| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2025/0014/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/47 |
| Огноо | 2025-01-23 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/47
2025 01 23 2025/ШЦТ
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж
Нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Н.Д
Хохирогч П.М
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М
Шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Э-т холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
У овгийн Ц-н Э, Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ************** *********** төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ************ ***********, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт *************** *************** оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД: ***********/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Ц.Э нь 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын *********** багийн 6 дугаар байрны гадна болон 6-4 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч П.М-г зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эрүүл мэндэд нь “1 шүдний булгарал, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, умдаг, баруун, зүүн гуянд цус хуралт, зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт, дух, баруун, зүүн хацар, хамрын нуруунд зулгаралт, баруун шуу, цээжинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Э-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Э мэдүүлэхдээ “Тэр үед архи хэтрүүлэн хэрэглэсэн байсан тул сайн санахгүй байна, миний буруу” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч П.М мэдүүлэхдээ “Намайг түлхэж унагаад боосон, тэгээд зугтаагаад явсан. Өөр зүйл санахгүй байна, гомдолгүй. Одоо архи уухгүй байгаа” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Аюулын зэргийн үнэлгээний “аюулын зэргийн үнэлгээ өндөр” гэх тэмдэглэл. /хх-ийн 14-16-р тал/
2. Гэр бүлийн нөхцөл байдлын “хоёр хүүхэд хүчирхийлэлд өртөөгүй, согтууруулах ундааг П.М, Ц.Э нар нь хэтрүүлэн хэрэглэдэг, өөрийн гэсэн гэр оронтой, хүүхэд сургуульд бүрэн хамрагддаг, хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ “хүүхдүүд аав, ээж зодож, загнадаггүй гэв” гэх үнэлгээ. /хх-ийн 22- 31-р тал/
3. Хохирогч П.М-гийн “2024 оны 10 дугаар сарын 16-ны өглөө манай нөхрийн найзууд гэх 2 залуу Улаанбаатар хотоос Этэд ирээд манай нөхөр болох Ц.Э-ыг дуудсан. Тэгээд Ц.Э болон би өөрөө мөн Ц.Э-ын 2 найзтай дөрвүүлээ нийлээд дэлгүүр лүү гараад дэлгүүрээс Агар нэртэй 0.75 литрийн савалгаатай архи 1 шилийг, Сэнгүр нэртэй 2.4 литрийн савлагаатай пиво нэгийг аваад *********** багийн ********* арын ууланд гарч уусан. Би тухайн пивоноос нь 1 аяга уучхаад салаад Т, Э, Э нарын хамтаар ********* 5 дугаар байрны байрны ард хэсэгт архи, пиво уусан. Тэгээд би тэрнээс цааш юу болсон талаар мэдэхгүй байна. Тэгээд би тухайн өдрийн орой /цаг хугацаа санахгүй байна/ ухаан ороод сэрэхэд гэртээ сэрсэн. Намайг сэрэх үед манай нөхөр Ц.Э нь над руу үнсний сав шидээд байсан. Тухайн үед би Ц.Э-ын шидсэн үнсний савнаас бултсан чинь манай хүү М.Б оногдчихсон юм. Тэгээд манай хүү М.Б нь гарч гүйгээд цагдаад дуудлага өгсөн байсан. Тэгээд цагдаа нар ирээд Ц.Э-ыг болон намайг аваад цагдаагийн газарт очсон. Тухайн асуудлаас болж миний 1 шүд унасан, нүүр болон хэд хэдэн газарт зулгарсан байсан, Ц.Э нь над руу үнсний сав шидээд байсан. Миний хоолойг боосон ба Ц.Э нь урьд өмнө 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр намайг зодоод, 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр шүүхээс 7 хоногийн хугацаатай баривчлах шийтгэл шийтгүүлсэн байсан. Миний бие гомдолгүй. Намайг эмнэлгээр авч явж шүд хийлгэсэн. Сэтгэцэд учирсан хор уршигаа тогтоолгох шаардлагагүй, миний зүгээс сэтгэл санааны хор уршиг нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 34-35, 37-р тал/
4. Насанд хүрээгүй гэрч М.Д-н“Би тухайн өдөр хичээлдээ суучихаад тараад орой 18 цаг өнгөрч байхад гэрлүүгээ буюу Орхон аймаг Баян-Өндөр сум *********** баг ********* 6 дугаар байр ирж явахад манай аав ээж хоёр маань ********* 5 дугаар байрны хажууд согтуу хоорондоо зодолдоод байж байсан. Тэгээд дүү бид хоёр хажууд нь очиход манай ээжийг түлхэж унагаагаад зугтаачихсан юм. Тэгээд ээж босож ирээд аавын араас гүйсэн. Би дүүгээ дагуулаад ээжийнхээ араас дагаад явж байсан чинь ээж намайг аавынхаа араас гүйгээдэх гэхээр нь би аавын араас дүүгийнхээ хамтаар гүйж очоод аавыг гэрлүүгээ оръё л доо гэсэн чинь аав миний үгэнд ороогүй, манай дүүг аав зайл гээд хөөгөөд байсан. Тухайн үед манай дүү ааваас айгаад байна гэхээр нь би дүүг аваад *********** баг ********* 6-4 тоотод гэртээ орсон. Удалгүй аав, ээж хоёр гэртээ ирсэн. Хэсэг хугацааны дараа ээж аав хоёр гэртээ орж ирсэн. Гэрт орж ирснээс хойш ээж, аав хоёр дахиж хоорондоо зодолдоод байсан. Ээж аавд түлхүүлж унаад босож ирэхдээ нүүр болон амнаас нь цус гарсан байдалтай нүүр нь шалбарсан байсан. Аав архи уухаараа ээжийг зоддог. Бас дүүжилж ална чамайг гээд ээж рүү уурладаг. Манай аав гэр бүлийн гишүүдтэйгээ хэвийн энгийн харилцаатай байдаг, архи уухаараа л догшин зантай болчихдог” гэх мэдүүлэг. /хх-ийн 39-40-р тал/
5. Гэрч С.А-н “2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 17:30 цагийн орчимд намайг цэцэрлэгээс хүүхдээ авчихаад гэрлүүгээ орж явахад Э Т, О, Ц.Э, П.М нар нь ********* 6-р байрны ертөнцийн зүгээр урд хэсэгт нь сууцгааж харагдсан. Тухайн үед П.М нь их согтолттой, нөхөртэйгээ буюу Ц.Э-тай маргалдаад сууж байсан. Тэгээд би гэр рүүгээ орсон. Зодоон хийж надтай тааралдаагүй. Харин орой нь буюу 2024 оны 10 дугаар сарын 16-ны орой 19 цаг өнгөрч байхад манай гэрийн цонхыг тогших чимээ гарахаар нь би цонхон дээр ирсэн чинь П.М-гийн 2 хүүхэд нь цонхны доор ирчихсэн байсан. Тэгээд би юу болсон гэж асуусан чинь охин нь надад хэлэхдээ “аниа манай ээжийг аав чирээд, өшиглөөд хамар, амнаас нь цус гаргаад хаячихлаа. Та цагдаа дуудаад өгөөч, ээж, аавын араас хөөгөөд явчихлаа” гэхээр нь би тухайн үед нь цагдаад дуудлага өгөөгүй юм. Тэгээд би тухайн үед П.Мгийн 2 хүүхдээс асуугаад аниа нь цагдаад дуудлага өгчихвөл ээж, аав хоёрыг нь цагдаа аваад явчихна шүү дээ болох юм уу гэсэн чинь охин нь заа за тэгвэл цагдаад дуудлага битгий өгөөрэй гэсэн. Тэгэхээр нь би П.М-гийн 2 хүүхдийг гэрлүүгээ орж бай. Аав ээж 2 нь учир зүгээ олоод гэртээ орох байлгүй дээ та хоёр гэртээ ороод байж бай гэж хэлсэн чинь тэр 2 хүүхэд нь гэрлүүгээ явсан. Тэгээд удалгүй 2 хүүхэд нь буцаад гүйж ирээд хүү нь “аниа аав намайг ална гээд хөөгөөд байна. Аав намайг алах гээд байна” гээд манай гэрт ороод ирсэн юм. Тэгээд би цагдаад дуудлага өгөх гээд байж байтал П.М нь согтуу ирчихсэн манай гэрийн хаалгыг тогшсон. Би тэгээд хаалгаа онгойлгосон чинь нүүр нь зулгарч шалбарчихсан, уруул нь хавдсан байдалтай, хувцас нь цус болсон байсан. Тэгээд О, Б гэртээ оръё, аав чинь хаана байна гээд 2 хүүхдээ аваад гарсан. Тэгээд удалгүй 2-3 минутын дараа М.Б нь уйлчихсан ганцаараа дахиад манай гэрт гүйж орж ирсэн. Тэгээд би М.Б-ээс яасан гэж асуусан чинь аав над руу үнсний сав шидээд оночихлоо намайг ална гээд байна гэхээр нь би цагдаад дуудлага өгчихөөд М.Б-ийг цагдаа иртэл гэртээ байлгаж байгаад цагдаа ирэхэд би М.Б-ийг гэрт нь оруулж өгсөн. Тэгээд би дуудлагаар ирсэн цагдаад нь М Т-гийн өмнөөс нь өргөдөл гараараа бичиж өгөөд П.М-гаар өөрөөр нь гарын үсгийг нь зуруулсан. Тухайн үед П.М нь дуудлагаар ирсэн цагдаад хандаад би гомдолтой байна. Манай нөхөр намайг ингэж зодсон. Намайг ингэж дээрэлхэж болохгүй шүү дээ гээд уйлаад байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 42-43-р тал/
6. Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Э.Батбаярын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 893 дугаартай “Л.М Т-гийн биед 1 шүдний булгарал, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, умдаг, баруун, зүүн гуянд цус хуралт, зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт, дух, баруун, зүүн хацар, хамрын нуруунд зулгаралт, баруун шуу, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх 1 шүдний булгарал, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, умдаг, баруун, зүүн гуянд цус хуралт, зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт, дух, баруун, зүүн хацар, хамрын нуруунд зулгаралт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Бусад гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө нь үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх 1 шүдний булгарал, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дан дангаараа бусад умдаг, баруун, зүүн гуянд цус хуралт, зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт, дух, баруун, зүүн хацар, хамрын нуруунд зулгаралт гэмтэл нь нийтдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх 1 шүдний булгарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна” гэх дүгнэлт. /хх-ийн 56-57-р тал/
7. Шинжээч эмч Э.Батбаярын “Баруун үүдэн шүднээс баруун тийш тоолоод 2 дахь шүд буюу 12 дугаар шүдийг хэлнэ. Арван хоёр дугаар шүдэнд булгаралт гэмтэл тогтоогдсон” гэх мэдүүлэг. /хх-ийн 51-р тал/
8. Яллагдагч Ц.Э-ын “2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр эхнэр МТ, танилууд болох Я, ЭТ, Т нарын хамт согтууруулах ундааны зүйл гэрийнхээ гадаа уусан. Хоёр шил архи тавуулаа уусан. Би эхнэрээ зодсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Цаашид дахиж ийм зүйл болохгүй, зарим зүйлээ санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 69-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч Ц.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын *********** багийн 6 дугаар байрны гадна болон 6-4 тоотод хамтран амьдрагч буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай П.М-г зодож эрүүл мэндэд нь “1 шүдний булгарал, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, умдаг, баруун, зүүн гуянд цус хуралт, зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт, дух, баруун, зүүн хацар, хамрын нуруунд зулгаралт, баруун шуу, цээжинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч С.Д-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан Аюулын зэргийн үнэлгээний “аюулын зэргийн үнэлгээ өндөр” гэх тэмдэглэл, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, хохирогч П.М-гийн “Намайг сэрэх үед манай нөхөр Ц.Э нь над руу үнсний сав шидээд байсан. Тухайн үед би Ц.Э-ын шидсэн үнсний савнаас бултсан чинь манай хүү М.Б оногдчихсон юм. Тухайн асуудлаас болж миний 1 шүд унасан, нүүр болон хэд хэдэн газарт зулгарсан байсан, Ц.Э нь над руу үнсний сав шидээд байсан. Миний хоолойг боосон ба Ц.Э нь урьд өмнө 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр намайг зодоод, 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр шүүхээс 7 хоногийн хугацаатай баривчлах шийтгэл шийтгүүлсэн байсан” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч М.Д-н“манай аав ээж хоёр маань ********* 5 дугаар байрны хажууд согтуу хоорондоо зодолдоод байж байсан. Тэгээд дүү бид хоёр хажууд нь очиход манай ээжийг түлхэж унагаагаад зугтаачихсан юм. Тэгээд ээж босож ирээд аавын араас гүйсэн. Гэрт орж ирснээс хойш ээж, аав хоёр дахиж хоорондоо зодолдоод байсан. Ээж аавд түлхүүлж унаад босож ирэхдээ нүүр болон амнаас нь цус гарсан байдалтай нүүр нь шалбарсан байсан. Аав архи уухаараа ээжийг зоддог. Бас дүүжилж ална чамайг гээд ээж рүү уурладаг” гэх мэдүүлэг, гэрч С.А-н “2024 оны 10 дугаар сарын 16-ны орой 19 цаг өнгөрч байхад манай гэрийн цонхыг тогших чимээ гарахаар нь би цонхон дээр ирсэн чинь П.Мгийн 2 хүүхэд нь цонхны доор ирчихсэн байсан. Тэгээд би юу болсон гэж асуусан чинь охин нь надад хэлэхдээ “аниа манай ээжийг аав чирээд, өшиглөөд хамар, амнаас нь цус гаргаад хаячихлаа. Та цагдаа дуудаад өгөөч, ээж, аавын араас хөөгөөд явчихлаа” гэхээр нь би тухайн үед нь цагдаад дуудлага өгөөгүй юм. П.М нь согтуу ирчихсэн манай гэрийн хаалгыг тогшсон. Би тэгээд хаалгаа онгойлгосон чинь нүүр нь зулгарч шалбарчихсан, уруул нь хавдсан байдалтай, хувцас нь цус болсон байсан” гэх мэдүүлэг, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 893 дугаартай дүгнэлт, шинжээч Э.Батбаярын “Баруун үүдэн шүднээс баруун тийш тоолоод 2 дахь шүд буюу 12 дугаар шүдийг хэлнэ. Арван хоёр дугаар шүдэнд булгаралт гэмтэл тогтоогдсон” гэх мэдүүлэг,яллагдагч Ц.Э-ын “2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр эхнэр МТ, танилууд болох Я, ЭТ, Т нарын хамт согтууруулах ундааны зүйл гэрийнхээ гадаа уусан. Хоёр шил архи тавуулаа уусан. Би эхнэрээ зодсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Цаашид дахиж ийм зүйл болохгүй, зарим зүйлээ санахгүй байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ц.Э нь 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын *********** багийн 6 дугаар байрны 6-4 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч П.М-г зодож эрүүл мэндэд нь “1 шүдний булгарал, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, умдаг, баруун, зүүн гуянд цус хуралт, зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт, дух, баруун, зүүн хацар, хамрын нуруунд зулгаралт, баруун шуу, цээжинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Э нь шууд санаатай үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч П.М-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Э-ыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч П.М-гийн эрүүл мэндэд нь “1 шүдний булгарал, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, умдаг, баруун, зүүн гуянд цус хуралт, зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт, дух, баруун, зүүн хацар, хамрын нуруунд зулгаралт, баруун шуу, цээжинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овгийн Ц-н Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-т оногдуулсан 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Ц.Э-т оногдуулсан торгох ялыг биелүүлэхийг Орхон аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газар, 437-р нээлттэй хорих ангид даалгасугай.
6. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А