Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/01

 

 

 

 

 

 

 

2024       12         23                                              2025/ШЦТ/01

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Нарийн бичгийн дарга Д.У

Улсын яллагч Т.Т

Хохирогч Б.Д

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Э

Гэрч Л.О, Х.М, Б.М

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б

Шүүгдэгч Д.А нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.А-д холбогдох эрүүгийн 2325002090*** дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Ж овгийн Д-гийн А, Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр ********* ********** төрсөн, эрэгтэй, ** настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ************* ********** оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, /РД: *************/.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Д.А нь 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ************* багийн нутаг дэвсгэрт “*************” банк бус санхүүгийн байгууллагын эзэмшлийн Тоёота Приүс загварын ********улсын дугаартай тээврийн жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхад нь хохирогч Б.Д нь урдуур нь орж түүнд хандан “буугаад ир, хаалга, цонхоо онгойлго” гэхэд нь тээврийн хэрэгслээ жолоодон хохирогчийг тээврийн хэрэгслийн урд капутан дээр авч яван Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цанын баазын ар тал хүртэл асфальтан хучилттай авто замын хурд сааруулагчаар гарах үедээ газарт унагаж хохирогчийн эрүүл мэндэд нь “зүүн хөлийн шагайн үений өсгийн тахилзуур ясны арын ба хажуугийн шөрмөсний урагдал, шагайн үений дотор хэсгийн шөрмөсний суналт, шагайн үе үүсгэгч ясны эдийн хаван, шагайн үений зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, өвдөг, шагайн үений хэсэгт цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.А-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, тайлбар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А мэдүүлэхдээ: “Гэрчүүд буюу дэлгүүрийн худалдагч Д, А, Д-ын аав Б гээд эдгээр хүмүүс худлаа мэдүүлэг өгсөн. Үүнийг нотолж өгнө үү гэж хүсч байна. Б.Д, түүний эхнэр М хоёрын ганцхан жишээг нь авахад 21-ний 00 цагт мессэж бичсэн залгасан гээд байх юм. Би утасны хуулгаа авч хэрэгт өгсөн, тэрийг хараад нотолж өгнө үү. Надад тэгэж залгасан юм байхгүй. Аав нь гарч ирээд миний машины хажууд суугаад чи яагаад манай охин руу мессэж бичээд байгаа юм гэж хэлсэн. Би мэдээж тэр хүний урдаас тийм зүйл хэлэхгүй. Би харин ах аа миний буруу, би ингээд явъя гэхэд намайг явуулахгүй байсан. Тэгээд мэдүүлэгтээ болохоор мессэж бичсэн мөртлөө явахгүй байсан гэж мэдүүлсэн байсан. А гэж Д-ын дүү Д ах копут дээр явж байхад араас нь би эргээд явсан гэж мэдүүлэгт орсон байна, би сая сонслоо. Тэрийг нотлох камерийн бичлэг байгаа. 10-00 дугаартай цагаан соната-8 бичлэг дээр араас ирэх биш, урдуур урсгал сөрөөд зам хөндлөн хааж орж байгаа нь хүртэл бичлэг дээр байгаа. Шунхлай ШТС-аас бензин хийгээд зогсож байхад нь би хажуугаар нь гарахад машины дугаар таниад араас дагасан гэсэн мэдүүлэг өгөөд байгаа. Тэрийг нотлохын тулд би хэлсэн, манай эхнэр М Танил захаас гараад би эхнэрээ аваад явахад Б.Д, О хоёр хоёулаа Танил зах дотор байсан. Тэгээд миний араас дагасан мөртлөө Шунхлай дээр бензин хийж байхад би хажуугаар нь яваад намайг таниад явсан гэж мэдүүлэг өгөөд байгаа. Эдгээр зүйлүүдийг үнэн зөвөөр нь нотолж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Б.Д мэдүүлэхдээ: “Машиныг нь шахаж, цохисон зүйл байхгүй. Манай эхнэр лүү чат бичиж шөнө орой залгасан байсан, тэрийг нь би сонсоод бухимдсан. Би Булган аймаг руу ажлаар явсан байхад миний хөдөө явсныг хүртэл мэдсэн, танай нөхөр чинь хөдөө байгаа юм байна шүү дээ, уулзъя гэдэг мессэж ирсэн байсан болохоор тухайн үед миний уур хүрсэн. Танил захаас гараад ирсэн чинь урдуур машин нь явж таарсан. Би араас нь дагаад явсан. Хурд сааруулагч, замын тасархай хэсэгт машин нь зөөлрөхөд би урд нь гараад зогссон, шахаж зогсоосон зүйл байхгүй. Буугаад ирсэн чинь машинаа хойшоо ухраагаад байсан. Би урдаас нь алхаж байсан чинь эргэх үйлдэл үзүүлээд машины хажуу талаар гарах гэж байгаа юм шиг болохоор нь замын нөгөө тал руу гарах гэсэн чинь намайг дагаад би урд талд нь эргээд харсан урдаас хаазалсан. Тэгээд би машины копут дээр гарахаас өөр аргагүй болсон. Би эргэх талд нь гарсан байсан учраас нөгөө тал руугаа гарах боломжгүй, буруу тал руугаа гүйж таараад машиных нь копут дээр гарсан. Түүнээс биш өөрөө амь эрсдээд тэр лүү гарах юм байхгүй. Оргил тэнд шүргүүлээд унаад хоцорсон. Тэгээд 100 айл хүртэл явахдаа намайг сэгсрээд унагаах гээд байсан. Би амь авраач ээ гэж маш олон удаа хашхирсан. Яагаад гэвэл хурдтай явах үед ямарч буух боломж байдаггүй юм байна. Уг нь би хөнгөн учраас бас нэг самбаачлах юм байдаг. Буух боломж бололцоо үнэхээр байдаггүй юм байна. Тэгээд том машины хойд талаас тооромз чахарч тас хийж дуугараад мултраад үсэрсэн. Нөгөө талаас машины чихарсан дуунууд гарсан. Тэгээд би яаж унаснаа мэдээгүй эмнэлэг дээр сэрсэн. Тэгээд Жаст Ойлоос эргээд зогсохгүй хаазлаад явахад нь зогсооч гэж цонх руу цохиж цонхийг нь хагалсан. Тэрнээс би чулуу авч шидээгүй. Уг нь шидэх санаа байсан боловч авч шидэх чулуу олдоогүй. Гэр бүлд тогтворгүй байдал үүссэн, бид хоёр анх танилцаад хүүхэд гарснаас хойш бид хоёрт янз бүрийн ийм хэрүүл маргаан үүсэж байгаагүй, одоо бол байнгын хэрүүлтэй, амьдрал тогтворгүй байдалтай болсон. Эрүүл мэндээрээ хүртэл хохирсон. Иймэрхүү шүүх хуралдаанд орж үзээгүй байж байгаад анх удаа орж байна, маш их гомдолтой байна. Эр хүн байж ийм буруутай үйлдэл хийлээ гэж бодохгүй, гэмшихгүй. Худлаа буруу зөрүү яриад намайг гүтгэх гээд байгаад нь гомдолтой байна.” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэрч Х.М мэдүүлэхдээ: “Тухайн өдөр Б.Д-ын аав нь гэх хүн над руу ярьсан, танай нөхөр Танил зах дээр ирээд манай залуучуудад зодуулаад алуулангаа алдаад явлаа, ирээд уулз гэсэн, би өдөр нь очсон. Тэгэхэд Б.Д, О гэдэг хоёр хүн эхнэртэйгээ уулзуулалгүй, танай нөхөр чинь хаана байна, би бол ууртай омогтой хүн. Танай нөхрийг яаж ийж байгаад олж ална гээд ерөөсөө үг хэл ойлголцоогүй. Би бол цагдаагаас айдаг хүн биш, хаа хүрэхийг чинь харна гээд тэгээд би Танил захаас гараад явсан. Тэгээд гараад нөхөртэйгээ уулзаад машиндаа суугаад явж байтал араас ийм юм болсон. Машины хаалга руу, копут руу хоёулаа зэрэг зэрэг чулуу аваад дайраад байсан. Тухайн үед ойролцоогоор 20-30 км цагийн хурдтай явж байсан. Тухайн үед үнэхээр айж сандарсан байсан, энэ хүмүүс ална гэж сүрдүүлсэн, шууд цагдаа руу яриад амь насаа хамгаалж ингэж явахаас өөр байсангүй гэж хэлсэн. Зогсолт хийх газар зөндөө байсан, энэ хүнийг буугаач ээ гээд зөндөө орилсон буухгүй байсан.” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэрч Л.О мэдүүлэхдээ: “Энэ нөгөө манай эхнэр рүү мессэж бичээд уулзъя гээд байгаа залуу байна хөгшөөн, урд талд нь зогсчих гээд тэгээд урд талд нь зогссон. Тухайн үед машин дотор Д бид хоёр урд, М ард сууж явсан. Энэ залуутай найз уулзаадхъя гээд буусан, энэ хоёр хүн муудалцаад янз бүрийн юм болвол би найзыгаа авах ч юм уу, тэр хүнийг салгах ч юм уу аюулгүй байдлаа бодоод хамт буусан. Машины копутан дээр явсны араас нь би дагаж яваад 100 айлын тэнд зогсоход нь араас нь очсон, очоод Д хаачсан юм гэсэн чинь эмнэлэг аваад явсан гэхээр нь би эмнэлэг рүү явсан. Зодоон цохион болоогүй.” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэрч Б.М мэдүүлэхдээ: “Энэ хүн манайхаас машин авсан. Тэгээд машин аваад зээл энэ тэрийг нь шийдвэрлээд дууссаны дараа над руу уулзъя гээд мессэж бичсэн. Би тэр үед нөхөртөө юу ч хэлээгүй. Манай хадам аав, дүү байсан, дүүдээ энэ хүн ингээд байх юм гэсэн чинь дүү маань тэр дор нь за за яршиг яршиг аниа агаад хэлээд яах вэ устгачихъя гээд, тэгээд удаагүй байж байснаа дахиад залгаад манай дээр ирж таараад тэгэхэд манай нөхөр мэдсэн. Тэгээд бид хэд явж байсан чинь зам дээр таараад уулзъя гээд буусан. Би машин дотор сууж байсан чинь манай найз ирснээ Дыг машиныхаа хамар дээр аваад явчихлаа, яах вэ гээд хойноос нь очсон чинь манай хүн ч байхгүй, энэ хүн зам дээр би хүн алчихлаа, угаасаа хүн алсан гээд орилоод байсан. Тэгэхээр нь юу яриад байгаа юм, манай хүн хаана байна гэсэн чинь эмнэлэг аваад явсан гээд, хойноос нь эмнэлэг дээр очсон. Энэ явдлаас хойш нэг хэсэг маш хэцүү байсан, огцом уурладаг болсон. Заримдаа ямар үйлдэл гаргаж байгаагаа ч мэдэхгүй болсон, шөнө нойргүйдээд унтаж чадахаа больсон. Орой үдэш цочиж сэрээд эвгүй болоод байна, би яагаад ингээд байна гэдэг. Сүүлдээ хоёулаа эм ууж унтах гэж үзсэн ч хэцүү байсан.” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Б.Д-ын “Би тэр эрэгтэйтэй уулзах гэж жолооч талын хаалгаар буугаад машиных нь урд зогссон. Харин манай найз О жолооч талын хаалгыг нь таттал түгжээтэй байсан. Үүний дараа уг эрэгтэй арагшаа бага зэрэг ухраад урагшаа огцом дарсан. Энэ үед би машины урд зогсож байсан учраас копутан дээр нь үсрээд гарчихсан. Ингээд тэр эрэгтэй намайг копутан дээрээ байгааг мэдсээр байж город чиглэлтэй хурдтай явсан. Замд явж байхад нь би тэр эрэгтэйг зогсооч гээд урд талын салхины шилийг нь гараараа цохиж хагалсан. Мөн намайг машины копутан дээр явж байхад замаар явж байсан миний хуурай дүү А хар өнгийн приүс 30 маркийн машины урдуур орж зогсоох гэхэд шороон замаар орж зогсохгүй яваад байсан. Ингэж явсаар Уурхайчин багийн Цанын баазын арын засмал зам дээр уг эрэгтэй том машины араас өөрийнхөө талаар мөргөсөн. Энэ үед би эсрэг тал руу нь үсэрч газар биеэрээ унасан. Сүүлд яг яаж газар унасан гэдгээ сандраад зарим зүйлсийг нь санахгүй байна” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 43-р тал/

2. Гэрч Б.М-гийн “Ингээд 04 дүгээр сарын 11-ний өдөр машин худалдаж авсан эрэгтэй ганцаараа манай ажил дээр ирээд баярлалаа гэж хэлээд явсан. 04 дүгээр сарын 11-ний өдрөө тэр эрэгтэй над руу юм гуйх гэсэн юм, хоёулаа уулзах уу, чи их дажгүй бүсгүй байна лээ шүү, хоёулаа уулзъя гэж зурвас илгээгээд байхаар нь чамайг нөхөртөө хэлнэ шүү гэхэд ийм юм байх шүү дээ, хүний амьдралд гэж хариулсан. Дараа нь нөхөр болон О хоёр машинаас буугаад хар өнгийн приус 30 маркийн машины дэргэд очоод зогстол бид хоёроос машин худалдаж авсан эрэгтэй шууд урагшаагаа хөдөлсөн. Энэ үед манай нөхөр копутан дээр нь яаж гэдгийг нь мэдэхгүй гарчихсан байсан. Үүний дараа Оыг машинд суулгаад хар өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгслийг араас хөдөлсөн. Тэр үед О А руу залгатал А *********** баг Сансарын урдуур явж байна, агаа машины копутан дээр гарчихсан явж байна гэж хэлсэн. Ингэж явсаар Оюут баг 100 айлын урд талын засмал зам дээр яваад очтол нөгөө хар өнгийн приус 30 маркийн машин урдуураа машин мөргөчихсөн, манай нөхөр байхгүй байсан” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 45-р тал/

3. Гэрч Л.О “Д бид хоёр буугаад хар өнгийн тээврийн хэрэгслийн дэргэд очиж цонхыг нь тогшсон. Тэгтэл хар өнгийн приүс 30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч урагшаа хөдөлсөн үүний дараа Д жолооч залуутай уулзахын тулд машины урд гарч зогстол хар өнгийн приүс 30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч машинаа урагшаа хөдөлгөж копутан дээрээ Дыг гаргаад хурдтай яваад өгсөн. Би тэр машиныг нь анх хөдлөх үед нь зогсчих байх гэж бодоод гүйтэл тэр чигээрээ яваад өгсөн. Дараа нь би Д-ын машиныг барьж эхнэрийнх нь хамт араас нь явсан. Ногооны талбайн арын уулзвар дээр Дын дүү А машинтайгаа явж таарсан тэгтэл Д Ат хандан ахыгаа авраарай гэж чанга дуугаар хашхирч хэлсэн” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 47-р тал/

4. Гэрч Х.М-ийн “Дараа нь захаас гарч машинд суугаад нөхрийн хамт гэртээ харихаар Шын халуун ус руу очдог голын замаар явж байтал урдуур нэг хар өнгийн машин орж ирж зогссон. Тэгтэл машин дотроос 2 эрэгтэй хүн бууж ирээд машин руу чулуу авч шидсэн, чулуугаараа машин оносон эсэхийг мэдэхгүй байна. Үүний дараа нөхөр машинаа ухрааж явсаар “Содон баясал” хүнсний дэлгүүрийн урд талын гарц руу ороод урагшлах үед Д гэх эрэгтэй копутан дээр гарсан. Мөн тухайн хоёр эрэгтэй машины толь болон салхины шил копутан дээр гараараа цохиод байхаар нь би нөхөртөө яваарай зугтаарай гэж хэлсэн. Тэгж явж байхдаа цагдаа руу залгасан. Нэг мэдэхэд цанын баазын хойхон нь талд зам дээр зогсчихсон байсан. Зогсохдоо машин мөргөж зогссон” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 49-р тал/

5. Гэрч Т.Д-гийн “Дэлгүүрт ганцаараа сууж байтал урд зам дээр машины чахрах тоормослох чимээ гарсан. Тэгэхээр нь цонхоор хартал хар өнгийн приүс 30 маркийн тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр зүүн зүг рүү харчихсан, замын урд талдаа зогсож байсан. Харин уг тээврийн хэрэгслийн урд 2 эрэгтэй байсан. Нэг эрэгтэй нь өндөр биетэй харин нөгөөх нь намхан эрэгтэй байсан. Тэр хоёр эрэгтэй уг тээврийн хэрэгслийн урд копутан дээр гараараа цохиж нэг эрэгтэй нь жолооч талын урд хаалгыг татаж үзээд буугаад ир, хаалгаа онгойлгооч гэж орилоод байсан. Жолооч эрэгтэй явах гээд бага багаар урагшлах үед нөгөө хоёр эрэгтэй холдохгүй байсан. Тэгтэл жолооч эрэгтэй копутнаас зүүгдэж хөдөлсөн нэг эрэгтэй нь удалгүй уначихсан. Би үүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Тухайн үед би дэлгүүрийн цонхоор харах үед дэлгүүрт хүн байгаагүй Намайг дэлгүүрийн цонхоор харахад приүс маркийн машин ертөнцийн зүгээр зүүн тал руу хараад зам дээр зогссон, машины урд талын хамарны харалдаа 2 эрэгтэй хүн зогссон машины хаалга, цонхоо онгойлго гээд хашхираад тухайн машинаа явуулахгүй хаагаад зогсож байсан. Гэтэл приүс маркийн машин шууд хөдлөхөд урд нь зогсож байсан копудыг нь цохиод, хаалга онгойлго гээд байсан залуу копудан дээр нь гарсан. Улмаар приүс маркийн машин маш хурдан зүүн тийш хөдлөөд явсан. Үүнээс хойш 2-3 хоногийн дараа эрэгтэй, эмэгтэй 2 хүн орж ирээд “хэд хоногийн өмнө дэлгүүрийн урд намайг хүн хөөсөн, та харсан уу, танай дэлгүүрт камер байгаа юу” гэж асуусан. Би тэр хүмүүст хандаж харсан “чи яагаад машины копудан дээрээ хүн авч хөдөлсөн юм бэ” гэхэд тэр хүмүүс намайг ална гээд хөөсөн, миний эхнэр жирэмсэн байсан болохоор айж сандарсан, тэгээд тэр хүнийг чирээд явсан гэж хэлж байсан. Тухайн үед манай дэлгүүрт хяналтын камер байсан боловч ажиллаагүй, бичлэг хийгээгүй байсан. Энэ талаар тухайн үед цагдаа нар шалгаж байсан. Намайг дэлгүүрийн цонхоор харахад нэг залуу машины копуд дээр цохиод цонхоо онгойлго гэж хашхирч байснаас ямар нэг зүйлийг эвдэж сүйтгээгүй, цонх, толь хагалаагүй. Харин приүс машины копудын гараараа цохиод байсан” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 51-53, 2-р хх-ийн 126-128-р тал/

6. Гэрч Б.А-ын “2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Их залуу багаас хоол авах гээд “Танил” захаас өөрийн эзэмшлийн ***********улсын дугаартай сонато 8 загварын тээврийн хэрэгслийг жолоодож, хамт ажилладаг Т, Б нарын хамт хөдлөөд Ш багийн халуун усны газар луу явдаг замаар явж байхад урдаас ирж явсан приүс 30 маркийн тээврийн хэрэгслийн копуд дээр төрсөн ах Д зүүгдчихсэн зөрөөд өнгөрсөн. Би тэр машины араас эргээд зогсоох гэж дагаж явахад ах Д “намайг аваач ээ, авраарай” гэж тусламж гуйсан. “Жаст ойл” ШТС-ын харалдаа приүс 30 маркийн тээврийн хэрэгслийг гүйцэт түрүүлж, зогсоох гэхэд миний баруун талаар шороон замаар гараад урдаа байгаа тээврийн хэрэгслийг гүйцэт түрүүлээд хурдаа нэмсэн. Би приүс 30 маркийн тээврийн хэрэгслийн араас хөөгөөд явахад нэг ч удаа зогсоогүй, ойролцоогоор 80 км цагийн хурдтай явсан ба 14 дүгээр сургуулийн урд талын хурд сааруулагчаар гарахад Д ахын хоёр хөл машины хоёр талаар ээлжилж савагдаж байсан. Би приус 30 маркийн машины хажууд 3 удаа зэрэгцэж очоод зогсоочээ гэж 3 удаа хэлэхэд хурдаа нэмээд явсан. Цанын баазын урд талын хурд сааруулагчаар гарч байсан цагаан өнгийн тэвштэй ачааны машины зүүн хойд хэсгийг приус 30 маркийн тээврийн хэрэгсэл мөргөх үед Д ах зүүн тал руу газар унасан. Приус 30 маркийн тээврийн хэрэгсэл зогсоогүй, хөдөлгөөнөө үргэлжлүүлж яваад Зуун айл худалдааны төвийн урд талд байх гэрэл дохион дээр өөр машин мөргөж зогссон” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 59-60-р тал/

7. Гэрч Г.Т-ийн “Би гэртээ харьж хоол авах гээд хамт ажилладаг А, Б нарын хамт А ахын ***********улсын дугаартай соната 8 загварын тээврийн хэрэгсэлд сууж Ш багийн халуун ус руу явдаг замаар явж байхад урдаас приус 30 маркийн тээврийн хэрэгслийн копуд дээр Д ах зуураад хэвтчихсэн зөрсөн. А ах өөрийнхөө жолоодож байсан машинаа эргүүлээд приус 30 маркийн тээврийн хэрэгслийг зогсоох гээд “Жаст ойл” ШТС-ын харалдаа уулзвар гараад гүйцэт түрүүлж урд нь гарахад приус 30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч зогсохгүй, баруун талын шороогоор явж бид нарын гүйцэт түрүүлсэн. Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч урдаа явж байгаа тээврийн хэрэгслүүдийг гүйцэт түрүүлээд хурдаа нэмсэн. Тухайн үед эсрэг урсгалаас машин бага явж байсан. Приус 30 маркийн тээврийг хэрэгслийн харалдаа очих гэхээр хурдаа нэмээд машинаа хоёр тийш нь залаад байсан ба Д ах уначих гээд байсан тул А дахиж гүйцэт түрүүлэх үйлдэл хийгээгүй. Цанын баазын урд талын хурд сааруулагчаар гарч байсан ачааны машины зүүн хойд талыг Приус 30 загварын тээврийн хэрэгсэл мөргөх үед Д ах газар унасан” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 62-р тал/

8. Гэрч Б.Б-н “2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн эзэмшлийн Старекс маркийн ******улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уурхайчин багийн нутаг дэвсгэрт Зуул айл худалдааны төвийн гэрлэн дохиотой уулзвар дээр гэрлэн дохио хүлээгээд хоёрдугаар эгнээнд зогсож байх зуураа жолооч талын толиндоо арагшаа хартал ардаас хар өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгсэл хурдтай хоёр тийшээ дайвсан маягтай ирж байсан ба энэ үед дугуйны хоёр тийшээ шарвах дуу сонсогдсон. Би түүнийг хараад энэ машины жолооч зогсохгүй явсаар байгаад араас ирээд мөргөчих вий гэж айгаад араагаа салгаад урагш хөдлөх гэхэд нөгөө хар өнгийн приус 30 маркийн машины жолооч миний машины араас мөргөсөн. ********улсын дугаартай, тээврийн хэрэгсэл байсан. Тэд нарын хооронд зодоон болоогүй харин маргалдаад байсан. Жолооч эрэгтэй анх машинаас бууж ирээд надад хандаж намайг алах гээд байна, хөөгөөд байна гэж хэлсэн. Дараа нь нэг машинаас 3-4 залуу бууж ирээд жолооч эрэгтэйд чи хүн аллаа шүү дээ, хүний эхнэр рүү чи яахаараа янз бүрийн мессеж бичдэг юм бэ, унждаг улаанаа захирч яваарай гэж хэлээд хувцаснаас нь татсан чинь жолооч эрэгтэй гадуураа өмсөж явсан фудволкоо доошоо тонгойгоод тайлж цээж нүцгэн болсон. Өөрөөр машин руу суулгах гээд чирч, дамжилж авч явсан зүйл байхгүй. Тухайн үед би тэд нарыг хоорондоо зодоон хийж магадгүй гэж бодоод цагдаа нарыг иртэл жолооч эрэгтэйг хамгаалсан” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 64-р тал, 2-р хх-ийн 40-р тал/

9. Гэрч М.Б-н “2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 10-11 цагийн үед санагдаж байна бэр Мгийн хамт Танил зах дээр ажил дээрээ байж байтал М надад хандаж аав энэ нөгөө над руу мессеж бичээд байсан залуу ороод ирлээ, тэр машинтай гэж заасан. Тэгэхээр нь би явж очоод машин дотор сууж байсан залууд хандаж чи яагаад манай охин руу мессеж бичээд байдаг юм бэ гэж асуухад тийм юм байх шүү дээ гэж хариулсан. Үүний дараа би тэр залууд чи юу яриад байгаа юм бэ одоо манай хүү ирээд мэдчих юм бол бөөн юм болно, чи дахиж битгий миний охин руу мессеж бич, чи зүгээр хурдан яв гэж хэлтэл урдаас тэр зэртийн юм байх шүү дээ гэхээр нь би тэгвэл би чиний авгайг чинь дуудъя гэхэд дуудаж л байхгүй юу гэсэн. Тухайн үед уг эрэгтэй машинаасаа бууж ирэхээр нь би чи зүгээр хурдан яв гээд машин руу нь түлхсэн. Тэгтэл уг эрэгтэй уурлаж машиндаа суугаад Танил захын хашаан дотроос гарч явсан. Үдээс хойш цагийг нь санахгүй байна гадуур явж байтал миний хүү А над руу залгаад ахыг машин дээр аваад явчихлаа гээд маш их сандарсан, айсан байдалтай хэлсэн. Би юу гэхээ мэдэхгүй гайхаад чи юу яриад байгаа юм бэ, одоо хаана байна, хаана явж байна гэхэд А надад аюулгүй тойрог өнгөрөөд явж байна гэж хэлээд утсаа салгасан. Энэ үед зуун айлын гэрлэн дохион дээр өдөр ажил дээр ирж надтай маргалдсан залуу Stareх маркийн машин байсан санагдаж байна, араас нь мөргөсөн байсан. Би Stareх маркийн машины дэргэд машинаа зогсоогоод машинаас буутал өдөр надтай маргалдсан залуу байр луу гүйгээд явчихсан. Тэгэхээр нь би хүүхдээ яаж байгаа бол гэж бодоод шууд эмнэлэг рүү явсан. Тийм зүйл огт болоогүй. Тэр залуу худал ярьж байна. Би тэр залуу хандаж айл гэр битгий үймүүлээд бай, одоо манай хүү ирэх гээд байна гээд машин руу нь нэг удаа түлхсэн” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 70-р тал/

10. Гэрч Э.Б-н “Уг өдөр би Орхон аймгийн цагдаагийн газарт мэдээлэл хүлээн авагчаар 24 цагийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Цагдаагийн газрын 7035102 тусгай дугаарын утсанд иргэнээс ирсэн дуудлага мэдээллийг бүртгэн авч, зохих журмын дагуу холбогдох албан тушаалтанд мэдээллийг дамжуулж ажилласан. Тухайн өдөр 7035102 дугаарын утсанд ****** дугаарын утаснаас “Хүн машины хамар дээр суучихаад яваад байна” гэж хэлэхээр нь би наанаа зогсож бай, хаана вэ, цагдаа явуулъя гэж хэлэхэд *********** багийн Надежда хотхоны урд явж байна, зогсож болохгүй байна, зогсох юм бол яах ч юм билээ, цагдаагаа явуулж гэж хэлсэн. Ингээд хэсэг хугацааны дараа 7035102 дугаарын утас руу дахин залгаад Шунхлай шатахуун түгээх станцын урд машин мөргөөд зогсчихлоо, одоо ийшээ цагдаа явуул гэж хэлсэн. Тэгэхээр нь би Надежда хотхон руу дуудлага дамжуулсан замын цагдаа руу залгаж Шунхлай колонк руу яаралтай оч гэж хэлсэн” гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 42-р тал/

11. Гэрч И.М-н “тухайн үед Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Ө.Ө нь осол гаргасан тээврийн хэрэгслийн явсан маршрутыг нь шалгаад ир гэсний дагуу хяналтын камерын бичлэг шалгасан юм. Тухайн үед цагийн амралттай байсан тул энгийн хувцастай явж байсан. Би Б.Д, Д.А нарыг танихгүй Ямар нэгэн харилцаа холбоо байхгүй” гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 121-р тал/

12. Гэрч Д.П-н “Би “Танил” техникийн захад ойролцоогоор 4 жил орчим харуулаар ажиллаж байсан. Манай захад одоогоор 5 ширхэг, хаалга, дотор, талбай, харуулын байр луу харсан камер ажиллаж байна. Хяналтын камерын удирдлагын хэсэг нь харуулын өрөөнд байдаг ба 45 хоногийн бичлэг хадгалагддаг. Хэрүүл маргаан болж байсан эсэх талаар мэдэхгүй, санахгүй байна. 2023 оны хяналтын камерын бичлэг байхгүй. Яагаад гэтэл манай камер 45 хоног бичлэгээ хадгалдаг” гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 124-р тал/

13. Яллагдагч Д.А-ын “Тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тогтоол дээр Б.Д нь урдуур нь орж түүнд хандан “буугаад ир, хаалга, цонхоо онгойлго” гэхэд нь тээврийн хэрэгсэл жолоодоод явсан гэж байна намайг энэ тэгээгүй, энэ бууж ирээд миний машинд халдсан, хаалга нүдсэн, салхины шил хагалсан. Тэгэхээр нь би 102 луу залгаад хөдөлгөхөөс өөр аргагүй боллоо. шүү цагдаа дээр очъё, урдаас цагдаа гаргаад хамгаалалтанд аваач гэж хэлсэн. Энэ хүмүүс зохион байгуулалттай энэ хэргийг эхлүүлсэн гэж би үзэж байгаа. Манай эхнэрийн мессеж нь байна, ирээд үз гэж Танил руу дуудчихаад Д би танай нөхрийг хаанаас л бол хаанаас олно, би булна, чам шиг юмыг насаар нь эмчлэх мөнгө надад байгаа, зөндөө хүн явуулна, тэгээд өөрөө манай эхнэрийг Танилаас гарах үед Д Танил дээр байсан хүн байхгүй юу, ингээд манай эхнэр Танилаас гараад миний машинд суусан. Ингээд бид хоёр хөдөлсөн араас дагасан өөрийнхөө мэдүүлэг дээрээ Шунхлай колонк дээр бензин хийж байгаад 19-20 дугаартай машин явж байхаар нь араас нь дагасан гэж худал мэдүүлэг өгсөн байна. Д-ын тэр өдрийн дансны хуулгыг шалгаж өгнө үү, тэр өдөр бензин хийсэн үгүй нь мэдэгдэнэ. Зуул айл дээр ирээд аваар болсон. Аваарыг замын цагдаа тэнд нь шалгаад тогтоогоод замын цагдаа дээр миний машин, нөгөө машин хоёрын үнэлгээг хийгээд замын цагдаа дээр шалгаад, энэ зам дээр болсон осол өнгөрсөн. Тэгэнгүүт тэр М  гэдэг залуу яагаад Ш-ын замын айлын камер дээр очоод камер үзэж байсан тэрийгээ болохоор Ө ахмад явуулсан гэж байна. Ө ахмадаас өөрөөс нь мэдүүлэг авхуулъя. Би прокурор, цагдаад зөндөө хүсэлт гаргасан. Нөгөө хүмүүсийг ерөөсөө хэрэгт татахгүй байгаа, над дээр л хэрэг үүсчихээд байгаа. Ийм болохоор би бичлэгээ бариад Улсын ерөнхий прокурор, Шүүхээр өөрийн биеэр явах хүсэлтэй байна. Намайг хашрааж, миний биед халдана гэсэн зорилготой ирсэн. Утсаар ярьж байхад хаанаас л бол хаанаас олж ална, насаар чинь тахир дутуу болгоно, чамайг насаар чинь эмчлүүлэх мөнгө надад байгаа гэж хэлж байсан. Тухайн үед би 3 сартай жирэмсэн эхнэртэйгээ явж байсан. Энэ хүмүүс намайг цохиж, нүднэ, тэгэнгүүт мэдээж эхнэр дундуур нь орно, энэ үед эхнэр нэг хүний гарт түлхэгдээд юм уу, зулбах эрсдэл байсан. Тэгээд би өөрийнхөө болон эхнэр, ирээдүйд төрөх хүүхдийнхээ аюулгүй байдлын төлөө зогсож байсан. Сүүлдээ зогсохын аргагүй болоод хөдөлсөн. Копутан дээр оносон, намайг ухар ч байх үед, хэрвээ ухраагүй байсан бол салхины шил цөм цохиод ороод ирэх байсан. О жолоочийн талаас, Д жолоочийн эсрэг талд ирээд хаалга цонх, салхины шил нүдсэн. Салхины шил хагарсан чинь бүр аймар омогшоод, хөдлөхөөс өөр аргагүй болсон. Цагдаа руу залгаж хөдлөхөөс өөр аргагүй боллоо шүү гэж хэлсэн угаасаа утсаа салгаагүй, яриад яваад байсан Тухайн үед үнэлгээ хийсэн. Толь, салхины шил, жолооч талын хаалга, жолоочийн арын хаалганд гэмтэл учирсан. Энэ гэмтлүүдийг Д, О, жолоочийн арын хаалгыг болохоор анх Танилаас гарах үед Дын аав нь өшиглөж хонхойлгосон. Мэдээгүй, гэнэт л машины тоормослох чимээ гарч хажуугаас том хар машин орж ирээд урдуур хирээд зогссон. Д надад тоормосны эвдрэл гэмтэлтэй машин нуун дарагдуулж зарсан. Компьютер оношилгоонд орох үед эвдрэл нь гарч ирээд эргээд хандаад очих үед наадах чинь тийм юм биш ээ, наадах чинь зүгээр цэвэрлэгээ хийгээд зүгээр болчихно гэж хэлж явуулсан. Энэ хүмүүс тоормосны аппарат сольж өгөхгүйн тулд намайг ална тална гэж айлгаж сүрдүүлсэн, тэр өдөр. Энэ хүмүүс эвдрэл гэмтэл машин зарчхаад яагаад хариуцлага хүлээхгүй байгаа юм, хэрвээ зам дээр явж байгаад тоормосны аппарат нь ажиллахаа болиод хүний амь нас эрсдэхийг үгүйсгэхгүй” гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 147-148-р тал/

14. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 355 дугаартай “Б.Дын биед зүүн хөлийн шагайн үений өсгийн тахилзуур ясны арын /proterior talofibular ligament/ ба хажуугийн шөрмөсний /calcaneoofibular/ урагдал, шагайн үений дотор хэсгийн шөрмөсний суналт, шагайн үе үүсгэгч ясны эдийн хаван, шагайн үений зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, өвдөг, шагайн үений хэсэгт цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн, нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухай цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Зүүн хөлийн шагайн өсгийн тахилзуур ясны арын / proterior talofibular ligament/ ба хажуугийн шөрмөсний / calcaneoofibular ligament/ урагдал, шагайн үений дотор хэсгийн шөрмөсний суналт, шагайн үе үүсгэгч ясны эдийн хаван нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Шагайн үений зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, өвдөг, шагайн үений хэсэгт цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Зүүн өвдөг зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт. /1-р хх-ийн 73-75-р тал/

15. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 354 дугаартай “Д.А-ын биед гэмтэл тогтоогдсонгүй” гэсэн дүгнэлт. /1-р хх-ийн 81-82-р тал/

16. Орхон аймгийн Автотээврийн төвийн шинжээч нарын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаартай “Уг автотээврийн хэрэгсэл ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: салхины шил нилэнхүйдээ гурван хэсэгт цохигдон цуурч бүтэн хагарсан, урд капот баруун гар талын хэсгээр цохигдон дотогш хонхойж гажсан, баруун гар талын их гэрэл бүтэн хагарч алга болсон, урд буферын баруун гар талын хэсэг ханзарч унжсан, баруун гар талын урд крыло хуниралдаж их хэмжээгээр гажиж будаг нь халцарсан, капот доторх хөргөлтийн шингэний радиаторыг бэхлэх зориулалттай хөндлөвч төмөр баруун гар талын хэсгээр дотогш их гулзайсан, хөргөлтийн шингэний радиатор тахийснаас битүүмжпэл нь алдагдаж бак/таг/-ны хэсгүүдээр бүх шингэн нь гоожсон, шингэнт хүчлүүрийн бак ба шил арчигч шингэний савны сэнжнүүд тасарсан, салхины шил тогтоогч баруун гар талын багана доод хэсгээр хонхойж жижиг гурвалжин шил нь хагарсан, баруун гар талын урд хаалга хонхойж, баруун гар талын хавтас толь цуурч толины арын аяга хагарсан, хянах самбарын анхааруулах 4 төрлийн гэрлүүд ассан зэрэг эвдрэл гэмтлүүд байгаа нь энэ тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг хангахгүй байна. Уг тээврийн хэрэгсэлд дээрх эд ангийн эвдрэлүүд үүссэн байна. Эдгээр эвдрэлүүд осол гарах үед үүссэн гэмтлүүд болох нь тогтоогдсон” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт. /1-р хх-ийн 95-101-р тал/

17. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 3387 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн DVD дискэнд хадгалагдаж байх дүрс бичлэгүүдэд дүрслэгдэх хар өнгийн тоёота приүс автомашины хурдыг тодорхойлоход “1NVР_сh32_main_20230421154220_ 20230421154248” гэсэн нэртэй дүрс бичлэгт дүрслэгдэх “А-Б” гэсэн үл хөдлөх цэгийн хооронд зайг 76км/цаг, “А-В” гэсэн үл хөдлөх цэгийн хоорондох зайг 76км/цаг хурдтайгаар тус тус туулж өнгөрсөн байна. “NVR_сh33_maon_20230421154130 _20230421154152” гэсэн нэртэй дүрс бичлэгт дүрслэгдэх “А-Б” гэсэн үл хөдлөх цэгийн хоорондох зайг 45.24км/цаг хурдтайгаар туулж өнгөрсөн байна” гэсэн дүгнэлт. /1-р хх-ийн 107-122-р тал/

18. Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч нарын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 62 дугаартай “Магадлуулагч Ббаатар овогтой Д нь дүгнэлт гаргах үед сэтгэцийн хувьд сэтгэцийн хүчтэй гэмтлийн дараах дарамтат эмгэгтэй байна. Магадлуулагчийн сэтгэцийн энэ эмгэг нь удаан хугацааны сэтгэл засал эмчилгээ, сэтгэцийн эмчийн хяналтад сэтгэц нөлөөт эмчилгээ хийлгэх шаардлагатай” гэсэн дүгнэлт. /1-р хх-ийн 127-128-р тал/

19. Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч нарын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 61 дугаартай “Магадлуулагч Д овогтой А нь дүгнэлт гаргах үед сэтгэцийн хувьд сэтгэцийн хувьд хэвийн байна. 2. Д овогтой А нь өөрийн хийж буй үйлдлийг зөвөөр ойлгож мэдэх, удирдах чадвартай. 3. Дгийн А нь сэтгэцийн хувьд эрүүл” гэсэн дүгнэлт. /1-р хх-ийн 133-134-р тал/

20. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, /1-р хх-ийн 15-18-р тал/

21. Орхон аймгийн Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл. /1-р хх-ийн 19-28-р тал/

22. “Бан Хас” ХХК-ий шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 23/02/03718 дугаартай “Автомашин техникийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 87-89-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Т дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.А нь 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын *************багийн нутаг дэвсгэрт “*************” банк бус санхүүгийн байгууллагын эзэмшлийн Тоёота Приүс загварын ********улсын дугаартай тээврийн жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхад нь хохирогч Б.Д нь урдуур нь орж түүнд хандан “буугаад ир, хаалга, цонхоо онгойлго” гэхэд нь тээврийн хэрэгслээ жолоодож, улмаар хохирогчийг тээврийн хэрэгслийн урд копудан дээр авч яван Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цанын баазын ар тал хүртэл асфальтан хучилттай авто замын хурд сааруулагчаар гарах үедээ газарт унагаж хохирогчийн эрүүл мэндэд нь “зүүн хөлийн шагайн үений өсгийн тахилзуур ясны арын ба хажуугийн шөрмөсний урагдал, шагайн үений дотор хэсгийн шөрмөсний суналт, шагайн үе үүсгэгч ясны эдийн хаван, шагайн үений зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, өвдөг, шагайн үений хэсэгт цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хрхирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарах ял оногдуулах, хохирогчид ажилгүй байсан хугацааны цалин орлого болох 2 сая төгрөгийг олгуулах саналтай байна гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Э дүгнэлтдээ “Улсын яллагч шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг гэм буруутайд тооцуулах санал дээр өмгөөлөгчийн хувьд хэргийн нотолбол зохих байдлууд хангалттай нотлогдож тогтоогдсон гэж үзэж байх тул Д.Аыг тухайн зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох санал дээр нэмж хэлэх тайлбар байхгүй байна. Шүүх сэтгэц эмгэг судлалын 62 тоот шинжээчийн дүгнэлтээр Б.Д сэтгэцийн хувьд хүчтэй гэмтлийн дараах дарамтад эмгэгтэй байна. Магадлуулагчийн сэтгэцийн эмгэг нь удаан хугацааны сэтгэл заслын эмчилгээ, сэтгэцийн эмчийн хяналтад сэтгэц нөлөөт эмийн эмчилгээг зайлшгүй хийлгэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтийн хүрээнд өнөөдөр Улсын Дээд шүүхээс дагаж мөрдөхөөр 2023 оны 7 сард гарсан тогтоол шийдвэр мөн шинээр батлагдсан Шүүх шинжилгээний тухай хуульд өнөөдөр энэ хуулийг буцаан хэрэглэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Гэхдээ Иргэний хуулийн 230 дугаар зүйлд эдийн бус гэм хорыг арилгах, гэм хор учрах буюу түүнээс урьдчилан сэргийлэх, учирсан гэм хороос үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн буюу сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана гэж заасан. Мөн эдийн бус гэм хорыг арилгах буюу Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.2-т заасан мөн энэ сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд мөнгөөр тооцож тогтоох бөгөөд гэсэн үндэслэл хуулийн заалт байна. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан гэм буруутай этгээдээс амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирол арилгах, шаардах эрх нь хохирогчид байгаа. Энэ хэрэг нь тогтмол гардаг хэргүүдтэй адил биш, тээврийн хэрэгсэл дээр хүн суучихаад удаан хугацаанд 75км цагийн хурдтай явсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хохирогч эхнэр хардахаас илүүтэйгээр тэр тээврийн хэрэгсэл дээр явсан энэ түгшүүрт байдал нь машин тэрэг барьж чадахаа байх хэмжээнд хүрсэн, ухаан алдаж унадаг ийм нөхцөл байдлаас болоод энэ хүн өнөөдөр сэтгэл санааны хохирлыг тооцож гаргуулъя. Энэ нь өөрөө шүүх эмнэлгийн дүгнэлт, зэрэглэл тогтоосон журмаар гаргах боломжгүй хэдий ч Иргэний хуульд заасан дээрх үндэслэлүүдээр сэтгэл санааны хохирлыг тооцож нэхэмжилж байгаа. Үндсэн хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардлага гаргаж хүний үндсэн эрхийг тунхаглаж заасан байдаг. Хүний хамгийн эрхэм зүйл болох сэтгэл, мэдрэмж, итгэл үнэмшил, сэтгэц оюун ухааныг гэмтээж байгаа нөхцөл байдал хохирсон гэдэг нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон. Тэгэхээр үүнийг нэхэмжлэх шаардлага хохирогчид үүссэн гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Иймээс түүнд холбогдуулж сэтгэл санааны хохирлыг өнөөдөр гэмт хэрэг шийдвэрлэгдэх хүртэлх хугацаанд энэ хүн стресс дарамт байдлаасаа гарч чадахгүй энэ удаан хугацаанд үргэлжлээд байгаа нөхцөл байдлаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр үнэлж шаардаж нэхэмжлэлийн шаардлагыг 9,900,000 төгрөг, авч уусан эмчийн эмчилгээ 182,082 төгрөгийг нэхэмжилж шаардлага гаргасан. Энэ шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү. Үйлдсэн хэрэгтээ гэмшихгүй байгаа нөхцөл байдал харагдаж байна. Хохирогчоос уучлалт гуйсан тохиолдол огт байхгүй. Улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлага оногдуулах санкци нь зөв үндэслэлтэй байна гэж үзэж байна.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б дүгнэлтдээ “Болсон үйл явдал мөн хэрэгт авагдсан нотлох баримтууд, камерын бичлэгүүдийг бид нар судалсан. Үүнээс ямар дүгнэлт гардаг вэ гэхээр шүүгдэгч Д.Аын хувьд гэрч М руу уулзъя, учръя гэдэг байдлаар мессеж бичсэн нь үнэн. Үүний улмаас хохирогчийн хувьд шүүгдэгчид уур хүрсэн байдал бий болж улмаар найз О, эхнэр М нарын хамт тухайн үед хөдөлгөөнд оролцох ёсгүй байсан тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөнд оролцож араас нь дагаж хөөж очиж шахаж зогсоосон. Ингэж шахаж зогсоогоод машинаас энэ хоёр гүйж бууж ирдэг. Тэгэхэд шүүгдэгчийн хувьд машинаа хойшоо маш хурдтай ухраасан байна. Энэ бичлэгийг Д.А өөрөө олж өгсөн, цагдаа энэ бичлэгийг огт аваагүй. Хэрвээ өнөөдөр энэ бичлэг байгаагүй бол энэ хэрэг яаж шийдвэрлэгдэхийг мэдэхгүй. Хурдтай ухрахад машинаас буусан 2 эрэгтэйн нэг нь газраас чулуу аваад машин руу шидэж байгаа. Тэгээд хоёулаа гүйж очоод тухайн тэр машин гарц руу ухарч гараад буцаад замынхаа эсрэг талын хашлага дээр очоод 2 минут орчим зогссон. Ингэхэд хажуу талаас нэг хар машин зогсоод машинаас хүмүүс бууж ирж байна. Тэр хар машинтай хүмүүс бол энэ хэргийг тодорхой гэрчлэх гэрчүүд. Тухайн үед машиных нь цонхийг хагалсан байсан уу, хагалаагүй байсан уу, хөдлөхөд ямар байдалтай байсан гэдгийг тэр гэрчүүд бүгд мэдэхээр байсан байна. Өнөөдөр хүн бүр өөр өөрсдийнхөөрөө ярьж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд хэрэг үйлдсэн этгээдийн өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ гэж заасан. Мөн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан. Бид нар сая бичлэгийг харсан, хоёр хүн машинаас бууж ирээд чулуу авч шидээд өөр рүү довтлох довтолгоо эхэлсэн. Энэ довтолгооны эсрэг энэ хүн зугтхаас өөр аргагүй байсан, эхнэр нь 3 сартай жирэмсэн, хүүхэд дутуу төрөх магадлалтай мөн өөрийнх нь болоод эхнэрийнх нь амь насанд халтай байдлаар довтолсон үйлдэл бий болсон. Хохирогч надад олон хүмүүс байгаа шүү, чиний эрүүл мэндийг хохироочихоод насаар чинь төлөх боломж надад байна гэж хэлж заналхийлж байсан үйлдэл байдаг. Яагаад үүнийг гэмт хэрэг гэж үзэхгүй байгаа юм, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ” гэж заасан. Энэ хүн зугтаад явахаар өөр аргагүй болсон. Машины копуд дээр хохирогчийг хэн ч өргөж тавиагүй. Өөрөө машины копуд дээр үсэрч зүүгдэж гарч байгаа үйлдэл. Хэрвээ тухайн тэр машины копуд дээр Д.А хохирогчийг өргөж тавиад албаар ингээд аваад явж байгаа бол энэ үнэхээр санаатай үйлдэл. Тухайн үед ийм асуудал боллоо шүү, цагдаа явуулаарай, бид цагдаа руу дөхөж байя, өөр ямарч аргагүй боллоо гэж цагдаа руу ярьсан байдаг. Энэ нь аргагүй хамгаалалтыг бий болгож байна. Д.Аод заналхийлсэн О, Д нарын үйлдэлд адилхан Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байж Д.Аын үйлдсэн хэрэг нь аргагүй хамгаалалтын нөхцөл байдал байна уу, байхгүй юу гэдэг асуудлыг нарийвчлан шалгах шаардлагатай юм. Иймд өнөөдрийн хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, эргэлзээ бүхий байдлууд бий болж байна. Иймд хэргийг буцааж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Хохирогчийн хууль бус зүй үйлдлээс улбаалж энэ гэмт хэрэг үүссэн. Түүнээс биш машиныхаа копуд дээр байгаа хүнийг харахгүйгээр авч явж унагаагаад гэмтэл учруулсан зүйл байхгүй. Үүнийг шүүх шийдвэр гаргахдаа харгалзаж үзэх байх. Мөн бие махбодь болон сэтгэл санааны албадлагын эрхшээлд орсны улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж болохоор хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байдаг. Харин хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Шүүгдэгчийн хувьд эдгээр хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд торгох ялыг оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна.” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал, дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Д-ын “уг эрэгтэй арагшаа бага зэрэг ухраад урагшаа огцом дарсан, энэ үед би машины урд зогсож байсан учраас копутан дээр нь үсрээд гарчихсан. Ингээд тэр эрэгтэй намайг копутан дээрээ байгааг мэдсээр байж горд чиглэлтэй хурдтай явсан. Замд явж байхад нь би тэр эрэгтэйг зогсооч гээд урд талын салхины шилийг нь гараараа цохиж хагалсан. Ингэж явсаар Уурхайчин багийн Цанын баазын арын засмал зам дээр уг эрэгтэй том машины араас өөрийнхөө талаар мөргөсөн. Энэ үед би эсрэг тал руу нь үсэрч газар биеэрээ унасан. Сүүлд яг яаж газар унасан гэдгээ сандраад зарим зүйлсийг нь санахгүй байна” гэх мэдүүлэг, гэрч Б.Мгийн “нөхөр болон О хоёр машинаас буугаад хар өнгийн приус 30 маркийн машины дэргэд очоод зогстол бид хоёроос машин худалдаж авсан эрэгтэй шууд урагшаагаа хөдөлсөн. Энэ үед манай нөхөр копутан дээр нь яаж гэдгийг нь мэдэхгүй гарчихсан байсан. Үүний дараа О-ыг машинд суулгаад хар өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгслийг араас хөдөлсөн. Тэр үед О А руу залгатал А *********** баг Сансарын урдуур явж байна, агаа машины копутан дээр гарчихсан явж байна гэж хэлсэн. Ингэж явсаар Оюут баг 100 айлын урд талын засмал зам дээр яваад очтол нөгөө хар өнгийн приус 30 маркийн машин урдуураа машин мөргөчихсөн, манай нөхөр байхгүй байсан” гэх мэдүүлэг, гэрч Л.О “Д жолооч залуутай уулзахын тулд машины урд гарч зогстол хар өнгийн приүс 30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч машинаа урагшаа хөдөлгөж копутан дээрээ Дыг гаргаад хурдтай яваад өгсөн. Би тэр машиныг нь анх хөдлөх үед нь зогсчих байх гэж бодоод гүйтэл тэр чигээрээ яваад өгсөн. Дараа нь би Д-ын машиныг барьж эхнэрийнх нь хамт араас нь явсан. Ногооны талбайн арын уулзвар дээр Д-ын дүү А машинтайгаа явж таарсан тэгтэл Д Ат хандан ахыгаа авраарай гэж чанга дуугаар хашхирч хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч Х.М-ийн “Д гэх эрэгтэй копутан дээр гарсан. Мөн тухайн хоёр эрэгтэй машины толь болон салхины шил копутан дээр гараараа цохиод байхаар нь би нөхөртөө яваарай зугтаарай гэж хэлсэн. Тэгж явж байхдаа цагдаа руу залгасан. Нэг мэдэхэд цанын баазын хойхон нь талд зам дээр зогсчихсон байсан. Зогсохдоо машин мөргөж зогссон” гэх мэдүүлэг, гэрч Т.Д-ийн “уг тээврийн хэрэгслийн урд 2 эрэгтэй байсан. Нэг эрэгтэй нь өндөр биетэй харин нөгөөх нь намхан эрэгтэй байсан. Тэр хоёр эрэгтэй уг тээврийн хэрэгслийн урд копутан дээр гараараа цохиж нэг эрэгтэй нь жолооч талын урд хаалгыг татаж үзээд буугаад ир, хаалгаа онгойлгооч гэж орилоод байсан. Жолооч эрэгтэй явах гээд бага багаар урагшлах үед нөгөө хоёр эрэгтэй холдохгүй байсан. Тэгтэл жолооч эрэгтэй копутнаас зүүгдэж хөдөлсөн нэг эрэгтэй нь удалгүй уначихсан. Би үүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг, гэрч Б.А-ын “урдаас ирж явсан приүс 30 маркийн тээврийн хэрэгслийн копуд дээр төрсөн ах Д зүүгдчихсэн зөрөөд өнгөрсөн. Би тэр машины араас эргээд зогсоох гэж дагаж явахад ах Д “намайг аваач ээ, авраарай” гэж тусламж гуйсан. “Жаст ойл” ШТС-ын харалдаа приүс 30 маркийн тээврийн хэрэгслийг гүйцэт түрүүлж, зогсоох гэхэд миний баруун талаар шороон замаар гараад урдаа байгаа тээврийн хэрэгслийг гүйцэт түрүүлээд хурдаа нэмсэн. Цанын баазын урд талын хурд сааруулагчаар гарч байсан цагаан өнгийн тэвштэй ачааны машины зүүн хойд хэсгийг приус 30 маркийн тээврийн хэрэгсэл мөргөх үед Д ах зүүн тал руу газар унасан” гэх мэдүүлэг, гэрч Г.Т-ийн “Урдаас приус 30 маркийн тээврийн хэрэгслийн копуд дээр Д ах зуураад хэвтчихсэн зөрсөн. А ах өөрийнхөө жолоодож байсан машинаа эргүүлээд приус 30 маркийн тээврийн хэрэгслийг зогсоох гээд “Жаст ойл” ШТС-ын харалдаа уулзвар гараад гүйцэт түрүүлж урд нь гарахад приус 30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч зогсохгүй, баруун талын шороогоор явж бид нарын гүйцэт түрүүлсэн. Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч урдаа явж байгаа тээврийн хэрэгслүүдийг гүйцэт түрүүлээд хурдаа нэмсэн” гэх мэдүүлэг, гэрч Б.Бсайханы “2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн эзэмшлийн Старекс маркийн ******улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уурхайчин багийн нутаг дэвсгэрт Зуул айл худалдааны төвийн гэрлэн дохиотой уулзвар дээр гэрлэн дохио хүлээгээд хоёрдугаар эгнээнд зогсож байх зуураа жолооч талын толиндоо арагшаа хартал ардаас хар өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгсэл хурдтай хоёр тийшээ дайвсан маягтай ирж байсан ба энэ үед дугуйны хоёр тийшээ шарвах дуу сонсогдсон. Би түүнийг хараад энэ машины жолооч зогсохгүй явсаар байгаад араас ирээд мөргөчих вий гэж айгаад араагаа салгаад урагш хөдлөх гэхэд нөгөө хар өнгийн приус 30 маркийн машины жолооч миний машины араас мөргөсөн” гэх мэдүүлэг, гэрч М.Б-н “Үдээс хойш цагийг нь санахгүй байна гадуур явж байтал миний хүү А над руу залгаад ахыг машин дээр аваад явчихлаа гээд маш их сандарсан, айсан байдалтай хэлсэн. Би юу гэхээ мэдэхгүй гайхаад чи юу яриад байгаа юм бэ, одоо хаана байна, хаана явж байна гэхэд А надад аюулгүй тойрог өнгөрөөд явж байна гэж хэлээд утсаа салгасан. Энэ үед зуун айлын гэрлэн дохион дээр өдөр ажил дээр ирж надтай маргалдсан залуу Stareх маркийн машин байсан санагдаж байна, араас нь мөргөсөн байсан. Би Stareх маркийн машины дэргэд машинаа зогсоогоод машинаас буутал өдөр надтай маргалдсан залуу байр луу гүйгээд явчихсан” гэх мэдүүлэг, гэрч Э.Б-н “Тухайн өдөр 7035102 дугаарын утсанд ****** дугаарын утаснаас “Хүн машины хамар дээр суучихаад яваад байна” гэж хэлэхээр нь би наанаа зогсож бай, хаана вэ, цагдаа явуулъя гэж хэлэхэд *********** багийн Надежда хотхоны урд явж байна, зогсож болохгүй байна, зогсох юм бол яах ч юм билээ, цагдаагаа явуулж гэж хэлсэн. Ингээд хэсэг хугацааны дараа 7035102 дугаарын утас руу дахин залгаад Шунхлай шатахуун түгээх станцын урд машин мөргөөд зогсчихлоо, одоо ийшээ цагдаа явуул гэж хэлсэн. Тэгэхээр нь би Надежда хотхон руу дуудлага дамжуулсан замын цагдаа руу залгаж Шунхлай колонк руу яаралтай оч гэж хэлсэн” гэх мэдүүлэг, яллагдагч Д.А-ын “бууж ирээд миний машинд халдсан, хаалга нүдсэн, салхины шил хагалсан. Тэгэхээр нь би 102 луу залгаад хөдөлгөхөөс өөр аргагүй боллоо. шүү цагдаа дээр очъё, урдаас цагдаа гаргаад хамгаалалтанд аваач гэж хэлсэн. Д би танай нөхрийг хаанаас л бол хаанаас олно, би булна, чам шиг юмыг насаар нь эмчлэх мөнгө надад байгаа, зөндөө хүн явуулна гэсэн. О жолоочийн талаас, Д жолоочийн эсрэг талд ирээд хаалга цонх, салхины шил нүдсэн. Салхины шил хагарсан чинь бүр аймар омогшоод, хөдлөхөөс өөр аргагүй болсон. Цагдаа руу залгаж хөдлөхөөс өөр аргагүй боллоо шүү гэж хэлсэн угаасаа утсаа салгаагүй, яриад яваад байсан” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 355 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 354 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн Автотээврийн төвийн шинжээч нарын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 3387 дугаартай дүгнэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч нарын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 62 дугаартай дүгнэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч нарын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 61 дугаартай дүгнэлт, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, Орхон аймгийн Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, “Бан Хас” ХХК-ий 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 23/02/03718 дугаартай “Автомашин техникийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Д.А нь 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын *************багийн нутаг дэвсгэрт Тоёота Приүс загварын ********улсын дугаартай тээврийн жолоодож яваад Б.Дыг тээврийн хэрэгслийн урд копудан дээр авч яван Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цанын баазын ар тал хүртэл асфальтан хучилттай авто замын хурд сааруулагчаар гарах үедээ газарт унагаж хохирогчийн эрүүл мэндэд нь “зүүн хөлийн шагайн үений өсгийн тахилзуур ясны арын ба хажуугийн шөрмөсний урагдал, шагайн үений дотор хэсгийн шөрмөсний суналт, шагайн үе үүсгэгч ясны эдийн хаван, шагайн үений зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, өвдөг, шагайн үений хэсэгт цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтын талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас зарим зөрүүтэй мэдүүлэг, тайлбар гаргасан боловч хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэгийг шинжлэн судлаж, хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэгтэй харьцуулахад хохирогч Б.Д, гэрч Л.О нар Д.А-ын жолоодож явсан автомашины замыг автомашинаар хааж зогсон машинаас буух үед Д.А нь ухрах үйлдэл хийсэн, хохирогч Б.Д, гэрч Л.О нар явганаар хөөж очиж хөдөлгөөнийг хаах үед Д.А нь хөдөлгөөнөө үргэлжлүүлэхэд хохирогч тээврийн хэрэгслийн автомашины урд хамар дээр гарахад Д.А хөдөлгөөнөө үргэлжүүлэн хохирогчийг тээвэрлэн ойролцоогоор 30-70 км/ цагийн хурдтайгаар явж, хохирогч унаж гэмтсэн болох нь тогтоогдож байна.

            Дээрхи үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Д.А нь шууд санаатай үйлдлээр бусдыг тээврийн хэрэгслийн урд хамар дээр зөөвөрлөн явж унагаснаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А “эдгээр хүмүүс машиныг маань нүдэж, цонх хагалж, дайрахаар нь айгаад хөдөлсөн, хохирогч машины урд талаас буух боломж байсан. Би өөрийгөө болон жирэмсэн эхнэрээ хамгаалсан. Эдгээр хүмүүсийн үйлдлийг шалгаагүйд гомдолтой байна” гэж мэдүүлсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б “хэргийг бүрэн гүйцэд шалгаагүй, хохирогч Б.Д, гэрч О нар бүлэглэж танхайрсан, бусдын эд хөрөнгийг санаатай устгаж гэмтээсэн үйлдлийг шалгаагүй, Д.А нь өөрийгөө болон эхнэрээ бусдын гэмт үйлдлээс хамгаалсан” гэж мэтгэлцсэн байна. Хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэгийг шинжлэн судлахад Д.А-д өөрт нь болон хамт явсан хүнийх нь амь нас, эрүүл мэндэд аюултай бодит халдлага эхэлсэн эсэх нь тодорхойгүй, халдлага эхэлсэн гэж үзвэл хохирогч тээврийн хэрэгсэлийн урд хамар дээр зөөвөрлөгдөж явах үед халдлага нэгэнт төгссөн буюу өөрөөр хэлбэл хохирогч бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулахаар довтлох боломжгүй нөхцөл байдалд байсан байна. Цагдаагийн байгууллагаас Б.Д, гэрч Л.О нарыг Д.Аын унаж явсан тээврийн хэрэгсэл рүү халдсан гэх үйлдлийг танхайрах зөрчил гэж үзэж шүүхээр шийдвэрлүүлсэн бөгөөд уг шийдвэр хүчинтэй хэвээр байна.

 

            Иймд Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.А-ыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

           

            Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Д-ын эрүүл мэндэд “зүүн хөлийн шагайн үений өсгийн тахилзуур ясны арын ба хажуугийн шөрмөсний урагдал, шагайн үений дотор хэсгийн шөрмөсний суналт, шагайн үе үүсгэгч ясны эдийн хаван, шагайн үений зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, өвдөг, шагайн үений хэсэгт цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол учирсан байна. Хохирогч Б.Д нь сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн боловч холбогдох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна. Хэрэг учрал 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр болсон бөгөөд хохирогч нь хэрэг учрал болон цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль тогтоомжийг дагуу сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжлэх нь эрхтэй. Иймд хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг хэлэлцэлгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.           

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, 6.6 дугаар зүйлд заасан нь ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 3 ширхэг CD хуурцаг ирүүлснийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овгийн Д-гийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Аод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ао-д оногдуулсан 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Шүүгдэгч Д.Аод оногдуулсан торгох ялыг биелүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Орхон аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газар 437-р нээлттэй хорих ангид даалгасугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 3 ширхэг CD хуурцаг ирүүлснийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохиоргч Б.Д нь сэтгэцэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх болохыг тус тус дурьдсугай.

 

            7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А