| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 312/2025/0057/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/90 |
| Огноо | 2025-02-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/90
2025 02 13 2025/ШЦТ/
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж
Нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Т.Д
Шүүгдэгч Д.Х нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Хт холбогдох эрүүгийн 2525000000*** дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
И овгийн Д-н Х, Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ************************* ****** төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, их эмч мэргэжилтэй, *********** ******** ажилтай, ам бүл 2, хүүгийн хамт ********* ********** ************ оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, /РД: *********/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Д.Х нь 2024 оны 12 дугаар сарын 13-ны шөнө 22 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын ****** багийн 6-12 дугаар байрны подвалд Ц.Г-н дагз хэсэгт сандалаар цохиж эрүүл мэндэд дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Х-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Х мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгсөн. Өөр нэмж хэлж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээж байна. Хохирол 295 000 төгрөг төлсөн” гэв.
Хохирогч Ц.Г шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Ц.Г-н “Тухайн өдөр бага ангийнхаа 2 хүүхэдтэй таараад 6-12 дугаар байрны 3 дугаар подвалд ороод бид гурав пиво уугаад сууж байхад гаднаас Х гэх хүн орж ирсэн. Х нь нилээн согтуу надруу харж байснаа чи цагдаа байсан бил үү гэж асуучихаад гараад явсан. Тэгээд бараг 2 цагийн дараа шахуу хаалга нүдээд гаднаас Х орж ирсэн. Бид гурав нэг шил архи ууж байснаасаа Х-т хийж өгсөн. Тэгсэн Х би хүний юм уусан юм чинь нэг юм авч өгнө гээд халааснаасаа 50,000 төгрөг гаргаж ирээд гаднаас хүн дуудаад 0,75 литрийн Агар нэртэй архи авсан. Тухайн архийг задлаад намайг тойруул гэхээр нь би үгүй гэж хэлсэн. Х нь Б-г танай тог, усыг салгана гэх зэргээр дарамтлаад байхаар нь би Хыг боль гэж хэлсэн чинь Х чамд хамаагүй гэсэн. Б цаанаас надруу чимээгүй гэхээр нь би дуугүй болоод Тг хоёулаа явах гээд байж байтал Х надруу чамайг хүн авч ирж зодуулна гээд байсан. Тэгээд Х бид хоёр маргаж байхад Х миний араас сандалаар толгойруу нилээн олон удаа цохисон. Миний ухаан балартаад газарт унасан. Тэгээд би цагдаа дуудаарай гэж орилсон. Цаашаа юу болсоныг сайн санахгүй байна. Х гэх хүн миний араас толгой руу хуванцар сандалаар 3-4 удаа цохисон. Миний толгой өвдөж байна. Тухайн өдөр би архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Би нилээн согтсон байсан. Болсон үйл явдлыг санаж байгаа. Б-г Батжаргал гэж андуурч ярьсан байна. Харин 2-3 хүн нийлж зодсон гэдгийг би санахдаа Х намайг 2 хүн дуудаж зодуулна гэж ярьж байсныг 2-3 нийлж зодсон гэж мэдүүлсэн байна. Тухайн үед миний уусан архи сайн гараагүй байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 12-13-р тал/
2. Гэрч Т.Б-н “2024 оны 12 дугаар сарын 13-ны орой 20 цагийн үед ****** багийн 6-12 дугаар байранд байрлах ахмадын өдөр өнжүүлэх төв Т, Г нар ирээд 4 шил алтанговь нэртэй пиво уугаад сууж байхад гаднаас манай СӨХ-ийн дарга Х орж ирсэн. Тэгээд Х дарга Г-тай маргаад байсан Тэгээд Х дарга Г-ийн толгой руу сандалаар цохисон. Т бид хоёр тэр хоёрыг арай гэж салгаад Х дарга гараад явсан. Тэгээд Г-ийн толгойноос цус гарсан байсныг Т бид хоёр цэвэрлэж өгсөн. Дараа нь Т Г нар гараад явсан. Тэрийг сайн мэдэхгүй байна. Нэг харсан чинь маргалдаад байсан. Т, Г, Х нар байсан. Бид нараас өөр хүн байгаагүй. Г манай ангийн хүүхэд, Х манай СӨХ-ийн дарга” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 19-р тал/
3. Гэрч Л.Э-н “2024 оны 12 дугаар сарын 13-ны орой хувиараа таксинд явж байсан чинь Х ах надруу залгаад архи авах хэрэгтэй байна унаа байна уу гэхээр нь Би ****** багийн 6-12 дугаар байрны гадаа очиход Х ах надад виза картаа өгсөн. Тэгээд би картнаас нь мөнгө аваад шагаас 1 шил архи авчирч өгчихөөд явсан. Удалгүй Х ах ахиж залгаад ахиад архи авах хэрэгтэй байна гэсэн тэгээд би очоод Х ахын хамт Т худалдааны төвийн гаднаас 1 шил архи аваад буцаад 6-12 дугаар байрны гадаа хүргэж өгсөн. Х ах авсан архиа аваад 6-12 дугаар байрны 3 дугаар подвал руу орсон. Тэрнээс хойш ахиж залгаж дуудаагүй. Би Х ахыг хэн хэнтэй байсныг мэдээгүй. Тэр подвалоос ганцаараа гарч ирсэн. Би тэр подвал руу ороогүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 21-р тал/
4. Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 101 дугаартай “Ц.Г-н биед дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал, дух, хамрын зүүн угалз, хамрын нуруу, баруун хацар, баруун, зүүн шуу, зүүн сарвууны 3, 4-р хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийгтүр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт. /хх- ийн 28-29-р тал/
5. Яллагдагч Д.Х-ын “2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нь манай СӨХ-ийн захиралуудын шинэ жилдээ орчихоод 22 цагийн үед тараад ажлаараа ороод гарсан. Тэгээд 6-12 дугаар байрны 3 дугаар подваль гэрэлтэй байхаар нь ороход Б ангийнхаа гэх 2 хүний хамт пиво уугаад байж байсан. Тэгээд би та нар одоо тараарай гэж хэлчихээд гараад гэртээ ирсэн. Тэгээд байж байхад Эрдэнэт Усаас таны хариуцсан СӨХ-ийн подвалд ус алдаад байна гэж ярихаар нь би эргэж ирээд Эрдэнэт Усын хүмүүстэй юм ярьж байгаад 3 дугаар подваль гэрэлтэй байхаар нь хаалгыг нь нүдээд орсон. Ороход Б нөгөө хоёр хүний хамт нэг шил архи задлаад уугаад сууж байсан. Тэгээд намайг наашаа суу гээд надад хоол өгөөд дараа нь ууж байсан архинаасаа ганц, нэг хийж өгсөн. Тэгээд бид 4 нөгөө нэг шилийг архийг ууж дуусаад би хүн дуудаж шагаас архи авахуулсан. Тэгээд тухайн архийг ууж дуусаад Т гэх эмэгтэй ахиад нэг шил архи авна та хүн дуудчих гэхээр би Л.Э-г дуудаад Т гэх эмэгтэйн виза картнаас 80,000 төгрөг аваад У багийн Т худалдааны төвийн гаднаас 2 шил архи аваад буцаж ирээд тухайн 2 шил архиа ууж байхад Ц.Г-тай маргалдаж эхэлсэн. Тэгээд Ц.Г миний өөдөөс янз бүрийн юм яриад байсан мөн миний нүүр лүү гараараа самардаад байхаар нь би тохойгоороо Ц.Г-ийг хойш нь нударсан чинь Ц.Г сандалтайгаа хойшоо унахаар нь би сандал аваад шидсэн чинь Ц.Г-н толгой дээр унасан. Тэгээд цаашаа болсон үйл явдлыг сайн санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 39-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 13-ны шөнө 22 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын ****** багийн 6-12 дугаар байрны 3 дугаар подвалд Ц.Г-н дагз хэсэгт сандалаар цохиж эрүүл мэндэд дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-т 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэв.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ц.Г-н “Х миний араас сандалаар толгойруу нилээн олон удаа цохисон. Миний ухаан балартаад газарт унасан. Тэгээд би цагдаа дуудаарай гэж орилсон. Цаашаа юу болсоныг сайн санахгүй байна. Х гэх хүн миний араас толгой руу хуванцар сандалаар 3-4 удаа цохисон” гэх мэдүүлэг, гэрч Т.Б-н “Х дарга Г-тай маргаад байсан Тэгээд Х дарга Г-ийн толгой руу сандалаар цохисон. Тэгээд Г-ийн толгойноос цус гарсан байсныг Т бид хоёр цэвэрлэж өгсөн” гэх мэдүүлэг, гэрч Л.Э-н “2024 оны 12 дугаар сарын 13-ны орой хувиараа таксинд явж байсан чинь Х ах надруу залгаад архи авах хэрэгтэй байна унаа байна уу гэхээр нь Би ****** багийн 6-12 дугаар байрны гадаа очиход Х ах надад виза картаа өгсөн. Тэгээд би картнаас нь мөнгө аваад шагаас 1 шил архи авчирч өгчихөөд явсан. Удалгүй Х ах ахиж залгаад ахиад архи авах хэрэгтэй байна гэсэн тэгээд би очоод Х ахын хамт Т худалдааны төвийн гаднаас 1 шил архи аваад буцаад 6-12 дугаар байрны гадаа хүргэж өгсөн. Х ах авсан архиа аваад 6-12 дугаар байрны 3 дугаар подвал руу орсон. Тэрнээс хойш ахиж залгаж дуудаагүй” гэсэн мэдүүлэг, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 101 дугаартай шинжээчийн дүгнэлт, яллагдагч Д.Х-ын “Ц.Г миний өөдөөс янз бүрийн юм яриад байсан мөн миний нүүр лүү гараараа самардаад байхаар нь би тохойгоороо Ц.Г-ийг хойш нь нударсан чинь Ц.Г сандалтайгаа хойшоо унахаар нь би сандал аваад шидсэн чинь Ц.Г-н толгой дээр унасан. Тэгээд цаашаа болсон үйл явдлыг сайн санахгүй байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Д.Х-нь 2024 оны 12 дугаар сарын 13-ны шөнө 22 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын ****** багийн 6-12 дугаар байрны подвалд Ц.Г-тай маргалдаж, дагз хэсэгт сандалаар цохиж эрүүл мэндэд дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Х нь шууд санаатай үйлдлээр бусдын эрүүл мэндэд халдаж, хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Х-ыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Г-н эрүүл мэндэд нь “дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор, уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхэр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овгийн Д-н Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Д.Х-т оногдуулсан торгох ялыг биелүүлэхийг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих байгууллагад даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А