Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2022/0858

 

  

 

    2022           11             16                                        128/ШШ2022/0858

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “М******* *********** ******** ******” ТББ /РД:********/,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга нарын хоорондын жагсаал, цуглаан зохион байгуулах маргаантай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С**********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М******* *********** ******** ******” ТББ нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын татгалзсан 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 06/5406, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 06/5529, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 06/5669, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 06/5727, 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 03/5746 тоот албан бичгүүдийг тус тус хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.  

2. “М******* *********** ******** ******” ТББ-аас жагсаал цуглаан хийх тухай албан хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад хандан 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 03/491, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 03/461, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 03/491, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 03/502 дугаар албан бичгүүдээр удаа дараа ханджээ.

Улмаар “М******* *********** ******** ******” ТББ-аас гаргасан хүсэлтүүдэд Нийслэлийн Засаг даргаас 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 06/5406, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 06/5529, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 06/5669, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 06/5727, 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 03/5746 тоот албан бичгүүдээр татгалзсан хариуг өгч маргаан бүхий албан бичгүүдийг үйлдсэн.

          3. “М******* *********** ******** ******” ТББ нь 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

          4. Нэхэмжлэгч нь шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын 2023 оны улсын төсөвт цалин орлогыг нэмэгдүүлэх, үнийн өсөлтийг зогсоох, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 26.2 дахь заалтын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр талууд хэлэлцээр хийсэн боловч бидний тавьсан тодорхой санал, шаардлага шийдэлд хүрээгүй байгаа тул шаардлагаа дэмжих зорилгоор “М******* *********** ******** ******” ТББ-аас жагсаал цуглаан хийх тухай албан хүсэлтүүдийг удаа дараа гаргаж, Нийслэлийн засаг даргад эх хувь, хуулбар хувийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад удаа дараа хүргүүлсэн. Нийслэлийн Засаг даргын тамгын газраас иргэдийн хөдөлмөрлөх эрх, үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан хийх эрхийг хаан боогдуулж Сүхбаатарын талбай ямар нэгэн арга хэмжээ төлөвлөгдөөгүй байсан ч Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүртгэх боломжгүй гэсэн хариуг ирүүлсээр байна.

Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9-д заасан эрхийнхээ дагуу жагсаал, цуглааныг Нийслэлийн засаг даргад бүртгүүлээд хийсээр ирсэн. Энэхүү хугацаанд нэг ч удаа ийм үндэслэлээр татгалзаж байсан удаа байхгүй. Жагсаал цуглаан төлөвлөгдсөн маршрутын дагуу Чингэлтэй дүүрэгт байрлах Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны төв байрны өмнө цуглаад, цувж хөдлөөд Сүхбаатарын талбайд жагсаал, цуглаанаа хийгээд буцаад төв байрны өмнө ирснээр тардаг. Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийг дамнан дүүргийн зурвас хил 2 урсгалтай засмал замаар тусгаарлагдаж, жагсаал, цуглаанд оролцогч зам дамнаад гарах юм бол Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт явж байх магадлалтай, мөн жагсаал, цуглаан дуустал зохин байгуулагч нар аюулгүй байдлыг нь хангах үүрэгтэй учир тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн гудамж, талбай нь хоёр буюу түүнээс дээш сум, дүүргийн хилийн цэст хамаарах газар нутгийг хамарч байгаа бол гэснээс дамнан өнгөрөх гэж заагаагүй” заасны дагуу Нийслэлийн Засаг даргад бүртгүүлэхээр хүсэлтээ илэрхийлээд байхад үндэслэлгүйгээр татгалзсан гэж үзэж байна.

Мөн Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1/1989 тоот албан бичгээр 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12.00-16.00 цагийн хооронд жагсаал, цуглаан хийх мэдэгдлийг бүртгэсэн хариуг ирүүлсэн боловч улс төрийн зорилгоор Улсын Их Хурлын гишүүн Б.П******** болон Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос зарласан зөвшөөрөлгүй жагсаал цуглааныг зохион байгуулах олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн өдөртэй давхцаж байна.

Энэхүү байдлыг харгалзан үзээд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгчдийн зөвлөлийн хурал, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн өргөтгөсөн хурал хуралдаж бидний зүгээс зохион байгуулж буй жагсаал цуглааныг ашиглан өдөөн турхирснаас нийгмийн хэв журам алдагдаж, эмх замбараагүй байдал бий болохыг харгалзан үзэж 21 аймаг, нийслэл Улаанбаатар хотод нэгэн зэрэг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 12.00-14.00 цагийн хооронд зохион байгуулахаар хамтын шийдвэр гарган яаралтай журмаар шийдвэрлэн бүртгэж бидний ажилд дэмжлэг үзүүлэхийг дахин хүсэж 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 03/502 албан тоотыг дахин Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн боловч хүлээж авсангүй.

Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын фактын 21 дүгээр зүйлд “Тайван замаар цуглаан хийх эрхийг зөвшөөрнө. Энэ эрхийг эдлэхэд ардчилсан нийгэмд улсын буюу нийгмийн аюулгүй байдал, нийгмийн хэв журам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалах, эсвэл бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах ашиг сонирхлын үүднээс хуулийн дагуу тогтоосноос өөр хязгаарлалт байж болохгүй”, мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 29 дүгээр зүйлд “Хүн бүр эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ бусдын эрх, эрх чөлөөг зүйн дагуу зөвшөөрөн хүндлэх, ёс суртахууны шударга шаардлагыг биелүүлэх, ардчилсан нийгэмд байдаг дэг журам, бух нийтийн сайн сайхан байдлыг хангах үүднээс хуульчлан тогтоосон зохих хязгаарлалтад л захирагдана” гэж заасан.

Нэгэнт нийгмийн хэв журам, иргэдийн аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээсэн төр засаг нь жагсаал, цуглааны үед хэв журам хангах талаар ажиллах ёстой атал жагсаал, цуглаан хийх эрхийг хориглон байж, нийгмийн хэв журам хангах, иргэдийн аюулгүй байдлыг хангах үүргээ “хялбар” аргаар гүйцэтгэж байгааг зөвтгөх боломжгүй. Хүний эрхийн зүй ёсны хязгаарлалт нь зохистой хэмжээнээсээ хэтэрч гарвал эргээд хүний эрхийг зөрчдөг. Хуулиар үндэсний аюулгүй байдал, олон нийтийн эрх ашиг, эрүүл мэнд, ёс суртахуун, нийгмийн хэв журам зэрэг бусад зайлшгүй шалтгаанаар тайван жагсаал, цуглаан хийх эрхийг эдлэхэд тодорхой хязгаарлалт тогтоож болох боловч эл эрхийн мөн чанар, бүрэн цогц, нэгдмэл байдлыг хязгаарлан хөндөх ёсгүй юм.

Манай хүсэлтэд дурдсан цуглаан хийх зорилго, агуулга нь тус хуулийн 8 дугаар зүйлийн 1-д заасан жагсаал, цуглаан хийхийг хориглосон зорилгод хамаарахгүй. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны байгууллагаас 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 06/5727, 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 03/5746 дугаар албан бичгээр “хүсэлтийг бүртгэх боломжгүй” тухай татгалзсан хариуг өгөхдөө цуглаан зохион байгуулагчаас эхлээд цуглаан хийх газар, цаг хугацааны талаар цуглааныг зохион байгуулагчаас тодруулах, ярилцах ажиллагааг зохион байгуулсны дараа зохих хариуг албан ёсоор өгөх ёстой байсан гэж үзэж байна. Уг хариуг тодруулж хандахаар Сүхбаатар дүүргээсээ ав, 2 нутаг дэвсгэр дамнахгүй гэсэн хариуг албан бусаар амаар өгч байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1-д “Жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдэл хүлээн авсан Засаг дарга дор дурдсан үндэслэл байвал түүнийг хийхийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргаж, энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хугацаанд жагсаал, цуглаан зохион байгуулагчид бичгээр мэдэгдэнэ” гэж заасны дагуу

1/ шүүхийн болон эрх бүхий бусад байгууллагын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогсоогдсон буюу татан буугдсан, эсхүл албан ёсны бүртгэлгүй улс төрийн нам, төрийн бус байгууллага жагсаал, цуглаан хийх мэдэгдэл гаргасан бол,

2/ энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан газарт жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн,

3/ энэ хуулийн 8 дугаар зүйлээр хориглосон жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн бол гэсэн татгалзах үндэслэлүүд тогтоогдож байвал уг мэдэгдлийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргах ёстой гэж үзэж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйл  “Монгол Улсын иргэн дараах эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ”, мөн зүйлийн 16/ “..үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй” гэж иргэний эрх, эрх чөлөөг баталгаажуулан, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “Жагсаал, цуглааныг Монгол Улсын иргэн, улсын бүртгэлд бүртгэгдсэн улс төрийн нам, төрийн бус байгууллага зохион байгуулах эрхтэй”, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1, 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцээгүй, тус хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д баталгаажуулсан иргэний үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, цуглаан хийх үндсэн эрх, эрх чөлөөг хуульд заагдаагүй үндэслэлээр хязгаарласан, Хөдөлмөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д “ажилтны эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх эрхээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, ...” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн өгсөн хүсэлтүүдийг судалж үзээд хариу өгсөн. Манайд өгсөн хүсэлтүүд дээр он сар өөр боловч агуулга явуулах үйл ажиллагааны чиглэл байршил схем бол нэг байдаг. Үйлдвэрчний эвлэлээс зохион байгуулж байгаа жагсаал нь Сүхбаатарын талбайд төлөвлөгдсөн, мөн хөтөлбөр нь Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар цугларахаар зааж өгсөн байсан. Жагсах схем зургаа Сүхбаатарын талбайд гэж ирүүлсэн байдаг. Манайх хүсэлтийг судалж үзээд Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд заасны дагуу хуулийн хугацаанд хариу өгсөн. Манайхаас жагсаал цуглаан хийхийг хориглосон хариу өгөөгүй. Жагсаал цуглаан хийхийг хориглох эрх бүхий субъект манайх биш, тухайн дүүргийн нутаг дэвсгэрт харьяалагдаж байгаа асуудлыг тухайн дүүргийн Засаг дарга хариуцан шийдвэр гаргана. Сүхбаатарын талбай буюу Засгийн газрын ордон нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаардаг. Энэ нутаг дэвсгэрт хамаарч байгаа учраас манайхаас ийм хариу өгсөн.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаагаар манайхаас тодруулга, тайлбар авах ёстой байсан гэж тайлбарлаж байна. Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т “Жагсаал, цуглаан хийх мэдэгдлийг бүртгэх эсэх тухай асуудлыг шийдвэрлэхийн тулд нэмж тодруулах буюу зохицуулбал зохих асуудал гарвал Засаг дарга энэ зүйлийн З дахь хэсэгт заасан хугацааны дотор зохион байгуулагчтай харилцаж зохицуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд жагсан явах чиглэлийг өөрчлөх эрхтэй” гэж заасан.

Үйлдвэрчний эвлэлийн холбооноос өгсөн хүсэлтэд байршлыг тодорхой заасан байдаг. Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасны дагуу Нийслэлийн Засаг дарга бүртгэх боломжгүй гэдэг хариу өгсөн. Мөн амаар, утсаар тодруулан асуухад 2 дүүргийг дамнаагүй учраас манайхаас өгөхгүй гэж хариу өгсөн. Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1/1989 дүгээр албан бичгээр 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12:00-16:00 цагийн хооронд жагсаал, цуглаан хийх мэдэгдлийг бүртгэсэн байна. Сүхбаатарын талбай дээр ямар нэгэн үйл ажиллаагаа явуулахдаа манайх Сүхбаатар дүүрэгтэй тогтмол харилцдаг. Сүхбаатарын талбай дээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулж байгаа арга хэмжээ нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ёслолын алба болон Нийслэлийн Засаг даргаас явуулж байгаа үйл ажиллагаанууд байдаг. Тэдгээр үйл ажиллагаатай холбогдож байгаа эсэх талаар мэдээлэл солилцож, үйл ажиллагаагаа давхцуулахгүй байдлаар зохицуулдаг. Иймд хүчингүй болгуулах нь үндэслэлгүй юм.

Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд жагсаал цуглаан хийхийг мэдэгдсэн бүртгэлийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор хариу өгөх ёстой. Манайх бүх хариу бичгүүдээ 3 хоногийн дотор өгч баталгаажуулсан. Энэ дээр нэхэмжлэгч талаас маргаагүй. Хүсэлтийг бүртгэхээс татгалзсан хариу өгсөн тохиолдолд гомдлоо 3 хоногийн дотор шүүхэд гаргахаар заасан байдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасан үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах хугацаагаа хэтрүүлсэн гэж үзэж байна. Хамгийн сүүлийн бичиг буюу 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 03/502 албан бичгийг системээр ирүүлж, 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүлээж авсан байдаг.

Албан бичгээр 2 дүүргийг дамнан жагсаал, цуглаан зохион байгуулна гэдэг боловч схем зургаас үзэхэд Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар төлөвлөсөн байсан. 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгуулах жагсаалын утга агуулга нь 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр зохион байгуулахаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас бүртгэгдсэн жагсаалын утга агуулгатай зорилго, чиглэл, үйл ажиллагаагаар адилхан байсан. Гэхдээ энэ жагсаал цуглааныг хамтын шийдвэр гарсан учраас 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 12-14 цагийн хороонд зохион байгуулна гэж мэдэгдсэн.

Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдэлд түүний зорилго, эхлэх, дуусах хугацаа, оролцогчдын баримжаа тоо, хэрэглэх техник хэрэгсэл, цуглах, жагсан явах гудамж, талбай зэргийг тодорхой заана”, 9.3-т “Засаг дарга жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор түүнийг бүртгэсэн эсэхээ бичгээр мэдэгдэнэ” гэж заасан.

Өөрөөр хэлбэл, мэдэгдсэнээс хойш 3 хоногийн дараа жагсаал цуглааны талаар мэдээлэл хийхээр байгаа. Гэтэл 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр албан бичгээ өгсний дараа тухайн өдрөө 12-14 цагийн хороонд жагсаал цуглаанаа зохион байгуулсан байсан. Жагсаал цуглаан бүртгэгдсэн, агуулга адилхан байсан учраас Нийслэлийн Засаг даргаас татгалзсан хариуг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 03/5746 тоот албан бичгээр татгалзсан хариу өгсөн. Хариу өгөхөд аль хэдийн жагсаал цуглаан зохион байгуулаад явчихсан байсан. Жагсаал цуглаан зохион байгуулсантай холбоотой Нийслэлийн Засаг даргаас тухайн жагсаал цуглаан бүртгэлгүй жагсаал цуглаан байна гээд энэ агуулгаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Мэдэгдэл шаардлага өгөөгүй. Энэ манайхаас өгсөн бичгүүдийн улмаас нэхэмжлэгчийн ямар хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдсөн гэдэг нь тодорхойгүй ба хязгаарласан хориглосон зүйл байхгүй.

Зөвхөн хуульд заасан эрхийн хүрээнд жагсаал, цуглааны бүртгэх эсэх асуудлыг Нийслэлийн Засаг даргаас шийдвэрлэх боломжгүй, Сүхбаатарын талбайд зөвхөн зохион байгуулахаар байгаа учраас, мөн үүдэндээ зохион байгуулна гээд байгаа нь дотоод үйл ажиллагаа гэж үзэх боломжгүй, шууд жагсаал, цуглаан гэж үзнэ. Жагсаал, цуглааныг хуульд тодорхой заагаад өгсөн байгаа. Бүртгэлгүй жагсаал цуглаан зохион байгуулаад эргээд Нийслэлийн Засаг даргаас өгсөн албан бичгүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй байна.

Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь.  

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж үлдэх хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч талаас маргаан бүхий захиргааны актаар тодорхойлон маргасан Нийслэлийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 06/5406, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 06/5529, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 06/5669 дугаар албан бичгүүдийг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлагад холбогдох нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

3. Учир нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг зохицуулсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3. “шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, ... шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасан ба энэ тохиолдолд Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2-д “Жагсаал, цуглаан хийхийг бүртгэхээс татгалзсан шийдвэр хүлээн авсан зохион байгуулагч түүнийг хуульд нийцэхгүй байна гэж үзвэл гомдлоо уг шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор шүүхэд гаргана” гэж заасныг нэхэмжлэгч нь хангаагүй байна.

4. Маргаан бүхий үлдэх хоёр албан бичгийн тухайд.

4.1. Нэхэмжлэгч “М******* *********** ******** ******” ТББ-ын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 03/491 дугаар албан бичгээр “... 2022 оны 11 дүгээр сарын 07, 08-ны өдрүүдийн аль нэг боломжит өдөр 12.00-16.00 цагийн хооронд Монгол Улсын 2023 оны улсын төсөвт цалин орлогыг нэмэгдүүлэх, үнийн өсөлтийг зогсоох, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 26.2 дахь заалтын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр хүргүүлсэн санал шаардлагаа дэмжих зорилгоор жагсаал цуглаанд 10000 гишүүд оролцож, индэр засаж, туг лоозон, чанга яригч зөөврийн диффузер хэрэглэж жагсаал цуглааныг зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагдсан тухай” хариуцагч Нийслэлийн Засаг даргад хандсан бол,

4.2. Нэхэмжлэгч “М******* *********** ******** ******” ТББ-ын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Хүсэлт хүргүүлэх тухай” 03/502 дугаар албан бичгээр “... Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1/1989 албан тоот бичгээр 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12.00-16.00 цагийн хооронд жагсаал, цуглаан хийх мэдэгдлийг бүртгэсэн хариуг ирүүлээд байна. ... Жагсаал цуглаан төлөвлөгдсөн маршрутын дагуу Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийг дамнан зохион байгуулагдана. Өмнө нь “М******* *********** ******** ******” ТББ-аас Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан зохион байгуулахад Засаг даргын Тамгын газраас зөвшөөрөл өгдөг байсан болно. Иймд 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1/1989 тоот албан бичгээр ирүүлсэн хугацааг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 12.00-14.00 цагийн хооронд зохион байгуулахаар бүртгэж дэмжлэг үзүүлэх” талаар хариуцагч Нийслэлийн Засаг даргад ханджээ.

5. Шүүх, хариуцагчийн Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д “Гудамж талбайд жагсаал цуглаан хийх тухай мэдэгдлийг сум, дүүргийн Засаг даргад өгч бүртгүүлнэ. Жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн гудамж талбай нь хоёр буюу түүнээс дээш сум, дүүргийн хилийн цэст хамаарах газар нутгийг хамарч байгаа бол мэдэгдлийг аймаг, нийслэлийн Засаг даргад өгч бүртгүүлнэ” гэж зааснаар бүртгэх боломжгүй талаарх хариуг Тамгын газраараа дамжуулан 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 06/5727, мөн оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 03/5746 дугаар албан бичгүүдээр тус тус өгсөн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хууль зөрчөөгүй гэж үзэв.

6. Яагаад гэвэл, нэгэнт жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг нь бүртгэсэн талаарх хариуг Сүхбаатар дүүргийн Засаг даргаас авсан атлаа уг мэдэгдэлд заасан өдөр болон цагийг өөрчлүүлэхээр хариуцагч буюу Нийслэлийн Засаг даргад хүсэлт гаргасныг жагсаал цуглаан хийх журмыг хуульчилсан зохицуулалтад нийцээгүй, нэхэмжлэгчийн “Хүсэлт хүргүүлэх тухай” 03/502 дугаар албан бичгийг хуульд заасан “мэдэгдэл” гэж үзэхгүй, түүнчлэн Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-д “Жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдэлд түүний зорилго, эхлэх, дуусах хугацаа, оролцогчдын баримжаа тоо, хэрэглэх техник хэрэгсэл, цуглах, жагсан явах гудамж, талбай зэргийг тодорхой заана” гэсний дагуу нэхэмжлэгч мэдэгдэлдээ тодорхой заагаагүй.

7. Тодруулбал, нэхэмжлэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 03/491 дугаар албан бичигт Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д “...хоёр буюу түүнээс дээш дүүргийн хилийн цэст хамаарах газар нутгийг хамарч байгаа бол” гэснээр Чингэлтэй дүүргийн хилийн цэст хамаарах газар нутаг нь юу болох, ямар нэртэй гудамж, талбай дээгүүр дайран өнгөрөх, ингэхдээ цуглах, жагсан явах гудамж талбайн нэр нь юу болох, үүний нэгэн адил Сүхбаатар дүүргийн хилийн цэст хамаарах газар нутагт цуглах, жагсан явах гудамж талбайн нэрийн талаар тодорхой заагаагүй байна.

8. Үүгээрээ хариуцагч Нийслэлийн Засаг даргын бүртгэх боломжгүй талаарх хариу нь хуульд нийцэж гарсан, нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй, урьд өмнө нь дандаа бүртгэдэг байсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

9. Нэхэмжлэгч нь жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг хариуцагчаас хянаагүй эс үйлдэхүй, мэдэгдлийг хүлээн авч бүртгэхээс татгалзсан шийдвэр, уг шийдвэрийг гаргахгүй байгаа эс үйлдэхүй зэрэгтэй маргаж, эдгээр үйлдэл, эс үйлдлийн үр дагаврыг шийдвэрлүүлж “даалгах” агуулгаар маргаагүйг шүүхээс тэмдэглэж, зөвхөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргаж болохгүй” гэх заалтад нийцүүлж хэргийг эцэслэн шийдвэрлэснийг дурдаж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 54.2, 109 дүгээр зүйлийн 109.2-д заасныг баримтлан төлөөлөн нэхэмжлэгчийн “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 06/5406, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 06/5529, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 06/5669 дугаар албан бичгүүдийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 2, 3-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М******* *********** ******** ******” ТББ-ыг төлөөлөн гаргасан нэхэмжлэгч М.С**********ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   У.БАДАМСҮРЭН