Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2025/ШЦТ/69

 

 

 

 

 

 

 

2025      01         31                                           2025/ШЦТ/

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Адаргалж,

 

Нарийн бичгийн дарга Д.У

    Улсын яллагч Т.Т

    Хохирогчийн өмгөөлөгч Л.Ц /онлайн/

    Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Л

    Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Д

Шүүгдэгч Д.С нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.С-д холбогдох эрүүгийн 2325000000*** дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х овгийн Д-н С, Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ********** ********* төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, ******************* ************* *********, ам бүл 2, ******************** ************* ************* оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, /РД: *********/.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.С нь 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгийн ********* сумын ********* багийн нутаг дэвсгэрт Сонато-6 маркийн **-***** улсын дугаартай өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн “Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх” 10.6 дахь хэсэгт “Жолооч баруун буюу зүүн гар тийш эргэхдээ тээврийн хэрэгслийн оврын хэмжээ болон бусад шалтгаан /ачааны онцлог, зам дээрх саад гэх мэт/-аар энэ дүрмийн 10.5-д заасан шаардлагыг биелүүлэх боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулахгүйгээр уг үйлдлийг өөр эгнээнээс гүйцэтгэхийг зөвшөөрнө, уулзвар гарцаас бусад замын хэсэг дээр хөдөлгөөнийг тухайн чигийн зүүн гар талын захаас буцаж эргэхэд зорчих хэсгийн өргөн хүрэлцэхгүй байвал уг үйлдлийг баруун гар талын эгнээ буюу хөвөөнөөс гүйцэтгэхийг зөвшөөрнө ингэхдээ өөдөөс буюу зэрэгцээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Н.Л-ийн жолоодож явсан Тоёота Приус **-***** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн, зам тээврийн осол гаргаж, Тоёота Приус **-***** улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Л.Гий эрүүл мэндэд хүнд хохирол, О.С, Б.Н нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Сонато-6 маркийн **-*****улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Б.Т-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Н.Л-ийн эзэмшлийн Тоёота Приус **-***** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5 861 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.С-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, тайлбар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.С мэдүүлэхдээ “Зам тээврийн осол гаргахад өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ нөгөө машины жолооч Н.Л нь мөн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл байгааг шалгаж өгөөгүйд гомдолтой байна. Хэдэн км цагийн хурдтай явсаныг тогтоогүй мөн зогсоох арга хэмжээ авч болох байсан. Намайг замын шороон хэсэгт байхад ирж мөргөсөн. Г охин гэмтсэнд харамсаж байна. Бага насны хүүхэдтэй явж байсан атал болгоомжгүй явсан гэж бодож байна. Хохиролд 8 сая төгрөг төлсөн. Нийт хохирлыг шууд төлөх боломжгүй байна. Ээж маань хүнд өвчтэй байсаар нас барсан. Цалингын зээл авч төлнө” гэв.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Л шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Хүүхэд маань маш хүнд гэмтэж, хүнд хагалгаанд орсон. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Тухайн үед С бидэнтэй холбогдож уучлал гуйгаагүй. Туслаагүй. Хохиролд 8 сая төгрөг өгсөн. Гомдолтой байна” гэв.

Иргэний нэхэмжлэгч О.С, Б.Н нар шүүх хуралдаанд оролцохгүй, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэсэн байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл. /1-р хх-ийн 8-9 дүгээр тал/,

 

2. Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд. /1-р хх-ийн 10-11 дүгээр тал/

 

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Л-н “Би урд өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ болсон хэрэг буюу зам тээврийн ослын талаар бүх зүйлийг ярьсан тул одоо надад нэмж ярих зүйл байхгүй байна. Дахин ослын талаар ярих хүсэлгүй байна. Тухайн зам тээврийн осол гарсан өдөр Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд яаралтайгаар гэмтлийн тасагт хэвтэж 3 хоног эмчилгээ хийлгэж байгаад эмч нарын зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Гэмтэл согог заслын эмнэлэгт очиж сэхээний тасагт 1 хоног эмчилгээ хийлгээд түүний дараа энгийн тасаг руу шилжиж 13 хоног хэвтэн эмчлүүлж байгаад одоогоор Улаанбаатар хотын эх нялхас нэртэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Энэ хугацаанд тархины цус шимэгдүүлэх эмчилгээ, хаван буулгах гэх зэрэг эмчилгээ хийлгэж байна. Тухайн үед би жолоо барьж явсан, миний хажууд эхнэр О.С охин Г-ийг тэвэрч явсан. Одоогоор охин Г-ий биеийн байдал толгойн зулай хэсгээр хавантай, гавлын ясны цууралт хэсгээр тархи нь гарсан байдалтай байна... Тухайн тээврийн хэрэгсэл намайг машинтайгаа 500 метрийн зайтай явж байхад эсрэг эгнээнээс дохиогоо өгөөд шууд эргэх үйлдэл хийсэн. Энэ үед би зогсох үйлдэл хийж чадалгүй тухайн тээврийн хэрэгсэл урдуур ороод ирэх үед нь жолооны хүрдээ баруун чиглүүлээд замын хөвөө рүү гарах гэж оролдсон боловч тухайн тээврийн хэрэгслийн урд хэсгийг мөргөж зам тээврийн осол гарсан. Тухайн зам тээврийн ослын улмаас охин Г-ий эрүүл мэндэд хүнд хохирол учирч, тухайн цагаас хойш эрүүл мэндийн байгууллагаар явж эмчилгээ хийлгэж байна. Энэ хугацаанд нийт гарсан зардал нь  хоол хүнсний зардалд 899,882 төгрөг, Улаанбаатар хот, Орхон аймаг, Дархан-Уул аймаг хооронд явсан тээврийн хэрэгслийн түлш, бензиний зардалд 957,293 төгрөг, охин Г-ий эмчилгээ, эм, тариа, эмнэлгээр явсан зардалд 1,769,360 төгрөг, ахуйн хэрэгслийн зардалд 161,557 төгрөг, бусад зардал буюу 339,220 төгрөгийн зардал гарсан, нийтдээ 4,127,312 төгрөгийн зардал одоогийн байдлаар гарсан, эхнэр С нь Говь Хангай мебель ХХК-ны Дархан-Уул аймаг дахь салбарт ахлах худалдааны зөвлөхөөр, миний бие хүргэлтийн ахлахаар ажиллаж байсан, зам тээрийн осолд орсны дараа охин Г-ийг эмнэлгээр авч явж үзүүлэх, эмчилгээ хийлгэх, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд хамт байж ажлаа хийлгүй нэг сарын хугацаа өнгөрч ямар ч цалин авч чадаагүй энэ хугацааны цалинг мөн нэхэмжилмээр байна, эхнэр С нь 1,600,000 төгрөгийн цалин авдаг байсан, миний бие 1,700,000 төгрөгийн цалин авдаг байсан нийлээд 3,300,000 төгрөгийн цалин авдаг байсан. Энэ цалинг гэм буруутай хүнээс нэхэмжилж байна, мөн миний **-***** улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ нь  5,861,000 төгрөгийн үнэлгээ гарсан уг үнэлгээгээр гарсан хохирлыг нэхэмжилнэ. Миний охин Г 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр дахин Улаанбаатар хот руу очиж Эх нялхсын эрүүл мэндийн төвийн мэдрэлийн тасагт очиж дахин үзүүлж зураг авхуулна, мөн цаашид хэчнээн удаан хугацаанд ийм байдалтай эрүүл мэндийн байгууллагаар явах эсэхийг хэлж мэдэхгүй байх тул цаашид гарах зардлыг мөн нэхэмжлэх хүсэлтэй байна. Одоогоор надад цаашид гарах зардлын талаар тодорхой хэлэх боломжгүй байна. Бид хоёр хоёулаа ажил хийдэг байсан одоо нэг нь ажлаа хийгээд нэг нь хүүхдээ харах болчихоод байна. Сэтгэл санааны хохирлыг нэхэмжилж болдог бол сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэх хүсэлтэй байна. Одоогийн байдлаар хохиролтой холбоотой гарсан зардлын баримтуудыг гаргаж өгсөн” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 16-17, 19 дугаар тал/

 

4. Хохирогч Б.Т-н “Зам тээврийн ослын улмаас хавирганууд хугарч гэмтсэн, миний охин С нь зам тээврийн ослоос хойш намайг эмнэлгээр дагуулж эмчилгээ хийлгэж намайг асарсан. Надад охиноосоо нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол санал байхгүй. Энэ хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү. Би шүүх хуралд оролцож чадахгүй тул намайг шүүх хуралд оролцуулахгүйгээр энэ хэргийг шийдвэрлэж өгнө үү. Би хөгшин настай хүн. Бие маань муу байгаа учир нааш цааш нь дахин дахин явж чадахгүй. Би тухайн үед төрсөн охин С-тайгаа хамт машинаар яваад бусад хүмүүс нь тусдаа машинтай явсан юм. Манай төрсөн охин Ш-н охин З бид нарыг машины араас дагаад яваарай гэж хэлээд дагуулаад явсан юм. Манай охин С бид хоёр машиндаа З-н араас дагаад явж байхад засмал замаар явж байгаад нэг тийшээЗмашинтайгаа эргээд явсан. Харин охин С бид хоёр машинтайгаа араас нь эргэж байх үед манай охин С эсрэг урсгал руу машин ирж байгааг харсан би яг энэ үед охины харсан зүг рүү хартал нэг машин манай машин дээгүүр нисээд ороод ирсэн миний санаж байгаа зүйл энэ байна” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 22, 31 дугаар тал/

 

5. Гэрч Б.Н-н “Би өөрийн гэр бүлийн хүн Н болон өөрийн хүүхэд Л тэдний гэр бүлийн гишүүд эхнэр нь болох С хоёр хүүхэд болох Э, Г нарын хамт наадмын амралтын үеэр Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт байрлах Хөвсгөл далайд очиж амарж байгаад буцаад Дархан-Уул аймаг руу явж байсан он сарыг нь би санахгүй байна. Дархан-Уул аймаг руу буцаад явж байх үед Орхон аймгаас гараад ********* сумын төв рүү орохын өмнө нэг өндөр даваа дээр гарч машинтайгаа зогсож бие засаж хэсэг амарчхаад цааш хөдлөөд ********* сумын төв рүү уруудаад явж байсан юм. Энэ үед би өөрийн эхнэр , ач Э нарын хамт машины арын суудалд суугаад явж байх үед гэнэт л машинтай мөргөлдөөд осол аваар гарсан. Ямар учраас машинтай мөргөлдсөнийг мэдэж чадаагүй” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 24 дүгээр тал/

 

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Л-гийн Орхон аймгаас гарсны дараа 10-20 орчим километр яваад Орхон аймгийн ********* сум руу орох гээд явж байх үедээ ********* сумын наад талд байдаг дэнж дээр хамт зорчиж байсан хүмүүсээ биеийг нь засуулаад цааш замаа үргэлжлүүлэхээр буцаж машиндаа суугаад доошоо уруудаад 1 километр орчим явж байх үед эсрэг урсгалаас цагаан өнгөтэй Соната 6 маркийн тээврийн хэрэгсэл дохиогоо өгөөд хурдаа сааруулаад зогсох гэж байсан. Би энэ үед нь тухайн машиныг надад дүрмийн дагуу зам тавьж өгөх байх гэж бодоод машинтайгаа явж байтал гэнэт машинтайгаа эргээд ороод ирсэн. Би тухайн үед уг тээврийн хэрэгслийг мөргөхгүй гэж жолооны хүрдээ баруун дарсан мөн тоормос нэг удаа гишгэсэн боловч тухайн машинтай мөргөлдсөн” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 28-29 дүгээр тал/

 

7. Гэрч Б.Н-ийн  “2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр би нөхөр  хүү Л бэр С ач Э, Г нарын хамтаар Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт байрладаг Хөвсгөл далай руу аялж зугаалах зорилгоор явсан юм. Ингэж бид нар аялж зугаалж байгаад 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр аяллаа дуусгаж гэртээ харихаар Дархан-Уул аймаг руу явж байх үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумаас гараад ********* сумын төв рүү орохын өмнө даваан дээр машинтайгаа зогсож бие засаж байж байгаад цааш машиндаа сууж замаа үргэлжлүүлэхээр хөдлөөд ********* сумын төв харагдаад даваанаас уруудаад явж байх үед урдуур цагаан өнгийн машин орж ирээд л зам тээврийн осол аваар гарсан. Яагаад ямар учир шалтгаанаар зам тээврийн осол гарсныг мэдэж чадаагүй” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 26 дугаар тал/

 

8. Иргэний нэхэмжлэгч Б.Н-ийн “Тухайн үед миний зүүн гуя хөхөрч байсан. Мөн миний үүдэн гурван шүд хөдөлсөн байсан болохоор Дархан-Уул аймгийн Цэлмэг нэртэй шүдний эмнэлэгт очиж 2023 оны 07 дугаар сарын 16-ны өдөр үүдэн шүдийг 90,000 төгрөгөөр авхуулж байсан. Би шүдээ авхуулсан 90,000 төгрөгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 19 дүгээр тал/

 

9. Гэрч О.С-н “Би хэсэг зүүрмэглэсэн юм шиг байсан. Нэг мэдэхэд нөхөр чанга орилоод энэ одоо яагаад байна гэж хэлээд нөхөр машинаа баруун тал руу дарах шиг болсон. Нэг харсан чинь урдаас нэг машин орж ирээд мөргөсөн. Мөргөлдөх үед би ухаан алдаж хэсэг хугацааны дараа сэргэсэн. Нэг сэрээд харсан чинь машин шороон зам дээр гарчихсан, миний нүдний шил шидэгдсэн, охиныг нөхөр тэвэрчихсэн, хадам аав, ээж бүгдээрээ машинаас буучихсан байсан. Машинаас буугаад харахад машинтай мөргөлдчихсөн, эмнэлгийн машин дөнгөж ирж байсан. Энэ үед охин чангаар уйлж эхэлсэн. Эмнэлгийн эмч нар ирээд манай машинтай мөргөлдсөн машины жолооч болон зорчигчийг аваад явах гэж байхаар нь бид хоёрыг бас аваад яв гэсэн чинь араас машинаар дагаад явчих гэсэн. Тухайн үед тэнд байсан машинд суугаад түргэний машины араас дагаж яваад Орхон аймгийн Эмнэлэгт очсон” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 36-37 дугаар тал/

 

10. Иргэний нэхэмжлэгч О.С-н “Би тухайн үед унтаж явсан болохоор осол болох үед толгойгоороо машины цонхыг мөргөсөн байсан. Миний толгой зүүн талаараа хонхойсон байдалтай байсан би 2023 оны 09 дүгээр сарын эхээр Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт томографын зураг авхуулахад зүгээр байна гэж хэлсэн. Миний толгой одоог хүртэл бага зэргийн хонхойсон байдалтай байна. Тухайн ослоос болж миний зүүн гарын бугуй болон тохой хэсэгт хөхөрсөн байсан. Би тухайн үед өөрийн охиноо эмчлүүлж байсан болохоор өөрийгөө эмнэлэгт үзүүлээгүй. Одоо миний зүүн гарын бугуй хэсэг байнга өвддөг болсон. Би даатгалаар томографын зураг авхуулсан болохоор надаас мөнгө гараагүй. Би бугуйгаа үзүүлж чадаагүй. Надаас гарсан зардал байхгүй байна. Би толгой болон бугуйгаа нарийн мэргэжлийн эмчид Улаанбаатар хотод үзүүлэх шаардлагатай байх тул ойролцоогоор 500,000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг. /3-р хх-ийн 22-23 дугаар тал/

 

11. Гэрч Г.З-н “Бид нар машинаасаа буугаад харахад Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй С эгчийн машин мөргөлдөж, замын хажуу тал руу гарсан байсан. С эгчийн машинд сууж явсан түүний ээж Т эгчийг машинаас буулгаж түргэн тусламж дуудсан. Түргэний машин ирээд С эгч, Т эгч нарыг аваад явсан” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 39 дүгээр тал/

 

12. Яллагдагч Д.Сын “2023 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн сайхан суманд байх гэрээсээ гараад өөрийн Сонато 6 маркийн **-*****улсын дугаартай тээврийн хэрэгслээр ээж Т, хүү Б нарын хамт Орхон аймгийн ********* сумын төв дээр байх эгч Ш-н гэрт ирж хоносон. Маргааш нь буюу 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 13 цагийн орчим Ш-н охин З нь өөрийнхөө тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Би зам хаагуур салдгийг мэдэхгүй дүүгийнхээ араас дагаад төв засмал замаар явж байсан. Энэ үед дүү З нь зүүн гар тал руу эргэх дохио өгөөд зүүн гар тал руу шороон замаар салсан. Би дохиогоо өгөөд урдаас тээврийн хэрэгсэл байна уу гэж харах үед 700-800 метр зайд нэг тээврийн хэрэгсэл ирж байгаа харагдсан. Би уг тээврийн хэрэгслийг хол байна гэж хараад зүүн гар тал руу эргэсэн, эргэж байх үед уг тээврийн хэрэгсэл нэлээн ойртчихсон байсан ба 300-350 метр зайтай ирж байгаа харагдсан. Би дотроо урд яваа тээврийн хэрэгслийг эргэж байгааг харсан намайг араас нь эргэж байгааг хараад хурдаа хасна гэж дотроо бодож байсан боловч шууд ирээд миний машиныг дагаж ороод миний машины баруун урд хэсэг рүү мөргөж осол гаргасан” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 144-145 дүгээр тал/

 

13. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 9152 дугаартай “Л.Г-ий биед зулай ясны цөмөрсөн хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн дух хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус хуралт, зулайн хуйх, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д тус тус зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн зэргийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт. /1-р хх-ийн 45-46 дугаар тал/

 

14. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 9150 дугаартай “О.С-н биед тархи доргилт, зулайн хуйх, баруун шуу, тохойны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт. /1-р хх-ийн 52-53 дугаар тал/

 

15. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 9149 дугаартай “Н.Л-гийн биед баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт. /1-р хх-ийн 58-59 дүгээр тал/,

 

16. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 9151 дугаартай “Л.Э-ын биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт. /1-р хх-ийн 64 дүгээр тал/

 

17. Дархан-Уул аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 726 дугаартай “Д.С-ын биед тархи доргилт, духанд шарх, баруун бугалга, баруун шилбэ, өвдгөнд цус хуралт, зүүн шагайн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Тухайн гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн ба дарааллыг тогтоох боломжгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт, эмнэлгийн баримт бичиг. /1-р хх-ийн 69-70 дугаар тал/

 

18. Дархан-Уул аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 727 дугаартай “Б.Т-н биед баруун талын 2, 3-р хавирга, зүүн талын 7-р хавирганы хугарал, хамрын доод хэсэг, духанд шарх, баруун сарвуу, баруун шилбэ, зүүн өвдгөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээр гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Тухайн гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн ба дарааллыг тогтоох боломжгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт, эмнэлгийн баримт бичиг. /1-р хх-ийн 74-81 дүгээр тал/

 

19. Дархан-Уул аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 720 дугаартай “Б.Н-ийн биед баруун дээд 1, баруун доод 1,2,-р шүдний булгарал, баруун шилбэ, зүүн гуяны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувь алдагдуулна” гэх дүгнэлт. /1-р хх-ийн 87-88 дугаар тал/

 

20. Дархан-Уул аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 721 дугаартай “Б.Н-н биед зүүн өвдгөнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаараагүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт. /1-р хх-ийн 94-95 дугаар тал/

 

21. “Ашид билгүүн” ХХК-ий шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 331 дугаартай “...Н.Л-гийн эзэмшлийн Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгсэл шууд зардлын дүн 5,461,000 төгрөг, шууд бус зардлын дүн 400,000 төгрөг нийт 5,861,000 төгрөг” гэх хохирлын үнэлгээний тайлан. /1-р хх-ийн 101-105 дугаар тал/

 

22. Мөрдөгчийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Сонато 6 маркийн **-*****улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн “Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх” 10.6 дахь хэсэгт “Жолооч баруун буюу зүүн гар тийш эргэхдээ тээврийн хэрэгслийн оврын хэмжээ болон бусад шалтгаан /ачааны онцлог, зам дээрх саад гэх мэт/-аар энэ дүрмийн 10.5-д заасан шаардлагыг биелүүлэх боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулахгүйгээр уг үйлдлийг өөр эгнээнээс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Уулзвар гарцаас бусад замын хэсэг дээр хөдөлгөөнийг тухайн чигийн зүүн гар талын захаас буцаж эргэхэд зорчих хэсгийн өргөн хүрэлцэхгүй байвал уг үйлдлийг баруун гар талын эгнээ буюу хөвөөнөөс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Ингэхдээ өөдөөс буюу зэрэгцээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэснийг зөрчсөн” гэсэн магадалгаа. /1-р хх-ийн 111-113 дугаар тал/

 

23. Орхон аймгийн Авто тээврийн төвийн 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 24 дугаартай шинжээчийн дүгнэлт. /1-р хх-ийн 118-124 дүгээр тал/

 

24. Орхон аймгийн Авто тээврийн төвийн 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаартай шинжээчийн дүгнэлт. /1-р хх-ийн 129-135 дугаар тал/

 

25. Н.Л-гийн мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан хохирлын баримтууд. /1-р хх-ийн 167-249, 2-р хх-ийн 1-51, 143-243 дугаар тал/

 

26. Хохирогч Л.Г-ий өвчний түүх. /2-р хх-ийн 95-105 дугаар тал/,

 

27. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1521 дугаартай “Toyota Prius **-***** загварын тээврийн хэрэгслийн хурдыг тoгтooх боломжгүй байна. Hyundai Sonata -6 загварын **-*****улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна.Хэргийн газрын үзлэгийн материалд тэмдэглэгдсэн тоормосны гэх мөр нь ямар тээврийн хэрэгслийн тоормосны мөр гэдийг бүрэн тодорхойлоогүй, хэргийн газрын үзлэгийн материалаар Тоyota Prius **-***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан эсэхийг тогтоох боломжгүй байна. Toyota Prius загварын **-***** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар заалт зөрчсөн эсэхийг тогтоох нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй тул хариулах боломжгүй. Hyundai Sonata -6 загварын **-*****улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар заалт зөрчсөн эсэхийг тогтоох нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй тул хариулах боломжгүй. Бага насны хүүхдийг тусгай зориулалтын суудалд суулгаагүй нь осол, түүний хор уршигт нөлөөлсөн эсэхийг тогтоох нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй тул хариулах боломжгүй. Хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй” гэсэн дүгнэлт. /3-р хх-ийн 41-43 дугаар тал/,

 

28. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2093 дугаартай “**-*****улсын дугаартай Sonata-6 маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь Toyota Prius загварын **-**улсын дугаартай тээврийн хэрэгслийн урдуур эргэх үйлдэл хийсэн байх боломжтой байна. Энэ нь зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон байх боломжтой байна. Өмнөх хариултаар хариулагдсан” гэсэн дүгнэлт. /3-р хх-ийн 51-53 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Т дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.С нь 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгийн ********* сумын ********* багийн нутаг дэвсгэрт Сонато-6 маркийн **-*****улсын дугаартай өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн “Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх” 10.6 дахь хэсэгт “Жолооч баруун буюу зүүн гар тийш эргэхдээ тээврийн хэрэгслийн оврын хэмжээ болон бусад шалтгаан /ачааны онцлог, зам дээрх саад гэх мэт/-аар энэ дүрмийн 10.5-д заасан шаардлагыг биелүүлэх боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулахгүйгээр уг үйлдлийг өөр эгнээнээс гүйцэтгэхийг зөвшөөрнө, уулзвар гарцаас бусад замын хэсэг дээр хөдөлгөөнийг тухайн чигийн зүүн гар талын захаас буцаж эргэхэд зорчих хэсгийн өргөн хүрэлцэхгүй байвал уг үйлдлийг баруун гар талын эгнээ буюу хөвөөнөөс гүйцэтгэхийг зөвшөөрнө ингэхдээ өөдөөс буюу зэрэгцээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Н.Л-гийн жолоодож явсан Тоёота Приус **-***** улсын дугаартай тээврийн хэрэгслийн урдуур орж мөргүүлэн зам тээврийн осол гаргаж, Тоёота Приус **-***** улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Л.Г-ий эрүүл мэндэд хүнд хохирол, О.С, Б.Н нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Сонато-6 маркийн **-*****улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Б.Т-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Н.Л-гийн эзэмшлийн Тоёота Приус **-***** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5 861 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Д.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчээс гэм хорын хохирлыг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Д.С-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Л.Ц дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу хавтаст хэрэг авагдсан баримтаар нотлогдсон. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна гэж үзэж байна. Хохирогчид учирсан хохирлыг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгуулах нь зүйтэй. Эрүүгийн хариуцлагын хувьд тодорхой саналгүй” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Д дүгнэлтдээ “Уг зам тээврийн осол нь 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгийн ********* сумын нутаг дэвсгэрт гарсан байгаа. Энэ зам тээврийн осол ямар байдлаар гарсан бэ гэхээр замын хөдөлгөөнд оролцсон хоёр тээврийн хэрэгсэл мөргөлдөх байдлаар гарсан. Энэ нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлгээр нотлогдож тогтоогдсон. Гэтэл зам тээврийн осол дээр гарсан мөрдөгчийн магадлагаа, шинжээчийн дүгнэлтүүд нь зөвхөн Д.С-ыг буруутай гэдэг байдлаар гаргаж байгаа нь учир дутагдалтай гэж үзэж байгаа. Шинжээчийн дүгнэлт яасан гэхээр тэр хоёр машины хурдыг тогтоох боломжгүй, хэн нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнийг тогтоох боломжгүй гэдэг байдлаар гараад байгаа нь энэ хэргийн үнэн зөвийг шийдвэрлэхэд нотлох баримтын хэмжээнд үнэлээд тэр дүгнэлтүүдийг бариад дүгнэхэд учир дутагдалтай байдлууд үүсэж байна. Хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийгээд үзэхэд зам тээврийн осол дээр тавьсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл дээр жолооч Н.Л-гийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн тооромзны мөр урт гарсан байдаг. Ингээд 2 машин хаана мөргөлдсөн бэ гэдэг А цэгийг тодорхойлсон байдлаас ч гэсэн хөдөлгөөнд оролцож яваад эгнээ байраа өөрчилсөн тээврийн хэрэгсэл замын хөвөө хэсгийг даваад шороо хэсэг рүү орсон байхад араас нь дарж ирж мөргөсөн байдал нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээс тодорхой харагдаж байгаа. Н.Л-гийн анхны өгсөн мэдүүлэгт 500 метрийн зайнаас би энэ машиныг харсан гэдэг талаар хэлдэг, энэ үед зогсоох үйлдэл хийж чадаагүй, тухайн тээврийн хэрэгсэл урдуур ороод ирэх үед жолооны хүрдээ баруун чиглүүлж замын хөвөө гарах гэж оролдсон. Тэгээд тээврийн хэрэгслийг зогсоож чадаагүй мөргөлдсөн гэдэг мэдүүлгийг анх өгсөн байдаг. Д.С-ын хувьд энэ тээврийн хэрэгслийг 700-800 метрийн зайд явж байхад нь харсан гэдэг талаар 1-р хавтаст хэргийн 41-р талд мэдүүлсэн байгаа. Эдгээр байдлуудад дүгнэлт хийхээр Д.С-ын машин Н.Л-гийн машины урдуур нь ороод мөргөлдсөн юм уу эсхүл эгнээ байрлалаа өөрчлөөд замын хөдөлгөөнд цаашаа үргэлжлүүлээд оролцож байгаа тээврийн хэрэгслийг хажуунаас нь ирээд мөргөсөн юм уу гэдэг дээр бодитой дүгнэлтийг хийгээгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Д.С-ын зүгээс ч гэсэн өөрийгөө гэм буруугүй гэж үзсэн зүйл байхгүй. Анхнаасаа тодорхой хэмжээгээр би буруутай, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн асуудал байна гэж үзэж энэ иргэний нэхэмжлэлтэй холбоотой зүйлийг өөрийнхөө чадлын хэмжээнд төлөх гэж илэрхийлж явж байсан байдал нь анхан шатны шүүх хуралдаан болох үед 7,500,000 төгрөгийг төлсөн. Энэ шүүх хуралдааны дараа хэдийгээр ээжийгээ олон сар ажлынхаа хажуугаар асарч сувилж байсан ч гэсэн боломжоороо 500,000 төгрөг өгсөн. Гэм хор, хор уршиг учрахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа бага насны хүүхдийг тээвэрлэж явсан жолооч, түүнийг харж хамгаалж явсан ээжийнх нь буруутай үйл ажиллагаа байгаа учраас гэм хорын хохирлыг багасгах, хувилах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн асуудал дээр өнөөдрийн хавтас хэрэгт цугласан байдлаар Д.С-ын хувьд маргахгүй байгаа. Д.С-ын хувьд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хэд хэдэн нөхцөл байдал байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Мөн энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай ажиллагаа нөлөөлсөн мөн шүүгдэгч өөрийнхөө үйлдлийг тодорхой хэмжээгээр хүлээн зөвшөөрөөд өөрийнхөө боломжоор 8 сая төгрөгийн хохирол төлсөн, хохирлыг төлөхөө илэрхийлдэг. Тиймээс зорчих эрхийг хязгаарлах ялын хамгийн бага хэмжээгээр оногдуулж өгнө үү. гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Л-гийн мэдүүлэг, хохирогч Б.Т-н мэдүүлэг, гэрч Б.Н-н мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Л-гийн гэрчээр өгсөн эсрэг урсгалаас цагаан өнгөтэй Соната 6 маркийн тээврийн хэрэгсэл дохиогоо өгөөд хурдаа сааруулаад зогсох гэж байсан. Би энэ үед нь тухайн машиныг надад дүрмийн дагуу зам тавьж өгөх байх гэж бодоод машинтайгаа явж байтал гэнэт машинтайгаа эргээд ороод ирсэн. Би тухайн үед уг тээврийн хэрэгслийг мөргөхгүй гэж жолооны хүрдээ баруун дарсан мөн тоормос нэг удаа гишгэсэн боловч тухайн машинтай мөргөлдсөн” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.Н-ийн гэрчээр өгсөн  “********* сумын төв харагдаад даваанаас уруудаад явж байх үед урдуур цагаан өнгийн машин орж ирээд л зам тээврийн осол аваар гарсан. Яагаад ямар учир шалтгаанаар зам тээврийн осол гарсныг мэдэж чадаагүй” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.Н-ийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч О.С-н гэрчээр өгсөн “Нэг харсан чинь урдаас нэг машин орж ирээд мөргөсөн. Мөргөлдөх үед би ухаан алдаж хэсэг хугацааны дараа сэргэсэн. Нэг сэрээд харсан чинь машин шороон зам дээр гарчихсан, миний нүдний шил шидэгдсэн, охиныг нөхөр тэвэрчихсэн, хадам аав, ээж бүгдээрээ машинаас буучихсан байсан. Машинаас буугаад харахад машинтай мөргөлдчихсөн, эмнэлгийн машин дөнгөж ирж байсан” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч О.С-н мэдүүлэг, гэрч Г.З-н “Бид нар машинаасаа буугаад харахад Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй С эгчийн машин мөргөлдөж, замын хажуу тал руу гарсан байсан” гэх мэдүүлэг, яллагдагч Д.С-ын “дүү З нь зүүн гар тал руу эргэх дохио өгөөд зүүн гар тал руу шороон замаар салсан. Би дохиогоо өгөөд урдаас тээврийн хэрэгсэл байна уу гэж харах үед 700-800 метр зайд нэг тээврийн хэрэгсэл ирж байгаа харагдсан. Би уг тээврийн хэрэгслийг хол байна гэж хараад зүүн гар тал руу эргэсэн, эргэж байх үед уг тээврийн хэрэгсэл нэлээн ойртчихсон байсан ба 300-350 метр зайтай ирж байгаа харагдсан. Би дотроо урд яваа тээврийн хэрэгслийг эргэж байгааг харсан намайг араас нь эргэж байгааг хараад хурдаа хасна гэж дотроо бодож байсан боловч шууд ирээд миний машиныг дагаж ороод миний машины баруун урд хэсэг рүү мөргөж осол гаргасан” гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 9152 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн                2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 9150 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 9149 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 9151 дугаартай дүгнэлт, Дархан-Уул аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 726 дугаартай дүгнэлт, эмнэлгийн баримт бичиг, Дархан-Уул аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 727 дугаартай дүгнэлт, эмнэлгийн баримт бичиг, Дархан-Уул аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 720 дугаартай дүгнэлт, Дархан-Уул аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 721 дугаартай дүгнэлт, Ашид билгүүн” ХХК-ий шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 331 дугаартай хохирлын үнэлгээний тайлан, Мөрдөгчийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн магадалгаа, Орхон аймгийн Авто тээврийн төвийн шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 24 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн Авто тээврийн төвийн шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаартай дүгнэлт, Н.Л-гийн мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан хохирлын баримтууд, хохирогч Л.Г-ий өвчний түүх, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1521 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2093 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Д.С нь 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгийн ********* сумын ********* багийн нутаг дэвсгэрт Сонато-6 маркийн **-*****улсын дугаартай өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн “Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх” 10.6 дахь хэсэгт “Жолооч баруун буюу зүүн гар тийш эргэхдээ тээврийн хэрэгслийн оврын хэмжээ болон бусад шалтгаан /ачааны онцлог, зам дээрх саад гэх мэт/-аар энэ дүрмийн 10.5-д заасан шаардлагыг биелүүлэх боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулахгүйгээр уг үйлдлийг өөр эгнээнээс гүйцэтгэхийг зөвшөөрнө, уулзвар гарцаас бусад замын хэсэг дээр хөдөлгөөнийг тухайн чигийн зүүн гар талын захаас буцаж эргэхэд зорчих хэсгийн өргөн хүрэлцэхгүй байвал уг үйлдлийг баруун гар талын эгнээ буюу хөвөөнөөс гүйцэтгэхийг зөвшөөрнө ингэхдээ өөдөөс буюу зэрэгцээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Н.Л-гийн жолоодож явсан Тоёота Приус **-***** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, Тоёота Приус **-***** улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Л.Гий эрүүл мэндэд хүнд хохирол, О.С, Б.Н нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Сонато-6 маркийн **-*****улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Б.Т-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Н.Л-гийн эзэмшлийн Тоёота Приус **-***** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5 861 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Д.С нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсний улмаас осол гаргаж хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар “Н.Л-гийн буруутай үйлдлийг бүрэн шалгаж тогтоогоогүй, Н.Л нь хайнга хандаж, тээврийн хэрэгсэл эргэж байгааг харсаар байж ирж мөргөсөн, түүний буруутай үйлдэл зам тээврийн осолд нөлөөлсөн” гэж мэтгэлцэж байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Д.С нь эргэх хөдөлгөөн хийхдээ чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүй, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон бөгөөд түүний үйлдэл нь зам тээрийн осол гарах үндсэн шалтгаан болсон байна. Н.Л нь тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлсэн эсэх, зогсоох арга авсан эсэх, бага насны хүүхдийг зохиулалтийн бусаар тээвэрлэж явсан гэх зэрэг асуудлууд нь зам тээврийн ослын шууд шалтгаан болохгүй бөгөөд хохирол, хор уршигийг хэр хэмжээнд нөлөөлөх нөхцөл байдалд хамаарч болно. Н.Л шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “машин гэнэт эргэсэн тул зогсоох арга хэмжээ авч замаас гарсан боловч мөргөлдсөн” гэж мэдүүлсэн бөгөөд түүнийг санаатай эсхүл болгоомжгүй үйлдлээр бусдын автомашиныг мөргөсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 

            Шүүгдэгч Д.С-ын үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч   эрүүл мэндэд “зулай ясны цөмөрсөн хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн дух хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус хуралт, зулайн хуйх, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хүнд хохирол учирсан, Хохирогч Б.Т-н эрүүл мэндэд “баруун талын 2, 3-р хавирга, зүүн талын 7-р хавирганы хугарал, хамрын доод хэсэг, духанд шарх, баруун сарвуу, баруун шилбэ, зүүн өвдгөнд цус хуралт” бүхий хүнд хохирол,  О.С, Б.Н нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Н.Лгийн эд хөрөнгөд 5 861 000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

 

            Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Н.Л нь насанд хүрээгүй хохирогч Л.Гий эмчилгээний зардал 3 083 360 төгрөг, шатахууны зардал 2 001 893 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 25 575 000 төгрөг, автомашины зардал 5 861 000 төгрөг, ахуйн хэрэглээний зардал 1 163 952 төгрөг,  нийт 37 685 205 төгрөг нэхэмжилсэн байна. Шүүгдэгч 8 сая төгрөгийг төлсөн байна. Шүүх гэм хорын хохиролтой холбоотой баримтууд болон шинжээчийн дүгнэлтүүдийг шинжлэн судлаад нэхэмжлэлийг шаардлагаас эмчилгээний зардал 3 083 360 төгрөг, шатахууны зардал 2 001 893 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 25 575 000 төгрөг, автомашины зардал 5 861 000 төгрөг нийт 36 521 253 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон гэж үзэж, төлөгдсөн 8 сая төгрөгийг хасч, шүүгдэгч Д.Саас 28 521 253 төгрөг гаргуулан Н.Лд олгохоор шийдвэрлэв. Нэхэмжлэлийн шаардлагаас ахуйн хэрэглээний зардал 1 163 952 төгрөгийн зардал нь гэм хорын хохиролтой холбоогүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.  Н.Л нь ажилгүй байсан хугацааны цалин орлого болон насанд хүрээгүй хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэнэ гэсэн боловч нэхэмжлэлийн дүн тодорхойгүй, холбогдох баримтуудаа шүүхэд ирүүлээгүй байх тул хэлэлцэлгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав. Иргэний нэхэмжлэгч О.С 500 000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Н 90 000 төгрөг нэхэмжилсэн нь мөн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчээс гаргуулан иргэний нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.С-ыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

2.Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бусад нөхцөл байдлын талаар:

 

            Шүүгдэгч Д.С-ад ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.С-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Д.С-ад оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овгийн Д-н С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Д.С-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.С-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-ад оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-аас 29 111 253 /хорин есөн сая нэг зуун арван нэгэн мянга хоёр зуун тавин гурван мянга/ төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Л-д 28 521 253 /хорин найман сая таван зуун хорин нэгэн мянга хоёр зуун тавин гурав/ төгрөг, иргэний нэхэмжлэгч О.С-д 500 000 /таван зуун мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Н-т 90 000 /ерэн мянга/ төгрөгийг тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 163 952 /нэг сая нэг зуун жаран гурван мянга есөн зуун тавин хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Л нь ажилгүй байсан хугацааны цалин орлого, насанд хүрээгүй хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.А