Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2022/0742

 

  

 

    2022           10             10                                        128/ШШ2022/0742

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “М***** ** *****” ХК, /РД:******/,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: “М******** *****” ХХК /РД:*******/ нарын хоорондын газар эзэмших эрхийн маргаантай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Д*****, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У*****, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э**********, Т.С************, Л.З*****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М***** ** *****” ХК Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “... “М***** ** *****” ХК-аас гаргасан 2021 оны 04 дүгээр сарын 7-ны өдрийн хүсэлтийг үндэслэлгүйгээр татгалзсан Нийслэлийн Засаг даргын татгалзлыг хууль бус болохыг тогтоож, тус хүсэлтэд дурдсаны дагуу нэхэмжлэгчид газар олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. 

2. Нэхэмжлэгч “М***** ** *****” ХК-нд анх маргаан бүхий газрыг Нийслэлийн Засаг даргын 1997 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/138 дугаар захирамжаар 4 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн ба уг газрыг ашиглах эрхийг Нийслэлийн Засаг даргын 1999 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Газар ашиглуулах, эзэмшүүлэх эрх олгох тухай” А-211 дугаар захирамжаар иргэн Ц.А*********-д 2 жилийн хугацаатайгаар шилжүүлсэн. Улмаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2002 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/54 дүгээр захирамжаар иргэн Т.Ц********д шилжүүлж, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” 434 дүгээр захирамжаар иргэн Т.Ц********-ээс “М******** *****” ХХК-д шилжүүлсэн.

3. Ийнхүү “М******** *****” ХХК-д шилжүүлсэн шийдвэртэй шат дараалан маргаж гомдол гаргасны улмаас шүүхэд нэхэмжлэл гарган Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/68 дугаар захирамжаар нэхэмжлэгч “М***** ** *****” ХК-д 3820 м.кв газрыг аж ахуйн, 700 м.кв газрыг конторын зориулалтаар нийтдээ 4520 м.кв газрыг шүүхийн шийдвэрийг биелүүлж хариуцагчаас газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан.

          4. Нэхэмжлэгч “М***** ** *****” ХК нь хариуцагч Нийслэлийн Засаг даргад 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүсэлт гаргасан боловч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 03-06/5017

дугаар албан бичгээр татгалзсан хариу өгсөн байна.

Нэхэмжлэгч “М***** ** *****” ХК-д уг татгалзсан хариуг эс зөвшөөрч анх 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

5. Нэхэмжлэгч нь шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “... Нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 434 дугаар захирамжаар Т.Ц********-ээс “М******** *****” ХХК-д шилжүүлсэн захирамж гарсан үеэс “М***** ** *****” ХК-аас шүүхэд хандан маргаж эхэлсэн ба 2008 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 288 дугаар шийдвэрээр “Нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 434 тоот захирамжийг дахин шинэ акт гарах хүртэл түдгэлзүүлж” шийдвэрлэсэн байдаг ба уг шийдвэрийг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2009 оны 361 дүгээр магадлал, 2010 оны 2/10 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн байдаг. Үүний дараа Нийслэлийн Засаг даргын зүгээс алдаа гаргаж “М******** *****” ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацааг сунгасан 2011 оны 677 дугаар захирамжийг дээрх шүүхийн шийдвэрүүдийг биелүүлэх үүднээс хууль бусаар гаргасан байдаг.

Уг шийдвэртэй “М***** ** *****” ХК-аас удаа дараа гомдол хүсэлт гаргасны эцэст Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/448 дугаар захирамж гаргаж дээрх 2011 оны 677 дугаар захирамжийн “М******** *****” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож алдаагаа залруулсан.

Энэхүү А/448 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар “М******** *****” ХХК-аас шүүхэд нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 16 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 169 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 150 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Эцэст нь энэхүү олон жилийн маргааны дараа Нийслэлийн Засаг даргаас 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/68 дугаар захирамж гарган манай “М***** ** *****” ХК-д 4520 м.кв газрыг шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүднээс эзэмшүүлсэн байдаг.

Уг захирамжтай холбогдуулан “М***** ** *****” ХК-ийн зүгээс “...газрыг дутуу олгосон нь хууль бус эс үйлдэхүй...”, “М******** *****” ХХК-ийн зүгээс “... дээрх захирамжийг хүчингүй болгуулж, газрыг бүхэлд нь өөрийн нэр дээр олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах ...” агуулгатай тус тусын нэхэмжлэл, бие даасан шаардлага гаргаж шүүхэд хандсаныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0751 дүгээр шийдвэрээр захиргааны байгууллагаас “маргаж буй актыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гарах хүртэл 6 сарын хугацаатай түдгэлзүүлсэн” ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2019/0073 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч “М***** ** *****” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд “М******** *****” ХХК-ийн бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг ба уг магадлалыг Улсын дээд шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 99 дүгээр тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг.

5.1. Хуулийн хүчин төгөлдөр болсон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2019/0073 дугаар магадлалд дараах хэд хэдэн үндэслэлийг дурдаж маргааныг дуусгах эрх Нийслэлийн Засаг даргад бүрэн байгааг магадлалын 7-8 дахь талд “... Одоо харин үлдэж буй 22820 м.кв газрыг хэн алинд нь ямар хэмжээгээр эзэмшүүлэх вэ гэдэг асуудлыг захиргааны зүгээс судлан шийдвэрлэх шаардлагатай юм” гэж тодорхой дурдсан байдаг. 9 дэх талд “... дээрх байдлыг харгалзан үзэхэд “М******** *****” ХХК-д тухайн маргаж буй газрыг дангаар нь бүхэлд нь эзэмшүүлэх боломжгүй, энэ нь эд хөрөнгийн хувьд хохироод байгаа ба “М***** ** *****” ХК-ийг улам хохироохоор байна. “М******** *****” ХХК-д газрыг бүхлээр нь эзэмшүүлэхийг даалгаж шийдвэрлэх нь Монгол Улсын Үндсэн хууль болон Газрын тухай хуульд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй” гэж дүгнэсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, анх Ц.А********* гэгч этгээд гэмт хэрэг үйлдэх замаар компанийн өмч болох Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах 2,7 га газар болон конторын барилга, агуулах, 238 ширхэг бетонон хашаа, түүний барилга зэргийг худалдан авсан гэж худал бичиг баримт бүрдүүлэн авсан байсныг тогтоолгосон. Үүний дараагаар дээрх гэмт этгээдийн хийсэн үйлдлийн үр дагавар болох манай компанийн эзэмшил, өмч бүхий газрыг Т.Цогтгэрэл гэгч этгээдэд шилжүүлсэн, Т.Ц******** гэгч этгээд одоогийн “М******** *****” ХХК худалдан авсан гэж тайлбарладаг боловч 2008 оноос эхэлсэн шүүхийн удаа дараагийн шийдвэрт энэ үйл баримт нь үндэслэлгүй хууль зөрчсөн хуулийн дагуу одоогийн “М******** *****” ХХК газар эзэмших эрхгүй, Т.Ц********-д Нийслэлийн Засаг даргаас газар эзэмшүүлсэн захирамж байхгүй эзэмших эрх үүсээгүй байдаг.

Дээрх дүгнэлт, өнгөрсөнд болсон үйл баримт материалуудыг үндэслэн манай компанийн зүгээс 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “М***** ** *****” ХК-ийн Нийслэлийн Засаг даргад хандсан шүүхийн шийдвэрт дурдсан агуулга болох одоо хэний ч нэр дээр газар эзэмших эрх олгоогүй байгаа 22820 м.кв газрыг бүхлээр нь нэгэнт эзэмшүүлэх боломжгүй учир “М******** *****” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө байрлаагүй газрыг хуулийн дагуу эзэмшүүлсэн шийдвэр гаргаж өгөхийг хүссэн хүсэлтийг гаргасан.

Гэтэл Нийслэлийн Засаг даргын зүгээс Нийслэлийн газар зохион байгуулалтын албаараа дамжуулан 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 03-06/5017 дугаар албан бичгээр захирамж гаргахаас татгалзсан хариу өгч байгаа энэ олон жилийн маргааныг эцэслэн шийдвэрлэж маргаанд оролцож буй хэн алиных нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, хуулийн хүрээнд зохих шийдвэрийг гаргахгүй байгаа нь хууль бус бөгөөд Нийслэлийн Засаг даргад уг асуудлыг шийдвэрлэх, аль аж ахуй нэгжид нь ямар хэмжээгээр газрыг олгох асуудлыг бүрэн шийдвэрлэх хуулийн боломж байхад үндэслэлгүйгээр татгалзсан гэж үзэж байна.

5.2. Хариуцагч байгууллагаас өргөдлийг шийдвэрлэхээс татгалзаж байгаа татгалзал нь хуульд нийцээгүй хууль бус болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт дурдсанаар нотлогдож байгаа мөн Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 31 дүгээр зүйлийн 31.1, 33 дугаар зүйлийн 33.1, 60 дугаар зүйлийн 60.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д тус тус заасан өөрийн үүргээ хэрэгжүүлэхээс санаатайгаар татгалзсан үйлдэл болсон ба энэ нь нэхэмжлэгчийн хувьд хууль ёсоор эзэмших ёстой өөрийн өмчөө зохих ёсоор өмчлөх, өмнө эзэмшиж байсан газраа эзэмшиж, ашиглах эрхээ сэргээлгэх, өргөдөл гомдлоо хуулийн хүрээнд шийдвэрлүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна.

Энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гарган нэхэмжлэлийн шаардлагаа хангуулснаар дээр дурдсан өмнө нь хууль ёсоор эзэмшиж байсан газрыг эзэмших эрхээ сэргээлгэх, түүнийгээ хуулийн дагуу эзэмшиж ашиглах, газар дээр байрлаж буй эд хөрөнгө болох бетонон хашаа, төмөр замыг зохих ёсоор өмчилж, эзэмшиж ашиглах эрхээ бодитоор сэргээлгэх ач холбогдолтой.

6. Иймд хариуцагчид хандсан 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн хүсэлтийг үндэслэлгүйгээр татгалзсан татгалзлыг хууль бус болохыг тогтоож, тус хүсэлтэд дурдсаны дагуу нэхэмжлэгчид газар олгосон шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж өгнө үү” гэв.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчээс газартай холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба тухайн газартай холбоотой маргаан нь 1997 оноос эхэлсэн нь хэрэгт авагдсан байгаа. “М***** ** *****” ХК нь анх 1993 онд хувьчлагдсан. Нийслэлийн Засаг даргын 1997 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/138 дугаартай захирамжаар Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд 27.3 га газрыг 4 жилийн хугацаагаар эзэмшүүлэх шийдвэр гарсан. 1999 оны А/211 дугаар шийдвэрээр иргэн Ц.А*********-д шилжүүлсэн. 2002 онд Т.Ц******** гэх хүнд шилжүүлсэн. Ц.А*********-аас Т.Ц********д шилжүүлсэнтэй холбоотой баримтуудыг өмнөх гуравдагч этгээдийн газрын маргаантай асуудлаар аваад үзэхэд газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт нь тухайн захирамж гарснаас хойш 2 сарын дараа гарсан байдаг. Үүнийг шүүхээс дүгнэсэн байдаг.

2006 онд Нийслэлийн Засаг даргын А/434 захирамжаар Т.Ц********-ээс “М******** *****” ХХК-д шилжүүлсэн захирамж гарснаас хойш ““М***** ** *****” ХК нь тус газар манай эзэмшилд байх ёстой гэж үзээд 2008 оноос нэхэмжлэл гаргаад 3 шатны шүүхээр хянаж, хэлэлцээд тухайн асуудлаар Нийслэлийн Засаг даргыг дахин шийдвэрлэж шинэ акт гаргуулахаар шийдвэрлэсэн. 2010 онд Дээд шүүхээр шийдвэрлэгдсэний дараа Нийслэлийн Засаг даргаас тус шийдвэрийг биелүүлэхдээ “М******** *****” ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацааг сунгаж шийдвэрлэсэн. Бидний шийдвэрлүүлэхийг хүссэн шийдвэрээс өөр шийдвэр гарсан тул Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан. Нийслэлийн Засаг даргаас бидний хүсэлтийг хангаж, буруу шийдвэр гаргаснаа хүлээн зөвшөөрсөн. 2013 оны А/448 дугаар захирамжаа гаргаад “М******** *****” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хугацааг сунгасан захирамжаа хүчингүй болгосон. “М******** *****” ХХК Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад 3 шатны шүүхээр хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тухайн газар “М******** *****” ХХК, ““М***** ** *****” ХК -ийн аль алиных нь биш болсон.

Улмаар Нийслэлийн Засаг дарга өмнөх шүүхийн шийдвэрийг биелүүлээд 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр А68 дугаар захирамжаар 3820м.кв газрыг аж ахуйн зориулалтаар, 700 м.кв газрыг конторын зориулалтаар “М***** ** *****” ХК-д эзэмшүүлсэн.

Гэтэл “М***** ** *****” ХК-д 27.3 га газар эзэмшүүлэх ёстой байснаас дутуу олгосон байна гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “М******** *****” ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулсан. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс тухайн газрыг эзэмших эрхийг авахаар бие даасан шаардлага гаргаад явсан. Энэ хэрэг мөн 3 шатны шүүхээр хянан хэлэлцэгдээд 2019 оны 04 дүгээр сарын 8-ны өдрийн 99 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байдаг. Тухайн шийдвэрүүд дээр газрын маргааныг эцэслэн шийдвэрлэх эрх Нийслэлийн Засаг даргад байна байдаг. Мөн үлдэгдэл 22820 м.кв газрыг хэнд нь хэрхэн эзэмшүүлэхийг захиргааны байгууллага шийдвэрлэнэ гэж дүгнэсэн байна. Үүнээс гадна “М******** *****” ХХК-д тухайн газрыг эзэмшүүлэх боломжгүй байна. Т.Ц********-ийн буруутай үйл ажиллагааны улмаас “М***** ** *****” ХК-ийн эрх ашиг зөрчигдсөн байхад дахиад энэ компанийн эрх ашгийг нэмж хохироох гэж байна хэмээн дүгнэсэн.

Энэ шийдвэр гарсны дараа хэн ч эзэмшээгүй байгаа тус газрыг бидэнд эзэмшүүлж өгнө үү гэж “М***** ** *****” ХК-ийн зүгээс 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Нийслэлийн Засаг даргад хандсан. Гэтэл Нийслэлийн Засаг даргаас 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр тус үл хөдлөх эд хөрөнгө маргаантай байгаа тул шийдвэрлэх боломжгүй гэсэн агуулгатай татгалзсан хариу өгсөн. Тиймээс энэ эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгоод хүсэлтэд заагаад байгаа газрыг нэхэмжлэгчид олгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

7.1. Хууль зүйн үндэслэл нь нэгэнт газар эзэмшихээр гаргасан байгаа хүсэлтийг шийдвэрлэх нь Газрын тухай хуулийн 21, 31, 33 дугаар зүйл мөн газартай холбоотой маргааныг тусгайлан шийдвэрлэх чиг үүргийг Нийслэлийн Засаг даргад олгосон байгаа 60, 61 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлээгүй байна. Энэ татгалзал нь хууль бус байна. Тиймээс тус татгалзлыг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн газар эзэмшихээр гаргасан хүсэлтийг хангаж, нэхэмжлэгчид олгосон шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж өгнө үү” гэв.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө******** шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...иргэн Ж.Д***** Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хандсан хүсэлтэд 08 дугаар сарын 23-ны өдөр хариу хүргүүлэхдээ "М******* *****" ХХК-д зөрчил арилгах талаар мэдэгдсэн ба Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандсан газрын маргаантай асуудлыг шийдвэрлэх тухай хүсэлтэд 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр саналын шинжтэй өргөдөл байгаа учир шийдвэрлэх боломжгүй тухай хариу хүргүүлсэн.

Иргэн Л.Э******** Нийслэлийн Засаг даргад холбогдуулан 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хандсан хүсэлтэд шүүхийн шийдвэрийг биелүүлж Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/68 дугаар захирамжаар ““М***** ** *****” ХК-д газар эзэмшүүлсэн нь хууль зөрчөөгүй гэж дүгнэн "М******* *****" ХХК-д “М***** ** *****” ХК-ийг эзэмшил газраа эзэмших нөхцөл бололцоогоор хангах, тус газарт барьсан хашааг буулгаж, зөрчлөө арилгах тухай 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн мэдэгдлийг хүргүүлсэн.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 03-06/5017 дугаартай албан бичгээр ““М***** ** *****” ХК-д шат шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2019/0073 дугаартай магадлалд үлдэж байгаа 22820 м.кв газрын эрхийг аль компанид хэрхэн эзэмшүүлэх асуудлыг захиргааны байгууллагыг судалж шийдвэрлэх шаардлагатай талаар дүгнэн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах 2.7 га газар болон конторын барилга, агуулах, 238 ширхэг бетон хашаа заргийг худалдан авсан гэж худал бичиг баримт бүрдүүлсэн хэмээн маргалдсан тул тухайн газарт байрлаж байгаа өмч хөрөнгийг аль компанийн хөрөнгө болохыг тогтоосны үндсэн дээр шийдвэрлэх нь зүйтэй тухай хариу хүргүүлсэн байна.

Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын 1993 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Худалдаа үйлдвэрийн яамны Түүхий эдийн нэгдлийг хувьчлах тухай” 36 дугаар тогтоолоор Түүхий эдийн нэгдлийг “М*****-**” ХК болгон хувьчлахаар шийдвэрлэж, хувьчлагдсан байна. Улмаар Нийслэлийн Засаг даргын 1997 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/138 дугаар захирамжаар 27.3 га газрыг “М***** ** *****” ХК 4 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, уг газрыг ашиглах эрхийг Нийслэлийн Засаг даргын 1999 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн "Газар ашиглуулах, эзэмшүүлэх эрх олгох тухай" А-211 тоот захирамжаар иргэн Ц.А*********-д 2 жилийн хугацаатай шилжүүлсэн байна. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2002 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/31 дугаартай захирамжаар Ц.А*********-ы газар эзэмших эрхийг 4 жилийн хугацаагаар сунгасан байх бөгөөд 2002 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/54 дүгээр захирамжаар иргэн Т.Ц********д шилжүүлсэн. Нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” 434 дүгээр захирамжийн хавсралтаар маргаж буй газрын ашиглах эрхийг иргэн Т.Ц*********-ээс “М******** *****” ХХК-д шилжүүлсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар нэхэмжлэгч “М***** ** *****” ХК-ийн гаргасан “М***** ** *****” ХК-д 22820 м.кв газрыг олгоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт 99/А хаягт байрлах үлдэгдэл 22820 м.кв газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтаар гуравдагч этгээд "М******* *****" ХХК-ийн гаргасан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн A/68 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, “М******** *****” ХХК-ийг 27340 м.кв газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоож, 27340 м.кв газар эзэмших эрх олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” гэж тус тус өөрчилсөн.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасныг үндэслэн Нийслэлийн Засаг даргаас 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр А/68 дугаартай захирамж гаргасан нь үндэслэлтэй байна гэж дүгнэсэн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Захиргааны байгууллагын зүгээс тухайн газар нь олон жилийн туршид маргаантай байгааг мэднэ. “М******** *****” ХХК болон “М***** ** *****” ХК нар хоорондоо хөрөнгийн асуудлаа шийдвэрлэсний дараа тухайн газрыг баталгаажуулах шийдвэр гаргах боломжтой. Захиргааны акт гаргахаар гомдол гаргаад шүүх хуралдаан зарладаг тул Захиргааны байгууллагаас үүнийг шийдвэрлэхэд хүндрэлтэй байгаа” гэв.

10. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М******** *****” ХХК-ийн эзэмшиж буй 27340 м.кв газрыг анх 2006 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 934 дугаар захирамжаар Т.Ц******** гэх хүнээс шилжүүлэн авсан. Уг газар нь түгээлтийн нэгдсэн төв барих зориулалт бүхий ерөнхий төлөвлөгөөний зураг хийлгэж, архитектур төлөвлөлтийн даалгавар авч сүлжээ дэлгүүрүүдийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх ажлыг өнөөдрийг хүртэл гүйцэтгэж байгаа. Тухайн компани нь хуурай барааны 6500 орчим м.кв агуулахтай бөгөөд 20 м.кв хөргүүртэй том агуулахтай, том оврын автомашины орох, гарах хөдөлгөөнийг зохицуулсан талбайтай. Түгээлтийн нэгдсэн төв нь цуглуулга, хяналт, санхүү бүртгэл зэрэг хэсгээс бүрддэг ба түгээлтийн нэгдсэн цэг дээр 100 гаруй, нийт 1500 гаруй ажилчдын амьдралын баталгаа болж байгаа. Түгээлтийн нэгдсэн цэгт 30 тэрбум төгрөгийн нийт хөрөнгө зарцуулсан байдаг. Улсдаа 6 тэрбум төгрөгийн татвар төлж байгаа.

27340 м.кв газрын талаар анх “М***** ** *****” ХК-ийн өмч хөрөнгө байсан. Тус компаниас Ц.А*********д шилжүүлсний дараа Т.Ц******** гэж хүнд шилжсэн байдаг. Т.Ц******** гэх хүнээс “М******** *****” ХХК-д шилжсэн. 2008 оноос “М***** ** *****” ХК-ийн хувьцаа эзэмшигч Ж.Д***** гэх хүн шүүхэд нэхэмжлэл гаргаад 700 м.кв, 3820 м.кв газрыг зориулалтаар тасалж “М***** ** *****” ХК-нд олгосон байдаг. “М***** ** *****” ХК-ийн зүгээс үлдэгдэл 22800 м.кв газрыг олгоогүй байна хэмээн нэхэмжлэлийн шаардлага гаргасны дагуу “М******** *****” ХХК гуравдагч этгээдээр татагдан оролцож байна. “М******** *****” ХХК-ийн зүгээс 27340 м.кв газрыг манайд олгож өгнө үү гэсэн бие даасан нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 3 шатны шүүхээр хянан хэлэлцэгдээд нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн аль алины нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болсон. Гэхдээ давж заалдах болон хяналтын шатны шүүхээс уг маргаан бүхий газрыг аль нэг талд олгож шийдвэрлэх боломжтой гэж үзээд 4520 м.кв газрыг “М***** ** *****” ХК-д олгож шийдвэрлэсэн. Үлдэгдэл 22800 м.кв газрыг “М******** *****” ХХК-д эзэмшүүлэх байр суурьтай байна гэсэн тайлбарыг Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А********** шүүх хурал дээр дурдсан байдаг. Хувь хүний байр суурь биш албан ёсны байр суурь гэж тэмдэглэлд тусгуулсан байдаг.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/68 дугаар захирамж гарснаар “М******** *****” ХХК-ийн стандарт үйл ажиллагаа зөрчигдөж ирсэн. Одоогийн нөхцөл байдалд үл хөдлөх хөрөнгөөс бусад хэсэг тухайн байгууллагад олгогдох тохиолдолд ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдалд хүрнэ. “М******** *****” ХХК нь худалдааны төрөлжсөн нэгдсэн агуулах, металл төмөр каркас, сэндвичин 1 давхар барилга, 2011 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Улсын комиссын актаар хүлээлгэн өгч Ү дугаар авсан А зэрэглэлийн хөргүүртэй агуулах юм. Дээрх захирамж гарснаас хойш агуулахад том оврын ачааны машин эргэх боломжгүй, болзошгүй аюулын үед галын машин, том оврын машин орох боломжгүй болсон. Бараа бүтээгдэхүүнийг дамжин өнгөрүүлэх цэгийн стандартын 1 дүгээр хавсралтад өөрийн хүчин чадалд нийцсэн тээврийн хэрэгслийн зогсоол, ногоон байгууламж, зорчигчийн хатуу хучилттай зам, 35-45 төмөр замд холбогдсон байх гэсний дагуу 175 метр урттай Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй “Салбар зам ашиглалтын” гэрээг 2008 оноос хэрэгжүүлж ирсэн. Засаг даргын А/68 захирамж гарсны дараа төмөр замтай зам ашиглалтын гэрээгээ хэрэгжүүлэх, үүргээ биелүүлэх боломжгүй болсон. Гэхдээ одоог хүртэл төлбөрөө төлсөөр байна. Бараа бүтээгдэхүүн дамжин өнгөрөх цэгийн хувьд хөргүүрээ цахилгаан эрчим хүчээр хангахын тулд шинээр зөвшөөрөл авах шаардлага гарсан учир 380 вольтын хүчин чадалтай дэд өртөөг байгуулсан. Энэ дэд өртөө нь өөрийн гэсэн стандарттай байдаг бөгөөд энэ стандарт одоо зөрчигдөж ирж байна. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д үл хөдлөх эд хөрөнгө нь газрын бүрдэл хэсэг юм гэж заасан байдаг. Манай компанийн сүлжээ дэлгүүрийн түгээлтийн нэгдсэн цэгийн Ү-2201026932 дугаартай 8532 м.кв талбайтай түгээлтийн нэгдсэн цэгийн зориулалттай төв нь тус 22820 м.кв газрын бүрдэл хэсэг юм. 15 жилийн хугацаанд эзэмшиж, ашиглаж байсны хувьд давуу эрхтэй компани гэж өөрсдийгөө үзэж байгаа.

Иймээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

11. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.З***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хамгийн сүүлийн шүүх хурал дээр 27340 м.кв гарзыг бидэнд олгоно уу гэсэн хүсэлттэй байсан. Түүнийг олгох боломжгүй гэж шүүх шийдвэрлэсэн. Түүний дагуу бид үлдсэн 22820 м.кв газрыг олгуулах талаар хүсэлтээ Нийслэлийн Газрын албанд гаргасан явж байгаа.  Өмнө бид 22820 м.кв байсныг 27340 м.кв болгон нэхэмжлэл гаргасан байсан тул 4520 м.кв манайхаас хасаж шийдвэрлэсний дараа 27340 м.кв гэж тооцоолон гаргаад шүүхээс татгалзсан шийдвэр гарсан гэдгийг тодруулах нь зүйтэй байна. Нөгөө тал үлдсэн 22000 м.кв талбайг авахаар нэхэмжлэл гаргаад хэрэгсэхгүй болгосон.

Мөн шүүхийн нотлох баримтад 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Нийслэлийн Газрын албанаас манайд өгсөн албан бичиг байгаа. Үүнд бид 434 дүгээр шүүгчийн захирамжийг биелүүлэхийн тулд танай ашиглаагүй сул талбайг “М***** ** *****” ХК-д олгохоор шийдвэрлэлээ гэсэн агуулгатай байсан. Үндсэндээ танайх шаардлагатай бичиг баримтаа гаргаж өгөөрэй гэсэн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны албан бичиг байгаа. Бидэнд газраа бүтнээр нь алдах сонирхол байгаагүй учир тухайн үед хүсэлтээ өгөөгүй. Тухайн үеийн 3 шатны шүүхийн тэмдэглэлүүд дээр байгаа. Танайх яагаад хүсэлтээ гаргаж өгөөгүй вэ гэдгийг цохон тэмдэглэж асуусан байдаг.

 Нийслэлийн Газрын албаны байр суурь ч бас тухайн тэмдэглэлүүд дээр тусгагдсан байгаа. Бид “М***** ** *****” ХК-ийг луйвардсан гэх Ц.А********* гэх хүнийг танихгүй, ямар нэг холбоо байхгүй. Тухайн хүнтэй гэрээ хийсэн бичиг баримт байхгүй. Ц.А*********-аас худалдан авсан гэх Т.Ц******** гэх хүнээс бид худалдах, худалдан авах гэрээгээр авсан. Шүүхийн зүгээс газар дээр очиж үзлэг хийсэн. Бидний хувьд хэцүү нөхцөл байдалд байгаа. 4520 м.кв хасагдсанаар манай байгууллагад эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн ч гэсэн бид энэ олон хүнийг ажлын байраар хангахын тулд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Агуулахаас бусад үлдсэн газрыг авна гэж байгаа нь зөвхөн “М******** *****” ХХК-ийн асуудал биш 1000 гаруй ажилчид болон 400 гаруй хариуцагч нарын эрх ашиг хөндөгдсөн асуудал юм. Улсад жил бүр төлдөг 6 тэрбумын асуудал хүртэл яригдаж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:  

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Гэхдээ “даалгах” шаардлагын тухайд шүүх хариуцагч захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг, хэрэгжүүлэх бүрэн эрхэд халдахгүйгээр “холбогдох маргаан бүхий асуудлыг шийдвэрлэх”-ийг даалгаж хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2. Хэрэгт авагдсан үйл баримт буюу хамгийн эхний маргааны тухайд:

2.1. Нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” 434 дүгээр захирамжийн нэг дэх заалтаар Газар эзэмших, ашиглах эрхийн нэр шилжин баталгаажигдсан тавин дөрөв иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хавсралтаар баталжээ. Тус захирамжийн 22 дугаарт өмнөх эзэмшигч, ашиглагч Т.Ц********-ээс “М******** *****” ХХК-д Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлалтай 27,340 м.кв газрыг контор, аж ахуйн нэгжийн зориулалтаар 5 жил эзэмшүүлэхээр бичигджээ.

2.2. Иргэн Ж.Д*****-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох “... Нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 434 дүгээр захирамжийн хууль бус үйлдлийг таслан зогсоосон шийдвэр гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 288 дугаар шүүхийн шийдвэрээр маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2006 оны 434 дүгээр захирамжийг дахин шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

2.3. Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 361 дүгээр магадлалаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 288 дугаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

3. Хоёр дахь маргааны тухайд:

3.1. Нийслэлийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/448 дугаар захирамжийн нэг дэх заалтаар Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2008 оны 361 дүгээр магадлалаар Нийслэлийн Засаг даргын “М******** *****” ХХК-д газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай 2006 оны 434 дүгээр захирамжийг дахин захиргааны шинэ акт гартал түдгэлзүүлсэн шийдвэрийг хэрэгжүүлж, “М******** *****” ХХК-д газар эзэмших эрхийн хугацааг сунгаж баталгаажуулсан Нийслэлийн Засаг даргын 2011 оны 677 захирамжийн “М******** *****” ХХК-д холбогдох заалтыг хүчингүй болсонд тооцжээ.

3.2. “М******** *****” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох “... Нийслэлийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/448 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М******** *****” ХХК-ийн нэгж талбарын 1853/0079 дугаар бүхий газар эзэмших эрхийг сэргээлгэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 16 дугаар шийдвэрээр маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/448 дугаар захирамжийг Нийслэлийн Засаг даргаас хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

3.3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 161 дүгээр магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 16 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3.4. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 150 дугаар тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 161 дүгээр магадлалыг хэвээр үлдээжээ.

4. Гурав дахь маргааны тухай үйл баримтын тухайд:

4.1. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/68 дугаар захирамжийн нэг дэх заалтаар “... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны 2008 оны 161 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 150 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сонсголонгийн замын уулзварын хойд талд 3820 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар, 700 м.кв газрыг конторын зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмших эрхийг “М***** ** *****” ХК-д ...” олгожээ.

4.2. “М***** ** *****” ХК-аас шүүхэд “... Нийслэлийн Засаг даргын газар эзэмших эрхийг дутуу шийдвэрлэсэн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт 99/А хаягт байрлах үлдэгдэл 22,820 м.кв газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргаснаар захиргааны хэрэг үүссэн бөгөөд тус захиргааны хэрэгт гуравдагч этгээд “М******** *****” ХХК нь “... Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/68 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, “М******** *****” ХХК-ийг 27,340 м.кв газрын хууль ёсны эзэмшигч болохыг тогтоож, 27,340 м.кв газар эзэмших эрх олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах” бие даасан шаардлага гаргажээ.

4.3. Тус захиргааны хэргийг хянан хэлэлцээд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0751 дүгээр шүүхийн шийдвэрийн нэг дэх заалтаар “... Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/68 дугаар захирамжийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гартал 6 сарын хугацаагаар ...” түдгэлзүүлж, хоёр дахь заалтаар “... хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь “М******** *****” ХХК-д эрх шилжүүлэн олгосон 27340 м.кв газрын асуудлаар эхэлж шинэ захиргааны акт гаргасны дараа уг газрыг нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд олгох эсэх, олговол ямар хэмжээгээр олгох талаар тус тус шийдвэр гаргаж энэ шийдвэрийг биелүүлэхийг ...” даалгаж, гурав дахь заалтаар “... шүүхийн тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/68 дугаар захирамжийг захиргааны хүчингүй болгохыг...” дурдаж шийдвэрлэжээ.

4.4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2019/0073 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0751 дүгээр шүүхийн шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2, 33 дугаар зүйлийн 33.1, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “М***** ** *****” ХК-ийн гаргасан “М***** ** *****” ХК-д 22,820 м.кв газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2, 33 дугаар зүйлийн 33.1, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийг тус тус баримтлан гуравдагч этгээд “М******** *****” ХХК-ийн гаргасан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/68 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, “М******** *****” ХХК-ийг 27,340 м.кв газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоож, 27,340 м.кв газар эзэмших эрх олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчилж, 3 дахь заалтыг хасаж, 4 дэх заалтын дугаарыг 3 болгон өөрчлөн шийдвэрлэжээ.

4.5. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 99 дүгээр тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2019/0073 дугаар магадлалыг хэвээр үлдээжээ.

5. Ийнхүү маргаан бүхий газрын эзэмших эрхийн талаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын хэн аль нь нэхэмжлэл гаргаж, удаа дараа маргаж байсныг дурдаж байна.

6. Хамгийн сүүлийн байдлаар нэхэмжлэгч “М***** ** *****” ХК нь аж ахуйн

зориулалтаар 3820 м.кв, конторын зориулалтаар 700 м.кв нийтдээ 4520 м.кв газрыг хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/68 дугаар захирамжийн дагуу эзэмшиж, харин гуравдагч этгээд “М******** *****” ХХК-ийн нэр дээр газар эзэмших эрх үүсээгүй байна.

7. Нэхэмжлэгч “М***** ** *****” ХК-аас Нийслэлийн Засаг даргад хандаж, 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан хүсэлтдээ маргаан бүхий газартай холбоотой үйл баримт, холбогдох шүүхийн шийдвэрийн талаар дурдаж, Нийслэлийн Засаг даргын захирамж, шийдвэргүйгээр “...Газрын тухай хууль тогтоомжийг зөрчин “М******** *****” ХХК нь ашиглаж эзэмшсээр байгаа нь энэхүү шударга бус хууль бус зүйлтэй эвлэрэн өнгөрөх ямар ч боломжгүй байна. Иймд шүүхийн шийдвэрт дурдсан агуулга болох одоо хэний ч нэр дээр газар эзэмших эрх олгоогүй байгаа 22,820 м.кв газрыг бүхлээр нь “М******** *****” ХХК-д олгох нь шударга бус бөгөөд “М***** ** *****” ХК-ийг улам хохироох асуудлыг таслан зогсоож, хэн алинд нь ямар хэмжээгээр эзэмшүүлэх вэ гэдэг асуудлыг судлан шийдвэрлэж “М******** *****” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө баригдсан талбай бүхий газрыг тус аж ахуй нэгжид эзэмшүүлж, харин манай компанид үлдсэн газрыг эзэмшүүлэх тухай захирамж гаргаж энэхүү газрын маргаантай асуудлыг эцэслэн шийдвэрлэж, манай компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах хохиролгүй болгох, хуулийн шударга ёсыг тогтоож өгөхийг хүсье...” хэмээн газрын маргаантай асуудлыг шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаснаар,

8. Хүсэлтийн хариуг, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 03-06/5017 дугаар албан бичгээр “... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 751 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2019/0073 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 99 дүгээр тогтоолоор “М***** ** *****” ХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцсэн байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2019/0073 дугаартай шүүхийн магадлалд үлдэж буй 22820 м.кв газрын эрхийг аль компанид хэрхэн эзэмшүүлэх асуудлыг захиргааны байгууллагыг судалж шийдвэрлэх шаардлагатай гэж дүгнэсэн.

Тус асуудлыг судалж үзээд танай компаниас Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах 2.7 га газар болон конторын барилга, агуулах, 238 ширхэг бетонон хашаа зэргийг худалдан авсан гэж худал бичиг баримт бүрдүүлсэн хэмээн маргадаг тул дээрх газарт байрлаж байгаа өмч хөрөнгийг аль компанийн хөрөнгө болохыг тогтоосны үндсэн дээр шийдвэрлэх нь зүйтэй байна” гэж өгчээ.

9. Энэхүү хариуг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс Тодорхойлох хэсгийн 5-д заасан үндэслэлээр маргасныг шүүх хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.

10. Учир нь маргааны зүйл нь газар эзэмших эрхийн тухай асуудал бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж зааснаар Үндэслэх хэсгийн 2-4-д тусгагдсан шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр байна. Энэ утгаараа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллааг хэрэгжүүлэх үүрэг” буюу зарчмын хүрээнд шүүхийн шийдвэрүүд бүхий захиргааны хавтаст хэргүүдийг нотлох баримтаар цуглуулж, хэргийн оролцогчид тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарыг бүрэн дүүрэн сонсож үнэлсэн болно.

11. Шүүхийн шийдвэр заавал биелэгддэг байх, өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй ...” байх агуулгаар нэгэнт шүүхээс шийдвэрлэсэн асуудлыг “...дээрх газарт байрлаж байгаа өмч хөрөнгийг аль компанийн хөрөнгө болохыг тогтоосны үндсэн дээр шийдвэрлэх...” хэмээн хариу өгч уг маргаан бүхий асуудлыг дахин, өөр хэн нэгэн этгээд тогтоох, үүний дараа шийдвэрлэх байдлаар хариу өгсөн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, хуульд заасан шаардлагыг хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах, нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үр шимийг нь дээшлүүлэх талаарх бүрэн эрхүүдийг Газрын тухай хууль болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиар Нийслэлийн Засаг даргад олгосон байгааг анхаарч, хариуцагчийн зүгээс бүрэн дүүрэн хэрэгжүүлээгүй, тухайлбал, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4-д “... төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.3-т заасан газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах ...”, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, мөн зүйлийн 27.3-т “нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж зааснаар хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд дээрх хуульд заасны дагуу маргаан бүхий газрын талаар шийдвэр гаргах эрх болон үүрэгтэй байна.

12. Иймээс хариуцагч Нийслэлийн Засаг даргаас Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаараа дамжуулан 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 03-06/5017 дугаар албан бичгээр өгсөн хариуг хууль бус болохыг тогтоож, харин даалгах шаардлагыг шүүхээс хангахдаа хариуцагч захиргааны байгууллагад дээр дурдсанаар газар эзэмших эрхийн талаарх бүрэн эрхүүдийг хуульчилж өгсөн тул энэхүү бүрэн эрхэд шүүхээс шууд зааварлаж халдах эрхгүй, харин холбогдох шийдвэр гаргахыг даалгах үндэслэлтэй, ингэхдээ нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хэн алиных нь  байр суурийг сонсож, хуульд үндэслэж шийдвэрээ гаргах нь зүйтэй байна.

13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас уг төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгохоор зааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.2.4, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М***** ** *****” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагчийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 03-06/5017 дугаар албан бичгээр өгсөн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, Газрын тухай хууль, шүүхийн шийдвэрүүдэд дурдсан агуулгыг биелүүлж, нэхэмжлэгчээс хандсан хүсэлтэд дурдсан асуудлын талаар холбогдох шийдвэр гаргахыг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       У.БАДАМСҮРЭН