| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 312/2025/0001/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/24 |
| Огноо | 2025-01-14 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/24
2025 01 14 2025/ШЦТ/
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж
Нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Э.Г
Хохирогч Т.Р
Хэлмэрч Б.Б
Шүүгдэгч Х.Энарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Э-д холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Е овгийн Х-н Э, Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр ******** ********* төрсөн, ** настай, эрэгтэй, бага боловсролтой, *********** *********, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт ************* ********** ************ оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, /РД: ************/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Х.Э нь 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******** багийн нутаг дэвсгэрээс **-***** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж такси үйлчилгээгээр үйлчлүүлэн “********” худалдааны төвийн ойролцоо буухдаа тус тээврийн хэрэгслийн жолооч Т.Р-ын Iphone 14 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан улмаар гар утасны гэрэнд байсан Хаан банкны ******** тоот данстай виза картны кодыг тааж оруулан 580 000 төгрөгийг Орхон молл худалдааны төвийн АТМ-с 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 16 цаг 44 минутад авсан, мөн тус өдөр Хаан банкны ********тоот данснаас 76 105 төгрөгийн гүйлгээ хийж нийт 2 456 105 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Э-ийг бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Э мэдүүлэхдээ “мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Т.Р мэдүүлэхдээ “Энэ хүнийг машинаар авч явсан, утас картаа алдсан. Хохирлыг төлсөн тул одоо гомдолгүй” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Т.Р-ын “Хаан банк”-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 4-6-р тал/
2. Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай “Тухайн банкнаас ирүүлсэн цагаан өнгийн СД-г нээж үзэхэд нэг дүрс бичлэг 2 ширхэг АТМ-ийн эгц урдаас авсан 2 эрэгтэй хүний зураг байлаа. Зураг №1,2 Үзлэгийг үргэлжлүүлэн 2 минутын дүрс бичлэгт үзлэг хийхээр тогтож эхлүүлэв. Дүрс бичлэгт он, сар, өдөр цаг байхгүй байх ба бичлэгийн цагаар 00:00:35 цагт цэнхэр өнгийн малгайтай цамцтай, ногоон өнгийн куртиктэй эрэгтэй АТМ-д ногоон өнгийн виза карт хийгээд 4 оронтой пин кодыг хийх ба шууд дансны үлдэгдлийг шалгаж байх ба дансны үлдэгдэл 584,184 төгрөг байгаа нь тодорхой бичигдсэн байлаа. 3ураг№3, Тухайн эрэгтэй картыг эргүүлэн сугалж аваад 00:01:25 цагт 580,000 төгрөгийг бэлнээр авна гэж дүнг оруулж байгаа нь дүрслэгдэн үлдсэн байх ба АТМ-с бэлнээр мөнгө гарч ирэхэд тухайн эрэгтэй аваад явж байгаа нь дүрслэгдэн үлдсэн байлаа... Дүгнэлт хэсэгт “...Орхон молл худалдааны төвийн Хаан банкны АТМ-с 16 цаг 44 минутад 580,000 төгрөгийг бэлнээр авч байгаа цэнхэр өнгийн малгайтай цамцтай, ногоон өнгийн куртиктэй эрэгтэй нь Хаан банкнаас ирүүлсэн нүүрэн талаас авсан АТМ-ын 2 зураг дээр тодорхой харагдах ба уг этгээд нь Хишигбулган овогтой Э /************/ гэх хүн болох нь тодорхой харагдаж зургаар таарч байлаа. Х.Эийн нэгдсэн сангийн зургийг хэвлэн үзлэгт хавсаргав” гэх тэмдэглэл, гэрэл зургууд. /хх-ийн 11-15- тал/
3. Хохирогч Т.Р-ын “2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 15 цагийн үед би гэрээсээ хүү Р.Х-тай хамт өөрийн **-***** улсын дугаартай усан цэнхэр өнгийн приус-30 загварын тээврийн хэрэгсэлтэйгээ хөдлөөд явж байтал ********гийн модны захын хойд талд 5-6 насны эмэгтэй хүүхдээ хөтөлсөн 60 орчим насны эрэгтэй гар өргөхөөр нь суулгасан ба тэр хүн хойд талын суудал дээр суусан. Удалгүй дахиад модны захын урдаас 50 орчим насны эмэгтэй гар өргөөд тухайн хүнийг бас суулгасан. Ингээд манай хүү Р.Х зорчигчийн яг арын суудал дээр, нөгөө хүүхэдтэй 60 орчим насны эрэгтэй хойд суудал дээр Р.Х хажууд голлож суугаад харин нөгөө 50 орчим насны эмэгтэй миний ард талд суусан. Ингээд бараан захын баруун талд “МТ” ШТС-н хажууд иртэл 50 орчим насны эмэгтэй 1,000 төгрөг өгөөд буусан, харин нөгөө хүүхэдтэй эрэгтэй ******** худалдааны төвийн ойролцоо буусан. Б уухдаа мөнгө шилжүүлж байна гээд байсан би сайн анзаараагүй. Тэгээд тэр хоёр хүнийг буулгаад хүү Р.Х-с өөрийнхөө Iphone 14 загварын цагаан өнгийн утсаа авах гэтэл Р.Х куртикнийхээ баруун талын халаасанд хийсэн чинь алга болчихсон байна гэсэн. Тэгээд бодсон чинь би хүүдээ гэрээс гараад явж байхдаа ээжтэйгээ яриарай гээд утсаа өгсөн. Удалгүй нөгөө хүүхэдтэй эрэгтэй хүн суусан. Тэгэхээр тэр хоёр хүн буусны дараа манай хүү утас байхгүй байна гэсэн. Манай машинд тэр хоёроос өөр хүн суугаагүй тэгэхээр манай хүүгийн хажууд тэр эрэгтэй яг баруун талд суусан тэгэхээр тэр хүүхэдтэй эрэгтэй авсан байх. Тэгээд утсаа хайгаад олоогүй ба маргааш нь дансаа үзтэл миний тэтгэвэр авдаг Хаан банкны ******** тоот данснаас 580,000 төгрөг алга болчихсон, мөн Хаан банкны ********тоот данснаас 76,000 төгрөгийн бараа худалдан авчихсан байхаар нь хоёр дансаа хаалгасан. Миний алга болсон утасны гэр дотор миний хоёр Хаан банкны виза карт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх байсан юм. Тэтгэвэр авдаг виза картны нууц үг 0000 гээд амархан байсан болохоор таагаад авчихсан байж магадгүй харин нөгөө карт нь өөр байсан болохоор чипээр нь уншуулж дэлгүүрээс юм авсан байх шиг байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 18-р тал/
4. “Ашид билгүүн” ХХК-ны шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ОРХ/11334 дугаартай “Iphone 14 загварын гар утсыг 1,800,000 төгрөгөөр үнэлсэн” гэх дүгнэлт. /хх-ийн 23-28-р тал/
5. Сэжигтэн Х.Э-ийн “Таксинд явж байхад сандалны ард гар утас чичрээд байхаар нь авсан бөгөөд тухайн таксинаас буух үедээ тэр утсыг аваад буусан. Тэр утасны гэрэнд 2 виза карт, бичиг баримтууд байсан ба бичиг баримтыг нь 5-р сургуулийн хогийн саванд хийгээд хаясан, нэг виза картынх нь кодыг таагаад 0000 гэж хийсэн чинь дотор нь 580,000 төгрөг байхаар нь бэлэн мөнгөөр авсан. Нөгөө картынх нь кодыг тааж оруулаагүй тул дэлгүүр ороод 76,000 төгрөг худалдан авалт хийсэн” гэх мэдүүлэг. /хх-н 33-34-р тал/
6. Хаан банкны 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 24/718 дугаартай “******** дансны тогтоолд заасан 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 16 цаг 44 минутад АТМ1616-С 580,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн АТМ-ийн байршил нь Орхон молл худалдааны төвийн гадна байрлах АТМ болон зарлага хийгдсэн хяналтын камерын бичлэгүүдийг хүргэв” гэх албан бичиг. /хх-ийн 57-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Э.Г дүгнэлтдээ “Шүүгдэгч Х.Э нь 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******** багийн нутаг дэвсгэрээс **-***** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж такси үйлчилгээгээр үйлчлүүлэн “********” худалдааны төвийн ойролцоо буухдаа тус тээврийн хэрэгслийн жолооч Т.Р-ын Iphone 14 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан улмаар гар утасны гэрэнд байсан Хаан банкны ******** тоот данстай виза картны кодыг тааж оруулан 580,000 төгрөгийг Орхон молл худалдааны төвийн АТМ-с 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 16 цаг 44 минутад авсан, мөн тус өдөр Хаан банкны ********тоот данснаас 76,105 төгрөгийн гүйлгээ хийж нийт 2,456,105 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг үйлсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай байна” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Т.Р-ын “Хаан банк”-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд, хохирогч Т.Р-ын “тэр хоёр хүнийг буулгаад хүү Р.Х-с өөрийнхөө Iphone 14 загварын цагаан өнгийн утсаа авах гэтэл Р.Х куртикнийхээ баруун талын халаасанд хийсэн чинь алга болчихсон байна гэсэн. Тэгээд бодсон чинь би хүүдээ гэрээс гараад явж байхдаа ээжтэйгээ яриарай гээд утсаа өгсөн. Удалгүй нөгөө хүүхэдтэй эрэгтэй хүн суусан. Тэгэхээр тэр хоёр хүн буусны дараа манай хүү утас байхгүй байна гэсэн. Манай машинд тэр хоёроос өөр хүн суугаагүй тэгэхээр манай хүүгийн хажууд тэр эрэгтэй яг баруун талд суусан тэгэхээр тэр хүүхэдтэй эрэгтэй авсан байх. Тэгээд утсаа хайгаад олоогүй ба маргааш нь дансаа үзтэл миний тэтгэвэр авдаг Хаан банкны ******** тоот данснаас 580,000 төгрөг алга болчихсон, мөн Хаан банкны ********тоот данснаас 76,000 төгрөгийн бараа худалдан авчихсан байхаар нь хоёр дансаа хаалгасан. Миний алга болсон утасны гэр дотор миний хоёр Хаан банкны виза карт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх байсан юм. Тэтгэвэр авдаг виза картны нууц үг 0000 гээд амархан байсан болохоор таагаад авчихсан байж магадгүй харин нөгөө карт нь өөр байсан болохоор чипээр нь уншуулж дэлгүүрээс юм авсан байх шиг байсан” гэх мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ны шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ОРХ/11334 дугаартай дүгнэлт, сэжигтэн Х.Э-ийн “таксинаас буух үедээ тэр утсыг аваад буусан. Тэр утасны гэрэнд 2 виза карт, бичиг баримтууд байсан ба бичиг баримтыг нь 5-р сургуулийн хогийн саванд хийгээд хаясан, нэг виза картынх нь кодыг таагаад 0000 гэж хийсэн чинь дотор нь 580,000 төгрөг байхаар нь бэлэн мөнгөөр авсан. Нөгөө картынх нь кодыг тааж оруулаагүй тул дэлгүүр ороод 76,000 төгрөг худалдан авалт хийсэн” гэх мэдүүлэг, Хаан банкны 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 24/718 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Х.Энь 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******** багийн нутаг дэвсгэрээс **-***** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж такси үйлчилгээгээр үйлчлүүлэн “********” худалдааны төвийн ойролцоо буухдаа тус тээврийн хэрэгслийн жолооч Т.Р-ын Iphone 14 загварын гар утсыг авч, гар утасны гэрэнд байсан Хаан банкны ******** тоот данстай виза картны кодыг тааж оруулан 580,000 төгрөгийг Орхон молл худалдааны төвийн АТМ-с 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 16 цаг 44 минутад авсан, мөн тус өдөр Хаан банкны ********тоот данснаас 76,105 төгрөгийн гүйлгээ хийж, нийт 2 456 105 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.Э нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй, нууцаар, хууль бусаар авч 2 456 105 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Э-ийг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Р-т 2 456 105 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирлыг бүрэн төлж барагдуулсан байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгийн 1.2-д заасан хохирол төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг төлсөн байх тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээг хэрэглэх боломжтой гэж үзэв.
Шүүгдэгч Х.Э-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээг хэрэглэсэн шийдвэрийг биелэлтэд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хуурцагийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Е овгийн Х-н Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлэгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хураагдсан 1 ширхэг хуурцагийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А