| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2025/0018/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/65 |
| Огноо | 2025-01-31 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2025/ШЦТ/65
2025 01 31 2025/ШЦТ/
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж,
Нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Э.Г
Шүүгдэгч Ш.Т нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Т-т холбогдох эрүүгийн 2425000000791 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Д овгийн Ш-н Т, Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ********** ************ төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, ************ *********, ам бүл 2, дүүгийн хамт ***************** *************** оршин суух хаягтай, Орхон аймгийн сум дундын шүүхийн 2004 оны 07 сарын 23-ны өдрийн *** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, /РД: ********/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.Т нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 11 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******** багийн нутаг дэвсгэрт Hyundai Sonata-6 маркийн **-*****улсын дугаартай тээврийн хэрэгслийг 0.51 хувийн согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон, үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ************ багийн нутаг дэвсгэрт буюу “Хивсний үйлвдэр”-ийн уулзварт Hyundai Sonata-6 маркийн **-*****улсын дугаартай тээврийн хэрэгслийг 0.99 хувийн согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцон авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.Т-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа согтууруулах ундаа хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Т мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн тэмдэглэл. /хх-ийн 3, 47-р тал/
2. Драгер багажийн хэвлэмэл хуудас /хх-ийн 4, 48-р тал/
3. Цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл. /хх-ийн 9-10, 51-53-р тал/
4. Гэрч Э.С-н “2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 12 цагийн орчим Хивсний уулзварын пост дээр ахлагч Б-н хамтаар шалгалт хийж байхад **-*****улсын дугаартай Соната маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь хамгаалах бүсгүй явж байхаар нь зогсоон шалгахад жолооч Ш.Т гэгчээс согтууруулах ундааны зүйл үнэртсэн юм. Улмаар түүнийг драгер багажаар шалгахад 0,99 хувийн согтолттой гарсан. Мөн тэрээр өмнө нь эрхээ хасуулчихсан байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 13-р тал/
5. Гэрч О.Ж-н “2024 оны 11 дүгээр сарын 22-ны орой 17 цагаас Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үүрэг гүйцэтгэж ажилласан. Энэ үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******** багийн нутаг дэвсгэрт зам дээр тээврийн хэрэгслүүдэд хяналт шалгалт хийж байх үед **-*****улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг зогсоож шалгах үед Ш-н Т гэх иргэн байсан ба 2024 оны 07 дугаар сард тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан. Тухайн жолоочийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг согтуурал хэмжигч багажаар шалгаж үзэхэд 0,51 хувь согтолтын зэрэгтэй байсан учраас цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгөөд тээврийн хэрэгслийг түр саатуулсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 55-р тал/
6. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ЗШ/1064 дугаартай “Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар зөрчилд холбогдогч Ш-н Тын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан” шийтгэвэр /хх-ийн 40-42-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Э.Г дүгнэлтдээ “Шүүгдэгч Ш.Т нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 11 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******** багийн нутаг дэвсгэрт Hyundai Sonata-6 маркийн **-*****улсын дугаартай тээврийн хэрэгслийг 0.51 хувийн согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон, мөн үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ************ багийн нутаг дэвсгэрт буюу “Хивсний үйлвдэр”-ийн уулзварт Hyundai Sonata-6 маркийн **-*****улсын дугаартай тээврийн хэрэгслийг 0.99 хувийн согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцон авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн тэмдэглэл, драгер багажийн хэвлэмэл хуудас, цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Э.С-н “2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 12 цагийн орчим Хивсний уулзварын пост дээр ахлагч Б-н хамтаар шалгалт хийж байгаад **-*****улсын дугаартай Соната маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь хамгаалах бүсгүй явж байхаар нь зогсоон шалгахад жолооч Ш.Т гэгчээс согтууруулах ундааны зүйл үнэртсэн юм. Улмаар түүнийг драгер багажаар шалгахад 0,99 хувийн согтолттой гарсан” гэх мэдүүлэг, гэрч О.Ж-н “2024 оны 11 дүгээр сарын 22-ны орой 17 цагаас Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үүрэг гүйцэтгэж ажилласан. Энэ үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******** багийн нутаг дэвсгэрт зам дээр тээврийн хэрэгслүүдэд хяналт шалгалт хийж байх үед **-*****улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг зогсоож шалгах үед Ш-н Т гэх иргэн байсан ба 2024 оны 07 дугаар сард тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан. Тухайн жолоочийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг согтуурал хэмжигч багажаар шалгаж үзэхэд 0,51 хувь согтолтын зэрэгтэй байсан учраас цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгөөд тээврийн хэрэгслийг түр саатуулсан” гэх мэдүүлэг, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ЗШ/**** дугаартай шийтгэвэр зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.Т нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 11 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******** багийн нутаг дэвсгэрт Hyundai Sonata-6 маркийн **-*****улсын дугаартай тээврийн хэрэгслийг 0.51 хувийн согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ************ багийн нутаг дэвсгэрт буюу “Хивсний үйлвдэр”-ийн уулзварт Hyundai Sonata-6 маркийн **-*****улсын дугаартай тээврийн хэрэгслийг 0.99 хувийн согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Ш.Т нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа үргэлжилсэн 2 удаагийн үйлдлээр согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.Т-ыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад хохирол учраагүй байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бусад нөхцөл байдалын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчид оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овгийн Ш-н Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Т-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Т оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих ангид даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А