| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2025/0013/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/17 |
| Огноо | 2025-01-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Төгөлдөр |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/17
2025 01 09 2025/ШЦТ/
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж
Нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Т.Т
Шүүгдэгч Ж.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.М-т холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Б овгийн Ж-н М, Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр *********** ************ төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ********** ********, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт **************** ************* *********** оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2 700 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, /РД: ************/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Ж.М нь 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 07 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* багийн 3-23 дугаар байрны подвалд Ж.М-г архи уулаа гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар толгой болон нүүрэн хэсэгт нь ус буцалгагчаар цохиж эрүүл мэндэд нь “тархи доргилт, духанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи цээж зүүн бугалга, зүүн тохой, дээд уруулд цус хуралт, зүүн чамархайд, дээд уруулд зүлгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.М мэдүүлэхдээ “Дүүгээ архи уугаад, ажил таслаад байхаар нь удаа дараа хэлж загнасан. Тэр өдөр архи уучихсан байхдаа ийм хэрэг хийсэн байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Ж.М шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хэргийн газарт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургууд. /хх-ийн 8-10 дахь тал/
2. Хохирогч Ж.М-н “Би ******* багийн 3-23-р байрны өргөтгөлийн байрыг 2024 оны 10 дугаар сарын 27-ний өдрөөс хойш түрээслээд ганцаараа амьдарч байгаа ба 2024 оны 11 дүгээр сарын 04-ний орой 17 цагийн орчим гэртээ байж байхад манай Ж.М-ын ахын охин Ж утсаар залгаад аав таныг очиж ална гэж хэлээд **********багийн 1-40 тоотоос гараад явлаа гэж хэлэхээр нь цагдаагийн газрын 102 дугаар луу залгаж манай ах Ж.М ********** багаас манайд ирж агсам тавих гээд байна, намайг ярихаар хурдан ирэх боломж байна уу гэж хэлэхэд мэдээллийг тэмдэглээд авлаа ирэхээр нь залгаарай гэж хэлээд цагдаагийн алба хаагч утсаа тасалсан. Тэгтэл орой 22 цагийн орчим манай төрсөн ах Ж.М согтуу байранд ирээд хаалга цоожтой байхад цоожийг суга татаад гэрт орж ирээд намайг ална гээд гоожуураас алчуур норгоод миний хоолойг боогоод удалгүй цагдаа орж ирээд бид хоёрыг төв цагдаагийн газар очоод та хоёр хоёулаа согтуу, чи өөрөө гомдол санал байхгүй юм уу гэхээр нь би гомдолгүй гэж хэлээд ахтай цуг буцаад 3-23 дугаар тоотод ирэх замдаа ах Ж.М дэлгүүрээс 0,33 гр Хараа нэртэй архи авсан. Тэрийгээ гэрт ороод уугаад сууж байсан би унтах гээд орондоо хэвтэж байтал ах гэнэт л дээрээс нүдээд унахаар нь харахад ус буцалгагч сав бариад цохиод болиоч ээ гэхэд болихгүй ус буцалгагчийн саваар дух хэсэг рүү цохиод духнаас их хэмжээний цус гарахаар нь өөрийнхөө цамцаар дараад цус тогтохгүй байсан. Тухайн үед ах Ж.М гэрээс гараад явсан. Би гэртээ ганцаараа үлдсэн. Тухайн үед цус их гараад байсан учир түр ухаан алдаад орон дээр цус их гоожуулаад сэрсэн. Сэрээд эгч рүү залгаж миний толгойноос цус гараад тогтохгүй байна. Ж.М ах зодчихоод яваад өглөө гэж хэлэхэд удалгүй цагдаагийн алба хаагчийн хамт эгч цуг ирээд намайг түргэний машинаар нэгдсэн эмнэлэг рүү авч яваад дух хэсэгт 6 оёдол тавиулсан. Би ахтай маргаан хийгээгүй, намайг цохиод байхаар ямар нэгэн үйл хөдлөл хийдэггүй. Намайг орон дээр унтах гээд хэвтэж байтал, ах авсан архиа ууж сууж байгаад шууд ирээд зодсон. Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Надад гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 16-17 дахь тал/
3. Гэрч О.Ч-н “Би 2024 оны 11 дүгээр сарын 05-ны шөнө 04 цагийн орчимд гэртээ буюу **********багийн Дээдэс 9-1-40 тоотод амарч байхад М-н эгч М над руу Улаанбаатар хотоос залгаад танай яргачин М-ыг зодоод цус алдаад шөнөжин тамлаад гэж над руу залгаад байна, хурдан очоорой гэхээр нь хүүхдийн хамт ******* багийн 3-23-р байранд очиход байрны гадна цагдаагийн алба хаагчид ирсэн, түргэний машин арай ирээгүй байсан ба би тухайн байр луу орж харахад Ж.М ганцаараа, цус их хэмжээгээр алдсан хөнжил, хувцас, шал, хана их хэмжээгээр цус болсон байдалтай, М-н ам нь зуураад шингэн зүйл өгөх гэхэд амаа ангайж чадахгүй эрүү нь зуурсан байсан ба өөр чиний биед гэмтэл байна уу гэж асуухад М ах шөнөжин алчуур норгож байгаад миний хоолойг боосон. Тухайн үед ингээд үхдэг юм байж л гэж бодсон гэж надад хэлсэн. Чамайг юугаар ингэж зодсон юм гэж асуухад намайг гар утсаараа болон ус буцалгагчийн саваар архины шилээр ээлжлээд цохиод байсан гэж хэлсэн. Удалгүй яаралтай тусламжийн эмнэлгийн машин ирээд Ж.М-г нэгдсэн эмнэлэг рүү авч яваад дух хэсэгт 6 ширхэг оёдол тавиулсан. М тухайн үед ******* багийн 3-23-д бид нарыг очиход байгаагүй, эмнэлгээс намайг дүүгээ цагийн дараа ирээд аваарай гэж хэлэхээр би ********** багийн дээдэс 9-1-40 тоотод гэртээ хариад байж байтал нөхөр М нэлээн согтолтын байдалтай гаднаас орж ирээд явалддаг цагдаа нараа дууд гэж хэлээд гарт тааралдсан зүйлээ шидээд, орилж хашхираад байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 19-21 дэх тал/
4. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 989 дугаартай “Ж.М-н биед тархи доргилт, духанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, цээж, зүун бугалга, зүүн тохой, дээд уруулд цус хуралт, зүүн чамархайд, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх тархи доргилт, духанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дан дангаараа бусад гэмтэл нь нийтдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт. /хх-ийн 24-25 дахь тал/
5. Яллагдагч Ж.М-ын “Би төрсөн дүүгийнхээ биед гэмтэл учруулсандаа харамсаж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 35 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Т дүгнэлтдээ “Шүүгдэгч Ж.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 07 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* багийн 3-23 дугаар байрны подвалд Ж.М-г архи уулаа гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар толгой болон нүүрэн хэсэгт нь ус буцалгагчаар цохиж эрүүл мэндэд нь “тархи доргилт, духанд шарх. зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи цээж зүүн бугалга, зүүн тохой, дээд уруулд цус хуралт, зүүн чамархайд, дээд уруулд зүлгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М-т 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэв.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургууд, хохирогч Ж.М-н “Ж.М согтуу байранд ирээд хаалга цоожтой байхад цоожийг суга татаад гэрт орж ирээд намайг ална гээд гоожуураас алчуур норгоод миний хоолойг боогоод удалгүй цагдаа орж ирээд бид хоёрыг төв цагдаагийн газар очоод та хоёр хоёулаа согтуу, чи өөрөө гомдол санал байхгүй юм уу гэхээр нь би гомдолгүй гэж хэлээд ахтай цуг буцаад 3-23 дугаар тоотод ирэх замдаа ах Ж.М дэлгүүрээс 0,33 гр Хараа нэртэй архи авсан. Тэрийгээ гэрт ороод уугаад сууж байсан би унтах гээд орондоо хэвтэж байтал ах гэнэт л дээрээс нүдээд унахаар нь харахад ус буцалгагч сав бариад цохиод болиоч ээ гэхэд болихгүй ус буцалгагчийн саваар дух хэсэг рүү цохиод духнаас их хэмжээний цус гарахаар нь өөрийнхөө цамцаар дараад цус тогтохгүй байсан” гэх мэдүүлэг, гэрч О.Ч-н “М-н эгч М над руу Улаанбаатар хотоос залгаад танай яргачин М-ыг зодоод цус алдаад шөнөжин тамлаад гэж над руу залгаад байна, хурдан очоорой гэхээр нь хүүхдийн хамт ******* багийн 3-23-р байранд очиход байрны гадна цагдаагийн алба хаагчид ирсэн, түргэний машин арай ирээгүй байсан ба би тухайн байр луу орж харахад Ж.М ганцаараа, цус их хэмжээгээр алдсан хөнжил, хувцас, шал, хана их хэмжээгээр цус болсон байдалтай, М-н ам нь зуураад шингэн зүйл өгөх гэхэд амаа ангайж чадахгүй эрүү нь зуурсан байсан ба өөр чиний биед гэмтэл байна уу гэж асуухад М ах шөнөжин алчуур норгож байгаад миний хоолойг боосон. Тухайн үед ингээд үхдэг юм байж л гэж бодсон гэж надад хэлсэн. Чамайг юугаар ингэж зодсон юм гэж асуухад намайг гар утсаараа болон ус буцалгагчийн саваар архины шилээр ээлжлээд цохиод байсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 989 дугаартай дүгнэлт, яллагдагч Ж.М-ын “Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би төрсөн дүүгийнхээ биед гэмтэл учруулсандаа харамсаж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ж.М нь 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 07 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* багийн 3-23 дугаар байрны подвалд өөрийн дүү Ж.М-тай архи уулаа гэсэн шалтгаанаар маргалдаж, толгой болон нүүрэн хэсэгт нь ус буцалгагчаар цохиж эрүүл мэндэд нь “тархи доргилт, духанд шарх. зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи цээж зүүн бугалга, зүүн тохой, дээд уруулд цус хуралт, зүүн чамархайд, дээд уруулд зүлгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.М нь шууд санаатай үйлдлээр бусдын эрүүл мэндэд халдаж, хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.М-ыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.М-н эрүүл мэндэд нь “тархи доргилт, духанд шарх. зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи цээж зүүн бугалга, зүүн тохой, дээд уруулд цус хуралт, зүүн чамархайд, дээд уруулд зүлгаралт” бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор, уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхэр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Ж-н М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М-ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М-т оногдуулсан 700 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Ж.М-т оногдуулсан торгох ялыг биелүүлэхийг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих байгууллагад даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А