Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 132/ШШ2017/00455

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******ийн ******* -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Булган аймгийн ******* сумын Засаг даргад холбогдох,

ажилд эргүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалинтай хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах тухай 132/2017/00412/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн,

Хариуцагч: Булган аймгийн ******* сумын Засаг дарга,

Гэрч: *******ын *******, нарийн бичгийн дарга Ц.Мичидмаа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.******* миний бие нь төрийн үйлчилгээний байгууллагын удирдах ажилтныг сонгон шалгаруулах журмын дагуу сонгон шалгаруулалтанд тэнцсэний улмаас ******* сумын Эрүүл мэндийн төвийн даргаар 2016 оны 7 дугаар сараас томилогдон ажиллаж байгаад 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ******* сумын засаг даргын Б/20 тоот тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Намайг ажлаас халахдаа үндэслэл болгож буй зөрчлүүд нь зарим талаар үнэнд нийцэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Архидан согтуурсан тухайд 2017 оны 2 дугаар сард цагаан сарын дараахан Засаг даргын зөвлөлийн хурал болж намайг согтуу байна гэх асуудал ярьсан. Цагаан сар тэмдэглээд урьд өдөр нь согтууруулах ундаа хэрэглэсэн байснаас биш тэр өдөр хэрэглээгүй байсан. Дараа нь хамт олноо зам тавих ажил хийж байхад очиход манай ажилтнууд бүгд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ба надад өгөхөөр нь би уусан. Энэ үйлдэлдээ захиргааны арга хэмжээ авагдаж 5 дугаар сарын 26-ны өдөр 1 сар цалингийн 20 хувь хасуулах арга хэмжээ авахуулсан. Үүнээс хойш согтууруулах ундаа хэрэглээгүй. Албан хаагчаасаа хээл хахууль нэхсэн гэх асуудлыг сумын ёс зүйн зөвлөл гэгчээр хэлэлцүүлээд тодорхой шийдэлд хүрэлгүй бид тогтоож чадахгүй юм байна цагдаагийн байгууллагаар шалгуулъя гэж тогтсон. Гэтэл шалгуулж үнэн мөнийг нь ололгүйгээр зөрчил гаргасан гэж үзсэнийг зөвшөөрөхгүй. Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг туйлын хангалтгүй гүйцэтгэж байгаа нь холбогдох байгууллагын зөвлөмжөөр нотлогдсон гэсэн. Гэтэл Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын халдвар хамгаалал,  эм зүй,  эмчилгээ хариуцсан гэх мэт эрүүл  мэндийн салбар хариуцсан байцаагч нарын 2017 онд /1, 3, 6 сард/ шалгасан 3 удаагийн шалгалтаар амжилттай дүн үзүүлж, манай байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна гэж үнэлсэн байдаг. Харин Аймгийн Эрүүл мэндийн төв манай бүх ажлыг харлуулан дүгнэж түүнийг нь үндэслэн Засаг дарга ажлаас чөлөөлж буй нь эртнээс төлөвлөсөн ажил гэж үзэж байна. Миний бие тус суманд ажиллах хугацаандаа сумын Эрүүл мэндийн төвийг дулааны шугамд холбуулах, автомашинтай болгох, эмийн өргүй болгох, уламжлалт эмчилгээний кабинет байгуулж, лабораторигүй байсныг бий болгож лаборант ажиллуулсан, эмчийн орон тоог нэгээр нэмэгдүүлж эх барих эмэгтэйчүүдийн эмчтэй болсон. Хамт олны бүтээлч уур амьсгалыг бий болгоход анхаарч сумаас зохион байгуулсан нийтийг хамруулсан ажилд манлайлан оролцуулж ирсэн. Би 8 дугаар сарын 1-ний өдрөөс амрахаар ярилцаж тохирсон тул 7 дугаар сард ганцаараа ажилласан. 7 дугаар сарын 24-ний орой тэр хүнийг сахиад ажил дээрээ байхад намайг дуудаж ажлаас халсан тушаалыг өгсөн. 7 дугаар сарын 24-ний өдөр би ажилласан ба өөр эмчгүй байхад намайг халсан нь хүний амь засаг даргад хамаагүй бололтой. Иймд би тушаалд дурдсан дутагдлуудыг хүлээн зөвшөөрөхгүй тул ажилдаа эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 128 лугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу хандаж буйг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Намайг ажиллах хугацаанд сумын удирдлага хамтран ажиллахын оронд байнга шахалт дарамт үзүүлж ирсэн. Тухайлбал 2017 оны зун тус суманд нүүж очсон байхад Төрийн албаны тухай хуулийн дагуу олгогдох нүүж ирсний зардлыг олгоогүй, аймгаас зохион байгуулсан удаа дараагийн сургалт семинарт явах томилолтонд Засаг дарга гарын үсэг зурж өгдөггүйгээс нэг ч томилолт аваагүй, мөн улирал бүр дүгнэн олгогддог үр дүнгийн урамшууллыг энэ оны 1, 2 улиралд олгоогүй /олгуулахаар материалаа Засаг даргад өгөхө ямар ч хариу өгөөгүй/, ажлаас халсан тушаалд холбогдох тооцоог хууль журмын дагуу хийж гүйцэтгэхийг нягтлан бодогчид даалгасан боловч өнөөдрийг хүртэл 7 дугаар сард ажилласан хугацааны болон илүү цагийн мөнгө, ажилласан хугацааны амралтын мөнгийг олгоогүй байна гэв.

Хариуцагч Х.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус сумын Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан *******ийн *******ыг сумын Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/20 тоот захирамжаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Үүрэгт ажлаас нь чөлөөлөхөд үндэслэл болгож буй зөрчлүүдээс нь дурьдвал:

1.  2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 14 цагт Засаг даргын Зөвлөлийн хурал болоход Эрүүл мэндийн төвийн дарга Д.******* нь архи ихээр үнэртүүлсэн, ямар ч хуралд суухаар ирсэн шинжгүй, үл хүндэтгэсэн байдалтай, ханцуйгаа шамалсан, энгэр нь задгай илт уусан байдалтай байсан зэрэг нь Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.4.5 дахь заалт /ажлын  цагаар архидан согтуурах/-ыг зөрчсөн тул сумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/16 тоот захирамжаар ЭМТ-ийн дарга Д.*******ыг 1 сарын үндсэн цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг оногдуулсан.

2. Сумын ёс зүйн зөвлөл нь Монгол улсын Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм", "Ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам"-ыг тус тус үндэслэн байгуулагдсан. Сумын ёс зүйн зөвлөл нь 6 гишүүнтэй, гишүүдэд нь татварын улсын байцаагч, төрийн захиргааны асуудал хариуцсан мэргэжилтэн, суурь боловсролын сургуулийн архив, бичиг хэргийн ажилтан, эрүүл мэндийн төвийн нярав, цэцэрлэгийн туслах багш, ИТХ-ын нарийн бичгийн дарга гэсэн бүрэлдэхүүнтэй. ЭМТ-ийн ажилтан сувилагч Ц.******* нь 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Засаг даргын тамгын газарт өргөдөл гарган ЭМТ-ийн дарга Д.*******ыг ажлын байрандаа архи уудаг, янз бүрээр хэлж, хээль хахуул өгөхийг шаарддаг, дарамталж, доромжилдог учир холбогдох арга хэмжээг авч өгнө үү гэсэн өргөдөл гаргасныг сумын ёс зүйн зөвлөлд шилжүүлсэн. Сумын ёс зүйн зөвлөл 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр уг өргөдлийн талаар авч хэлэлцсэн. Сумын ёс зүйн зөвлөлийн гишүүд ЭМТ-ийн ажилтан сувилагч Ц.******* болон ЭМТ-ийн дарга Д.******* нартай өргөдлийн журмаар ганцаарчилсан уулзалт хийхэд ЭМТ-ийн ажилтан сувилагч Ц.******* өргөдөлд дурьдагдсан бүх үйл явцыг дэлгэрэнгүй ярьж уйлсан. Харин ЭМТ-ийн дарга Д.*******аас өргөдлийн үйл явцын талаар асуухад ээрч гацаад, худлаа яриад байгаа нь илт мэдэгдэж байсан. Сумын ёс зүйн зөвлөл нь цагдаагийн байгууллагаар шалгуулж, хуулийн дагуу дараагийн шатны арга хэмжээг явч ажилпах хэрэгтэй гэж шийдвэрлэсэн байна. Гэхдээ ЭМТ-ийн Д.*******тай холбогдоптой өргөдөл, гомдол ЭМТ-ийн ажилтнууд болон иргэдээс удаа дараалан ирсэн нь үнэн болно.

3. ЭМТ-ийн даргаар Д.*******ыг ажиллаж байх хугацаанд Булган аймгийн Эрүүл мэндийн газрын салбарын дотоодын хяналт шалгалтаар удаа дараа хангалтгүй үнэлгээ авч байсан, ЭМТ-ийн үйл ажиллагаа зогсонги байдалтай, удирдан зохион байгуулалтгүй, урьд нь гарч байсан зөрчил давтагдсаар байдаг гэж Булган аймгийн Эрүүл мэндийн газрын даргаас олон удаа шүүмжлэл ирсэн. Үүнээс үндэслээд ЭМТ-ийн дарга Д.******* нь ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй, ЭМТ-ийг удирдан манлайлж чадахгүй байгаа нь үнэн болж үүрэгт ажлаас нь 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ******* сумын Засаг даргын Б/20 тоот захирамжаар чөлөөлсөн.

4. ЭМТ-ийн дарга Д.******* нь ажлаасаа чөлөөлөгдсөний дараа 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр сумын Засаг даргын гар утас руу илт заналхийлсэн зурвас илгээж дарамталсан байдаг. Дээрх баримтуудаас үзэхэд ЭМТ-ийн дарга ******* нь ЭМТ-ийн даргын үүргийг гүйцэтгэж чадахгүй, харьцааны соёлгүй худлаа ярьдаг нь үнэн гэсэн дүгнэлтийн үүднээс ажлаас нь чөлөөлсөн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* нь Булган аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулан ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Х.Баттулга нь ажил олгогч үндэслэлгүйгээр ажлаас халах тухай тушаал гаргаж хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж шүүхэд гомдол гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “...Д.******* удаа дараа сахилгын болон ёс зүйн зөрчил гаргасан, мөн ажил үүргийн хувьд тухайн албан тушаалд тэнцэхгүй гэдэг нь шалгалтаар тогтоогдсон” тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ. 

Шүүх талуудын гаргаж өгсөн нотлох баримт, тайлбарын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгч Д.******* нь Булган аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд 2016 оны 7 дугаар сараас эхлэн томилогдон ажиллаж байсан болох нь зохигчдын тайлбараар нотлогдсон. Гэвч ажилтан болон ажил олгогч нарын хооронд хөдөлмөрийн гэрээ өнөөг хүртэл байгуулагдаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад гэрээ байгуулахыг хориглоно” гэж заасан үүргээ ажил олгогч биелүүлээгүй байна. Ажил олгогчийн санаачилгаар 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Б-20 тоот тушаалаар Д.*******ыг Булган аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалаас халсан  байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Д.******* шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажилтан ажлаас буруу халсан гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах ба нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр гаргасан нь гомдол гаргах хуульд заасан хугацаа хэтрээгүй байна. Ажил олгогч нь ажилтныг ажлаас халах тохиолдолд шийдвэр гаргах ба уг шийдвэр нь эрх зүйн үр дагаврыг үүсгэдэг тул ямар үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаагаа энэхүү шийдвэртээ тодорхой тусгаж Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл, заалтыг баримтлах шаардлагатай. Тушаалд бичигдсэн ажлаас халсан үндэслэл, баримталсан хуулийн зохицуулалт хоорондоо тохирч байх нь хуульд нийцнэ. Хариуцагч Булган аймгийн ******* сумын Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Б-20 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримтлан гарчээ. Ажил олгогчийн “Ажлаас халах тухай” тушаалын үндэслэл болж буй Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэх үндэслэл тогтоогдоогүй.

Өөрөөр хэлбэл ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэл нь дараах байдлаар үгүйсгэгдэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан "ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан" гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай бөгөөд Д.*******ын ажлын байранд архи согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчилд нь сумын  Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б-16 тоот захирамжаар 1 сарын үндсэн цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг оногдуулсан болох нь зохигчдын тайлбараар нотлогдсон. Тус сумын Эрүүл мэндийн төвийн сувилагч Ц.*******ээс  хээл хахууль өгөхийг шаардсан тухай гомдлыг  сумын Ёс зүйн зөвлөл 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хэлэлцэж дараагийн шатны арга хэмжээ авч хэрэгжүүлэх дүгнэлтэнд хүрсэн байна. Ажил олгогч дээрх дүгнэлтийн дагуу ажилтныг сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн бол Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “Сахилгын зөрчил ...илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан хугацаанд сахилгын шийтгэл ногдуулаагүй. Харин сахилгын шийтгэл ногдуулах хуульд заасан хугацаа өнгөрснөөс хойш буюу 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр сахилгын зөрчлийг давтан гарсан гэж үзэж ажлаас халсан шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүй байна.

Дээрх байдлаас дүгнэвэл үүрэгт ажлаас чөлөөлөх тухай ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг зөрчсөн, ажлаас халах үндэслэл нь баримтаар нотлогдоогүй байх тул ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилтныг ажилд

нь эгүүлэн тогтоосон бол түүний ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгох бөгөөд дундаж цалин хөлсийг Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д зааснаар тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно. Иймд нэхэмжлэгч Д.*******ын ажилгүй байсан хугацааны ажлын 68 өдрийн /2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх/ дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт /2005300 : 3 сар = 668433 төгрөг, 668433 төгрөг : 21.5 ажлын өдөр= 31089 төгрөг, 31089 төгрөг х 68 өдөр = 2114052 төгрөг/ 2114052 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгохоор байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч нь

ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл төлсөн тухай бичилтийг хийх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн дээрх дэвтрүүдэд ажилгүй байсан хугацааны бичилтийг нөхөн бичихийг даалгах нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн харилцаанаас үүссэн маргаан нь гомдлоор авч хэлэлцэх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарч байгаа тул нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 48774 төгрөг гаргуулж Төрийн санд олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Ямаат овогт *******ийн *******ыг Булган аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 2114052 /хоёр сая нэг зуун арван дөрвөн мянга тавин хоёр/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 48774 /дөчин найман мянга долоон зуун далан дөрөв/ төгрөгийг гаргуулан Төрийн санд оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

  

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  О.ОДОНЧИМЭГ