Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2021/ДШМ/146

 

 

 

 

 

 

    2021             2              4                                        2021/ДШМ/146                                                          

 

 

Б.Д, Н.Г, П.О, Б.А,

Ц.О нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:    

прокурор А.Сайнбаяр,

хохирогч З.Жавзанпагмын өмгөөлөгч Б.Баттөр,

шүүгдэгч Б.Дийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар,

шүүгдэгч Б.Д, Н.Г нарын өмгөөлөгч Э.Ганбат,

шүүгдэгч Б.Д, Н.Г, П.О, Ц.О нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

            нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 1907 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Дийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар, шүүгдэгч Б.Д, Н.Г, П.О, Ц.О нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Д, Н.Г, Б.А, П.О, Ц.О нарт холбогдох эрүүгийн 1806071741212 дугаартай хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Боржигин овогт Б.Д, 1982 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эх барих эмэгтэйчүүдийн их эмч мэргэжилтэй, Нийслэлийн “Амгалан” амаржих газарт эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 93 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ЧЕ82021508/;

            2. Ахаа овогт Н.Г, 1982 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Завхан аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Нийслэлийн “Амгалан” амаржих газарт эх барих эмэгтэйчүүдийн их эмч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж, 5а дугаар байрны 51 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ОЮ82011115/;

            3. Сартуул овогт П.О, 1988 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Завхан аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Нийслэлийн “Амгалан” амаржих газарт эх барих эмэгтэйчүүдийн их эмч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 120 дугаар байрны 19 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ИЮ88120372/;

            4. Ялгасан шавь овогт Б.А, 1966 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймагт төрсөн, 54 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, Нийслэлийн “Амгалан” амаржих газарт мэс заслын сувилагч ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 36 дугаар гудамжны 230 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ИЭ66101204/;     

            5. Зөөв овогт Ц.О, 1986 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Увс аймагт төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, туслах сувилагч мэргэжилтэй, Нийслэлийн “Амгалан” амаржих газарт мэс заслын туслах сувилагч ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 8 дугаар гудамжны 25 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ОИ86041107/;           

            Шүүгдэгч Б.Д, Н.Г, П.О, Б.А, Ц.О нар нь 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Нийслэлийн “Амгалан” амаржих газарт иргэн З.Жавзанпагмад мэс засал хийхдээ эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс буюу Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйл, Эрүүл мэндийн сайдын 2013 оны 177 дугаар тушаал зэргийг зөрчиж, З.Жавзанпагмын эрүүл мэндэд хэвлийн хөндийд гадны биет буюу даавуу үлдээсний улмаас хэвлийн хөндийн гялтан хальсны түгмэл үрэвсэл, гэдэсний наалдац, түгжрэлээр хүндэрч, эхийн амь насанд эрсдэл учирсан, уг хүндрэл болон хүндрэл үүсгэсэн шалтгааныг бүрэн оношлоогүйн улмаас ургийг зулбуулсан хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Д, Н.Г, П.О, Б.А, Ц.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Д, Н.Г, П.О, Б.А, Ц.О нарыг эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, Н.Г, П.О нарын мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг тус тус 1 жилийн хугацаагаар хасаж, тус бүрийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.А, Ц.О нарын мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг тус тус 1 жилийн хугацаагаар хасаж, тус бүрийг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрт оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, хохирогч З.Жавзанпагма нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу иргэний хариуцагчаас жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Дийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоол нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон буруугаа хүлээн зөвшөөрсөн этгээдэд ял оногдуулах, хөнгөрүүлэх, чөлөөлөх болон гэмт хэрэг үйлдэхэд оролцоогүй, гэм буруугүй нь тогтоогдсон хүнийг цагаатгах бусад байдлаар эрх зүйн хөнгөлөлт үзүүлэх нь шинэ Эрүүгийн хуульд суурь зарчим болж тусгагдсан билээ. Эмч Даваацэцэгийг Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйл, Эрүүл мэндийн сайдын 2013 оны 177 дугаар тушаал зэргийг зөрчсөн гэж гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй болсон. Эмч Даваацэцэгийг үйл ажиллагаандаа Эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж, зохих ёсоор эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлээгүй гэж буруутгасан үндэслэл нь дээрх хууль болон стандарт, удирдамжийн яг ямар заалтыг хэрхэн яаж зөрчсөн болохыг хөдөлшгүй нотлох баримтаар тогтоосноор энэхүү гэмт хэргийн шинжийг бүрдүүлэх байсан. Гэтэл яг ямар зүйл, заалтыг зөрчсөнийг тодорхойлохгүйгээр, хууль, стандартыг зөрчсөн нь тодорхойгүй эргэлзээтэй. Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад Даваацэцэгийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг хөдөлбөргүй тогтоож чадаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдал, 16.2 дугаар зүйлийн нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн тогтоох үүрэгтэй ба хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна.  “Эмнэлгийн мэргэжилтэн” гэж Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д зааснаар анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллежийг төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хүний их, бага эмч, шүдний их эмч, уламжлалт, анагаах ухааны их эмч, сувилагч, эх баригч, эм зүйч, эм найруулагч, сэргээн засах чиглэлийн мэргэжилтэнг,  “Эмнэлгийн тусламж, үйлчилгээ” гэж Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар өвчин эмгэг, гэмтэл бэртэл, хүний биеийн үйл ажиллагааны алдагдлыг орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд тулгуурлан оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх, сэргээн засах цогц үйл ажиллагааг тус тус ойлгоно.

Харин шүүгдэгч Б.Дийн үйлдэлд тухайн гэмт хэргийн объектив шинжид хамаарах эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, өөрөөр хэлбэл эрхэлсэн ажилдаа хайхрамжгүй хандаж өвчтөний амь нас, эрүүл мэндийг аврах, түүнийг эмчлэх, өвчин шаналал, зовиурыг нь хөнгөвчлөх талаар шаардлагатай арга хэмжээ аваагүй, эсхүл өвчтөнд тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсан гэж үзэх нөхцөл байдал шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдоогүй байна. Тухайлбал, Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3-т заасны дагуу эмнэлгийн мэргэжилтний үүрэгт хамаарах “Үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах”, мөн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д заасан “Үзлэг, шинжилгээ, оношилгоо хийх, зөвлөгөө өгөх, эмчилгээ, мэс засал, ажилбар хийх”, “Эмчилгээ оношилгооны түгээмэл үйлдлүүд МНС 4621-2008 стандарт” зэрэг хууль тогтоомжид заасан үүргээс алийг нь санаатай зөрчсөнөөс хохирогчийн эрүүл мэндэд агуулаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугүйд тооцох зарчмын дагуу шүүгдэгч Даваацэцэгт холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Д, Н.Г, П.О, Ц.О нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт эрүүл мэндийн салбар зөвлөлийн дүгнэлтийг үндэслэж гараагүй нь түүний тусгай мэдлэгийн үндэслэл эргэлзээ бүхий байдаг. Эрүүл мэндийн салбар зөвлөлийн шинжээчдийн гаргасан дүгнэлт нь эдгээр шүүгдэгч нар Монгол Улсын эмчилгээний ямар стандартын ямар зүйл хэсгийг зөрчсөн эсэх талаар дүгнэлгүй Эрүүл мэндийн хууль зөрчсөн гэж хууль тайлбарлан гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн салбар зөвлөлийн шинжээчдийн дүгнэлтэд заасан стандартын журмын баримталж буй зүйл хэсэг нь тухайн журмаас илт зөрүүтэй байдлаар тусгагдсан байна. Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон шинжээч эмч дээрх гаргасан дүгнэлтийнхээ үндэслэлийг бүрэн дүүрэн хариуцаж чадахгүй байгаа нь үндэслэл бүхий эргэлзээг бий болгож байна. Иймд өмгөөлөгчийн гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж бүрэлдэхүүнтэй комисс шинжилгээ явуулах, шинжээч томилуулах шаардлагатай байх тул хэргийг прокурорт буцаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Д, Н.Г нарын өмгөөлөгч Э.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх, хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг эргэлзээгүй тогтоосон байх, мөн Эрүүгийн хуулийг хэрэглэхдээ бусад эрх зүйн актыг уялдуулж шалтгаант холбоог нь тогтоох, шинжээчээр тогтоолгох зэрэг шаардлагуудыг хангаагүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Энэ хэргийн хувьд Монгол Улсад ямар ч төрлийн мэс засал хийхэд нийтлэг хамаардаг мэс заслын ерөнхий технологи, стандарт гэж байдаг. “Эмчилгээ оношилгооны түгээмэл үйлдлүүд МНС 4621-2008 стандарт”-д хагалгааг ямар бүрэлдэхүүнтэй хийх, нэгдүгээр эмч, хоёрдугаар эмч, сувилагч зэргийг тодорхой тусгасан. Гэтэл шүүх энэ байдлыг харгалзаж үзээгүй. Хэрэгт мэс заслын стандарт байхгүй. Мөн шинжээч нар эх сурвалжийн стандартыг зааж өгөх ёстой. Гэтэл Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд стандарт, удирдамжийн асуудал дурдагдаагүй, зөвхөн эрүүл мэндийн хохирлын зэргийг тогтоосон. Үйл ажиллагаатай холбоотой зохих ёсоор биелүүлээгүй гэх асуудалд мэс заслын ерөнхий стандартыг барьж дүгнэлт гаргуулахаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн боловч Эх барих эмэгтэйчүүдийн салбар зөвлөл дүгнэлтээ хариуцлагагүй гаргасан. Тухайлбал, мэс засал хийх стандартыг өөрсдөө мөрддөг хэрнэ эх сурвалжаа болгож судлаагүй. Уг стандартыг дурдаагүй учраас шүүх 5 хүнийг бүгдийг нь гэм буруутай гэж үзсэн. Гэтэл стандартад зааснаар асрагч, үйлчлэгч нарын оролцоо стандартад байхгүй. Учир нь, асрагч, үйлчлэгч нар хагалгаанд шууд ордог хүмүүс биш. Тийм учраас энэ хэргийг бүхэлд нь таамаглаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хуралдаанд Мөнхбаяр гэх шинжээч оролцож хяналтын хуудсыг бөглөх тухай дүгнэлт гаргаснаа л тайлбарладаг. Гэтэл хяналтын хуудсыг хэрэглэх тухай Сайдын тушаал нь эхний ээлжид Монгол Улсад мэс засал хийх стандарттай уялдуулах ёстой. Уг стандартыг мөрдөн явцад хяналтын хуудсыг Сайдын тушаалаар мөрдөх уялдаа холбоотой. Мөнхбаяр “үүнийг дүгнэлт гаргах бүрэлдэхүүнийг ахалж байсан Шинжлэх ухааны доктор, Эх барих эмэгтэйчүүдийн Эрхэмбаатар багш хариулж, мэдэх байх” гээд хариулахгүй байдаг. Хяналтын хуудас үйлчлэгчид ямар ч хамааралгүй, сувилагчид шууд хамааралгүй, эмч нарын хоорондын асуудал байхад энэ бүгдийг нарийн шалгаж тогтоолгүй бүгдийг нь ялласан нь хуульд заасан эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулах, гэм буруутай хүнийг олж тогтоох зэрэг шаардлагад нийцээгүй. Тийм учраас үндэслэлгүй гарсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин шинжилгээ хийлгэх асуудлыг хангах үүднээс хэргийг прокурорт буцааж өгнө үү. Шүүхээс шинжээч томилж болох боловч практикт нарийн мэргэжлийн шинжээчээр дүгнэлт гаргахад шинжилгээний байгууллагаас гадуур олон хүн оролцдог учир шүүхээс хууль сануулах, бусад ажиллагаануудыг хийхэд хүндрэл гардаг учир үүнийг мөрдөн байцаалтын шатанд хийх нь ач холбогдолтой. Энэ үндэслэлээр хэрэгт дахин ажиллагаа хийж, стандартыг үндэслэж шүүгдэгч нарын оролцоог тогтоох шаардлагатай. ...” гэв.

Хохирогч З.Жавзанпагмын өмгөөлөгч Б.Баттөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэг өмнө нь нэг удаа Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхээр хэлэлцэгдэж нэмэлт мөрдөн байцаалтад буцсан. Хэргийн хувьд нотолбол зохих байдлуудыг бүрэн дүүрэн, эргэлзээгүй шалгаж тогтоосон. Хохирогчийн хэвлийд хийх хагалгааны үед гадны биет үлдээсэн. Уг гадны биетээс болж ургийг хүчээр зулбуулсан хохирол учруулсан, холбогдох стандартыг зөрчсөн гэж шинжээчийн дүгнэлт эргэлзээгүй гарсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.       

Прокурор А.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өмгөөлөгч нар шинжээчийн дүгнэлтэд 3.1.2, 3.1.1, 3.1 дэх заалт гэсэн нь аль хууль, журам зөрчсөн нь тодорхойгүй, байдаггүй стандартыг зөрчсөн гэж үзсэн байна. Шүүх хуралдаанд шинжээч оролцохдоо шинжээчийн дүгнэлтээ дугаарласан гэж мэдүүлдэг. Дүгнэлт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, дүгнэлтийг нь уншиж үзвэл ойлгомжтой байна. Үүнийг ойлгомжгүй, байхгүй зүйлийг гаргаж ирсэн мэтээр тайлбарлах боломжгүй. Мөн шинжээч бусад бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргасан учраас бусад шинжээчийн гаргасан эсрэг байр суурьтай асуудалд тайлбар хийх боломжгүй гэж хэлсэн болохоос өөрийн гаргасан дүгнэлтдээ хариуцлага хүлээхгүй гэж хэлээгүй. Мөрдөн шалгах ажиллагаагаар мэс засал хийхдээ гадны биет үлдээсэн болох нь хөдөлбөргүй тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, гадны биет үлдээх шалтгаан нөхцөл нь юу болох, тухайн эмнэлгийн журам, стандартыг хэн зөрчсөн гэдгийг тогтоох гэж ажиллагаа явуулсан. Хагалгаа хийсэн багийн 5 гишүүн бие биеийнхээ ажлыг дараалал дарааллаар нь шалгаж явах ёстой байтал тэгж шалгаагүйгээс гадны биет үлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон. Энэ үйл баримтыг юугаар үгүйсгэж байна вэ. Дүгнэлтээр 5 хүн бие биеийнхээ ажлыг хянаж явах ёстой тул нэг нь алдаа гаргахад мэс засал хийх ажиллагаа үндсэндээ алдаатай, хүний эрүүл мэндэд хохирол учирсан ажиллагаа болно. Өөрөөр хэлбэл, 5 хүн бүгд ажлаа алдаагүй хийж байж мэс заслын ажиллагаа сайн болох нь тодорхой. Тэгэхээр шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэж байна. Өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгч тус бүрт эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулах талаар ярьж байна. Гэвч анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.                                                                                                                                                                                                                                                

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Д, Н.Г, П.О, Б.А, Ц.О нар нь 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Нийслэлийн Амгалан амаржих газарт иргэн З.Жавзанпагмад “өндгөвчний уйланхай авах” мэс засал хийхдээ эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс буюу Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйл, Эрүүл мэндийн сайдын 2013 оны 177 дугаар тушаал зэргийг зөрчиж, З.Жавзанпагмын эрүүл мэндэд хэвлийн хөндийд гадны биет буюу даавуу үлдээсний улмаас хэвлийн хөндийн гялтан хальсны түгмэл үрэвсэл, гэдэсний наалдац, түгжрэлээр хүндэрч, эхийн амь насанд эрсдэл учирсан, уг хүндрэл болон хүндрэл үүсгэсэн шалтгааныг бүрэн оношлоогүйн улмаас ургийг зулбуулсан хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            хохирогч З.Жавзанпагмын “...Би 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Амгалан амаржих газарт хэвтээд, 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр зөвшөөрлийн бичигт надаар гарын үсэг зуруулаад хагалгаанд оруулсан бөгөөд анх дурангийн хагалгаа хийнэ гэж байсан боловч дуран эвдэрсэн гэх шалтгаанаар нээлттэй хагалгаа хийнэ гэж хэлсэн. Энэ хагалгааг Б.Д, Н.Г гэх эмч нар удирдаж орсон бөгөөд хагалгаа 3 цаг орчим үргэлжилсэн. Хагалгаанд ороход надад бүсэлхийнээс доош мэдээ алдуулалт хийгээд хагалгааг эхэлсэн бөгөөд эхлээд надаас нэг юм соруулж байгаа нь мэдэгдсэн. Тэгээд эмч нар хоорондоо гайхсан байртай “багшийг дууд, ахлах эмчийг дууд" гээд 10 орчим минут ямар ч ажиллагаа хийлгүй нэлээд удсан. Тэгээд хэсэг хугацааны дараа намайг бүрэн унтуулж хагалгааг үргэлжлүүлсэн. Хагалгааны дараа сэрэхэд миний хэвлий орчмоор маш их өвдөж байсан бөгөөд би өвдөж орилоход “өвчин намдаах тариа зөндөө хийсэн, одоо чи тайвширна” гэсэн. 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр буцаж Амгалан амаржих газарт Б.Д эмчид үзүүлэхэд ургийн гажгийг чинь тодруулъя, ЭХО-д харуулъя, багшдаа үзүүлье гээд багш нь гэх эмч үзээд, Б.Д эмч хэлэхдээ ургийн гажиг зүгээр байна, тээх боломжтой, түгжрэлийг чинь гаргачихвал болчихно гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Б.Д эмч хэлэхдээ ураг гэдсийг чинь шахаад түгжрэл үүсээд байна, тийм учраас ургийн асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй гээд надаас болон ар гэрийнхнээс минь зөвшөөрөл аваад умайн хүзүүнд 3 ширхэг эм тавьсан. 2 хоногийн дараа ураг зулбаж, доошоо юм гарсан. Тэгээд ураг зулбасан ч миний гэдэс зүгээр болохгүй байсан тул 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Улсын нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт очиж үзүүлсэн. ..." /1хх 12-13/,

            шинжээч Ч.Мөнхбаярын: “...Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлд үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, мэс заслын тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах талаар заасан байдаг. Дээрх зүйл, заалттай холбоотойгоор Эрүүл мэндийн сайдын 2013 оны 177 тоот тушаал батлагдаж гарсан бөгөөд энэхүү тушаалыг Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг бүх эмнэлэг, салбарууд мөрдөж ажиллах ёстой байдаг. Уг тушаалд мэс заслын хяналтын хуудас хөтлөх журам болон мэс заслын хяналтын хуудсыг 2 дугаар хавсралтаар баталсан. Эрүүл мэндийн сайдын дээрх тушаалын 3.1 дүгээр зүйлд “Мэс заслын өмнө, мэс заслын явцад, мэс заслын дараа гарч болох хүндрэлээс сэргийлэх, гарч болох хүндрэлээс зайлсхийх боломжийг зааж өгсөн. Мөн мэс заслын багаар ажиллах алхмуудыг мөрдөж дадал болгох талаар заасан. Мэс заслын аюулгүй байдлыг хянах хуудасны 1 дүгээр хэсгийг мэдээгүйжүүлэг эхлэхийн өмнө мэдээгүйжүүлэгч эмч, мэс заслын хоёрдугаар сувилагч нар шалган бөглөж, аюулгүй байдлыг хянаж, гарын үсэг зурна. Хяналтын хуудасны гуравдугаар хэсэгт мэс засал дууссаны дараа мэс заслын өрөөнөөс гарахын өмнө хяналтын хуудсыг мэдээгүйжүүлэгч эмч, мэс заслын эмч, сувилагчдын хамт шалган бөглөж, гарын үсэг зурна. Мэс заслын сувилагчийн хяналтын хуудас тусдаа хөтлөгддөг бөгөөд энэ нь гадны биет үлдээхээс сэргийлнэ. Үүнд, мэс заслын хоёрдугаар сувилагч мэс заслын өмнө, мэс заслын явцад, мэс заслын төгсгөлд хяналтын хуудсыг бөглөж гарын үсэг зурна. Мэс засал дууссаны дараа мэс заслын нэгдүгээр туслах эмч хяналтын хуудсыг хянаж, гарын үсэг зурна. Энэ нь мэс заслын өрөөнөөс гарахаас өмнө багаж, бөмбөлөг, самбай, зүү зэргийн тоо тохирч байгаа эсэхийг хянаж, гарын үсэг зурна гэсэн заалтууд зөрчигдсөн байна. Тэгэхээр мэс засал дууссаны дараагаар мэс заслын өрөөнөөс гарахын өмнө хяналтын хуудсыг мэс заслын эмч болох Б.Д, нэгдүгээр туслах эмч Н.Г, сувилагч Б.А, туслах сувилагч Ц.О нарын хамт хэрэглэсэн багаж материалыг бүртгэж, хяналтын хуудсанд гарын үсэг зурах ёстой. Тэгтэл хяналтын хуудсан дээр сувилагч Б.А, туслах сувилагч Ц.О, хоёрдугаар туслах эмч П.О нар гарын үсэг зурсан байна. Иймд эмч Б.Д, Н.Г, П.О, сувилагч Б.А, туслах сувилагч Ц.О нар бүгд Эрүүл мэндийн тухай хууль, эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль болон дээрх хуулиудад нийцүүлэн гаргасан журам стандартад заасан хяналтын хуудсыг бүртгэх журмыг зөрчсөн байна. ...”  /1хх 69-70/ гэсэн мэдүүлэг,    

            шүүгдэгч Н.Г, Б.Д, П.О, Б.А, Ц.О нарын яллагдагчаар өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй. ...” /2хх 41-43/, 46-48, 51-53, 56-58, 61-63/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 13 дугаартай “...2018 оны 7 дугаар сарын 22-ны болон 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн КТГ-ийн шинжилгээний хариунаас шалтгаалж дүгнэлтэд өөрчлөлт орох зүйлгүй байна. З.Жавзанпагмын биед учирсан мэс засал эмчилгээний үед гаргасан алдаа буюу хэвлийн хөндийд гадны биет буюу даавуу үлдээсний улмаас хэвлийн хөндийн гялтан хальсны түгмэл үрэвсэл, гэдэсний наалдац, түгжрэлээр хүндэрч эхийн амь насанд эрсдэл учирсан нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.8-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, уг хүндрэл болон хүндрэл үүсгэсэн шалтгааныг бүрэн оношлоогүйн улмаас ургийг зулбуулсан нь 3.5.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. З.Жавзанпагмын биед учирсан гэмтлийн зэргийг дээрхээс өөрөөр ялгаж тогтоохгүй. ...” /1хх 47-48/,  мэс заслын хяналтын хуудсыг хөтлөх журам /1хх 248-250/, улсын хоёрдугаар төв эмнэлгийн онош тогтоосон акт /1хх 228/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Д, Н.Г, П.О, Б.А, Ц.О нарыг эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Б.Д, Н.Г, П.О, Б.А, Ц.О нарыг хохирогч З.Жавзанпагмад мэс засал хийхдээ эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс буюу Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйл, Эрүүл мэндийн сайдын 2013 оны 177 дугаар тушаал зэргийг зөрчиж, З.Жавзанпагмын эрүүл мэндэд хэвлийн хөндийд гадны биет буюу даавуу үлдээсний улмаас хэвлийн хөндийн гялтан хальсны түгмэл үрэвсэл, гэдэсний наалдац, түгжрэлээр хүндэрч, эхийн амь насанд эрсдэл учирсан, уг хүндрэл болон хүндрэл үүсгэсэн шалтгааныг бүрэн оношлоогүйн улмаас ургийг зулбуулсан хүнд гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

            Шүүх, шүүгдэгч Б.Д, Н.Г, П.О, Б.А, Ц.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Д, Н.Г, П.О нарын мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг тус тус 1 жилийн хугацаагаар хасаж, тус бүрийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.А, Ц.О нарын мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг тус тус 1 жилийн хугацаагаар хасаж, тус бүрийг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, хувийн байдалд тохирсон, хүнд биш ял шийтгэл оногдуулсан байна.

Шүүгдэгч Б.Дийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар “...Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3-т заасны дагуу эмнэлгийн мэргэжилтний үүрэгт хамаарах ажил, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д үзлэг, шинжилгээ, оношилгоо хийх, зөвлөгөө өгөх, эмчилгээ, мэс засал, ажилбар хийх, мөн “Эмчилгээ оношилгооны түгээмэл үйлдлүүд МНС 4621-2008 стандарт” зэрэг хууль тогтоомжид заасан үүргээс алийг нь санаатай зөрчсөнөөс хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэм буруутай болохыг нарийвчлан тогтоогоогүй. Эрхэмбаатар, Баттулга, Мөнхбаяр гэх эмч нарын гаргасан Салбар зөвлөлийн дүгнэлтэд стандарт, дүрэм, журмын алийг нь хэрхэн, яаж зөрчсөн талаар тусгаагүй зөвхөн Эрүүл мэндийн сайдын 2013 оны 177 дугаар тушаалд заасан гэх үндэслэлийг оруулж ирсэн. Гэтэл энэ асуудалд “Эмчилгээ оношилгооны түгээмэл үйлдлүүд МНС 4621-2008 стандарт”-д заасан мэс ажилбар хийхдээ юуг анхаарах байсан, алийг нь алдаанд тооцох талаар нарийвчлан тогтоосон байхад энэ стандарт, дүрэм, журмыг Салбар зөвлөл дүгнэлтдээ огт хэрэглээгүй, тусгаагүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэж Б.Дт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэсэн,

            Шүүгдэгч Б.Д, Н.Г, П.О, Ц.О нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт “...Эрүүл мэндийн хууль зөрчсөн гэж хууль тайлбарлан гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн салбар зөвлөлийн шинжээчдийн дүгнэлтэд заасан стандартын журмын баримталж буй зүйл хэсэг нь тухайн журмаас илт зөрүүтэй байдлаар тусгагдсан байна. Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон шинжээч эмч дээрх гаргасан дүгнэлтийнхээ үндэслэлийг бүрэн дүүрэн хариуцаж чадахгүй байгаа нь үндэслэл бүхий эргэлзээг бий болгож байна. Иймд өмгөөлөгчийн гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж бүрэлдэхүүнтэй комисс шинжилгээ явуулах, шинжээч томилуулах шаардлагатай байх тул хэргийг прокурорт буцаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

            Эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, анагаах ухааны доктор, профессор Т.Эрхэмбаатар, анагаах ухааны доктор Г.Баттулга, ЭХЭМҮТ эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч Ч.Мөнхбаяр нарын гаргасан дүгнэлтэд:

“...Эрүүл мэндийн сайдын 2013 оны 177 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт 3.1 Мэс заслын өмнө, явцад дараа гарч болзошгүй хүндрэлээс сэргийлнэ. Зайлсхийх боломжтой хүндрэлийг бууруулна. Мэс заслын багаар ажиллах, алхмуудыг мөрдөж дадал болгоно.

1. Мэс заслын аюулгүй байдлыг хуудасны нэгдүгээр хэсэг буюу мэдээгүйжүүлэг эхлэхийн өмнө хяналтын хуудсыг мэдээгүйжүүлэгч эмч, мэс заслын хоёрдугаар сувилагч хамт бэлэн байдлыг шалгаж бөглөн, гарын үсэг зурна.

2. Мэс заслын аюулгүй байдлыг хуудасны гуравдугаар хэсэг буюу мэс заслын өрөөнөөс гарахын өмнө хяналын хуудсыг мэдээгүйжүүлэгч эмч, мэс заслбн эмч, мэс заслын сувилагчдын хамт шалгаж бөглөн, гарын үсэг зурна.

3.2  Мэс заслын сувилагчийн хяналтын хуудас /Гадны биетийг үлдээхээс сэргийлнэ./

3.2.1 Мэс заслын хоёрдугаар сувилагч мэс заслын өмнө, дунд ба төгсгөлд хяналтын хуудсыг бөглөж гарын үсэг зурна.

3.2.2 Мэс засал дууссаны дараа мэс заслын нэгдүгээр туслах эмч хянаж, гарын үсэг зурна.

Эрүүл мэндийн сайдын 2013 оны 177 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт /Хяналтын хуудас №1/

Мэс заслын  өрөөнөөс гарахын өмнө багаж, бөмбөлөг, самбай, зүү зэргийн тоо тохирч байгаа эсэхийг гарын үсэг зурж шалгана.

Эрүүл мэндийн тухай хууль, эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль болон дээрх хуулиудад нийцүүлэн гаргасан журам стандартад заасан 3.2.1, 3.2.2, 3.1 хяналт хуудас зүйл заалтуудыг зөрчсөн байна” гэсэн дүгнэлт гарчээ.

Тус хэргийн 1 дүгээр хавтас 248 дугаар хуудсанд буй 2013 оны 5 сарын 13-ны 177 дугаартай Эрүүл мэндийн сайдын тушаал, түүний хавсралтын  “Мэс заслын хяналтын хуудас бөглөх журам”-ын 3.2 дугаарт  “гадны биетийг үлдээхээс сэргийлнэ, мэс заслын 2 дугаар сувилагч, мэс заслын өмнө дунд ба төгсгөлд хяналтын хуудсыг бөглөж гарын үсэг зурна, Мэс засал дууссаны дараа мэс заслын нэгдүгээр туслах эмч хянаж гарын үсэг зурна” гэж үүргийг тодорхой заасан бөгөөд энэ заалтыг зөрчсөнийг шинжээчдийн бүрэлдэхүүн дүгнэсэн.

Шинжээчийн дүгнэлт бол шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд хийсэн шинжилгээний явц, үр дүнг тусгасан нотлох баримтын эх сурвалж болох баримт бичиг бөгөөд шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн байх учиртай бөгөөд хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт тодорхой бөгөөд эдгээр шинжээчийн дүгнэлтүүдийг няцаасан үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй, дээрх дүгнэлтийг ойлгомжгүй гарсан,  хууль зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тооцогдох хэргийг, мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад хамруулан ойлгох нь буруу бөгөөд хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаар тус шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны 1233 дугаартай магадлал болон Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 150 дугаартай тогтоолоор тодорхой дүгнэсэн болно.

Харин Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 1907 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Б.Д, Н.Г, П.О, Б.А, Ц.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулж, нэмэгдэл ялыг хэрэглэхдээ “мэргэжлийн үйлд ажиллагаа явуулах эрхийг хассугай”  ямар “мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх”-ийг хасч байгаа талаар ойлгомжгүй байдлаар бичсэнийг давж заалдах шатны шүүхээс тодорхой болгон найруулгын хувьд залруулах боломжтой  гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Дийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар, шүүгдэгч Б.Д, Н.Г, П.О, Ц.О нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4  дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 1907 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, Н.Г, П.Отгонбаатар нарын мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг тус тус 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж тус бүрийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.А, Ц.О нарын мэргэжлийн үйл ажиллагаа ажиллагаа явуулах эрхийг тус тус 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж тус бүрийг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. ...” гэснийг, “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, Н.Г, П.Отгонбаатар нарын их эмчийн үйл ажиллагаа явуулах эрхийг тус тус 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж тус бүрийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.А, Ц.О нарын сувилагчийн үйл ажиллагаа ажиллагаа явуулах эрхийг тус тус 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж тус бүрийг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Дийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар, шүүгдэгч Б.Д, Н.Г, П.О, Ц.О нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ,

   ШҮҮГЧ                                             Ц.ОЧ

           

   ШҮҮГЧ                                             Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                       ШҮҮГЧ                                              О.ЧУЛУУНЦЭЦЭГ