Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/46

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч Ш.П******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.П*******д холбогдох эрүүгийн 2515000000007 дугаартай, 304/2025/0040/Э индекстэй хэргийг 2025 оны 0******* сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Г******* овогт Ш*******ын П*******, Х******* аймгийн Жаргалант суманд 1993 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, Х******* аймгийн Жаргалант сумын ******* оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт амьдардаг,

урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1******* сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/0*******тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дахь заалтад зааснаар 3 жил 05 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, 51 настай, эрэгтэй, /РД:*******/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ш.П******* нь 2024 оны 1******* сарын 29-ний өдөр Булган аймгийн Булган сумын ******* баг 8 дугаар гудамжны тоотод Б******* гэх айлд хохирогч Э.Э*******ын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар хохирогч Э.Э*******ыг цохиж зодсон үйлдлийн улмаас түүний биед “зүүн нүдний дээд, доод зовхи цус хуралт хаван хавдар, урууланд шарх” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг эрүүгийн 2515000000007 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ш.П******* нь 2024 оны 1******* сарын 29-ний өдөр Булган аймгийн Булган сумын ******* баг 8 дугаар гудамжны тоотод Б******* гэх айлд хохирогч Э.Э*******тай хамтдаа  согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд, доод зовхи цус хуралт хаван хавдар, урууланд шарх” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.П*******гийн өгсөн:Мэдүүлэг өгөхгүй, өмнө нь хэргийн талаар үнэнээ хэлсэн, гэм буруугийн талаар маргахгүй гэх мэдүүлэг,

2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Э.Э*******ын өгсөн: “...2024 оны 1******* сарын 29-ний өглөө 10 цаг өнгөрч байхад манай төрсөн дүү Сувдмаатай гэр бүл болж байгаад салсан П******* гэх хүргэн дүү рүүгээ залгаад хаана байгаа юм, хоёулаа уулзах уу? гээд ярьж байгаад Булган сумын 6 дугаар багт байх өрхийн эмнэлгийн зам дээр уулзсан. Тэгээд бид хоёр уулзаад нэг шил архи хувааж уухаар болоод хүнсний дэлгүүрээс бид хоёр нэг нэг шил нийт хоёр шил Хараа нэртэй 0.75 литрийн архи худалдаж аваад П*******гийн найзын гэрт очсон. Тухайн айлын эзний нэрийг нь Б******* гэж байсан ба тухайн айлын хаяг нь Булган сумын ******* баг 8 дугаар гудамжны тоот хаягт байсан. Мөн тухайн айлд ороход гэрийн эзэн Б******* ганцаараа байсан ба П******* бид хоёрын араас 2 залуу орж ирээд, бид 4 авсан архиа хувааж уусан. Тухайн үед ард талаас орж ирсэн хоёр залуутай танилцаж байсан ба одоо нэрийг нь санахгүй байна. Би архи уухаараа амархан согтчихдог тул авч ирсэн хоёр шил архиа бүгдээрээ хувааж уугаад би тасарчихсан байсан. Тэгээд юу болсон талаар юу ч санахгүй байгаа юм. Би орой нэг сэрэхэд тус айлын хашаан дотор сэрсэн ба миний ам, хамраас цус гарчихсан байсан. Тэгээд дэлгүүр орж эхнэр лүүгээ залгаад зодуулсан тухайгаа хэлсэн ба манай эхнэр манай төрсөн дүү нар луу залгаж, тэд нар ирж намайг аваад эмнэлэгт очиж анхан шатны тусламж үзүүлсэн. Тэгээд цагдаа дээр ирээд байж байтал манай хүргэн байсан П******* надад хандаж ахаа намайг уучлаарай би таныг согтуудаа цохичихсон байна гэж хэлээд надаас уучлалт гуйсан. Бид хоёр одоо учир зүйгээ олсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

3. Гэрч Э.Гийн өгсөн: “...2024 оны 1******* сарын 29-ний өдрийн 16 цагийн орчим манай бага эгч Сувдмаа утсаар залгаад Э******* ах зодуулчихсан байна, би ахыг авчихсан байж байна чи хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд надад байгаа газраа хэлэхээр нь би удалгүй Ханжаргалант худалдааны төвийн хажууд байхад нь очсон. Намайг очиход манай төрсөн ах Э******* нь бусдад зодуулчихсан нүүр, ам нь хавдчихсан байсан ба мөн манай төрсөн эгч, хүүгийн хамт байсан. Тэгээд бид нар ахыг аваад эмнэлэгт үзүүлэхэд урууландаа дөрвөн оёдол тавиулсан. Мөн маргааш эрүүл болохоороо дахин үзүүлээрэй гэж хэлсэн. Тухайн үед ахаас асуухад ******* багийн 8- тоотод байх айлд архи уусан гэж хэлсэн. Тэгээд тэр айлд яваад очиход 4 эрэгтэй хүн, 1 эмэгтэй хүн архи ууж байсан ба бүгд согтуу байсан. Мөн тэр хүмүүс дунд манай хүргэн байсан П******* хамт байсан ба надад хэлэхдээ Э******* ахыг хэн зодсоныг мэдэхгүй байна гэж хэлсэн.Тэгээд тухайн айлд байсан ганц таньдаг хүн нь П******* байсан тул ахыг хэн зодсон талаар нь асууж мэдэхээр цагдаагийн газарт дагуулаад хамт иртэл, цагдаагийн газрын үүдэнд байхдаа П******* нь би Э******* ахыг зодчихсон юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

4. Шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Б.Энхбатын гаргасан №40 дугаартай “... хохирогч Э.Э*******ын биед зүүн нүдний дээд, доод зовхи цус хуралт хаван хавдар, уруулд шарх, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн хоёроос дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй. Зүүн нүдний дээд, доод зовхи цус хуралт хаван хавдар, урууланд шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Хамрын зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Магадлуулагч Э.Э*******ын биед хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дэх тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлтийн  талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу хэргийг бодит байдлыг сэргээн тогтооход,

Шүүгдэгч Ш.П******* нь 2024 оны 1******* сарын 29-ний өдөр Булган аймгийн Булган сумын ******* баг 8 дугаар гудамжны тоотод Б******* гэх айлд хохирогч Э.Э*******тай хамтдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд, доод зовхи цус хуралт хаван хавдар, урууланд шарх” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлтээр хохирогч Э.Э*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол  учирсан  нь тогтоогдсон бөгөөд учирсан хохирол, хор уршиг нь шүүгдэгч Ш.П*******гийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Ш.П*******гийн гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Мөн Ш.П******* нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Шүүгдэгч Ш.П*******гийн бусдын бие, эрх чөлөөнд  халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байх  эрхийг зөрчсөн,  хууль зүйн хувьд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэн  шүүгдэгч Ш.П*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдъя.

Шүүгдэгч Ш.П*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Э.Э******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатнаас гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн шинжилгээ хийлгэхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн тул шүүгдэгч Ш.П*******г бусдад төлөх төлбөргүйд тооцож  шийдвэрлэв.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ш.П*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Ш.П*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  600.000 мянган төгрөгөөр торгох ялын саналыг,

Шүүгдэгч Ш.П******* нь тусгайлан гаргах санал байхгүй гэх саналыг тус тус шүүхэд илэрхийлсэн байна.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэв.

Шүүх улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял  шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Хавтаст хэргийн 54-70 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1******* сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/0*******тай шийтгэх тогтоолын хуулбар зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Ш.П******* нь Х******* аймгийн Жаргалант сумын ******* оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.П*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Ш.П******* нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.******* зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Г******* овогт Ш*******ын П*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.П*******г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялын 15 нэгжийг нэг хоногийн  хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт анхааруулсугай.

4.Энэ хэрэгт шүүгдэгч Ш.П******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Шүүгдэгч Ш.П*******гаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.СУВД-ЭРДЭНЭ