| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2024/0448/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/79 |
| Огноо | 2025-02-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Төгөлдөр |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/79
2025 02 07 2025/ШЦТ/79
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж
Нарийн бичгийн дарга П.П
Улсын яллагч Т.Т
Гэрч Н.М
Хохирогч Л.Б
Хохирогчийн өмгөөлөгч Д.О
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц
Шүүгдэгч Г.О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.О-т холбогдох эрүүгийн 2425003540*** дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Г овгийн Г-ын О, Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр *********** ********* төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, *********** ********, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт ************ ********* *********** тоотод оршин суудаг, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт 10 800 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, /РД: **********/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Г.О нь 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 19 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын *************** Л.Б-тай маргалдаж, нүүр хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, дээд уруулын дотор салстад цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.О мэдүүлэхдээ “Би хохирогчийг цохьсон буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гол нь хохирогчийн хамрын муруйлт гэмтэл нь миний цохьсоны эсрэг байгааг л шалгуулж, шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа” гэв.
Гэрч Н.М мэдүүлэхдээ “Бид гурав бага зэргийн архи хэрэглэсэн байсан. О ахын хоёр талд Б ах бид хоёр суусан байсан, О ахын баруун талд Б, зүүн талд нь би суусан байсан. О ах солгой гараараа нүүрэн тус газар нь цохисон, бага зэргийн цус гарсан. Жаахан процессын дараа О ах гараад явсан, араас нь Б ах гараад явсан, тэгээд явцгаасан. Хашааны буланд юу болсон талаар мэдэхгүй байна.” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Л.Б-ын “2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ажил дээрээ байх үед миний танил О нь хэд хэдэн удаа над руу утсаар залгах үед нь би утсаа аваагүй. Ингээд орой 17 цагийн үед ажлаа тараад харих гэж байсан чинь О нь над руу залгаад байхаар нь утсаа аваад түүнтэй ярьсан чинь “хүрээд ирээч М-ын гэрт байна, ирэхдээ нэг шил архи аваад ирээрэй” гэж хэлэхээр нь би архи авах боломжгүй байна, харин яваад очъё гэж хэлээд Орхон аймгийн Баян-Өндөр сум, *************** байх М-ын гэрт очсон юм. М-ын гэрт очих үед О, М, Ц нар байсан ба архи, шар айраг уугаад сууж байсан. Ингээд намайг орсон чинь О нь “Би ажлаа дуусчихлаа” гэхээр нь би мундаг байна, баяр хүргэе гэж хэлсэн. Ингээд байж байтал О нь сууж байснаа миний хажуу талаас гараараа миний шанаа хэсэг рүү нэг удаа цохих үед нь би зүгээр байгаарай, чамайг ийм характер гаргадаг болохоор хамтарч ажиллахыг хүсээгүй би болисон шүү гэсэн чинь О нь чи надаас ашиг хуваах, өөр зорилгоор больсон шүү гэж харилцан маргалдаж эхэлсэн. Ингээд маргалдаж байсан чинь О нь миний нүүр, хамар хэсэг рүү гараараа нэг удаа цохих үед миний хамарнаас цус гарсан, энэ үед Ц О-ыг барьж аваад салгасан юм. Ингээд хамарныхаа цусыг тогтоож байсан чинь О гараад зугтаасан, би араас нь гүйж очсон чинь О нь машиндаа суугаад хаалгаа хаах гэж байх үед би хаалганых нь бариулнаас бариад авсан чинь хаалгаа татаж хаагаад хөдөлсөн, энэ үед би хаалганы бариулнаас барьж байсан учир чирэгдэж газар унасан. Ингээд О нь машинаа унаад тэр чигтээ зугтаад явсан. Цохиулахад миний хамар хугарч муруйсан байна, мөн О-ыг зугтаах гэж байх үед нь машиных нь бариулнаас барьж байх үед хөдөлж намайг газар унагнааж чирсэн, энэ үед миний дух, магнай, гар хөл хэсэг зулгарч хөхөрсөн... О-т зодуулсны улмаас миний хамар хугарсан, тийм болохоор би цаашид хамарны хагалгаанд орох зардлыг авах хүсэлтэй байна. Одоогоор надад хагалгаанд ороход хэдэн төгрөгний зардал гарах талаар баримт байхгүй, гэхдээ би Улаанбаатар хотод МЖЖ чих, хамар, хоолойн эмнэлэгт хамраа янзлуулна. Тухайн эмнэлэгт хагалгаанд ороход хэдэн төгрөгний зардал гарах талаар мэдэхгүй байна. Мөн миний магнай хэсэгт үүссэн зулгаралтын улмаас сорви тогтсон уг соривыг гоо сайхны эмнэлгээр эмчлүүлнэ.” гэх мэдүүлэг. /хх-н 9, 11-р тал/
2. Гэрч Н.У-н“17 цаг 30 минутын үед нөхөр Б нь над руу залгаад “ажлаасаа тараад явж байна О дуудаад байна очиж уулзчихаад хүрээд ирье” гэж хэлэхээр нь хурдан ирээрэй оройтож болохгүй шүү гэж хэлээд утсаа тасалсан. Үүнээс хойш 19 цаг 10 минутын үед би нөхөр Б руу залгаж ирэх болж байна уу гэж асуусан чинь удахгүй ээ энд асуудал үүссэн байна удахгүй очлоо” гэж хэлж байсан ба цаана нь нэг эрэгтэй хүн чанга чанга яриад байсан ингээд утсаа тасалсан. Үүний дараа нь санаа зовоод 19 цаг 23 минутад залгаж ярьсан чинь бас л дуу чимээтэй байсан ба нөхөр Б нь “намайг ирээд аваач” гэж хэлээд утсаа тасалсан. Энэ үед би такси үйлчилгээ дуудаад 19 цаг 28 минутад нөхөр Бын байгаа газар руу байршлаар нь хайгаад очсон. Намайг очих үед тухайн гудамжны үзүүрт О нь өөрийнхөө цагаан өнгийн кровн машинтай зогсож байхаар нь би хажуугаар нь такситай өнгөрсөн. Ингээд би тухайн газарт очих үед нөхөр Б нь машиныхаа хажууд зогсож байсан ба түүний нүүр хэсэг нь цус болчихсон зодуулсан байдалтай зогсож байсан. Ингээд нөхөр Б-ыг машинд нь суулгаад би машиныг нь бариад хөдлөөд явсан чинь О нь хойноос дагах, урд гүйцэж түрүүлээд явж байснаа гэнэт зогсох, над руу дахин дахин залгаад байсан. Энэ үед шууд яваад цагдаагийн газарт ирсэн ба О нь машинтайгаа дагаж ирээд зогссон” гэх мэдүүлэг. /хх-н 13-14-р тал/
3. Гэрч Н.М-ын “Тухайн өдөр хамгийн анх Ц О бид 3 манай гэрт уулзаад Ц Г.О нар архи уусан харин би шар айраг уусан юм. Ингээд 17-18 цагийн үед Л.Б-ыг Ц О хоёрын аль нэг нь дуудаад Л.Б нь манай гэрт ирсэн. Л.Б нь манай гэрт орж ирээд Ц О хоёртой нэг ажлын талаар ярилцаад байсан. Ингээд тэр гурав архи уугаад би шар айраг уугаад сууж байсан. Хэсэг хугацааны дараа Г.О, Л.Б хоёр хоорондоо маргалдаж сууж байгаад Г.О нь зүүн талын гараараа Л.Б-ын нүүр, хамар хэсэг рүү гараараа цохих шиг болсон чинь Л.Б-ын хамарнаас цус гарсан чинь Л.Б нь яаж байгаа юм бэ гэж хэлсэн чинь О ах нь явлаа гэж хэлээд гараад явахаар нь би араас нь хамт гараад Г.О-ыг хашааны хаалгаар гаргачхаад хашаан дотроо зогсож байсан чинь Л.Б нь манай гэрээс гарч ирээд Г.О-ын араас хашааны хаалгаар гарсан. Би энэ үед буцаад гэр рүүгээ ороод сууж байтал Л.Б нь гаднаас орж ирсэн ба түүний дух, магнай хэсгээс цус гарчихсан хувцаснууд нь шороо болчихсон орж ирээд Г.О юмаар цохичихлоо гэж хэлсэн. Ингээд удаагүй байтал Л.Б-ын эхнэр нь ирээд Л.Б-ыг аваад явсан” гэх мэдүүлэг. /хх-н 16-р тал/
4. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 601 дугаартай: “Л.Б биед нүүрэнд зөөлөн эдийн няцрал, зулгарсан шарх, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хоёр сарвуу, хэвлийд зулгаралт, дээд уруулын дотор салст, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, дээд уруулын дотор салст, зүүн гуянд цус хуралт нь хатуу зүйлийн, цохих цохигдох хүчний үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, зулгарсан шарх, хоёр сарвуу, хэвлийд зулгаралт нь нидрэгдэх хүчний үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байхаар шинэ гэмтлүүд байна. Нүүрэнд зөөлөн эдийн няцрал, зулгарсан шарх, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хоёр сарвуу, хэвлийд зулгаралт, дээд уруулын дотор салст, зүүн гуянд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт. /хх-н 20-21-р тал/
5. Шинжээч Ч.Б-гийн “Хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, дээд уруулын дотор салст, зүүн гуянд цус хуралт гэмтлүүд нь тээврийн хэрэгслийн бариулнаас зүүгдэж газар чирэгдэх, унах үед үүсэх боломжгүй. Бусад гэмтлүүд нь тээврийн хэрэгслийн бариулнаас зүүгдэж газар чирэгдэх, унах үед үүссэн байх боломжтой байна” гэх мэдүүлэг. /хх-н 30-р тал/
6. Гэрч Ш.Ц-гийн: “Миний Эрдэнэтэд хийж байсан ажил дуусаад найз Л.Б, Г.О нар болон дүү М-гийн гэрт бид 4 уулзаад архи уунгаа ойр зуурын юм ярьж байтал Л.Б, Г.О нар хоорондоо маргалдаж байтал Г.О зүүн гараараа Л.Б-ын баруун шанаа хэсэг рүү нэг удаа цохисон. Л.Б Г.О, М гурав гадагш гарсан, хэсэг хугацааны дараа араас нь гадагш очтол Л.Б-ын хамарнаас цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 107-р хуудас/
7. Хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 сарын 17 өдрийн №195 дугаатай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Т дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.О нь 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 19 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын *************** Л.Б-тай маргалдаж улмаар нүүр хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, дээд уруулын дотор салстад цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангйн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-ыг 1000 нэгж буюу 1 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх ял саналтай байна. Хохирогчид учирсан сэтгэцийн болон эмчилгээний зардлыг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Д.О дүгнэлтдээ: “Хохирогч мэдүүлэгтээ О 2 удаа цохьсон гэдгийг мэдүүлдэг. Хамрын муруйлтын зүүн барууны асуудал сүүлд яригдах болсон. Хохирогч, гэрч нар өөр зодоон болоогүй болох нь тогтоогддог. Иймд Г.Оыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирлын 9 770 000 төгрөгийг гаргуулж, өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц дүгнэлтдээ: “Шүүгдэгч гэм буруутай эсэх нь хангалттай нотлогдохгүй байна. Гэрч Ц мэдүүлэхдээ О зүүн гараараа хохирогчийн баруун шанаанд цохьсон гэдэг. Мөн шинжээчийн дүгнэлтээр хохирогчид учирсан гэмтлүүд нь цохих, цохигдох хүчний олон удаагийн үйлчлэлээр учирсан гэмтэл гэж үзсэн. Хохирогчид учирсан гэмтлийг хэн яаж учруулсан нь тогтоогдохгүй байна. О хохирогчийн хамрын баруун талаас нь цохьсон байхад зүүн талруугаа биш цохьсон таруугаа муруйсан. Энэ нь эргэлзээ төрүүлж байна. Мөн гуяны гэмтлийг хэн учруулсан нь тогтоогдохгүй байгаа. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Л.Б-ын “О нь миний нүүр, хамар хэсэг рүү гараараа нэг удаа цохих үед миний хамарнаас цус гарсан, энэ үед Ц О-ыг барьж аваад салгасан юм. О-ыг зугтаах гэж байх үед нь машиных нь бариулнаас барьж байх үед хөдөлж намайг газар унагнааж чирсэн, энэ үед миний дух, магнай, гар хөл хэсэг зулгарч хөхөрсөн” гэх мэдүүлэг, гэрч Н.У-н“би тухайн газарт очих үед нөхөр Б нь машиныхаа хажууд зогсож байсан ба түүний нүүр хэсэг нь цус болчихсон зодуулсан байдалтай зогсож байсан” гэх мэдүүлэг, гэрч Н.М-ын “Г.О нь зүүн талын гараараа Л.Б-ын нүүр, хамар хэсэг рүү гараараа цохих шиг болсон... Л.Б нь гаднаас орж ирсэн ба түүний дух, магнай хэсгээс цус гарчихсан хувцаснууд нь шороо болчихсон орж ирээд Г.О юмаар цохичихлоо гэж хэлсэн” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 601 дугаартай дүгнэлт, шинжээч Ч.Б--гийн “Хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, дээд уруулын дотор салст, зүүн гуянд цус хуралт гэмтлүүд нь тээврийн хэрэгслийн бариулнаас зүүгдэж газар чирэгдэх, унах үед үүсэх боломжгүй. Бусад гэмтлүүд нь тээврийн хэрэгслийн бариулнаас зүүгдэж газар чирэгдэх, унах үед үүссэн байх боломжтой байна” гэх мэдүүлэг, гэрч Ш.Ц-гийн: “Миний Эрдэнэтэд хийж байсан ажил дуусаад найз Л.Б, Г.О нар болон дүү М-гийн гэрт бид 4 уулзаад архи уунгаа ойр зуурын юм ярьж байтал Л.Б, Г.О нар хоорондоо маргалдаж байтал Г.О зүүн гараараа Л.Б-ын баруун шанаа хэсэг рүү нэг удаа цохисон. Л.Б Г.О, М гурав гадагш гарсан, хэсэг хугацааны дараа араас нь гадагш очтол Л.Б-ын хамарнаас цус гарч байсан...” гэх мэдүүлэг, хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 сарын 17 өдрийн №195 дугаатай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Г.О нь 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 19 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын *************** Л.Б-тай маргалдаж, барьцалдан авч, нүүр хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, дээд уруулын дотор салстад цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.О болон түүний өмгөөлөгч нар “Хохирогчийг нэг л удаа цохьсон. Хамрын таславчийн муруйлт нь цохьсон чиглэлээс өөр чиглэлд байх тул хөнгөн гэмтлийг хэн яаж учруулсан нь тогтоогдохгүй байна” гэж мэтгэлцсэн байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хохирогч Л.Б нь Г.О-тай маргалдаж зодуулсны дараа шууд эмнэлэгт очсон бөгөөд өөр байдлаар биедээ гэмтэл авсан гэх үндэслэл тогтоогдоогүй, хохирогч Л.Б мэдүүлэгтээ Г.О намайг 2 удаа цохьсон гэж мэдүүлсэн байна.
Шүүгдэгч Г.О-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.О-ыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Б-ын эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, дээд уруулын дотор салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд гэм хорын нэхэмжлэлийн баримтуудыг шинжлэн судлаад эмчилгээний зардлын 310 000 төгрөг, сэтгэцэд учирсан хохирлыг шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 1 320 000 төгрөгөөр тооцож, нийт 1 630 000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгуулах, шатахууны зардал 80 000 төгрөг нь баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Хохирогч хамар, духанд эмчилгээ хийлгэх зардал нэхэмжилсэн боловч шүүхэд ирүүлсэн баримт хангалтгүй байх тул хэлэлцэлгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхэр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г Г-ын О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-т оногдуулсан 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Г.О-т оногдуулсан торгох ялыг биелүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Орхон аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газар 437-р нээлттэй хорих ангид даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оаас 1 630 000 /нэг сая зургаан зуун гучин мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Л.Б-д олгосугай.
7. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч Л.Б нь хамар, духанд эмчилгээ хийлгэх зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А