| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2020/00977/И |
| Дугаар | 155/ШШ2020/01406 |
| Огноо | 2020-07-07 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 155/ШШ2020/01406
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар баг .............тоотод оршин суух, Эх мэргэд овогт Лхасранбаатарын ******* /................./ -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ..... дугаар багт оршин суух, Бичээч овогт Бямбацогтын******* /................./,
Хариуцагч:Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын .... дугаар багт оршин суух, Бэйсийнхэн овогт Мөнхбатын******* /........................../ нарт холбогдох,
Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Б.Наранбаяр, М.Хатанзаяа нарын 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай Л.*******д холбогдох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд, нэхэмжлэгч Л.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Түвшинтөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие Ц.Бямбадагватай 2016 оноос хойш хамтран амьдарч байгаад 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ихэр охид болох*******,******* нарыг төрүүлсэн билээ. Ихэр охидоо би 2 нас 6 сар хүртэл хамтад нь өсгөн хүмүүжүүлж байсан.Ихэр охидын нэг болох******* 2018 оноос хойш ямар өвчтэй нь мэдэгдэхгүй өвчилж, эмнэлгээр яваад оношлогдохгүй байсан тул амьдралын хүнд нөхцөл байдлын улмаас ихрийн өрөөсөн болох Ариун-Эрдэнийг 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр М.Хатанзаяа, Б.Наранбаяр нартай тохиролцож үрчлүүлсэн.Тухайн үедээ хүүхдээ үрчлүүлэхдээ амьдралын хүнд нөхцөлийн улмаас хүлээн зөвшөөрч байсан боловч миний энэ үйлдэл нь бага залуу насны болчимгүй үйлдэл байсан байна. Учир нь ихэр хүүхдийн амин холбоотой байдаг...цаашид ихэр охидыг хамтад нь өсгөн хүмүүжүүлэх нэн зайлшгүй шаардлагатай байгаа тул үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Наранбаяр, М.Хатанзаяа нар шүүхэд гаргасан тайлбартаа:
Бямбацогтын*******, Мөнхбатын******* бид нэхэмжлэгч Л.*******гийн шүүхэд гаргасан үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
Бид 2020 оны 02 дугаар сарын 10-нд Фэйсбүүкээс хүүхэд үрчлүүлнэ гэсэн зар тавьсан байсны дагуу Л.*******тай анх холбогдож Тосонцэнгэл сумаас орж ирж Л.*******тай уулзсан. Уулзахад хоёр ихэр охиноо хоёуланг нь үрчлүүлэх гэж байгаа талаараа хэлэхэд бид хоёр ихэр охин үрчилж авахаар болсондоо маш их баярласан. Л.*******тай ярилцаж тохиролцоод охидуудаа нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эмчид үзүүлтэл нөгөө охин нь эрүүл байна. Харин нэг охин нь ямар өвчтэй нь мэдэгдэхгүй.Ямар ч гэсэн эрүүл хүүхэд биш байна гээд мэдрэлийн эмчид үзүүлэхийг зөвлөсөн. Бид Л.*******тай уулзаж үрчлүүлэх гэж байгаа хүүхдийнхээ өвчнийг яагаад нуусан юм бэ, бид ихэр охиныг үрчилж авч чадахгүй талаараа тайлбарлаад явсан. Үүнээс хэд хоногийн дараа Л.******* бидэнтэй холбогдож та хоёрт охин Ариун-Эрдэнийг үрчлүүлэхээр боллоо гэсэн. Ингээд бид охин Ариун-Эрдэнийг 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр үрчилж авсан. Нөхөр Б.Наранбаяр нь лам хүн учраас ихэр хүүхдийн амь салгах номыг уншиж зан үйлийг хийж охиноо үрчлэн авсан. Үрчилж авахдаа бичиг баримтыг бүрдүүлж Л.*******г байлцуулсан. Охиноо үрчилж авснаас хойш бид охинтой болсондоо баярлаж, төрсөн хүүхдийн адил хайрлаж, эрүүл саруул хүн болгож өсгөн хүмүүжүүлэхээр маш их хичээсэн. Одоо нэгэнт Л.******* үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан байх ба бид ярилцаад үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Б.Наранбаяр, М.Хатанзаяа нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
Бид Л.*******тай холбогдож охиноо үрчилж авсан. Бид охиноо үрчилж авахад Л.******* нь биднээс ихэрийн өрөөсөн охины эмчилгээний зардалд зориулж 1.500.000 төгрөг өгч туслаач гэсний дагуу Л.*******гийн Хаан банкны дансанд шилжүүлсэн. Бид нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Охиноо үрчилж авснаас хойш бид охиныхоо ирээдүйг бодож Улаанбаатар хот руу шилжиж нүүсэн. Мөн охиндоо шинээр хувцас, тоглоом худалдаж авах, охиноо эмчид үзүүлэх, нааш цааш явах гээд багагүй хэмжээний зардал биднээс гарсан. Гэвч бид ярилцаад Л.*******гаас охиноо үрчилж авсантай холбоотой зардлыг нэхэмжлэхгүй байхаар шийдлээ.Харин Л.*******гийн Хаан банкны дансанд шилжүүлсэн 1.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Л.******* сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:
Б.Наранбаяр, М.Хатанзаяа нараас ихрийн өрөөсөн охин болох Амин-Эрдэний эмчилгээний зардалд туслаач гэсний дагуу 1.500.000 төгрөгийг авсан нь үнэн.Тухайн үед ихрийн өрөөсөн болох охин Амин-Эрдэнийн биеийн байдал хүнд оношлуулах, эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай болсон учраас энэ мөнгийг Б.Наранбаяр, М.Хатанзаяа нараас дансаар шилжүүлж авсан. Энэ хоёр хүн надад тусалсан учир би энэ мөнгийг нь буцаан өгөхөд татгалзах зүйлгүй, зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгч Л.******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч охин Ариун-Эрдэнийг надад буцаан өгсөн.Одоо охин******* миний асрамжид байгаа. Миний зүгээс хариуцагч нарын нэхэмжилсэн 1.500.000 төгрөгийг төлж барагдуулсан гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.******* нь Б.Наранбаяр, М.Хатанзаяа нарт холбогдуулан хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч Б.Наранбаяр, М.Хатанзаяа нараас 1.500.000 төгрөг гаргуулах тухай Л.*******д холбогдох сөрөг нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Л.******* нь 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр охин Ариун-Эрдэнийг төрүүлсэн бөгөөд 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Б.Наранбаяр, М.Хатанзаяа нар үрчлүүлсэн болох нь №115/006420 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, №241/000188 дугаартай үрчлэлтийн бүртгэлийн лавлагаа, үрчлэгч Л.*******, үрчлэн авагч Б.Наранбаяр, М.Хатанзаяа нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охин******* нь одоо өөрийн төрүүлсэн эх Л.*******гийн асрамжид байгаа гэх ба үрчлэлт хүчингүйд тооцуулахыг зөвшөөрсөн тухай тайлбарыг үрчлэн авагч Б.Наранбаяр, М.Хатанзаяа нар шүүхэд гаргасан байх тул охин Н.Ариун-Эрдэнийг 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Бичээч овогт Бямбацогтын*******, Бэйсийнхэн овогт Мөнхбатын******* нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, асран хүмүүжүүлэх эрхийг төрүүлсэн эх Л.*******д шилжүүлэхээр шийдвэрлэв.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хариуцагч Б.Наранбаяр, М.Хатанзаяа нь Л.*******д холбогдуулан хүүхдийн эмчилгээний зардалд өгсөн 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Л.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогдож байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг батлах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Нэхэмжлэгч Л.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.Наранбаяр, М.Хатанзаяа нараас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах, Б.Наранбаяр, М.Хатанзаяа нараас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Л.*******гаас 38.950 төгрөгийг гаргуулж Б.Наранбаяр, М.Хатанзаяа нарт олголоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4-т зааснаар 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охин Ариун-Эрдэнийг 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Б.Наранбаяр, М.Хатанзаяа нарт үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д зааснаар 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охин Ариун-Эрдэнийг асран хүмүүжүүлэх эрхийг түүний төрүүлсэн эх Л.*******д шилжүүлсүгэй.
3.Б.Наранбаяр, М.Хатанзаяа нарын нэхэмжлэлтэй, Л.*******д холбогдох 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.Наранбаяр, М.Хатанзаяа нараас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, Б.Наранбаяр, М.Хатанзаяа нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.950 /гучин найман мянга есөн зуун тавин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Л.*******гаас 38.950/гучин найман мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулж Б.Наранбаяр, М.Хатанзаяа нарт олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ