| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2017/00358/И |
| Дугаар | 132/ШШ2017/00475 |
| Огноо | 2017-11-03 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 132/ШШ2017/00475
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******ийн ******* -ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “*******” ХХК -нд холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэл 3690000 төгрөг гаргуулах тухай 132/2017/00358/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.*******, нарийн бичгийн дарга Ц.Мичидмаа оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.******* миний бие нь Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутагт баригдах 84 нэгж талбар бүхий нэг өрхийн 0.07 га газарт 25м*28м хэмжээтэй блок төмрийн холимог хийцтэй, хашаа бүрт 2 тасалгаат нэг ширхэг хогийн сав, бохирын нүхтэй, гүйдэг дааман болон явган хүний хаалгатай хашааг бариулахаар 2014 оны 05 дугаар сарын 24-ний өдөр “Зэдра мичид” ХХК-ий захирал Ч.*******тэй гэрээ байгуулж, гэрээний нөхцлийн дагуу гэрээ байгуулсан өдрөө урьдчилгаа 1260000 төгрөгийг тус компаний санхүүд бэлнээр тушаасан. Ингээд тухайн компани ажлаа эхлэн хийж байхдаа надад та мөнгөө гүйцээгээд хийчихвэл бид танай хашааг гудамж харгалзахгүй бариад өгье гэсэн ба Булган сумын газрын даамал Цолмон нь та мөнгөө гүйцээгээд хийчих хотоос материал авах гээд байгаа юм байна ирээд танайхыг бариад өгчихнө гээд дансыг нь өгөхөөр нь би итгэж тухайн үед хүүдээ байшин барьж өгөхөөр байшингийн мод авах гэж байсан мөнгөө 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдөр *******гийн Хаан банкин дахь 5027218784 тоот дансанд 1200000 төгрөгийг хийсэн. Түүнээс хойш манай хашааг бариагүйгээр зогсохгүй, хашаа барих ажлаа уг компани удалгүй бүр мөсөн зогсоож өнөөг хүртэл ямар ч ажил хийгээгүйгээс хашаа бариулах мөнгөө түгжүүлээд зогсохгүй хүүдээ байшин бариулах ажил ч хойшилж хэцүү байдалд ороод байна. Иймд хашааны үнэнд төлсөн 2460000 төгрөг, ажил гүйцэтгэх гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-т зааснаар "ажил үйлчилгээг бүрэн дуусгаагүй тохиолдолд хоног тутам 0.5 хувийн алданги төлнө гэсний дагуу гэрээний хугацаа дууссан 2014 оны 09 дүгээр сарын 1-ний 2017 оны 08 дугаар сарын 1-ний өдөр хүртлэх 1118 хоногийн алданги нийт 16211400 төгрөгийг нэхэмжлэхээр байгаа боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу алдангийг үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр нийт 3690000 төгрөг тус компаниас гаргуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т зааснаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ч.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: П.*******гийн нэхэмжилж байгаа 3690000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор гэрээний үүрэг гүйцэтгэж биет байдлаар төлж барагдуулах болно гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч “Зэдра мичид” ХХК -нд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэл 3690000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Иргэн П.******* нь “Зэдра мичид” ХХК-ийн захирал Ч.*******тэй 2014 оны 05 дугаар сарын 24-ний өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан байх ба ажил гүйцэтгэгч нь Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутагт баригдах нийт 84 нэгж талбар бүхий нэг өрхийн 0,07 га газарт 25м*28 м хэмжээтэй блок төмрийн холимог хийцтэй, хашаа бүрт 2 тасалгаат 1 ширхэг 1,4м*1м*0,8м хогийн сав, 2м*1,5м*2м хэмжээтэй бохирын нүх, 3,5м*1,6м хэмжээтэй гүйдэг дааман хаалга /төмөр хийц/, 1м*1,6м явган хүний хаалга /төмөр хийц/ зэрэг ажлыг бүрэн гүйцэтгэж 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээлгэж өгөх, харин захиалагч ажлын хөлсөнд тус бүр 2460000 төгрөг төлөхөөр тохирч, талууд гэрээний нөхцлийг харилцан зөвшөөрч гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болсон /хх-5-8/, талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан гэрээ байгуулагдсан байна.
Нэхэмжлэгч П.******* нь гэрээний дагуу 2014 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 1260000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1200000 төгрөгийг Ч.*******д өгсөн болох нь бэлэн мөнгөний орлогын баримт, Хаан банкны орлогын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-3-4/
Ажил гүйцэтгэх гэрээний хугацаа нь гэрээний гол нөхцөл болдог бөгөөд хариуцагч нь гэрээний дагуу 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хашааг барьж дуусган, хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй, өнөөдрийг хүртэл ажлыг бүрэн гүйцэтгэж өгөөгүй, тус гэрээний хугацааг хэтрүүлж байгаа нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдожээ.
Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд дээрх үндэслэлээр захиалагч гэрээнээс татгалзаж байгаа нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасан зохицуулалттай нийцсэн байна. Ийнхүү зохигчдын хооронд байгуулагдсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ээс захиалагч татгалзаж байгаа тул тэрээр гэрээний дагуу үүрэг гүйцэтгэгчид өгсөн 2460000 төгрөгийг Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлд заасны дагуу ажил гүйцэтгэгчээс шаардах эрхтэй.
Мөн “ажил гүйцэтгэх гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.4-т зааснаар "ажил үйлчилгээг бүрэн дуусгаагүй тохиолдолд хоног тутам 0.5 хувийн алданги төлнө гэсний дагуу гэрээний хугацаа дууссан 2014 оны 09 дүгээр сарын 1-ний 2017 оны 08 дугаар сарын 1-ний өдөр хүртлэх 1118 хоногийн алданги нийт 16211400 төгрөгийг нэхэмжлэхээр байгаа боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу алдангийг үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр нэхэмжлэх эрхтэй байна.
Иймд 2014 оны 05 дугаар сарын 24-ний өдөр, 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу “Зэдра мичид” ХХК-ийн захирал Ч.*******д шилжүүлсэн 2460000 төгрөг, алданги 1230000 төгрөг, нийт 3690000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.*******д олгох нь зүйтэй байна.
Хариуцагч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар “Зэдра мичид” ХХК-иас 3690000 /гурван сая зургаан зуун ерөн мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 73990 /далан гурван мянга есөн зуун ер/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 73990 /далан гурван мянга есөн зуун ер/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ