Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 221/MA2017/0332

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2017/0332

Улаанбаатар хот

 

“Жигүүрт хөлөг” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхүү, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Янжинхорлоо оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 170 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор “Жигүүрт хөлөг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Оюун өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 170 дугаар шийдвэрээр: ”Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6, 3.1.8, 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1.5, 9 дүгээр зүйлийн 9.1, Патентийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 10 дугаар зүйлийн 10.1, 16 дугаар зүйлийн 16.5, 26 дугаар зүйлийн 26.1.9 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан “Жигүүрт хөлөг” ХХК-ийн Оюуны өмчийн газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/8 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Уламбаяр давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6, 3.1.8, 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1.5, 9 дүгээр зүйлийн 9.1, Патентийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 10 дугаар зүйлийн 10.1, 16 дугаар зүйлийн 16.5, 26 дугаар зүйлийн 26.1.9 хэсгүүдийн тус тус баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт маргааны үйл баримтад хамааралгүй асуудлаар дүгнэлт хийсэн нь дараах байдлаар тогтоогдож байна. Хариуцагчийн хариу тайлбарт маргаан бүхий актаар “Жигүүрт хөлөг” ХХК-ийн Соёмбо ордон бүтээл нь иргэн С.Цахиурын Соёмбо цамхаг бүтээлийг хуулбарласан тогтоогдсон гэж үзэж хүчингүй болгосон тухай дурдсан байхад шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг “Жигүүрт хөлөг” ХХК нь нийтэд илэрхий Монголчуудын соёлын өв болох “Соёмбо” тэмдгийг хуулбарласан гэж үзэх үндэслэлгүй юм гэсэн дүгнэлт хийжээ.

Маргааны үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдүүд нь харилцан бие биенийхээ бүтээлийг хуулбарласан эсэх асуудлаар маргасан байхад дээрх маргаанд дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, 106:5-д заасан “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргаж болохгүй” гэсэн шаардлагыг хангаагүй байна. Өөрөөр хэлбэл хэргийн оролцогчид хэн аль нь Монголчуудын соёлын өв болох “Соёмбо” тэмдгийг хуулбарласан эсэх асуудлаар огт маргаагүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шүүгчийн захирамжаар шинжээчээр Я.Шархүү, Я.Амарсайхан, Г.Нарангэрэл нарыг томилж шинжээчид “Иргэн С.Цахиурын 2008 онд “Соёмбо цамхаг” нэрээр авсан бүтээлийг 2013 онд “Жигүүрт хөлөг” ХХК нь “Соёмбо ордон” нэрээр зохиогчийн эрхийн гэрчилгээ авахдаа хуулбарласан эсэх” гэсэн асуулт асуусан байдаг. Гэтэл шинжээч нар нь дүгнэлт гаргахдаа гуравдагч этгээдийн талыг хэт барьсан эргэлзээ бүхий дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтийг шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад хамааралгүй гэж дүгнэсэн нь хууль бус гэж үзэж байна. Шинжээч Г.Нарангэрэл нь шүүх хуралдааны үед гуравдагч этгээд С.Цахиурын багын найз бөгөөд түүнд туслахын тулд дүгнэлт гаргасан тухай мэдүүлсэн байхад шинжээчийн эрх зүйн байдалд дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.

Хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа “Монголын архитектуруудын эвлэл” холбооны дүгнэлтийг үндэслэсэн нь хуульд нийцээгүй талаар маргасан байхад тус холбооны дүгнэлт үндэслэсэн нь хууль ёсны эсэхэд дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.

Хариуцагч Оюуны өмчийн асуудал эрхэлсэн Засгийн газрын агентлагийн дарга тушаал гаргахдаа нийтлэг эрх хэмжээ олгосон Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн үндэслээгүй нь хууль бус юм.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 170 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Жигүүрт хөлөг” ХХК-ийн “Оюуны өмчийн газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Зохиогчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/8 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл  бүхий байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар үзвэл иргэн С.Цахиурын “Соёмбо цамхаг” барилга архитектурын төсөлд Шадар сайдын 2008 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаар тушаалаар туурвисан огноог 2008 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр тооцож, Зохиогчийн эрхийн 2008/044 дүгээр гэрчилгээг[1], Барилга архитектурын “Соёмбо” төсөлд Тэргүүн Шадар сайдын 2008 оны 22 дугаар тушаалаар анхдагч огноог 2008 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөр тооцож 1931 дүгээр Бүтээгдэхүүний загварын патент[2]-ийг,

нэхэмжлэгч “Жигүүрт хөлөг” ХХК-ийн “Соёмбо ордон” архитектурын бүтээлд туурвисан огноог 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөр тооцож, Оюуны өмчийн газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 130 дугаар тушаал[3]-аар Зохиогчийн эрхийн 5597 дугаар гэрчилгээг тус тус олгожээ.

Улмаар “Соёмбо” үсгийг барилга архитектурын бүтээл болгох зорилготой бүтээгдсэн дээрх “Соёмбо ордон”, Соёмбо цамхаг” нэртэй  барилга архитектурын бүтээлүүдийн санаа, шийдвэл, төстэй байснаас хуулиар зохиогчийн эрхийг хамгаалах төрийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүргийг хүлээсэн Оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн байгууллага буюу Оюуны өмчийн газарт тухайн зөрчлийг арилгах шаардлага үүсчээ.

Дээрх үүргийнхээ хүрээнд Оюуны өмчийн газрын дарга маргаан бүхий тушаалаар “Жигүүрт хөлөг” ХХК-ийн “Соёмбо ордон” архитектурын бүтээлд зохиогчийн эрх олгосон буюу Оюуны өмчийн газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 130 дугаар тушаалаар олгосон Зохиогчийн эрхийн 5597 дугаар олгосон гэрчилгээг зохиогчийн эрхийн зөрчилтэй үндэслэлээр хүчингүй болгожээ.

Төрийн захиргааны байгууллага зохих мэргэжлийн этгээдийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсны үндсэн дээр тухайн шийдвэрийг гаргасан бөгөөд энэ нь Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасан чиг үүрэгт нь, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Патентийн тухайн хуулийн 17 дугаар зүйлд заасан зохиогчийн болон патент эзэмшигчийн эрхтэй холбоотой заалтуудад нийцсэн байна.

Тодруулбал, гуравдагч этгээд С.Цахиурыг “Соёмбо” үсгийг барилга, архитектурын бүтээл болгосныг “Жигүүрт хөлөг” ХХК-аас түрүүлж бүтээсэн буюу анхдагч гэж үзсэн тохиолдолд хариуцагч байгууллага Патентийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 /Ижил шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг тусдаа бүтээсэн бол оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад түрүүлж мэдүүлэг өгсөн зохиогч, харин давамгайлах огноо мэдүүлсэн тохиолдолд эхэлж давамгайлах огноотой мэдүүлэг өгсөн зохиогч патент, гэрчилгээ авах эрх эдэлнэ/-д заасны дагуу анхдагч огноотой патент, гэрчилгээ авах мэдүүлгээ өгснийг үндэслэн “Жигүүрт хөлөг” ХХК-ийн “Соёмбо ордон” архитектурын бүтээлийг бүртгэсэн өөрийн 2013 оны 11 дүгээр сарын 130 дугаар тушаалыг хүчингүй болгосон нь Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.5 /зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчийн хүсэлтээр зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн бүтээлийг бүртгэх, гэрчилгээ олгох, бүртгүүлсэн бүтээлийн сан байгуулах/, 26.1.7 /зохиогчийн эрхийн зөрчлийг арилгахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах, зохиогчийн эрхтэй холбоотой маргааныг шийдвэрлэхэд лавлагаа гаргаж өгөх/-д нийцсэн байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо хуулийн зүйл, заалтыг оновчтой, зөв баримтлаагүй тул зөвтгөсөн өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 170 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “3 дугаар зүйлийн 3.1.6, 3.1.8, 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1.5, Патентийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 10 дугаар зүйлийн 10.1, 16 дугаар зүйлийн 16.5, 26 дугаар зүйлийн 26.1.9 дэх хэсгүүдэд заасныг тус тус” гэснийг “26 дугаар зүйлийн 26.1.5, 26.1.7” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                  Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

 

 


[1] 1 дэх хавтсын 147 дахь тал

[2] 1 дэх хавтсын 29 дэх тал

[3] 1 дэх хавтсын 129 дэх тал