг нь эвдсэн ба хропны үнэ 2.500.000, засварын 230.000, нийт 2.730.000 төгрөгөөр засуулж 2019 онд зарсан. Иймд уг мөнгөнөөс Х.Ганзоригийн машин худалдан авахад надад өгсөн 2.300.000 төгрөгийг хасаж тооцон үлдэх 430.000 төгрөгийг гаргуулна авна,

Хариуцагч...уг машиныг авах үед бид хамтран амьдардаг байсан ба Өмнөговь аймагт намайг ажиллаж байхад И.******* над руу яриад машин авах гэсэн мөнгө дутчихлаа гээд 2.300.000 төгрөг авсан.Би Өмнөговиос хотод ирж бид хамтдаа машинаа авч нутаг буцсан.Наашаа ирж явах замд машины хроп доголдож байсан бөгөөд би И.*******д ямар машин авчихсан юм бэ гэж тухайн үед би хэлж, худалдсан гэх хүнтэй нь утсаар ярьж байсан. Би хропыг эвдээгүй... гэж тус тус маргасан.

Хуульд хамтран амьдарсан хугацаанд бий болсон хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь хамтран амьдарсан гишүүдийн дундын өмч, мөн хоёр буюу түүнээс дээш этгээдийн тус тусын өмчлөлийн зүйл болох эд хөрөнгө нийлсэн, холилдсоны үр дүнд салгах боломжгүй эд хөрөнгө шинээр бий болсон бол тэдгээр өмчлөгчид нь шинээр бий болсон эд хөрөнгийн хамтран өмчлөгч байх бөгөөд эд хөрөнгөд учирсан эрсдлийг талууд тэнцүү хэмжээгээр хариуцна гэж заасан.

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл автомашин худалдаж авах үед И.*******, Х.Ганзориг нар нь хамтын амьдралтай байсан байх ба Mark-x-zio маркийн автомашин нь одоо нэхэмжлэгчийн эзэмшил ашиглалтад байхгүй болох нь тогтоогдож байх бөгөөд энэ талаар хэргийн зохигч хэн аль нь маргаагүй.

Хэдийгээр нэхэмжлэгч нь Mark-x-zio маркийн автомашин нь миний хөрөнгө хэмээн тайлбарлаж байх боловч хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй, энэ талаарх нотлох баримтыг зохигч шүүхэд гаргаж ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг нэхэмжлэгч өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.

Иймд И.*******, Х.Ганзориг нарыг 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож,

нэхэмжлэгч И.******* Хөвсгөл аймгийн Түнэл сум Хөх толгой гэх газарт байрлах 12.000.000 төгрөгийн үнэ бүхий үзүүрийн 4 айлын хоосон хашаа, газрыг өөрийн ногдох хувьд гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзлыг баталж,

хариуцагч Х.Ганзоригоос 100.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 430.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 318.658 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хамтын амьдралтай байсныг тогтоолгоход төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамжид 70.200, 100.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамжид 4550 төгрөг, нийт 74.750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2,116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Хатгин овогт Идэрийн *******, Махсад овогт Хүрэлбаатарын******* нарыг 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2. Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч Х.Ганзоригоос 430.000 /дөрвөн зуун гучин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч И.*******ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Х.Ганзоригоос 100.000 /нэг зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч И.*******д олгосугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 318.658 /гурван зуун арван найман мянга зургаан зуун тавин найм// төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Ганзоригоос 74.750 /далан дөрвөн мянга долоон зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И.*******д олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ

ШҮҮГЧИД Б.ОТГОНБЯМБА

Б.МӨНХТУЯА