Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2022/0754

 

 

 

 

 

 

     2022           10             12                                        128/ШШ2022/0754

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “О********** г****” ХХК /РД:*******/,

Хариуцагч: Том татвар төлөгчийн газар хоорондын татварын илүү төлөлтийг буцаан олгохоос татгалзсантай холбоотой татварын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У******, Н.М********, У.А********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “О********** г****” ХХК нь Татварын ерөнхий газрын харьяа том татвар төлөгчийн газрын татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 212000007 дугаартай “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт”-ын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсгийг үндэслэн 70,632.533 төгрөгийн нөхөн татвар ногдуулж” гэх хэсгийг хүчингүй болгуулах”, Нийслэлийн татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.А********, Ц.М****** нарын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 222219005 дугаартай “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт”-аар тогтоогдсон 903,347.722 төгрөгийн илүү төлөлтийг буцаан олгуулах саналыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхийг Нийслэлийн татварын газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба,

2. Улмаар нэхэмжлэгчээс 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн: “... 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “Суутган төлөгчийн албан татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 212000007 дугаар актаар “О********** г****” ХХК-ийн төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг баталгаажуулсан 832,727,652.9 төгрөгийг “О********** г****” ХХК-д буцаан олгохоос татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, 832,727,652.9 төгрөгийг төсвөөс гаргуулан “О********** г****” ХХК-д буцаан олгохыг Том татвар төлөгчийн газарт даалгах” гэжээ.  

3. Нэхэмжлэгч анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

3.1. Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн №21200000 дугаартай “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт”-ын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсгийг үндэслэн 70.632.533 төгрөгийн нөхөн татвар ногдуулж” гэх хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлагын тухайд:

Тус компанид нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нар иж бүрэн шалгалтыг хийж, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 222219005 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах актаар 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар манай компанийг 903.347.722 төгрөгийн илүү төлөлттэй байгааг тогтоосон байдаг бөгөөд үүний дараачаар дахин 2019 оны 12 дугаар сарын 16-ний өдрөөс 2020 оны 04-дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд том татвар төлөгчийн газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.У******, Н.М******** нар нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн үлдэгдэл баталгаажуулах хэсэгчилсэн шалгалтыг хийсэн. Ингэхдээ 706.325.334 төгрөгийг зөрчил илэрсэн гэж үзээд “....Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсгийг үндэслэн 70.632.533 төгрөгийн нөхөн татвар ногдуулж тайлангийн илүү төлөлтөөс суутган тооцож” шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Татварын улсын байцаагч нарын уг актаар тогтоосон 706.325.334 төгрөгийн зөрчилд 70.632.533 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан нь үндэслэлгүй бөгөөд Манай компани нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол Улсын хууль тэр дундаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 2007, 2015 оны хуулиудыг зөрчөөгүй, хуулиар хүлээсэн үүргээ үнэнч, шударгаар биелүүлж ирсэн бөгөөд бүхий л ажил үйлчилгээ нь нэхэмжлэл, падаан бусад баримтуудаар тогтоогдсон, ногдуулах ёстой хугацаандаа тайлагнан баталгаажуулсан, зөвхөн үйл ажиллагааны хүрээнд зориулагдсан бараа, үйлчилгээ, түүнд хамаарах төлөлтөөр төлөгдсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж тооцсон нь тус хуулиудад нийцсэн тул 706.325.334 төгрөгийн зөрчил гаргасан гэж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй юм. Мөн тус актад заасан нэхэмжлэл, падаан нягтлан бодох бүртгэлд тусгагдаагүй байхад хасаж тооцсон, оршин суугч бус этгээдэд борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил үйлчилгээнээс нэмэгдсэн өртгийн албан татвар суутгаагүй, хувийн болон ажилчдын хэрэгцээнд зориулан хадалдан авсан бараа ажил үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж тооцсон гэсэн зөрчлүүдэд 2014 болон 2015 оны зөрчлүүдийг заасан байгаа нь Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй” гэж заасан хуулийн заалтыг зөрчсөн байна. Учир нь татварын улсын байцаагч нар нь тухайн компанид шалгалт хийж 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр уг актыг гаргасан байгаа нь хуулиар тогтоосон 4 жилийн хугацаанаас өмнөх асуудалд шалгалт хийж зөрчил гэж үзэж байгаа нь мөн хуулийн үндэслэлгүй юм.

3.2. Нийслэлийн татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.А*******, Ц.М******* нарын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №222219005 дугаартай “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт”-аар тогтоогдсон 903.347.722 төгрөгийн илүү төлөлтийг буцаан олгуулах саналыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхийг “Нийслэлийн татварын газар”-т даалгах шаардлагын тухайд:

Тус компанид нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нар иж бүрэн шалгалтыг хийж, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 222219005 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах актаар 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар манай компанийг 903.347.722 төгрөгийн илүү төлөлттэй байгааг тогтоосон байдаг бөгөөд үүний дараачаар дахин 2019 оны 12 дугаар сарын 16-ний өдрөөс 2020 оны 04-дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд Том татвар төлөгчийн газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.У******, Н.М******** нар нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн үлдэгдэл баталгаажуулах хэсэгчилсэн шалгалтыг хийсэн. Ингэхдээ 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан Татварын үлдэгдлийг 832.727.652.90 төгрөгөөр баталгаажуулж, ... баталгаажуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтөөс Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс дараагийн хугацаанд төлөх нэмэгдсэн өртгийн албан татварт суутган тооцож татвар төлөгчийн хуулиар олгогдсон эрхэд шууд халдаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №222219005 дугаартай “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт”-аар манай компани нь 903.347.722 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлттэй байгааг дээрх актаар баталгаажуулсан бөгөөд тус тооцооллын хувьд нэхэмжлэгчийн зүгээс маргахгүй болно.

Харин дээрх актаар баталгаажсан нэхэмжлэгчийн илүү төлсөн 903.347.722 төгрөгийг Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс дараагийн хугацаанд төлөх нэмэгдсэн өртгийн албан татварт суутган тооцож шийдвэрлэсэн нь татвар төлөгч буюу нэхэмжлэгч манай компанийн хуулиар олгогдсон эрхэд шууд халдаж байгааг дараах хуулийн заалтаас харж болохоор байна.

 Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлд татвар төлөгчийн эдлэх эрхийг хуульчилж өгсөн бөгөөд 12 дугаар зүйлийн 12.1.4-д “илүү төлсөн татварыг буцаан авах, суутган тооцуулах, алданги тооцон нэхэмжлэн авах”,

 Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.11-д “Энэ хуулийн 6.7-д заасан этгээд нь албан татварын хасалт хийлгэх буюу илүү төлсөн татварыг буцаан авах эрхтэй”,

 Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8-д “Энэ хуулийн 14.1-д заасны дагуу тухайн сард хийх хасалтын хэмжээ нь мөн хугацаанд төлбөл зохих албан татварын дүнгээс их байвал татварын алба дараах байдлаар зохицуулна” гээд 14.8.3-т “Татвар төлөгчид буцаан олгоно” гэж,

Татварын ерөнхий хуулийн 72.3-т “Энэ хуулийн 72.1-д заасан мөнгөн хөрөнгийг татвар төлөгч зөвшөөрвөл энэ хуулийн 49.1.2-д “Тухайн хугацаанд төлбөл зохих татварт суутган тооцох” гэх заалтуудыг тус тус зөрчиж манай компанийн зөвшөөрөлгүйгээр дараагийн хугацаанд төлөх татварт суутган тооцох шийдвэрийг гаргасан.

Гэтэл татварын улсын байцаагч нар Сүхбаатар дүүргийн татварын албанд дараагийн хугацаанд төлөх нэмэгдсэн өртгийн албан татварт суутган тооцохоор шийдвэрлэснийг “Татварын ерөнхий газар” болон “Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөл”-өөс залруулалгүй ижил шийдвэр гаргасан нь дээрх хуулийн заалтуудыг мөн адил зөрчөөд байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтөө буцаан авах, суутган тооцуулах эсэх нь татвар төлөгчийн эдлэх эрх, өөрөөр хэлбэл тухайн эрхээ татвар төлөгч нь сонгон хэрэгжүүлэхээр байхад шууд суутган авахаар тулгаж байгаа нь нэхэмжлэгчид хуулиар олгогдсон эрхэд бүдүүлгээр халдаж байгаагийн илрэл болно. Түүнчлэн “О********** г****” ХХК нь одоогоор Улс, Эх оронд төлөх татварын өр, төлбөргүй байгаа тул суутган тооцуулах шаардлага байхгүй бөгөөд бид худалдан авсан бараа материалд төлсөн илүү төлөлтөө мөнгөн хэлбэрээр буцаан авч санхүүгийн хямралтай байгаа энэ үед санхүүжилт бүрэн зогссон барилга, байгууламжийг үргэлжлүүлэн барих шаардлагатай байгааг хэлэх нь зүйтэй. Дээрх асуудлаар нэхэмжлэгч нь гомдол, хүсэлтээ холбогдох байгууллага, албан тушаалтанд нь хуулийн хүрээнд хандсаар ирсэн боловч гомдлыг хүлээн авч шийдвэрлэхгүй татвар төлөгчийг хохироосоор байгаа тул шүүхэд хандаж байгаа болно.

Иймд Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн №212000007 дугаартай “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт”-ын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсгийг үндэслэн 70.632.533 төгрөгийн нөхөн татвар ногдуулж”- гэх хэсгийг хүчингүй болгож, мөн тус актын тогтоох хэсгийн 2 дахь заалтын 832.727.652.9 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс дараагийн хугацаанд төлөх нэмэгдсэн өртгийн албан татварт суутган тооцох” гэх хэсгийг хүчингүй болгож Нийслэлийн татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.А********, Ц.М****** нарын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №222219005 дугаартай “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт”-аар тогтоогдсон 903.347.722 төгрөгийг буцаан олгуулах саналыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхийг Нийслэлийн татварын газарт даалган шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

4. Нэхэмжлэгч “О********** г****” ХХК нь нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын үндэслэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“О********** г****” ХХК-д нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нар иж бүрэн шалгалтыг хийж, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 222219005 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах актаар 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар манай компанийг 903.347.722 төгрөгийн илүү төлөлттэй байгааг тогтоосон байдаг бөгөөд үүний дараа дахин 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд Том татвар төлөгчийн газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.У******, Н.М******** нар нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн үлдэгдэл баталгаажуулах хэсэгчилсэн шалгалтыг хийсэн. Ингэхдээ 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 832.727.652.9 төгрөгөөр баталгаажуулж, ... баталгаажуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтөөс Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс дараагийн хугацаанд төлөх нэмэгдсэн өртгийн албан татварт суутган тооцож, татвар төлөгчийн хуулиар олгогдсон эрхэд шууд халдаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Харин дээрх актаар баталгаажсан нэхэмжлэгчийн илүү төлсөн 832.727.652.90 төгрөгийг Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс дараагийн хугацаанд төлөх нэмэгдсэн өртгийн албан татварт суутган тооцож шийдвэрлэсэн нь татвар төлөгч буюу нэхэмжлэгч манай компанийн хуулиар олгогдсон эрхэд шууд халдаж байгааг дараах хуулийн заалтаас харж болохоор байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8-д “Энэ хуулийн 14.1-д заасны дагуу тухайн сард хийх хасалтын хэмжээ нь мөн хугацаанд төлбөл зохих албан татварын дүнгээс их байвал татварын алба дараах байдлаар зохицуулна” гээд 14.8.3-т “Татвар төлөгчид буцаан олгоно”, 15 дугаар зүйлийн 15.11-д “Энэ хуулийн 6.7-д заасан этгээд нь албан татварын хасалт хийлгэх буюу илүү төлсөн татварыг буцаан авах эрхтэй”, Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлд татвар төлөгчийн эдлэх эрхийг хуульчилж өгсөн бөгөөд 12 дугаар зүйлийн 12.1.4-д “илүү төлсөн татварыг буцаан авах, суутган тооцуулах, алданги тооцон нэхэмжлэн авах”, 72 дугаар зүйлийн 72.3-т “Энэ хуулийн 72.1-д заасан мөнгөн хөрөнгийг татвар төлөгч зөвшөөрвөл энэ хуулийн 49.1.2- тухайн хугацаанд төлбөл зохих татварт суутган тооцох” гэх заалтуудыг тус тус зөрчиж, манай компанийн зөвшөөрөлгүйгээр дараагийн хугацаанд төлөх татварт суутган тооцох шийдвэрийг гаргасан нь хууль бус гэж үзэж байна. Гэтэл татварын улсын байцаагч нар Сүхбаатар дүүргийн татварын албанд дараагийн хугацаанд төлөх нэмэгдсэн өртгийн албан татварт суутган тооцохоор шийдвэрлэснийг “Татварын ерөнхий газар” болон “Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөл”-өөс залруулалгүй ижил шийдвэр гаргасан нь дээрх хуулийн заалтуудыг мөн адил зөрчөөд байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтөө буцаан авах, суутган тооцуулах эсэх нь татвар төлөгчийн эдлэх эрх, өөрөөр хэлбэл тухайн эрхээ татвар төлөгч нь сонгон хэрэгжүүлэхээр байхад шууд суутган авахаар тулгаж байгаа нь нэхэмжлэгчид хуулиар олгогдсон эрхэд бүдүүлгээр халдаж байгаагийн илрэл болно.

Дээрх асуудлаар нэхэмжлэгч нь гомдол, хүсэлтээ холбогдох байгууллага, албан тушаалтанд нь хуулийн хүрээнд хандсаар ирсэн боловч гомдлыг хүлээн авч шийдвэрлэхгүй татвар төлөгчийг хохироосоор байгаа тул шүүхэд хандаж байгаа болно. Иймд Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын үйлдсэн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “Суутган төлөгчийн албан татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 212000007 дугаар актаар “О********** г****” ХХК-ийн төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг баталгаажуулсан 832,727,652.9 төгрөгийг “О********** г****” ХХК-д буцаан олгохоос татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, 832,727,652.9 төгрөгийг төсвөөс гаргуулан “О********** г****” ХХК-д буцаан олгохыг Том татварын газарт даалгаж өгнө үү. Нэхэмжлэгч нь тус актын аргачлал, тооцоололд огтхон маргаагүй, үнийн дүнтэй санал зөрчилдөөн байхгүй болно” гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У******, Н.М******** нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Том татвар төлөгчийн газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын “О********** г****” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулсан 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 212000007 тоот “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт”-д гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.

 “О********** г****” ХХК-ийн 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 12 сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг 2.7 шалгаж, 04 дүгээр сарын 16-ны өдрийн 212000007 тоот актыг үйлдсэн. Хяналт шалгалтад хамрагдах хугацаанд “О********** г****” ХХК нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны Яармаг, Наадамчдын гудамж хаягт “Т****** ********** *******” орон сууцны хотхон барьж, борлуулах үйл ажиллагаа явуулсан.

“О********** г****” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар барилгын борлуулалтын орлогыг хүлээн зөвшөөрч тайлагнаагүй хэрнэ барилгатай холбоотой худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсвөөс буцаан авахаар тайлагнасан. Энэ нь татвар төлөгчийн татварын албанд ирүүлсэн “Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлан /маягт ТТ-03а/-гийн мэдээллээр нотлогдоно. Тус компани нь дуусаагүй барилгыг төрийн сангийн хэлтэст тайлагнаж баталгаажуулсан 2013-2015 оны санхүүгийн тайлан тэнцлийн “Эргэлтийн хөрөнгө” хэсэгт “Бараа материал” дансанд 52,879,200.00 төгрөгөөс 15,807,483,900.00 төгрөг хүртэл хуримтлуулан бүртгэсэн байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлийн дараах зарчмыг баримтална, 5.1.6 зохицох” гэж заасан. Мөн нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрөгдөх зарчмын нэг болох уялдаат зарчмыг орлого зарлага зохицох зарчим гэдэг. Өөрөөр хэлбэл орлогыг бүртгэсэн цаг хугацаанд уялдуулан тухайн орлогыг олохтой холбогдсон зардлыг бүртгэх шаардлагатай гэсэн зарчим Барилга угсралтын ажил гүйцэтгэсэн бол эцсийн борлуулалтад нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогыг хүлээн зөвшөөрөх ба харин худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хуримтлуулан авлагаар бүртгэх бөгөөд орлогыг хүлээн зөвшөөрөх үед хуримтлуулан бүртгэсэн нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулж бүртгэснээр орлого, зардал уялдах зарчимд нийцнэ.

Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 он/ 8 дугаар зүйлийн 8.1 “Нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурдсан журмаар ногдуулна,  ... 8.1.2-д барилга угсралтын ажил гүйцэтгэсэн бол эцсийн борлуулалтад” гэсэн заалт, Нэмэгдсэн өртгийн албан хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8 “Энэ хуулийн 14.1-д заасны дагуу тухайн сард хийх хасалтын хэмжээ нь мөн хугацаанд төлбөл зохих албан татварын дүнгээс их байвал татварын алба дараах байдлаар татварт шилжүүлэн тооцох зохицуулна. 14.8.1-д дараагийн сар, улирал, жилд төлөх албан татварт шилжүүлэн тооцох ...” гэсэн заалтыг үндэслэн дараагийн тайлант хугацааны төлөх татварт шилжүүлэн тооцохоор шийдвэрлэсэн болно” гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У******, Н.М********, Ц.М****** нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлтэй танилцан 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “Суутган төлөгчийн албан татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 212000007 дугаар актыг гаргасан нь 2 үндэслэл байгаа.

6.1. Бид 832,727,652.9 төгрөгийг  “О********** г****” ХХК-д буцаан олгохоос татгалзсан шийдвэр гаргаагүй. Энэ илүү төлөлтийг нэмэгдсэн өртгийн албан татварыг дараагийн сар, улирал, жилд төлөх нэмэгдсэн өртгийн албан татварт шилжүүлэн тооцохоор шийдвэр гаргасан. Энэ нь ямар үндэслэлтэй бэ гэхээр нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 зүйлийн 14.1-д заасны дагуу борлуулалтын орлогодоо нэмэгдсэн өртгийн албан татвараа ноогдуулаад тухайн хугацаанд хийсэн худалдан авалтын нэмэгдсэн өртгийн албан татвараас хасаад төлбөл зохих татварын хэмжээнээс худалдан авалт нь хэтэрсэн байвал татварын алба дараах байдлаар зохицуулна гээд нэмэгдсэн өртийн албан татварын тухай хуулийн 14.8-д нэгдүгээрт нь дараагийн сар, улирал, жилд төлөх албан татварт шилжүүлэн тооцох, хоёрдугаарт нь хууль тогтоомжийн дагуу төсөвт төлөх бусад төрлийн татварын төлбөрт шилжүүлэн тооцох, гуравдугаарт татвар төлөгчид буцаан олгохоор шат дарааллаар заасан байгаа учраас шийдвэрийг бид ингэж гаргасан.

            6.2. Татвар төлөгч татварын хуулийн дагуу тайлангаа татварын албанд тушаасан байгаа. Энэ нь татварын удирдлагын нэгдсэн системээр нотлогдсон байгаа. Татварын тайланг татварын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д заасны дагуу  анхан шатны баримт бүрдүүлэх, нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэн хөтөлж, татварын тайланг санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэлд үндэслэн үйлдэх үүрэгтэй байгаа. Энэ дагуу тус компани нь нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлд нягтлан бодох бүртгэлийн зарчим зааж өгсөн байгаа. Тус хуулийн 5.1.6-д зохицох зарчим байгаа. Зохицох зарчим гэдэг нь нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрөх зарчмын нэг болох уялдаат зарчим байгаа. Уялдаат зарчим нь юу гэж байна гэхээр орлого зарлага 2 нь хоорондоо зохицох ёстой. Гэтэл тухайн “О********** г****” ХХК нь тайландаа орлогоо зөвшөөрөөгүй, орлогын тайланд байхгүй хэрнэ худалдан авалтаараа үүсгэж дуусаагүй барилгынхаа худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын илүүгээр тайлагнаж татвараа буцааж авахаар гаргасан нь уялдаат зарчмыг хангахгүй байгаа. Тухайн компани нь дуусаагүй барилгаа борлуулаад борлуулалт хийсний дараагаа татвараас  нь суутгаад илүү төлсөн албан татвараас нь дахиад үлдсэн тохиолдолд татвараа буцааж авах эрх нь нээлттэй байгаа” гэв.  

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

            2. Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэстэй харьцдаг, регистрийн ******* дугаартай “О********** г****” ХХК-ийн 2013 оны 07 дугаар сарын 25-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 21191200259 дугаар томилолтын дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг  татварын улсын байцаагч Б.У******. Н.М******** нар хийж гүйцэтгэж, 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “Суутган төлөгчийн албан татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 212000007 дугаар нэмэгдсэн өртгийн албан татвар /цаашид НӨАТ гэх/-ын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актаар 706,325,334.00 төгрөгийн зөрчлийг илрүүлж, Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсгийг үндэслэн 70,632,533.4 төгрөгийн нөхөн татвар ногдуулж, тайлангийн илүү төлөлтөөс суутган тооцож, нэхэмжлэгч хуулийн этгээдийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний байдлаар төсвөөс буцаан авах НӨАТ-ын үлдэгдлийг 832,727,652.9 төгрөгөөр баталгаажуулсан.

            3. Ингэхдээ баталгаажуулсан НӨАТ-ын илүү төлөлтөөс Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс дараагийн хугацаанд төлөх НӨАТ-т 832,727,652.9 төгрөгийг суутган тооцохоор шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх актын тооцоол, аргачлал зэрэгтэй маргаагүй гэдгээ илэрхийлдэг ба харин “татвар төлөгчийн хуулиар олгогдсон эрхэд шууд халдсан, Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д “илүү төлсөн татварыг буцаан авах, суутган тооцуулах, алданги тооцон нэхэмжлэн авах”, 72 дугаар зүйлийн 72.3-д “Энэ хуулийн 72.1-д заасан мөнгөн хөрөнгийг татвар төлөгч зөвшөөрвөл энэ хуулийн 49.1.2-т тухайн хугацаанд төлбөл зохих татварт суутган тооцох”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8. “Энэ хуулийн 14.1-д заасны дагуу тухайн сард хийх хасалтын хэмжээ нь мөн хугацаанд төлбөл зохих албан татварын дүнгээс их байвал татварын алба дараах байдлаар зохицуулна”, 14.8.3-д “татвар төлөгчид буцаан олгох”, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.11-д “Энэ хуулийн 6.7-д заасан этгээд нь ... илүү төлсөн татварыг буцаан авах эрхтэй” гэх заалтуудыг зөрчиж, манай компанийн зөвшөөрөлгүйгээр дараагийн хугацаанд төлөх татварт суутган тооцох шийдвэр гаргасан нь хууль нийцээгүй” зэргээр болон Тодорхойлох хэсгийн 4-д заасан үндэслэлээр маргаж байна.

5. Нэхэмжлэгч “О********** г****” ХХК нь 2013 оны 2016 оны хооронд Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармаг наадамчдын гудамж, 505, 506 тоот хаягт “Т****** ********** *******” орон сууцны хотхон барьсан, уг орон сууцны хотхоны дуусаагүй барилгад эрх бүхий улсын бүртгэлийн газраас дээрх хаягаар 7,879.56 м.кв талбайтай орон сууц, автомашины зогсоолын зориулалттай, 85%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн улсын Ү-********** дугаарт бүртгэж, ********* дугаар гэрчилгээг 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр олгосон нь үйл баримтаар тогтоогдож байна. Түүнчлэн “О********** г****” ХХК нь уг хотхоны дуусаагүй барилгыг нийслэлийн Санхүү, төрийн сангийн хэлтэст тайлагнан баталгаажуулж, 2013 оноос 2015 оны хооронд санхүүгийн тайлан тэнцлийн эргэлтийн хөрөнгө хэсгийн “бараа материал” дансанд 52,879,200.00 төгрөгөөс 15,807,483,900.00 төгрөг хүртэл хуримтлуулан бүртгэжээ.

6. Ийнхүү барилга угсралтын ажил гүйцэтгэснээр эцсийн борлуулалтад нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогыг хүлээн зөвшөөрөх ба харин худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хуримтлуулан авлагаар бүртгэх байсан. Учир нь орлогыг хүлээн зөвшөөрөх үед хуримтлуулан бүртгэсэн нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулж бүртгэх ба Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлийн дараах зарчмыг баримтална”, 5.1.6-д “зохицох” буюу орлого, зардал уялдах зарчимд нийцэхээр байна.

7. Энэ талаарх хариуцагч нарын тайлбар хууль зүйн үндэслэлтэй.

8. Маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2006 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр, 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн байдаг ба нэмэгдсэн өртгийн албан татварыг тайлагнахтай холбоотойгоор дээрх орон сууцны барилгын борлуулалтыг орлогоор хүлээн зөвшөөрч тайлагнаагүй байгаа нь хэрэгт авагдсан тайлан бүхий баримтууд, хариуцагчийн тайлбараар тогтоогдож, энэ нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8-д “Энэ хуулийн 14.1-д заасны дагуу тухайн сард хийх хасалтын хэмжээ нь мөн хугацаанд төлбөл зохих албан татварын дүнгээс их байвал татварын алба дараах байдлаар зохицуулна”, 14.8.1-д “дараагийн сар, улирал, жилд төлөх албан татварт шилжүүлэн тооцох”, 14.8.2-д “хууль тогтоомжийн дагуу төсөвт төлөх бусад төрлийн татварын төлбөрт шилжүүлэн тооцох” 14.8.3-д “татвар төлөгчид буцаан олгох” гэж зааснаар тайлагнах хугацаанд худалдан авалтад төлсөн илүү гарсан төлөлтийг эхний ээлжид дараагийн тайлант хугацааны төлөх татварт шилжүүлэн тооцохоор хариуцагчаас шийдвэрлэсэн нь Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-д “... эсхүл энэ хуульд зааснаас өөрөөр татварын бусад хуульд заасан бол тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан татварын хуулийн зүйл, хэсэг, заалт давуу үйлчилнэ”, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4-д “илүү төлсөн татварыг буцаан олгох харилцааг тухайн төрлийн татварын хуулиар нарийвчлан зохицуулж болно” гэж заасантай нийцсэн, хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

9. Харин нэхэмжлэгч нь татвар төлөгчийн хувьд Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д “илүү төлсөн татварыг буцаан авах ...”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.11-д “... илүү төлсөн татварыг буцаан авах” эрхээ хэрэгжүүлэхийн тулд Татварын ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.7-д “... илүү төлөлтийг буцаан олгох зориулалттай данстай байх ...журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.9-д “... буцаан олголтыг хянан баталгаажуулах, ... журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасны дагуу тухайлбал, Сангийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журам”-аар зохицуулсны дагуу түүнчлэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Албан татвар суутган төлөгчийн илүү төлсөн албан татварыг дараах журмаар буцаан олгоно” гэж зааснаар нарийвчлан журамласны дагуу хүсэлт гаргах замаар эрхээ хэрэгжүүлээгүй болохыг тэмдэглээд нэхэмжлэгч хуулийн этгээд нь энэ талаар хүсэлт гаргах эрхэд энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэл гаргагчаас мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 49 дүгээр зүйлийн 49.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8, 14.8.1, 14.8.2, 14.8.3, 15 дугаар зүйлийн 15.9-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “О********** г****” ХХК-ийн “... 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “Суутган төлөгчийн албан татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 212000007 дугаар актаар “О********** г****” ХХК-ийн төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг баталгаажуулсан 832,727,652.9 төгрөгийг “О********** г****” ХХК-д буцаан олгохоос татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, 832,727,652.9 төгрөгийг төсвөөс гаргуулан “О********** г****” ХХК-д буцаан олгохыг Том татвар төлөгчийн газарт даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                У.БАДАМСҮРЭН