Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 132/ШШ2017/00419

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: 1966 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 41 настай, эмэгтэй, Булган аймгийн Рашаант сумын 2 дугаар багийн 16-01 тоотод оршин суух Х-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймгийн Өмчийн албанд холбогдох

орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00360/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Ц.Мичидмаа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Б******* миний бие Рашаант сумын 2 дугаар багийн байр хороололын 302-Г тоотод 2013 оноос хойш 5 хүүхэд, ээжийн хамт амьдарч байна. Тухайн байр нь өмч хувьчлалын шийдвэрээр тухайн үед ажиллаж байсан механикжуулагч С.Э*******т олгогдож байсан байна. С.Э******* нь 2000 онд Ц.С******* гэдэг хүнд худалдсан. Ц.С******* нь уг байранд 5 жил амьдраад Төв аймаг руу ажил хийх болсон тул манай ээж П******* 2005 онд худалдаж авсан. Ээж маань 2015 онд нас барсан тул миний бие хүүхдүүдийн хамт амьдарч байна. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авах гэтэл өмнөх айлуудад өмч хувьчлалын шийдвэр олгоогүйгээс авч чадаагүй тул уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.  

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.У******* хариу тайлбартаа: Рашаант сумын 2 дугаар багийн иргэн Ж.Б******* нь 2 дугаар багийн Найрамдалын 302 дугаар байрны Г тоот байшингийн өмчлөгчөөр тогтоолгохоор иргэний хэргийн шүүхэд хандсан байна. Манай алба Иргэдийн төлөөлөгчийн хурлын тэргүүлэгчдийн 2011 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 50 тоот тогтоолоор байгуулагдсан. Иймд дээрх иргэний нэхэмжлэл гаргаад байгаа байшинг хувьчилсан тухай тогтоол шийдвэр  бусад нотлох баримт манай газарт байхгүй. Дээрх байршилд байгаа байшин нь манай орон нутгийн өмчийн бүртгэлд байхгүй байгаа болно гэжээ.

Хариуцагч байгууллага шүүхэд гаргасан хүсэлтдээ: Булган аймгийн Рашаант сумын иргэн Ж.Б*******гийн нэхэмжлэлтэй, Орон нутгийн өмчийн газарт холбогдох, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанд Орон нутгийн өмчийн газрыг төлөөлж мэргэжилтэн Д.У******* оролцох байсан боловч албан ажлаар хөдөө сумдаар явсан тул түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Б******* нь Булган аймгийн  Рашаант сумын 2 дугаар багийн нутаг байр хороололын 302-г тоот орон сууцны зориулалттай байрны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Булган аймгийн Орон нутгийн өмчийн газар нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хувьчилсан тухай тогтоол, шийдвэр болон тухайн үл хөдлөх эд хөрөнгө  орон нутгийн өмчийн бүртгэлд байхгүй гэх тайлбарыг гаргажээ.

Булган аймгийн  Рашаант сумын 2 дугаар багийн нутаг байр хороололын 302-г тоот орон сууцны зориулалттай байр нь анх 1985 онд Тэжээлийн аж ахуй байгуулагдахад ашиглалтанд орж, тус аж ахуйн ажилчид амьдарч байгаад өмч хувьчлалаар хувьчлагдаж, хувь хүнд худалдсан гэх бөгөөд энэ талаарх бүртгэл болон өмч хувьчлалын эрхийн акт, шийдвэрүүд Үндэсний төв архив болон Булган аймгийн архивын тасаг, Булган аймгийн Орон нутгийн өмчийн газарт байхгүй болох нь Үндэсний төв архивын 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 03-2/413 дугаартай албан бичиг, Булган аймгийн Архивын тасгийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 42 дугаартай албан бичиг, Орон нутгийн өмчийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 217 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.

Уг маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгч Ж.Б*******гийн ээж П******* нь 2005 онд Ц.Сүрэнхороос худалдан аваад охин Ж.Б*******д 2013 онд шилжүүлж өгсөн тул Ж.Б******* нь 2013 оноос өнөөдрийг хүртэл амьдарч байгаа болох нь цахилгааны төлбөр төлж байсан гэх жагсаалт, цахилгаан зарцуулалтын тооцооны дэвтэр, гэрч Д.Н*******, Т.Г******* нарын ”...Уг байранд 1990 он хүртэл Э******* гэж амьдарч байгаад С******* гэх эмэгтэйд худалдсан. С*******гоос Ж.Б*******гийн ээж П******* 2005 онд худалдан авсан. 2015 онд П******* нас барсан ба одоог хүртэл Ж.Б******* нь тухайн байранд хүүхдүүдийн хамт амьдарч байгаа..” гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У*******ын  “...тус алба нь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 50 тоот тогтоолоор байгуулагдсан. Дээрх байрыг хувьчилсан тухай тогтоол шийдвэр, бусад нотлох баримт манай газарт байхгүйДээрхи байршилд байгаа байшин нь манай орон нутгийн өмчийн бүртгэлд байхгүй байгаа болно” гэх тайлбараас үзэхэд Ж.Б*******гийн дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтооход маргаагүй байна гэж үзлээ.

Иймд Булган аймгийн Орон нутгийн өмчийн албанд холбогдуулан гаргасан Булган аймгийн Рашаант сумын 2 дугаар багийн байр хороололын 302-г тоот орон сууцны зориулалттай байрны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч Ж.Б*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

          Нэхэмжлэгч, хариуцагч нар нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирэх боломжгүй, өөрсдийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3-д зааснаар тэдгээрийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1  заасныг баримтлан нэхэмжлэгч Харуул овогт Жумагдайгийн Б*******г Булган аймгийн Рашаант сумын 2 дугаар багийн нутаг байр хороололын 302-г тоот орон сууцны зориулалтай байрны өмчлөгч болохыг тогтоосугай.

2Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.             

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  О.ОДОНЧИМЭГ