| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2025/0005/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/11 |
| Огноо | 2025-12-30 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрмэнд |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/11
2024 12 30 2025/ШЦТ/
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж
Нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Т.Д
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О
Шүүгдэгч З.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн З.Э-д холбогдох эрүүгийн 2425005360*** дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Б овгийн З-н Э, Монгол улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ************** *********** төрсөн, ** настай, боловсролгүй, ********** *******, ам бүл 2, охины хамт ***************** *********** *********** оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 500 000 төгрөгөөр торгох ялаар, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 2 дахь хэсэгт зааснаар 800 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, /РД: ************/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч З.Э нь 2023 оны 11 сард адуунд нь нийлсэн У.Б-н хондлой цоохор зүстэй үрээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хот руу худалдан борлуулж, бага хэмжээнээс дээш хохирол учруулан завших гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч З.Э-ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Э мэдүүлэхдээ “хэлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч У.Б “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч У.Б-н “Би 2023 оны 11 дүгээр сарын эхээр /одоо өдрийг нь сайн санахгүй байна/ Орхон аймгийн Баян-Өндөр сумын ****** багийн нутаг дэвсгэрт бэлчээрт байсан адуунаас хондлой цоохор хонгор зүстэй чойндон тамгатай үрээгээ хулгайд алдсан юм. Тэгээд түүнээс эрэл сурал тавьж явсаар 2024 оны 06 дугаар сарын эхээр сургийг нь гаргасан. Би яаж сургийг нь гаргасан гэхээр манай хадам Ц.А гэдэг хүн 2024 оны 06 дугаар сарын эхээр Жаргалант сумаас Арбулаг руу нүүдэл хийж явахдаа Ц.З гэдэг айлын ө үсгэн тамгатай адуун дотор миний хондлой цоохор хонгор зүстэй чойндон тамгатай үрээ байхыг хараад надад хэлэхээр нь би 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Ц.З-н хүүхэд З.Э-ийнд очиж үрээнийхээ зургийг үзүүлээд танай адуунд байсан гэхэд ийм адуу манай адуунд байхгүй гэсэн. Тэгэхээр нь сэжигтэй санагдаад Ц.З болон хүүхэд З.Э нарын малын гарал үүслийн гэрчилгээ авсан эсэх талаар асуухад малын эмч Д.Д-с асуухад 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гарал үүслийн гэрчилгээ авсан байхаар малынх нь зургийг үзэхэд миний алга болсон хондлой цоохор хонгор зүстэй үрээ ачигдсан адуунууд дотор байсан. Түүнээс хойш З.Э-тэй уулзахаар гэрт очиход өвсөнд явсан гээд надтай уулзаагүй. Гар утас руу нь залгахаар утсаа авахгүй байсан. Эхнэрт нь хондлой цоохор хонгор зүстэй үрээний эзэн байна З.Э-ийг холбогдоорой гэж хэлүүлэхэд цагдаадаа өг гэж хэлсэн учир Цагдаагийн байгууллагад хандаж байна. Би дээрх хулгайд алдсан үрээгээ худалдан авч байсан. Би 2022 оны намар 10 дугаар сард Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгонд байдаг Б-н А гэдэг хүнээс 6-7 сартай Унага байхад 5,000,000 төгрөгөөр худалдан авсан. Тухайн азарга /эцэг/ нь Сэлэнгэ аймагтаа хурдан азарга юм. Тийм учраас азарганы ямар төл доод тал 5 сая төгрөгөөр үнэлэгддэг. Худалдан авсан үнээрээ үнэлнэ. Яагаад авсан үнээрээ үнэлж байна гэхээр уяж сойж чадаагүй учраас тэгж үнэлж байна. Гомдолтой байна. Буруутай этгээдээр хохирлоо барагдуулж авмаар байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 19-р тал/
2. Гэрч У.А “Манай хүргэн Б2023 оны хавар Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоноос хондлой цоохор хонгор зүстэй чойндон тамгатай даага авчраад манай адуунд тавьсан. Манай адуутай ****** багийн нутаг дэвсгэрээр бэлчээрт явдаг. Тэгтэл 2023 оны 11 дүгээр сарын эхээр манай адуунд байсан хүргэн Б-н хондлой цоохор хонгор зүстэй чойндон тамгатай даага нь бэлчээрээс алга болсон юм. Түүнээс хойш би болон хүргэн бид хоёр сураг тавьдаг байсан. Түүнээс хойш ямар нэгэн сураг чимээ бол гараагүй. Манайх тэр өвөл Сэлэнгэ аймгийн Орхон туул сумын нутаг дэвсгэрт өвөлжөөд 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ****** багийн нутаг дэвсгэрт нүүж ирсэн. Маргааш нь буцаад адуугаа аваад ирэх замдаа хүргэн Б-н хондлой цоохор хонгор зүстэй чойндон тамгатай даага нь дэлтэй саарал морьтой хондлой хүрэн цоохор морьтой зарим хүмүүс /будан гэж хэлдэг/ 8-9 тооны Ө үсгэн тамгатай адуун дотор 3 замын хяналтын постны ойролцоо бэлчээрт байхад би харсан. Орой харанхуй болж байсан учраас маргааш адууны эзний сургийг нь гаргаад уулзъя гэж бодоод гэртээ харьсан. Маргааш нь хүргэн Б утсаар яриад хондлой цоохор хонгор зүстэй чойндон тамгатай үрээний чинь сураг байна энд гарлаа чи Улаанаа гэдэг хүнтэй уулз гэж хэлсэн түүнээс хүргэн Б ажилтай байж байгаад 2-3 хоногийн дараа очиж уулзсан чинь нөгөө хүн үзээгүй хараагүй мэдэхгүй гэж хэлсэн гэсэн. Хондлой цоохор хонгор зүстэй чойндон тамгатай даага нь цустай эрлийз хондлой цоохор хонгор зүстэй чойндон тамгаар нь таньсан. Мөн хүргэн анх надад авчирч өгсөн болохоор таньж байгаа юм” гэх мэдүүлэг. /хх-ийн 21-р тал/
3. Гэрч Д.Д-н “Би 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр мал тарихаар Баян-Өндөр сумын Малчин багийн Ц.З-н очсон. Тэгэхэд малчин Ц.З Улаанбаатар хот Эмээлт зах руу хүнсэнд зарах адуу ачуулна гарал үүслийн гэрчилгээ авмаар байна гэхээр за адуу чинь хаана байна аль аль адуунууд бэ үзүүл гэхэд их олон адуун дотроос энэ энэ гээд 30 тооны адууг үзүүлээд би харсан. Тухайн адуунууд голдуу бараан хээр, хар, хонгор, бор зүстэй зөв гуяндаа "Ө" үсгэн тамгатай байсан. Тэгээд би цаашаа өөр айлын мал тарихаар явах болсон учир адууны зургаа цахимд өгөөд малын эмч Д.Ц-д гарал үүслийн гэрчилгээ аваарай гэж хэлээд явсан. Тэгтэл үдээс хойш 15 цагийн үед Ц.З-н эхнэр гарал үүслийн бичиг авахаар ирлээ үүрээр малаа ачина одоо авмаар байна та үзэж харсан уу гэхээр нь үзэж харсан зургийг нь хараад гарал үүслийн гэрчилгээг нь олгоорой гэсэн. Тэгээд би хөдөөгүүр яваад 2 хоноод ирэхэд Ц.З-н эхнэр гарал үслийн гэрчилгээ аваад явсан талаар Д.Ц надад хэлсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 23-р тал/
4. Гэрч Б.А-н “Би 2022 оны Намар 10 сарын үед байх шиг санагдаж байна. Хонгор хондлойн цоохор зүсмийн “6-7 сартай Унага” байх үед нь зарсан юм. Харин тэр өвөл надад дээр тэмжээгдээд 2023 оны Хавар 04 дүгээр сард надаас У.Б ирээд авах үедээ 1 настай Даага болгоод авч явсан. Тухайн үедээ миний адуунд маш сайн уралдаж байсан “Азраганы төл” юм. Эх нь хул гүү байсан тухайн үедээ эхтэй нь хамт ачаад явсан. Би эндээс гарал үүслийн бичиг хөөцөлдөж авч өгч явуулсан. 2022 оны 10 сард У.Б нь манайд ирээд ахаа надад та энэ “Сарваа”-г зарчихаа дүү нь худалдаж авъя гэж ярилцаад 5.000.000 үнэ тохиролцоод зарсан юм. Уг зарсан "Сарваа" болохоор 25% цустай адууны төл байсан юм. 2022 оны намар наймаа хийхэд 5-6 сартай Унага, Даага хоёрын засварын "Сарваа" байсан юм. Би 3.200.000 төгрөгийг Эрдэнэхүү гэх найзынхаа Хас банкы дансаар тухайн авсан би яг дансны дугаарыг нь одоо бол мэдэхгүй байна. Үлдэгдэлийн мал оролцуулж наймаа хийсэн юм. Уг зарсан Сарвааны эцэг нь хурдан удмын адуу байсан болохоор манай ойр тойрны хүрээлэл бүгд мэддэг учраас төлийг нь хүмүүс зарчих гэж их ирдэг байсан болохоор тухайн үедээ ханш нь тэгж өссөн юм” гэх мэдүүлэг. /хх-ийн 40-41-р тал/
5. Гэрч Д.Ц-гийн “2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр манай аав Д вакцинд явж байхад нь манай эмнэлэгийн харьяанд байдаг З гэдэг айлынх 30 тооны адуу Улаанбаатар хотын Эмээлт зах руу оруулахаар гарал үүслийн бичиг авахаар аавд ачих гэж байгаа адуунуудаа үзүүлсэн. Тэгээд аав цаашаа вакцинд явж байсан учир над руу утсаар би З-н хот руу ачих 30 тооны адууг үзлээ малынхаа зургийг чам руу явуулна чи гарал үүслийн гэрчилгээг нь бичээд өгөөрэй гэсэн. Тэгээд маргааш өглөө нь З-н хүүхэд Э миний фэйсбүүкийн чат руу ачих машины зураг болон адуунуудынхаа зургийг явуулахаар цахимд нь гарал үүслийн гэрчилгээг нь бичиж өгсөн. Хондлой цоохор хонгор зүстэй үрээ бол байсан. Харин тамгыг нь анзаарч хараагүй. Э-өөс миний хувь фэйсбүүк чат руу явуулсан зургийг нь гарал бичиж өгөөд устгасан. Одоо миний чатад байхгүй. Таны үзүүлсэн зурагнууд Э-өөс надад ирүүлсэн зураг мөн байна. Өөр зураг бол ирүүлээгүй. Би дээрх ирүүлсэн зургийг цахимдаа оруулсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 25-р тал/
6. Гэрч Ж.Д-гийн “манай хамтран амьдрагч З.Э2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хот Эмээлт зах руу 30 тооны адууг маханд ачуулсан. Би тэр өдөр эхний азарга адууг машинд ачих үед манай хажуу айлын Ч гэдэг хүн машин унаж чадахгүй учир намайг 2 хүүхдээ ******оос аваад ир гэхээр нь би өөрийн инсайт маркийн **-*****улсын дугаартай тээврийн хэрэгслээр явсан тэгээд тэр айлын хоёр хүүхдийг аваад гэртээ харихад адуугаа ачсан байсан. Тэгээд би гэртээ цай болон мах чанасан. Тэр хооронд том хонгор азарганы адуу авчирч машины чиргүүл дээр ачихад би бол адууг нь хашаанд хашилцаж, чиргүүл дээр адууг ачилцсан. Тэгээд оройдоо З.Э машины жолооч болох өөрийн төрсөн дүү 3.М-н хамт хот явсан. Тэгтэл маргааш өдөр нь манай хамтран амьдрагч З.Э утсаар яриад чи воганд суугаад ирээд энэ адуунуудыг борлуулаад жинг /килограмм/-ыг нь харчих би хотод газар мэдэхгүй болохгүй байна дүү Б.Марал-Эрдэнээс хоцорчихоор хэцүү юм тэгээд ч хурга ишгээ хөнгөлье гэхээр за гээд орой нь би воганд суугаад хот орсон. Воганаас өглөө буугаад эмээлт зах руу такси бариад Оргилуун гүн гэсэн нэртэй байх махны компанийн хашаанд адуунд дээрээ очиход З.Э, З.М хоёр байхгүй байсан. Тэгэхэд тэр адууны махны хөргөгч эвдэрсэн гээд З.Э-ийн адуунууд нядалгаанд орж чадаагүй маргааш өглөө нь 06 цаг өнгөрч байхад орж эхлээд 08 цаг өнгөрч байхад дууссан. Тэгээд адууг нядлахдаа тогонд цохиулаад өвчөөд тэгээд цул махыг нь жинлээд байсан. Одоо махны жинг нь санахгүй байна. Нийт 28 сая гаран төгрөг болсон. Тухай мөнгийг нь З.Э-ийн төрсөн дүү З.М-н данс руу шилжүүлсэн. Намайг том хонгор азаргатай адууг машинд ачуулахад хондлой цоохор хонгор үрээ байгаагүй. Харин Эмээлт зах дээр адуун дээр очиход өөр тамгатай хондлой цоохор хонгор үрээ байсан. Тамга нь болохоор цагаан үсгэн тамгатай байсан. Би тухайн үедээ тэр хондлой цоохор хонгор зүстэй үрээг хүнээс наймаа хийж авсан юм бодсон. Би тэр айлд очоод хамтран амьдраад 1 жил 8 сар болж байсан учир адуу, малыг зүсээр бол мэдэхгүй. Тэгээд адууг хотод очиж борлуулчихаад ирээд 2-3 хонож байхад манайд адуу сурагласан хүн ирээд З.Э-өөс хондлой цоохор хонгор үрээг хүн сураглаад явлаа Э адууг нэг үрээ байхаар нь хамт ачуулсан чинь гай болох гэхээр нь яах гэж ачуулсан юм бэ гээд би туглаа татах гээд яваад өгсөн чинь араас ирээд тэр байхдаа сайхан адууг чоно идчихсэн байдаг байж энэ үрээг чоно идчихгүй гэж хэлж байсан. З.Э-ийн хэлснээр хондлой цоохор хонгор зүстэй үрээ намар адуунд нийлсэн гэсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 27-28-р тал/
7. Гэрч З.М-н “Би 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум ********** баг 3 замын постны хойд талд байх өөрийн төрсөн ах Э-ийн гаднаас 30 тооны адууг Хино рэнжэр гэх **-*****улсын дугаартай тээврийн хэрэгслээр Улаанбаатар хот руу адуу ачсан. Ах Э хэлэхдээ адуу зарж мосттой машин авах санаатай гэсэн. Адуунуудын мөнгийг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр миний эзэмшлийн хаан банкны ********* тоот данс руу 28.496.000 төгрөг орсон. Тэгээд ямар учиртай мөнгө вэ гэхэд Э ах банкны карт болон иргэний үнэмлэхээ хаясан гээд бэр эгч Дсүрэн махны үйлдвэрт миний дансыг үлдээсэн байсан. 28.496.000 төгрөгнөөс 3.496.000 төгрөгийг ах Э цувуулж надаас авсан. Үлдэгдэл 25.000.000 төгрөг нь миний хаан банкны дансанд одоо байгаа. Тухайн үедээ банкны картгүй, бичиг баримтаа хаясан гээд бэр эгч Д махны үйлдвэрт миний дансыг өгсөн байсан. Тэгээд машин авна гэхээр мөнгө нь хүрэхгүй байгаа учир миний дансанд мөнгөө байлгаж байгаа. Би тухайн 30 тооны адууг бүгдийг нь ах Э-ийн адуу гэж бодсон. Тэгээд тус адуунуудыг 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум ********** баг 3 замын постны хойд талд байх өөрийн төрсөн ах Э-ийн гаднаас Улаанбаатар хот эмээлт зах руу 1.000.000 төгрөгийн өртөгөөр тээвэрлэсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 33-35-р тал/
8. Гэрч С.Э-н “Д танина, нэг нутгийн хүүхэд болохоор танина. Ойролцоо айл аймаг морь мал уяад гүү бариад зусдаг байсан. Би Ч гэдэг хүнтэй цуг 10 гаран үхэр, 25 орчим адуу 100 гаран богийг нь 2023 оны 08 дугаар сарын 28-30ны өдөр Орхонтуул сумын хуучин төв гэх газраас Орхон аймгийн вокзалын орчимд хүргэж өгсөн. Бид тус бүр 100,000 төгрөгийн хөлс авсан. Тийм зүстэй үрээ байгаагүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 48-49-р тал/
9. Яллагдагч З.Э-ийн “Прокурорын тогтоолтой танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. Адуундаа нийлсэн хондло цоохор зүстэй үрээний эзнийг танихгүй байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 72-р тал/
10. “Ашид билгүүн” ХХК-ий шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын ТХҮ-ОРХ/11016 дугаартай “Хондлой цоохор зүстэй 3 настай үрээ /хурдан удамтай/ 1 ширхэг 5,000,000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээ хийсэн тайлан /хх-ийн 54-56-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч З.Энь 2023 оны 11 сард түүний адуунд нийлсэн хохирогч У.Б-н хондлой цоохор зүстэй үрээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хот руу ачуулж худалдан борлуулж, захиран зарцуулж, У.Б-т бага хэмжээнээс дээш хохирол учруулан завшсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О дүгнэлтдээ: “Гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй. Шүүгдэгч хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүгийн хариуцлагыг мөн зөвшөөрнө. Хохиролд 5 сая төгрөг төлсөн” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч У.Б-н “Би 2023 оны 11 дүгээр сарын эхээр /одоо өдрийг нь сайн санахгүй байна/ Орхон аймгийн Баян-Өндөр сумын ****** багийн нутаг дэвсгэрт бэлчээрт байсан адуунаас хондлой цоохор хонгор зүстэй чойндон тамгатай үрээгээ хулгайд алдсан юм. Би яаж сургийг нь гаргасан гэхээр манай хадам Ц.А гэдэг хүн 2024 оны 06 дугаар сарын эхээр Жаргалант сумаас Арбулаг руу нүүдэл хийж явахдаа Ц.З гэдэг айлын ө үсгэн тамгатай адуун дотор миний хондлой цоохор хонгор зүстэй чойндон тамгатай үрээ байхыг хараад надад хэлэхээр нь би 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Ц.З-н хүүхэд З.Э-ийнд очиж үрээнийхээ зургийг үзүүлээд танай адуунд байсан гэхэд ийм адуу манай адуунд байхгүй гэсэн. Тэгэхээр нь сэжигтэй санагдаад Ц.З болон хүүхэд З.Э нарын малын гарал үүслийн гэрчилгээ авсан эсэх талаар асуухад малын эмч Д.Д-с асуухад 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гарал үүслийн гэрчилгээ авсан байхаар малынх нь зургийг үзэхэд миний алга болсон хондлой цоохор хонгор зүстэй үрээ ачигдсан адуунууд дотор байсан” гэх мэдүүлэг, гэрч У.А“...Б-н хондлой цоохор хонгор зүстэй чойндон тамгатай даага нь дэлтэй саарал морьтой хондлой хүрэн цоохор морьтой зарим хүмүүс /будан гэж хэлдэг/ 8-9 тооны Ө үсгэн тамгатай адуун дотор 3 замын хяналтын постны ойролцоо бэлчээрт байхад би харсан” гэх мэдүүлэг, гэрч гэрч Б.А-н “2022 оны 10 сард У.Б нь манайд ирээд ахаа надад та энэ “Сарваа”-г зарчихаа дүү нь худалдаж авъя гэж ярилцаад 5.000.000 үнэ тохиролцоод зарсан юм. Уг зарсан "Сарваа" болохоор 25% цустай адууны төл байсан юм. 2022 оны намар наймаа хийхэд 5-6 сартай унага, даага хоёрын засварын "Сарваа" байсан юм. Би 3.200.000 төгрөгийг Эрдэнэхүү гэх найзынхаа Хас банкы дансаар тухайн авсан би яг дансны дугаарыг нь одоо бол мэдэхгүй байна. Үлдэгдэлийн мал оролцуулж наймаа хийсэн юм. Уг зарсан Сарвааны эцэг нь хурдан удмын адуу байсан болохоор манай ойр тойрны хүрээлэл бүгд мэддэг учраас төлийг нь хүмүүс зарчих гэж их ирдэг байсан болохоор тухайн үедээ ханш нь тэгж өссөн юм” гэх мэдүүлэг, гэрч Д.Ц-гийн “...Хондлой цоохор хонгор зүстэй үрээ бол байсан. Харин тамгыг нь анзаарч хараагүй. Э-өөс миний хувь фэйсбүүк чат руу явуулсан зургийг нь гарал бичиж өгөөд устгасан. Одоо миний чатад байхгүй. Таны үзүүлсэн зурагнууд Э-өөс надад ирүүлсэн зураг мөн байна. Өөр зураг бол ирүүлээгүй.” гэх мэдүүлэг, гэрч Ж.Д-н “...Намайг том хонгор азаргатай адууг машинд ачуулахад хондлой цоохор хонгор үрээ байгаагүй. Харин Эмээлт зах дээр адуун дээр очиход өөр тамгатай хондлой цоохор хонгор үрээ байсан. Тамга нь болохоор цагаан үсгэн тамгатай байсан. Би тухайн үедээ тэр хондлой цоохор хонгор зүстэй үрээг хүнээс наймаа хийж авсан юм бодсон” гэх мэдүүлэг, гэрч З.М-н “Би тухайн 30 тооны адууг бүгдийг нь ах Э-ийн адуу гэж бодсон. Тэгээд тус адуунуудыг 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум ********** баг 3 замын постны хойд талд байх өөрийн төрсөн ах Э-ийн гаднаас Улаанбаатар хот эмээлт зах руу 1.000.000 төгрөгийн өртөгөөр тээвэрлэсэн” гэх мэдүүлэг, яллагдагч З.Эийн “Прокурорын тогтоолтой танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. Адуундаа нийлсэн хондло цоохор зүстэй үрээний эзнийг танихгүй байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол барагдуулсан” гэсэн мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ий шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын ТХҮ-ОРХ/11016 дугаартай хөрөнгийн үнэлгээ хийсэн тайлан зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч З.Энь 2023 оны 11 сард адуунд нь нийлсэн У.Б-н хондлой цоохор зүстэй үрээг 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хот руу худалдан борлуулж, 5 сая төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч З.Э-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завших гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч У.Б-н өмчлөх эрхэд 5 000 000 хохирол учирсан бөгөөд хохирол төлөгдсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч З.Э-ийг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгчид санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг шүүгдэгч сайн дураар хүлээн зөвшөөрсөн, уг санал нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдалд нь тохирсон бөгөөд хуульд нийцсэн байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн З-н Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Эийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А