Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/91

 

 

 

 

 

 

 

2025     02        13                                            2025/ШЦТ/

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Нарийн бичгийн дарга Д.У

Улсын яллагч Э.Г

Шүүгдэгч П.Ү нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Ү-д холбогдох эрүүгийн 2525000000*** дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Х овгийн П-н Ү, Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ********* ********** төрсөн, ** настай, эмэгтэй, Дээд боловсролтой, Багш мэргэжилтэй, *************** ************* **************, ам бүл 5, нөхөр, хүүхдийн хамт ************** ************ ********* оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: *********/.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч П.Ү нь 2024 оны 12 дугаар сарын 20-ны шөнийн 02 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын ********* багийн 4-20-99 тоотод Б.Д-г ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь хөхөнд шарх, хүзүү, цээж, зүүн бугалга, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт, зүүн шуу, зүүн тавхайд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Ү-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Ү мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч хохиролгүй тул эрүүлгийн хариуцлагаас өгнө үү” гэв.

 

Хохирогч Ц.Д шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Б.Д-н “2024 оны 12 дугаар сарын 19-ний орой Хот тохижуулах газрын шинэ жил болоод ********* ресторанаас 23 цагийн үед гараад Зэст багт байрлах *********караокед үргэлжлүүлэн ажлын хамт олноороо сууж байгаад 20-ны шөнийн 02 цагийн орчим караоке хаагаад гэр гэртээ харих талаар яриад Ү-ыг хүргэж өгөх гээд явж байхад та нар намайг жийлээ, та хэд үргэлжлүүлэх гэж байна гэж хэлэхээр нь замдаа зогсоод ********* баг 4-20-99 тоотод манай гэрт 12 сарын 20-ны 02 цагийн орчим орж ирээд гаднаас хамт ажилладаг Т гэх залуу нэг шил 0.75 литрийн эдэн нэртэй архи нэг том ундаа авч орж ирээд бид хэд ундаа, архиа задлаад нэг нэг татаад би нойр хүрээд буйдан дээр хэвтээд унтсан. Тэгээд нэг мэдсэн дуу чимээ болоод хашгиралдаад байхаар нь сэрээд харсан чинь Ү Э-гүснэээс нь зулгаасан зогсож байхаар нь би тэд нарт хандаад юу болоод байна гэж асуухад М надад Ү Э руу гэнэт дайраад байна гээд Э гараад яваад өгсний дараа М Э-г яаж ганцааранг нь явуулах вэ хамт явлаа гээд гараад явсан. М, Ү бид гурав манай гэрт үлдээд сууж байхад Ү гэнэт ухас хийж над руу дайраад үснээс зулгаагаад байхаар нь хүүе миний дүү хүн андуураад байна уу Д эгч нь байна үс тавь гэж хэлэхэд тэр чигээрээ намайг үсдэж чирээд гал тогооны хана руу толгойгоор нэг удаа мөргүүлээд шал руу дараад хоёр удаа мөргүүлсэн. Тэгээд би чи тавь гээд орилоод тавихгүй байсан. М салгаад байж байхад шал угаадаг шалны модны төмөр ишээр баруун хөхний хажуу руу бас эгэм рүү хатгаад хөл гар руу нэг нэг удаа цохисон. Тэгээд гэнэт уучлаарай эгээ гээд намайг тэврээд уйлаад байхаар нь би эгч нь байна гэж хэлээд байхад эгчийгээ алах нь байна шүү дээ гэж хэлээд би бас уйлсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 16-р тал/

2. Хохирогч Б.Д-с  гаргаж өгсөн “биед учирсан гэмтлийг харуулсан” гэрэл зургууд. /хх-ийн 12-13-р тал/

3. Гэрч Г.Т-ын “Би соёрхол нэртэй 0.75 граммын архи, ундаа хоёр аваад Д эгчийнд ********* баг 4-20-99 тоот руу ороход Ү, М, М, Д, Э нар байж байсан. Би авч орсон архиа задлаад бүгдээрээ хувааж уугаад сууж байхад зарим нь амрах гээд байхаар нь гэр рүүгээ явъя гэж бодоод хувцасаа өмсөөд гарах гэж байхад Ү намайг чи Э-тай явалддаг гээд надад хэлэхээр нь би юу яриад байгаа юм гэж хэлсэн чинь намайг алгадаж цохиод, Э-н амарч байсан өрөө рүү Ү ороод сэрээгээд маргалдаад коридор руу хамт гараад ирсэн. Намайг хараад зогсож байхад Ү Э-н үснээс нь зулгаагаад унахаар нь болиоч гээд би Үыг татаж салгачихаад гараад явсан. Намайг Д эгчийн гэрт байхад Д эгч унтаж байсан маргалдсан зүйл болоогүй. Маргааш нь Э надад Д эгчийг Ү зодсон байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 18-р тал/

4. Гэрч Ч.М-ын “Э бид хоёр явж байхад ардаас М гар утас руу залгаад Ү Д хоёр барилцаад авлаа шүү дээ ирээч ээ гэж дуудахаар нь би цагдаад дуудлага өг гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд Э-н гэрт очоод орондоо ороод М рүү залгаад юу болов гэж асуухад энэ хоёр эвлэрсэн тэврэлдээд уйлалдаж байна гэж хэлэхээр нь би цагдаад дуудлага өгөх үү гэсэн чинь хэрэггүй ээ гэж хэлсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 20-р тал/

5. Гэрч В.Э-н “Намайг гарсны дараа Д эгчийг үсдэж дараад том өрөөний хана руу дагзаар нь мөргүүлсэн, бас шал арчдаг төмөр ишээр Д эгчийн хөх хэсэг рүү хатгасан гэж М надад маргааш нь уулзалдаад хэлсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 22-р тал/

6. Гэрч Л.М-ийн “Тэгээд Д эгчийнд Ү бид гурав үлдээд Д эгч Үыг эгчийн дүү юу болоод Э-тай маргалдаад байгаа юм бэ гэж асуугаад ярилцаж байхад Ү гэнэт Д эгчтэй барилцаж аваад Ү Д эгчийн үснээс зулгаагаад Д эгч бас Үын үснээс нь зулгаасан. Тэгээд тэр хоёрыг салгасны дараа Д эгч Үад эгчийгээ андуураад цохичихов уу Д эгч нь байна шүү дээ гээд хэлсэн. Ү Д эгчид өө тийм үү уучлаарай дүүгээ уучлаарай гэж хэлсний дараа тэр хоёр хоорондоо ярилцаж суугаад тайван байхаар нь би хэсэг унтаж амрах санаатай арын өрөөнд нь ороод хэсэг амарсны дараа дуу чимээ болоод би сэрээд жижиг өрөөнөөс гүйгээд гарч ирэхэд үүдэнд Ү зогссон Д эгч наана нь зогсож байсан. Д эгчийн баруун хөхний доор зулгараад хөхөрсөн маягтай байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 24-р тал/

7. Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 145 дугаартай “Б.Д-н биед баруун хөхөнд шарх, хүзүү, цээж, зүүн бугалга, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт, зүүн шуу, зүүн тавхайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Баруун хөхөнд шарх гэмтэл нь дангаараа, бусад гэмтэл нь нийтдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт. /хх-ийн 29-30-р тал/

8. Яллагдагч П.Ү-ын “Э-г чи айл гэр үймүүлж эхнэр хүүхдийг нь доромжиллоо гэж хэлээд маргалдаад харилцан зодолдсоноо санаж байна. Тэрнээс хойш Д эгчтэй маргалдах шаардлага байгаагүй харилцан зодолдсоноосоо болоод бусдад асуудлыг санахгүй байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 26-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Э.Г дүгнэлтдээ “Шүүгдэгч П.Ү нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 20-ны шөнийн 02 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын ********* багийн 4-20-99 тоотод Б.Д-г ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь хөхөнд шарх, хүзүү, цээж, зүүн бугалга, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт, зүүн шуу, зүүн тавхайд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ү-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Д-н “Ү гэнэт ухас хийж над руу дайраад үснээс зулгаагаад байхаар нь хүүе миний дүү хүн андуураад байна уу Д эгч нь байна үс тавь гэж хэлэхэд тэр чигээрээ намайг үсдэж чирээд гал тогооны хана руу толгойгоор нэг удаа мөргүүлээд шал руу дараад хоёр удаа мөргүүлсэн. Тэгээд би чи тавь гээд орилоод тавихгүй байсан. М салгаад байж байхад шал угаадаг шалны модны төмөр ишээр баруун хөхний хажуу руу бас эгэм рүү хатгаад хөл гар руу нэг нэг удаа цохисон” гэх мэдүүлэг, хохирогч Б.Д-н биед учирсан гэмтлийг харуулсан гэрэл зургууд, гэрч Г.Т-ын “Намайг Д эгчийн гэрт байхад Д эгч унтаж байсан маргалдсан зүйл болоогүй. Маргааш нь Э надад Д эгчийг Ү зодсон байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч Ч.М-ын “Э бид хоёр явж байхад ардаас М гар утас руу залгаад Ү Д хоёр барилцаад авлаа шүү дээ ирээч ээ гэж дуудахаар нь би цагдаад дуудлага өг гэж хэлээд утсаа тасалсан” гэх мэдүүлэг, гэрч В.Э-н “Намайг гарсны дараа Д эгчийг үсдэж дараад том өрөөний хана руу дагзаар нь мөргүүлсэн, бас шал арчдаг төмөр ишээр Д эгчийн хөх хэсэг рүү хатгасан гэж М надад маргааш нь уулзалдаад хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч Л.М-ийн “Ү гэнэт Д эгчтэй барилцаж аваад Ү Д эгчийн үснээс зулгаагаад Д эгч бас Үын үснээс нь зулгаасан, арын өрөөнд нь ороод хэсэг амарсны дараа дуу чимээ болоод би сэрээд жижиг өрөөнөөс гүйгээд гарч ирэхэд үүдэнд Ү зогссон Д эгч наана нь зогсож байсан. Д эгчийн баруун хөхний доор зулгараад хөхөрсөн маягтай байсан” гэх мэдүүлэг, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 145 дугаартай дүгнэлт, яллагдагч П.Үын “Э-гчи айл гэр үймүүлж эхнэр хүүхдийг нь доромжиллоо гэж хэлээд маргалдаад харилцан зодолдсоноо санаж байна. Тэрнээс хойш Д эгчтэй маргалдах шаардлага байгаагүй харилцан зодолдсоноосоо болоод бусдад асуудлыг санахгүй байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч П.Ү нь 2024 оны 12 дугаар сарын 20-ны шөнийн 02 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын ********* багийн 4-20-99 тоотод Б.Д-г ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь хөхөнд шарх, хүзүү, цээж, зүүн бугалга, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт, зүүн шуу, зүүн тавхайд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч П.Ү нь шууд санаатай үйлдлээр бусдын эрүүл мэндэд халдаж, хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Ү-ыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Д-н эрүүл мэндэд нь “хөхөнд шарх, хүзүү, цээж, зүүн бугалга, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт, зүүн шуу, зүүн тавхайд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор, уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Ү-давсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхэр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

      ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овгийн П-н Ү-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ү-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Ү-давсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ү нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Шүүгдэгч П.Ү-д одоногдуулсан торгох ялыг биелүүлэхийг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих байгууллагад даалгасугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А