Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2021/ДШМ/145

 

 

 

 

 

 

    2021            2              4                                       2021/ДШМ/145

 

 

Г.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

прокурор Н.Ганчимэг,

шүүгдэгч Г.Б,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Ганчимэгийн 2020 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 16 дугаартай эсэргүүцлээр шүүгдэгч Г.Бод холбогдох эрүүгийн 2004000730103 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Борогчууд овгийн Г.Б, 1992 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Увс аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Нийслэлийн Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагчаар ажиллаж байгаад Нийслэлийн Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн хэв журмын тасагт хэсгийн байцаагчаар түр томилогдон ажиллаж байгаа, ам бүл 1, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 96 дугаар байрны 28 тоотод оршин суух бүртгэлтэй,ял шийтгэлгүй /РД:ОЮ92042132/;

 

Г.Б нь 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Цагдаагийн Ерөнхий газрын даргын Б/188 тоот “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаалаар Нийслэлийн Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагчаар томилогдон ажиллаж байхдаа Зөрчлийн 172 дугаартай “5 дугаар хороо, Нарийны 28 дугаар гудамжны 3 тоотод нөхөр согтуугаар хэрүүл маргаан хийгээд байна” гэх материалд холбогдогч С.Төмөрбаатараас 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хорооны байранд байрлах Цагдаагийн хэсгийн байцаагчийн ажлын өрөөнд бэлнээр 10.000 төгрөгийг,

Зөрчлийн 201 дугаартай “5 дугаар хороо, Нарангийн 8 дугаар гудамжны 16 тоотод нөхөр согтуугаар хэрүүл маргаан хийгээд байна” гэх материалд холбогдогч С.Наймалдайгаас 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 14 цагийн орчимд Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хорооны байранд байрлах Цагдаагийн хэсгийн байцаагчийн ажлын өрөөнд бэлнээр 100.000 төгрөгийг,

Зөрчлийн 388 дугаартай “5 дугаар хороо, Их гүний 18 дугаар гудамжны 9 тоотод нөхөр согтуугаар хэрүүл маргаан хийгээд байна” гэх материалд хохирогч А.Болортуяагаас 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хорооны байранд байрлах Цагдаагийн хэсгийн байцаагчийн ажлын өрөөнд нөхөр М.Цээпилийн гаргасан зөрчилд нь бэлнээр 100.000 төгрөгийг,

Зөрчлийн 160 дугаартай “Их гүний 8 дугаар гудамжны 4 тоотод хүүхэд хэрүүл маргаан үүсгээд байна” гэх материалд холбогдогч М.Азбаяраас 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хорооны байранд байрлах Цагдаагийн хэсгийн байцаагчийн ажлын өрөөнд бэлнээр 25.000 төгрөгийг,

Зөрчлийн 20 дугаартай “5 дугаар хороо, Нарийны 33 дугаар гудамжны 5 тоотод нөхөр согтуугаар хэрүүл маргаан хийгээд байна” гэх материалд холбогдогч Д.Ганхуягаас 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хорооны байранд байрлах Цагдаагийн хэсгийн байцаагчийн ажлын өрөөнд бэлнээр 100.000 төгрөгийг тус тус “Торгуулийн мөнгийг бэлнээр төлөх ёстой” гэж албан тушаалын байдлаа ашиглаж, бусдаас нийт бэлнээр 335,000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан,

Хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт болох Зөрчлийн 391 дугаартай 5 дугаар хороо, “Шинэ өглөө" авто засварын хашаанд Б.Пүрэвдорж нь миний биед халдсан” гэх материалд 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр холбогдогч Б.Пүрэвдоржоос мэдүүлэг авсан тэмдэглэл, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, шийтгэлийн хуудас холбогдогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл,

Зөрчлийн 41 дугаартай “5 дугаар хорооны нийтийн эзэмшлийн талбайд 36-57 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл хог хаясан” гэх материалд 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр бүртгэгдсэн “Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэлийг хүлээн авсан тухай” нотлох баримтад тэмдэглэл үйлдсэн жижүүрийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Алдарбаярын гарын үсгийг хуурамчаар үйлдэж, 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч М.Баярмаа, 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр холбогдогчоор Ц.Болд-Эрдэнэ нараас мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол,

Зөрчлийн 160 дугаартай “Их гүний 8 дугаар гудамжны 4 тоотод манай хүүхэд хэрүүл маргаан үүсгээд байна” гэх материалд 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр холбогдогч М.Азбаяраас, 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдөр хохирогч Д.Мөнхтулгаас мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол,

Зөрчлийн 201 дугаартай “5 дугаар хороо, Нарангийн 8 дугаар гудамжны тоотод нөхөр С.Наймалдай согтуугаар хэрүүл маргаан хийгээд байна” гэх материалд 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Э.Цацралтуяагаас, 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр холбогдогч С.Наймалдайгаас мэдүүлэг авсан гэх тэмдэглэл, 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол,

Зөрчлийн 388 дугаартай “5 дугаар хороо, Их гүний 18 дугаар гудамжны 9 тоотод нөхөр согтуугаар хэрүүл маргаан хийгээд байна” гэх материалд 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр бүртгэгдсэн “Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэлийг хүлээн авсан тухай” нотлох баримтад тэмдэглэл үйлдсэн жижүүрийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Алдарбаярын гарын үсгийг хуурамчаар үйлдэж, 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хохирогч А.Болортуяа, 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдөр холбогдогч М.Цээпил нараас мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол,

Зөрчлийн 172 дугаартай “5 дугаар хороо Нарийны 28 дугаар гудамжны 3 тоотод нөхөр С.Төмөрбаатар согтуугаар хэрүүл маргаан хийгээд байна” гэх материалд 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдөр хохирогч Ч.Нэргүйгээс, 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдөр холбогдогч С.Төмөрбаатараас мэдүүлэг авсан гэх тэмдэглэл, 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол,

Зөрчлийн 20 дугаартай “5 дугаар хороо Нарийны 33 дугаар гудамжны 5 тоотод нөхөр Д.Ганхуяг согтуугаар хэрүүл маргаан хийгээд байна” гэх материалд 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн хохирогч Б.Энхсаруулаас мэдүүлэг авсан гэх тэмдэглэл, 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай тогтоолыг тус тус хуурамчаар үйлдсэн, дээрх нотлох баримтуудыг хуурамч болохыг мэдсээр байж прокурорт гаргаж өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Багануур дүүргийн прокурорын газраас: Г.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 21.1 дүгээр зүйлийн 2 дахь заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Борогчууд овгийн Г.Быг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан албан тушаалын байдлаа ашиглаж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, мөн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль сахиулагч нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Борогчууд овгийн Г.Бод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан, тус хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10,000 /арван мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5400 /таван мянга дөрвөн зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бод гэмт хэрэг тус бүрд оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялын хэмжээг 15.400 /арван таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.400.000 /арван таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Бод оногдуулсан 15.400 /арван таван мянга дөрвөн зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.400.000 /арван таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгийн торгох ялыг 35 /гучин тав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож торгох ялыг хорих ялаар солихыг Г.Бод тайлбарлаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Боос гэм хорын хохиролд хохирогч Д.Ганхуягт 100.000 төгрөг, хохирогч С.Төмөрбаатарт 10.000 төгрөг, хохирогч С.Наймалдайд 100.000 төгрөг, хохирогч А.Болортуяад 100.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болохыг баталж, Г.Боос 25.000 төгрөг гаргуулж хохирогч М.Азбаярт олгуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5-д зааснаар зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзах 20, 41, 160, 172, 201, 388 дугаартай зөрчлийн материалуудыг хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, Г.Бын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Н.Ганчимэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх дараах үндэслэл тогтоогдож байна.

Үүнд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “шүүгдэгчийн холбогдсон хэрэг Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад хамаарах”-ыг шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт, мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр...-ийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдал”-ыг, мөн хэсгийн 2.5 дахь заалтад “...эсхүл шүүгдэгчийг яллаж байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулга”-ыг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн гэм буруутайд тооцох хэсэгт тусгахаар хуульчилсан.

Гэтэл анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт шүүгдэгчийг яллаж байгаа “зарим” хэрэг болох прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн “зөрчлийн 160 дугаартай “Их гүний 8 дугаар гудамжны 4 тоотод манай хүүхэд хэрүүл маргаан үүсгээд байна” гэх материалд 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр холбогдогч М.Азбаяраас, 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдөр хохирогч Д.Мөнхтулгаас мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай тогтоолыг хуурамчаар үйлдсэн, дээрх нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж прокурорт гаргаж өгсөн” хэргийн талаар огт дурдалгүй орхигдуулсан байна. Шийтгэх тогтоолын “Тодорхойлох” хэсгийн гэм буруугийн талаар хэсэгт “...шүүгдэгч Г.Б нь хэсгийн байцаагч буюу хууль сахиулагчаар ажиллаж байхдаа хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт болох зөрчлийн 391, 41, 201, 388, 172, 20 дугаартай материалуудад хохирогч, холбогдогч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, шийтгэлийн хуудас холбогдогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл, зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол, зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэлийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэргийг тус тус хуурамчаар үйлдсэн, дээрх нотлох баримтуудыг хуурамч болохыг мэдсээр байж прокурорт гаргаж өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна” гэх дүгнэлтийг хийсэн ба уг хэсэгт шүүгдэгчийн үйлдсэн дээрх зөрчлийн 160 дугаартай материалд холбогдогч М.Азбаяр, хохирогч Д.Мөнхтулга нараас мэдүүлэг авсан тэмдэглэл, зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай тогтоолыг хуурамчаар үйлдсэн, дээрх нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж прокурорт гаргаж өгсөн хэргийг шийтгэх тогтоолд огт дурдалгүйгээр, уг хэргийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүйгээр, ямар нэгэн хууль зүйн дүгнэлтийг хийлгүй орхигдуулсан нь буруу бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” шаардлагад нийцээгүй байна. Иймд шүүгдэгч Г.Бод холбогдох эрүүгийн 2004000730103 дугаартай хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч Г.Быг 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Цагдаагийн ерөнхий газрын даргын Б/188 тоот “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаалаар Нийслэлийн Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагчаар томилогдон ажиллаж байхдаа:

Зөрчлийн 172 дугаартай “5 дугаар хороо, Нарийны 28 дугаар гудамжны 3 тоотод нөхөр согтуугаар хэрүүл маргаан хийгээд байна” гэх материалд холбогдогч С.Төмөрбаатараас 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хорооны байранд байрлах Цагдаагийн хэсгийн байцаагчийн ажлын өрөөнд бэлнээр 10.000 төгрөгийг,

Зөрчлийн 201 дугаартай “5 дугаар хороо, Нарангийн 8 дугаар гудамжны 16 тоотод нөхөр согтуугаар хэрүүл маргаан хийгээд байна” гэх материалд холбогдогч С.Наймалдайгаас 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 14 цагийн орчимд Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хорооны байранд байрлах Цагдаагийн хэсгийн байцаагчийн ажлын өрөөнд бэлнээр 100.000 төгрөгийг,

Зөрчлийн 388 дугаартай “5 дугаар хороо, Их гүний 18 дугаар гудамжны 9 тоотод нөхөр согтуугаар хэрүүл маргаан хийгээд байна” гэх материалд хохирогч А.Болортуяагаас 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хорооны байранд байрлах Цагдаагийн хэсгийн байцаагчийн ажлын өрөөнд нөхөр М.Цээпилийн гаргасан зөрчилд нь бэлнээр 100.000 төгрөгийг,

Зөрчлийн 160 дугаартай “Их гүний 8 дугаар гудамжны 4 тоотод манай хүүхэд хэрүүл маргаан үүсгээд байна” гэх материалд холбогдогч М.Азбаяраас 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хорооны байранд байрлах Цагдаагийн хэсгийн байцаагчийн ажлын өрөөнд бэлнээр 25.000 төгрөгийг,

Зөрчлийн 20 дугаартай “5 дугаар хороо, Нарийны 33 дугаар гудамжны 5 тоотод “нөхөр согтуугаар хэрүүл маргаан хийгээд байна” гэх материалд холбогдогч Д.Ганхуягаас 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хорооны байранд байрлах Цагдаагийн хэсгийн байцаагчийн ажлын өрөөнд бэлнээр 100.000 төгрөгийг тус тус “торгуулийн мөнгийг бэлнээр төлөх ёстой” гэж албан тушаалын байдлаа ашиглаж, бусдаас нийт бэлнээр 335,000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан,

Хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт болох Зөрчлийн 391 дугаартай 5 дугаар хороо, “Шинэ өглөө" авто засварын хашаанд Б.Пүрэвдорж нь миний биед халдсан” гэх материалд 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр холбогдогч Б.Пүрэвдоржоос мэдүүлэг авсан тэмдэглэл, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, шийтгэлийн хуудас холбогдогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл,

Зөрчлийн 41 дугаартай “5 дугаар хорооны нийтийн эзэмшлийн талбайд 36-57 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл хог хаясан” гэх материалд 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр бүртгэгдсэн “Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэлийг хүлээн авсан тухай” нотлох баримтад тэмдэглэл үйлдсэн жижүүрийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Алдарбаярын гарын үсгийг хуурамчаар үйлдэж, 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч М.Баярмаа, 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр холбогдогчоор Ц.Болд-Эрдэнэ нараас мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол,

Зөрчлийн 160 дугаартай “Их гүний 8 дугаар гудамжны 4 тоотод манай хүүхэд хэрүүл маргаан үүсгээд байна” гэх материалд 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр холбогдогч М.Азбаяраас, 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдөр хохирогч Д.Мөнхтулгаас мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол,

Зөрчлийн 201 дугаартай “5 дугаар хороо, Нарангийн 8 дугаар гудамжны тоотод нөхөр С.Наймалдай согтуугаар хэрүүл маргаан хийгээд байна” гэх материалд 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Э.Цацралтуяагаас, 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр холбогдогч С.Наймалдайгаас мэдүүлэг авсан гэх тэмдэглэл, 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол,

Зөрчлийн 388 дугаартай “5 дугаар хороо, Их гүний 18 дугаар гудамжны 9 тоотод нөхөр согтуугаар хэрүүл маргаан хийгээд байна” гэх материалд 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр бүртгэгдсэн “Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэлийг хүлээн авсан тухай” нотлох баримтад тэмдэглэл үйлдсэн жижүүрийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Алдарбаярын гарын үсгийг хуурамчаар үйлдэж, 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хохирогч А.Болортуяа, 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдөр холбогдогч М.Цээпил нараас мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол,

Зөрчлийн 172 дугаартай “5 дугаар хороо Нарийны 28 дугаар гудамжны 3 тоотод нөхөр С.Төмөрбаатар согтуугаар хэрүүл маргаан хийгээд байна” гэх материалд 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдөр хохирогч Ч.Нэргүйгээс, 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдөр холбогдогч С.Төмөрбаатараас мэдүүлэг авсан гэх тэмдэглэл, 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол,

Зөрчлийн 20 дугаартай “5 дугаар хороо Нарийны 33 дугаар гудамжны 5 тоотод нөхөр Д.Ганхуяг согтуугаар хэрүүл маргаан хийгээд байна” гэх материалд 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн хохирогч Б.Энхсаруулаас мэдүүлэг авсан гэх тэмдэглэл, 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай тогтоолыг тус тус хуурамчаар үйлдсэн, дээрх нотлох баримтуудыг хуурамч болохыг мэдсээр байж прокурорт гаргаж өгсөн гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Гэтэл анхан шатны шүүх Г.Бод холбогдох хэргийн прокуророос шүүхэд шилжүүлсэн “Зөрчлийн 160 дугаартай “Их гүний 8 дугаар гудамжны 4 тоотод манай хүүхэд хэрүүл маргаан үүсгээд байна” гэх материалд 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр холбогдогч М.Азбаяраас, 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдөр хохирогч Д.Мөнхтулгаас мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай тогтоолыг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж прокурорт гаргаж өгсөн” гэх үйлдлийг орхигдуулж яллагдагчийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заажээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэт хийгдсэн эсэхийг нягтлан үзэж, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд уг шаардлагыг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоол хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болно.

Харин прокурорын эсэргүүцэлд дурдсан  “Зөрчлийн 160 дугаартай “Их гүний 8 дугаар гудамжны 4 тоотод манай хүүхэд хэрүүл маргаан үүсгээд байна” гэх материалд 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр холбогдогч М.Азбаяраас, 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдөр хохирогч Д.Мөнхтулгаас мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай тогтоолыг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж прокурорт гаргаж өгсөн” гэх хэргийг шүүх хуралдаанаар огт хэлэлцээгүй гэсэн нь шийтгэх тогтоолын 225,226,228,229 дугаар хуудсанд бичигдсэн мэдүүлгүүдээр үзэхэд тогтоогдохгүй бөгөөд хэргийг хэлэлцсэн боловч хууль зүйн дүгнэлтээ орхигдуулжээ.

Яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй гэмт хэргийн үйл баримтанд давж заалдах шатны шүүхээс нөхөн дүгнэлт хийх боломжгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас хэргийг хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/123 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Бод холбогдох 2004000730103 дугаартай эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хянан хэлэлцүүлэхээр Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Г.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.ОЧ

                     ШҮҮГЧ                                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ

                     ШҮҮГЧ                                                              О.ЧУЛУУНЦЭЦЭГ